| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0034/э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
Улсын яллагчаар хяналтын прокурор Н.Мөнхбат,
Шүүгдэгч Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Туг овогт Ц-ний Ч-д холбогдох 1916000470033 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, 19... оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 24-4 тоотод оршин суудаг, өмнө нь 1976 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 76 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169Б дүгээр зүйлд зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэгдэж байсан, 1979 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73, 198 дугаар зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдэж 5 жилийн хорих ял, 1984 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88Б дүгээр зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдэж 9 жилийн хорих ял, 1996 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 02 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэгдсэн, 1998 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 1 жил 06 сарын хорих ял, 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 1 жил 08 сарын хорих ял, 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 4 жилийн хорих ял, 2011 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 76 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 5 жил 7 сарын хорих ял, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 25 хоногийн баривчлах ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20... оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж, нийт 10 удаа ял шийтгэгдэж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДЮ....... регистрийн дугаартай, Туг овогт Ц-ний Ч .
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 24 дүгээр байрны 4 тоотод иргэн Ц.М-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас түлээний модоор цохиж, эрүүл мэндэд нь баруун шуу ясны хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ц.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 24 дүгээр байрны 4 тоотод иргэн Ц.М-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас түлээний модоор цохиж, эрүүл мэндэд нь баруун шуу ясны хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ц.Ч-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б гээд байрныхаа хүнтэй нэг шил архи уугаад сууж байхад М орж ирээд дахиад нэг шил архи аваад нөгөө архи уугаад сууж байгаад М бид хоёр муудалцаад “чи Д-той зодолдсон гэсэн, хөгшин хүн байж шоронгийн гар даахгүй байж одоо боль” гэж намайг хэлсэн. Тэгэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ? одоо гэртээ харь гэж хэлэхэд явахгүй байсан. Тэгэхээр нь нэг түлээний мод аваад гар руу цохисон. Тэгээд гар нь хугарсан байсан. Гар хугарсан байна цагдаа дуудна гэж хэлээд цагдаа дуудсан, эмч ирээд Мандахыг авч яваад зураг авхуулсан байсан... 60.000 төгрөгийн гар утас, 20000 төгрөг мөн цэргийн баяраар хоёр шил архи өгсөн... Тухайн хүмүүс намайг өдөөд байдаг... Эхнэр хүүхэдгүй. 2015 онд гарч ирэхэд ээж маань амьд байсан. Тэгээд 1 сарын дараа ээж маань нас барсан... Ц.М-т хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа... Гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хамгийн доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Ц.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 01 сарын 23-ны орой 22 цагийн үед би Есөнбулаг сумын Оргил багийн 24-р байранд хуурай ах Ч-ийн гэрт архи ууж байгаад Ч бид 2 үл ярих зүйлээс болж маргалдаад, Ч түлшний модноосоо жижиг мод аваад намайг цохих гэхээр нь би баруун гараараа хаасан чинь миний гарын шуун дээр цохисон. Тэгээд өөр зодоон, цохион болоогүй байж байтал миний гар өвдөөд яс нь хугарч гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг /хх 14-15-рт/
Гэрч Ш.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ч гарч яваад 1 шил 0.5 граммын архи авч ирсан Тэгээд бид 4 нөгөө архийг хувааж уугаад сууж байтал М нь Ч-ийг та хүнтэй зодоон хийсэн гэсэн, та одоо шоронгийн гар даахгүй шүү гэх мэт зүйл яриад байсан. Тэгсэн Ч зуухны хажуугийн түлшний модноос нэг ширхэг мод аваад М-ыг цохисон. М баруун гараараа хаагаад нэг удаа цохиулсан. Тэгээд би тэр хоёрыг боль та 2 гээд болиулаад дахин хэрүүл, маргаан, зодоон болоогүй...” гэх мэдүүлэг, /хх 18-19-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Алтайбаатарын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №34 “...1. Ц.М-ын биед баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт/хх 21-22-рт/,
Шүүгдэгч Ц.Ч-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр орой 22 цагийн үед байх манай гэрт М , Б , Д бид нар архи ууж байхад М намайг та Д-той зодоон хийсэн гэсэн, та одоо хөгшин хүн шоронгийн гар даахгүй байж яах гэж тэгдэг юм гээд үгээр өдөөд байхаар нь би уур хүрээд түлшний модноос нэг жижиг мод аваад М-ыг айлгах гээд далайсан чинь баруун баруун гараараа хаагаад нэг удаа цохиулсан Тэгээд би М-ыг дахиж цохиж аваагүй. Бид нар сууж байтал М гар өвдөөд байна. яс нь гэмтсэн байх гээд эмнэлэгт үзүүлнэ гээд явсан. Мөн надад уурлаад цагдаад гомдол гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх 28-30-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогчийн мэдүүлэг хх14-15-рт, яллагдагч Ц.Ч-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг хх17, гэрч Б-ын мэдүүлэг хх18-19-рт, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт хх21-22-рт, шинжээчийг байцаасан мэдүүлэг хх68-69-рт, яллагдагчийн мэдүүлэг хх28-29-рт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зурагт үзлэг хийв.
Шүүгдэгч Ц.Ч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан бөгөөд шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ц.Ч-ийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Прокурорын газраас хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ц.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Ц.М нь Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ “...Ц.Ч нь миний хохирлийг төлж барагдуулсан тул Ц.Ч-оос цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн учраас хохиролд гаргуулах төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Ц.Ч-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Ч-ийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн хохирогч, шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, зан харилцааны байдал зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Ц.Ч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурор 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Ц.Ч нь хохирогчийн “...та одоо хөгшин хүн шоронгийн гар даахгүй байж яах гэж тэгдэг юм...” гэсэн үгнээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд байхгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Ц.Чүлтэмдоржийн үйлдэлд тогтоогдож байх тул ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзэв.
Учир нь шүүгдэгч Ц.Ч нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн байдал, мөн түүний хувийн байдал, прокурорын “....Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 сая төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх санал, шүүгдэгчийн “...Хамгийн доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт болон эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалд зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ц.Ч нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх бөгөөд уг торгуулийн ялыг “...төлж барагдуулаагүй...” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, торгуулийн ялыг төлсөн гэх баримт хавтаст хэрэгт байхгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.150.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг торгох ялыг шүүгдэгчийн хөрөнгө, сарын 174.000 төгрөгийн халамжийн тэтгэмж авдаг болон бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ 62 нас хүрсэн мөн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр нийгмийн халамжийн тэтгэмж авдаг болох нь түүний Төрийн банк дахь 241900027747 дугаартай дансны хуулга/хх 61-62-рт/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Нуруунд суулт орсон байна гээд группд орсон... Сард 174.000 төгрөг авдаг...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ц.М-ын баруун гарны ясны хугарлыг харуулсан 1 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийддэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Туг овогт Ц-ний Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Ц.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Ч-ийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1.150.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1.150.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ц.М-ын баруун гарны ясны хугарлыг харуулсан 1 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, ялтнаас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийддэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Ц.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА