Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,

Хохирогчийн Л.А-ын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Урианхай овогт Н-ын Б-д холбогдох 1916000650038 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ....... сумын 1 дүгээр баг, ........ эх багт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДЙ........ регистрийн дугаартай, Урианхай овогт Н-ын Б .

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн Хар цагааны зааг гэх газар гэртээ хохирогч Л.А-ыг “авдар ухлаа” гэсэн шалтгаанаар гараараа нүүрэн тус газар нь олон удаагийн үйлдлээр цохиж, эрүү ясны ташуу далд хугарал, зүүн 7 дугаар шүдний бүрэн мултрал, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Н.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2019 оны 3 сарын 15-нд  А  нь намайг сумаас ирээд аваач гэж утсаар ярьсан юм. Манайд ирж 1 шил архи уусан. Шонхол гэдэг айлынд очиж 1 шил архи уусан. Юу болсон талаар мэдэхгүй байна.  Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөнгөн торгуулийн доод хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү... Б  гэдэг юм. Бид нар Шонхол гэж дууддаг юм... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Л.А-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Б  нь "манайд хамт очиж архи ууя хэдүүлээ хамт явах уу" гэхээр нь би "за тэгье" гэж хэлээд Бөхөөг аваад бид гурав Б-д очсон чинь тэднийнд хүн байхгүй байсан. Б  миний гар утсанд өөрийн сим картаа хийгээд эхнэр рүүгээ "хаана байна" гэж ярьчихаад авдарныхаа араас 1 шил архи гаргаж ирсэн тэрийг нь Бөхөө, Б  бид гурав хувааж уучихаад би унтчихсан юм. Гэхдээ тал архи нь үлдсэн би хэсэпсэн зуур унтчихсан юм. Нэг сэртэл гэрт нь ганцаараа гэр нь хүйтэн байхаар нь зууханд нь түлээ хийчихээд шүдэнз хайгаад авдрыг нь онгойлгоод байж байтал Б  гаднаас орж ирээд "та яагаад айлын авдар уудалдаг юм бэ" гэхээр нь би "гал түлэх гээд шүдэнз хайж байна" гэтэл намайг барьж аваад зодсон. Миний эрүү хугарсан, хацрын яс бяцарсан байсан тэгээд Улаанбаатар хотод хагалгаанд орж эмчлүүлсэн. Б  бид хоёр тухайн үед байсан, миний биед Б  гэмтэл учруулсан, өөр хүн байгаагүй. Б  миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон, би "ахын дүү ахыгаа битгий зод" гэж хэлснээс өөр зүйл санахгүй байна, тэгээд би ухаан алдсан байсан. Гараараа цохисон. Би гэрт нь шээгээгүй, тухайн үед болсон асуудлыг мэдэж байна, яагаад гэвэл би унтаж байгаад сэрсэн болохоор архи гарсан байсан, Б  нь "гэрийн авдар ухсан байна" гэж хэлээд зодоод байсан…Бид хоёрын дунд урьд өмнө ямар нэг хэрүүл маргаан зодоон болж байгаагүй, мөн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Хотод эмчилгээ хийлгэж байгаад ирсэн тухайн гарсан зардал мөнгийг Бэлгээнбөх гаргасан, Бэлгээнбөх эмчилгээний зардал гэж нийт 1.970.000 төгрөг өгсөн, Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх 23-24, 26-рт/,

Гэрч Ц.Н-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн үед би эхнэрийнхээ хамт сургуулийн хүүхэд сумын төв рүү хүргэж өгөх гээд мөн хажуу айлын Б-ийн эхнэр Ц-ийн хамт явсан. Эхнэр, хүүхдээ сумын төвд хүргэж өгчихөөд Б-ийн эхнэртэй 04 цагийн үед байх хөдөө гэртээ ирсэн чинь Б  нь гэрээсээ согтуу орилоод гараад ирсэн. Эхнэр, хүүхдийн нь машиндаа үлдээгээд би буугаад Б-ийг дагуулаад гэртээ орсон. Тэгээд галаа түлээд цай буцалгаж уух гээд байж байсан чинь Б-ийн эхнэр араас манайд ороод ирсэн. Тэр хоёр хэрэлдээд байхаар нь би “та хоёр гэртээ орж унт, би амармаар байна” гэсэн чинь тэр хоёр гараад явсан. Би удалгүй унтсан, өглөө босоод гал түлчихээд, цай чанаж уучихаад байж байсан чинь манайд саарал дээлтэй, царай төрх нь мэдэгдэхийн аргагүй хүн орж ирсэн. Би тухайн үед таниагүй, “чи хэн бэ, юу болсон юм бэ” гэж асуусан чинь “би А  байна, Бэлгээнбөх намайг “авдар ухсан” гэж хэлээд зодсон" гэж хэлсэн. Би сумын эмнэлгийн эмч Б  рүү залгаж дуудлага өгсөн. Багийн эмч Э  ирж үзээд сумын төв рүү авч явсан. Зодоон болох үед хажууд нь байгаагүй. 2019 оны 02 дугаар сарын 11-ний өглөө А  нь манайд орж ирсэн. Тэднийнд А  байгааг мэдээгүй, миний бие их өвддөг учраас би ядраад шууд унтсан. Намайг ирэхэд Б  архи уусан согтуу байсан, зодоон цохион болсон талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг/хх 35-36рт/,

Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 10 нд гэртээ байж байсан чинь 17 цагийн үед надтай хамт үхэр хариулж өгнө гэж ярьсан А  нь Б-өөр хүргүүлж манайд ирсэн. Тэр хоёр манайд ирэхдээ архи уусан байсан. Б  нь “манайд цагаан сарын архи байгаа хамт очиж ууя” гэсэн чинь Анхныбаяр за тэгье,  Бөхөө хоёулаа эднийнд хамт оччихоод буцаад хүрээд ирье” гэсэн тэгээд бид гурав Хамт Б-ийнд очсон чинь гэрт нь хүн байхгүй, эхнэр нь хажуу айлын хүмүүстэйгээ сумын төв рүү явсан байсан. Б  нь эхнэртэйгээ гар утсаар яриад “манайд хүмүүс ирсэн, нөгөө архи хаана байна” гэж асуусан. Утсаар ярьж дуусаад Ерөөл гэсэн 0.5 граммтай архи гаргаж ирсэн. Тэр архийг бид гурав хувааж уугаад Анхныбаяр тэндээ тасраад унтаад үлдсэн. Б  бид хоёр Шонхол гэдэг айлд хамт очсон. Цагаан сар болоод удаагүй байсан учир бид хоёрт хоол, цай хийж өгөөд нэг шил архи гаргаж өгсөн. Бид хоёр хоол, цайгаа уучихаад нөгөө архинаас бага зэрэг уусан. Удалгүй Бэлгээнбөх “та энд унт, би гэр рүүгээ явлаа” гэж хэлээд явсан. Би Шонхол гэдэг айлд унтчихаад өглөө босоод Анхныбаярыг авч явахаар Б-ийнд очсон чинь  А   гадаа  байж байсан.  Тэгээд  царай  төрх  нь  танигдахааргүй байдалтай зодуулсан байсан. Би Б-ийнд ороод “энэ хүнийг хэн зодсон юм бэ” гэж асуусан чинь Б  “наадах чинь манай гэрт шээсэн байсан болохоор нь би зодсон” гэж хэлсэн. Эхнэр нь “сумаас эмч дуудсан одоо ирж байгаа” гэхээр нь би “за та хэд тэгвэл учраа олцгоо, би үхрээ эзэнгүй орхисон гэр рүүгээ явлаа” гээд гэр рүүгээ явсан. А-тай анх таарахад болон сүүлд Б-ийнд тасраад үлдээхэд биед нь ямар нэгэн гэмтэл, шарх байгаагүй. Бид гурав хамт байхад Б , А  хоёр дунд ямар нэгэн маргаан болоогүй...” гэх мэдүүлэг/хх-43-44-рт/,

Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 10-ны 22 цагийн үед Б , Бөхөө хоёр манайд хамт ирсэн. Тэр хоёр манайд ирэхдээ бага зэрэг архи уусан байсан, цагаан сар болоод удаагүй байсан болохоор нэг шил архи задалж өгсөн, тэр архинаас Б , Бөхөө 2 бага зэрэг уусан. Бөхөө манайд үлдсэн, Б  нь ганцаараа “гэр рүүгээ явлаа” гэж хэлээд явсан. Бөхөө манайд унтчихаад өглөө явсан...” гэх мэдүүлэг/хх 41-рт/,

Гэрч Д.Б-гийн өгсөн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 11-нд 12 цагийн үед Дэрстэй багийн иргэн  Н  95896789 дугаарын  утсаар  мэдэгдэхдээ “манай энд А  нь зодуулсан байна, түргэн тусламж явуул” гэхээр нь Дэрстэй багийн эмч Э-г томилж дуудлаганд явуулсан ба 18 цагийн үед А-ыг тус сумын эмнэлэгт авчирсан. А-ын биеийн байдал хүнд байсан учир аймгийн гэмтлийн эмч Г-өөс зөвлөгөө авч эмийн эмчилгээг эрчимтэй хийж, аймгийн нэгдсэн эмнэлэгт шөнөдөө хүргэж өгсөн. А-ын биеийн байдал хүндэвтэр гэхдээ ухаантай хэл яриа нь үл ойлгогдсон байдалтай байсан. Толгойн хэсэгтээ их гэмтэлтэй байсан, нүүрний хэсэг их хавдартай царай төрх нь танигдахааргүй болсон байсан. Мөн зүүн гарын бугалга хөхөрсөн, нэг, хоёр шүд хөдөлсөн, амаа ангайлгаж чадахгүй биеийн байдал хүнд байсан. Өвчин намдаах тариа, үрэвслийн эсрэг цус тогтоох тариа зэрэг бусад шинж тэмдэгт тохируулан дэмжих эмчилгээ хийсэн...” гэх мэдүүлэг/хх 32-рт/,

Гэрч Ц.Э-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 02 дугаар сарын 11-нд Эрүүл мэндийн төвийн дарга Буянхишиг нь надад 12 цагийн үед “Дэрстэй багт хүн зодуулсан гэх дуудлага гарсан байна яваад ир” гэж намайг томилсон болохоор би Дэрстэй багт дуудлага өгсөн газарт очиход А-ын биеийн байдал хүнд, толгой хэсэгтээ гэмтэлтэй, нүүрний хэсэг хавдсан царай төрх нь танигдахааргүй болсон байсан. Өвдөлт намдаах тариа мөн цус тогтоох тариа хийгээд тус сумын эмнэлэгт авчирсан. Намайг очиж авахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг/хх 33-рт/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Даваасүрэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2915 дугаартай “...1. Л.А-ын биед эрүү ясны ташуу далд хугарал, зүүн 7 дугаар шүдний бүрэн мултрал, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. \

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна...” гэсэн шинжээчийн дүгнэлт/хх 49-рт/,

Шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...А-ыг гэртээ үлдээгээд Бөхөө бид хоёр явсан, буцаад очсон чинь А  манай гэрийн авдрыг уудлаад дотор нь байсан архи аваад уусан мөн гэрт шээсэн бололтой өмдөө доошлуулсан байхаар нь би уурлаад А-ыг зодсон. Архи уусан байсан болохоор яаж зодсноо санахгүй байна. А  нэг шил архи авсанг бид хоёр замдаа уусан, манай гэрт Бөхөө, А  бид гурав нэг шил архи уусан, Бөхөө бид хоёр айлд очсон тэнд нэг шил архи хувааж уусан. Намайг гэртээ ирэхэд А-аас өөр хүн  байгаагүй, хажуу айл  Нямаагийнд хүн  байгаагүй,  өглөө  нь  мэдээд  эмч дуудсан...”  гэх  мэдүүлэг/хх 72-73-рт/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б-ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн Хар цагааны зааг гэх газар өөрийн гэртээ хохирогч Л.А-ыг “авдар ухлаа” гэсэн шалтгаанаар гараараа нүүрэн тус газар нь олон удаагийн үйлдлээр цохиж, эрүү ясны ташуу далд хугарал, зүүн 7 дугаар шүдний бүрэн мултрал, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт зэрэг гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтлүүдийг хохирогчийн биед санаатайгаар учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хх 21-23 хуудсанд хохирогчийн мэдүүлэг байна. Бид хоёрын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй. хх-ийн 34-р хуудсанд гэрчийн мэдүүлэг, Уг мэдүүлэгт Б-ийн эхнэрийн хамт ирэх үед  Б  нь согтуу гэрээсээ гарч ирсэн, хх-ийн 41-рхуудас Б-ын мэдүүлэг байна. хх-ийн 43-44 хуудсанд Б-ын мэдүүлэг байна. Уг  мэдүүлэгт 2019 оны 02 сарын 10-нд А  нь Б-өөр хүргүүлээд ирсэн. Бид нар Б-ын гэр 1 шил архи уусан.   Маргааш нь А  нь зодоолсан байсан. Энэ хүнийг хэн зодсон юм гэхэд наадах чинь манайд шээсэн байсан юм.Тэгэхээр нь би зодсон гэх мэдүүлэг, хх-ийн 22-р хуудсан гэрч Бөхбаатарын мэдүүлэг байна. ХХ-ийн 41- хуудсанд  Б-ын мэдүүлэг, 2019 оны 02 сарын 10-нд  Бөхөө,  Б  нар нь манайд ирсэн, хх-ийн А-ын биеийн байдал нь хүндвэтэр байсан. Толгойн хэсэгт гэмтэлтэй царай төрх нь мэдэгдэхгүй байсан, хх-ийн 43-р хуудсанд  С-ын мэдүүлэг байна.  хх-ийн 49-р хуудсан шинжээчийн дүгнэгт  байна. Уг дүгнэлтэнд  А-ын  биед хүндэвтэр гэмтэл  учирсан. хх-ийн 72-73 хуудсанд яллагдагч Б-ын мэдүүлэг, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Согтуу байсан болохоор яаж зодсон гэдгээ санахгүй байна гэх мэдүүлэг   зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн хүсэлтээр: хх-ийн 98-р хуудсанд хохирогчийн гаргасан хүсэлт байна. Уг хүсэлтэд А-ын хохиролд хоёр үхэр хоёр адуу өгөхөөр тохиролцсон. 2019 оны 05 сарын 20-ны дотор  багтаан өгөхөөр тохиролцсон хүсэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: ХХ-ийн 12-13 хуудсанд хохирол төлсөн баримт  байна.  1970000 төгрөгийг хохиролд төлсөн. хх-ийн 45-46 хуудсанд  Х-ны мэдүүлэг байна.  Уг мэдүүлэгт  Н.Б  нь айлын мал малладаг, даруухан,  хаяа найз нөхдийн хамт архи уудаг гэсэн сайн мэдэхгүй байна. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг, хх-ийн 88-хуудсанд сургуулийн тодорхойлолт  байна. Уг  тодорхойлолтод бага боловсрол эзэмшсэн гэх багийн Засаг даргын тодорхойлолт, хх-ийн 91-р хуудсанд  ял шалгах хуудас, хохирогч нь цаашдаа хагалгаанд орж явна гэсэн учраас цаашид гарах зардал зэргийг  төлөхөөр тохиолцсон бичиг зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Прокуророос хэргийг шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд хохирогч Л.А  нь “...миний хохиролд 2 үхэр, 2 морь 2019.05.20-ны дотор хүлээлгэн өгч намайг хохиролгүй болгохоор тохиролцсон тул түүнд холбогдох хэрэгт харгалзан үзнэ үү...” гэх хүсэлт гаргажээ.

 

 Иймээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах, шүүгдэгч, хохирогч нарын харилцан тохиролцоог хууль зүйн хувьд биелэгдэх боломжыг хангах зорилгоор шүүгдэгчид хохирол, хор уршгийг арилгах арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Н.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурор 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолоор шүүгдэгч Н.Б-ийн хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Б-д торгох ял оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийддэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1.970.000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Урианхай овогт Н-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар харилцан тохиролцоог хангах талаарх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос 1 сарын хугацаанд авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд арван таван нэгжийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих болохыг шүүгдэгч Н.Б-д сануулсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийддэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1.970.000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХТУЛГА