Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00591

 

 

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00591

 

 Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 184/ШШ2024/00178 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Б.Б нь 2020 оны 08 сарын 06-ны өдөр Мөнгөний хэрэг гараад байна, та мөнгө зээлээч гэсэн тул өөрийн ХААН банкны картаа өгсөн. Тэрээр миний данснаас 3,500,000 төгрөгийг мөн надад бэлэн байсан ам.долларыг солиулж 500,000 төгрөгийг авсан. Би 4,000,000 төгрөг өгөхдөө хүү тохироогүй. Үүнээс 1 хоногийн дараа дахин мөнгө гуйхад нь би 2020 оны 08 сарын 11-ний өдөр хадгаламжийн хүүгээ цуцлахгүйн тулд хадгаламжаа барьцаалж, Х ХК-иас 10,000,000 төгрөгийг зээлж өгсөн. Б.Б нь 2020 оны 09 сараас 2022 оны 02 сар хүртэл 14,000,000 төгрөгийг, нэг сарын 3 хувийн хүүтэй, 420,000 төгрөгийг миний данс руу шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр сарын хүү төлсөн гэж бичсэн нь харагдана. Иймд Б.Б-ээс 14,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 2020 оны 08 сарын 06-ны өдөр иргэн Б.А аас 6,500,000 төгрөг бэлнээр зээлж авсан нь үнэн. Анх тохирч авахдаа сарын 1 хувийн хүүтэй зээлж авсан. Мөнгө авсан өдрөө 3,500,000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5062******* дансанд бэлнээр хийсэн ба үлдэгдлийг нөхөртөө хувийн хэрэгцээнд зарцуулахаар бэлнээр өгсөн. Үүнээс хойш 2020 оны 09 сараас эхлэн 2022 оны 02 сар хүртэл нийт 7,150,000 төгрөгийг өөрийн Голомт банкны 1505****** тоот данснаас Б.А-ын ХААН банкны 5003****** тоот дансанд шилжүүлж, авсан мөнгөө бүрэн төлсөн. Талууд бичгээр гэрээ байгуулаагүйгээс гадна сарын 10 хувийн хүүтэй мөнгө авахаар амаар болон бичгээр тохиролцоогүй. Нэхэмжлэгч нь 6,500,000 төгрөг өгсний дараа мөнгөө сарын 10 хувийн хүүтэй нэхэж эхэлсэн тул маргаан үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Б-ээс 14,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хамтран хариуцагч Б.Ө-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Миний бие 2020 оны 08 сарын 06-ны өдөр Б.А аас 6,500,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй бэлнээр зээлж авсан бөгөөд бичгээр гэрээ хийгээгүй. Уг авсан мөнгөө 2020 оны 09 сараас 2022 оны 02 сар хүртэл нийт 7,150,000 төгрөгийг өөрийн Голомт банкны 1505****** тоот данснаас Б.А-ын ХААН банкны 5003****** тоот дансанд төлсөн. Гэтэл намайг 1,260,000 төгрөг төлсөн мэтээр шүүхэд худал дутуу баримт гаргаж өгсөн нь түүний бодит байдлыг гуйвуулж шударга бус нэхэмжлэл гаргасан болохыг илтгэж байна. Миний бие 10,000,000 төгрөг аваагүй, тухайн үед намайг 6,500,000 төгрөг зээлж авсны дараа найздаа дансаар мөнгө зээлсэн гэж ярьж байсан. Тэрээр найздаа зээлж мөнгө хүүлсэн нь түүний харилцах дансаар гүйлгээ бусад руу гарсан байгааг шүүх авч хэлэлцээгүй таамгаар намайг авсан мэтээр шүүхэд худал баримт гаргаж өгсөн байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ таамгаар хандсан нь аваагүй мөнгөний хүү 7,150,000 төгрөг дээр нэмж 14,000,000 төгрөг төлөхөөр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.2.  Намайг 6,500,000 төгрөг авсан өдөр хамт мөнгө тоолж хүлээн авсан 2 гэрч байхад тэднээс бодит байдлыг тодруулсангүй. Үүнийг тогтоосноор би түүнээс 3 тасалж мөнгө аваагүй гэдэг нь тогтоогдох учиртай. Түүний хэлснээр би нэмж 10,000,000 төгрөг авсан бол нийт 16,500,000 төгрөг авсан болно, ийм боломжгүй. Мөн миний нөхөр Б.Өлзий-Орших эрүүгийн хэрэгт өгсөн дэлгэрэнгүй мэдүүлэг байхад ганц тогтоол үндэслэж таамгаар хэрэг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4.3.  Хариуцагчийн 7,150,000 төгрөг төлсөн нотлох баримт, тайлбарыг нотолгооны хэрэгслээр үгүйсгээгүй гэсэн нь хэргийн оролцогчдод эрх тэгш хандах зарчмыг зөрчсөн, түүнчлэн банкны дансны хуулгад хүү гэж бичсэн гэж дүгнэхдээ баримтын дийлэнх буюу 8-д Болороогоос гэснийг хэрхэн дүгнэснээ тодорхойлоогүй.

4.4.  Шийдвэрийн 5.5-д талууд бичгээр гэрээ байгуулаагүй талаар маргаагүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг зөрчиж зээлийн гэрээг хүүтэй байгуулж болох мэтээр Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч нь хэдэн төгрөг зээлж хэдэн хувийн хүү авахаар тохирсон талаар тодорхойлсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байдлыг онцгойлон анхаарч өгнө үү. Миний түүнд шилжүүлсэн дүн эсвэл түүний данснаас гарсан гүйлгээ нь бидний хооронд зээлийн гэрээг байгуулж хүү тогтоосон бөгөөд би түүнийг төлж байсныг нотлохгүй юм.

4.5.  Миний зүгээс анхнаасаа гэрээний хүчин төгөлдөр байдал болон авсан мөнгө, тохирсон гэх хүүг хүлээн зөвшөөрөхгүй байхад анхан шатны шүүх хуулийн шаардлага хангаагүй хууль зөрчиж байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр мэтээр тооцож миний түүнд шилжүүлсэн 7,150,000 төгрөгийг хүүнд тооцож, нэмж аваагүй мөнгөний үндсэн төлбөр 14,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Иймд үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа байдал, шүүхэд худал нэхэмжлэлийн шаардлагаа бодит байдалд нийцээгүй хуурамчаар дахин дахин өөрчилж гаргаж өгсөн байдлын дагуу шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс хэдэн төгрөг өгсөн эсэх талаар анхан шатны шүүхэд маргадаг. Энэ үйл баримтыг тогтоох зорилгоор талууд дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний төлбөрт 420,000 төгрөгийг 2022 оны 02 сар хүртэл төлсөн нь 14,000,000 төгрөгийн 3 хувийн хүүнд нийцдэг. Хүү төлснөөс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй, үүнд талууд маргаагүй. Үүнээс үзвэл хэдэн төгрөг зээлж аваад ямар хэмжээний хүү төлсөн нь харагдана. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө цагдаад гомдол гаргасан. Гомдлыг шалгаж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо энэ нь иргэний маргаан, хариуцагч нар нэхэмжлэгчээс мөнгө авсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн. Тухайн үед хариуцагчаас авсан гэрчийн мэдүүлэгт 10,000,000 гаруй төгрөг зээлж авсан гэж мэдүүлдэг. Хүүтэй холбоотой шаардах эрх байгаа эсэхэд маргаан үүсгэдэг. Нэхэмжлэгчээс хүү шаардаагүй, зээлдүүлсэн мөнгөө авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчаас 7,150,000 төгрөгийг авсанд маргаагүй. Талууд бичгээр гэрээ байгуулаагүй тул үүнийг хүүнд тооцох боломжгүй гэх агуулгаар хариуцагч гомдол гаргасан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3-т заасан нь зөвхөн зээлдүүлэгчид хамааралтай заалт тул хариуцагчийн татгалзал болгох үндэслэлд хамааралгүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир нэхэмжлэгч нь хүү тооцох эрхгүй, авсан зээлээ буцаан төлж дууссан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 58-59/

3.   Нэхэмжлэгч нь нийт 14,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж, хариуцагч нь нийт 6,500,000 төгрөгийг зээлж авсан гэж харилцан адилгүй тайлбар гарган мэтгэлцжээ.

4.   Хэрэгт авагдсан хариуцагч Б.Б-ийн эзэмшлийн ХААН банк дахь 5062****** тоот дансны хуулга, Голомт банк дахь 1505******* тоот дансны хуулга, нэхэмжлэгч Б.А-ын Х банк дахь 4170****** тоот дансны хуулга зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл ...хариуцагчид картнаас 3,500,000 төгрөг, ам.доллар солиулж 500,000 төгрөг, Худалдаа, хөгжлийн банкнаас зээл авч 10,000,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, хариуцагч нь 14,000,000 төгрөгийн 3%-ийн хүү болох 420,000 төгрөгийг шилжүүлдэг байсан... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбарыг илүү үнэн зөв гэж үзэхээр байна. Тодруулбал:

4.1.  Хариуцагч Б.Б-ийн дансанд 2020 оны 08 сарын 06-ны өдөр 3,500,000 төгрөгийн орлого орсон; /хх 60/

4.2.  Нэхэмжлэгч Б.А нь 2020 оны 08 сарын 11-ний өдөр Х банкнаас 10,000,000 төгрөгийн зээл авч, мөн өдрөө 10,000,000 төгрөгийг зарлагадсан; /хх 99-101/

4.3.  14,000,000 төгрөгийн 3% нь 420,000 төгрөг болох бөгөөд хариуцагч Б.Б нь 2020 оны 09 сарын 08-ны өдрөөс 2022 оны 02 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 420,000 төгрөгийг, зарим үед 840,000 төгрөгийг /420,000х2=840,000/ Болороогоос, Болороогоос хүү гэсэн гүйлгээний утгатайгаар нэхэмжлэгч Б.А руу шилжүүлж байсан байна. Нийт шилжүүлсэн мөнгөний үнийн дүн 7,150,000 төгрөг болжээ. /хх 61-91/

Иймд хариуцагчийн гаргасан ...анхан шатны шүүх таамгаар хэргийг шийдвэрлэсэн, нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн... гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5.   ...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасны дагуу хариуцагчийн төлсөн 7,150,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хүүнд тооцох эрхгүй... гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг зөвшөөрсөн ... бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь сар бүр 420,000 төгрөгийн хүүг өөрөө хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид шилжүүлж байсан тул зээлийн гэрээний хэлбэрийн шаардлага хангаагүй үндэслэлээр буцаан шаардахгүй юм.

Иймд хариуцагчийн гаргасан ...анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... гэсэн давж заалдах гомдлыг мөн адил хангахгүй.

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 184/ШШ2024/00178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Бээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 227,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 Д.НЯМБАЗАР