| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2020/03657/И |
| Дугаар | 210/ма2024/00638 |
| Огноо | 2024-03-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 210/ма2024/00638
2024 03 29 210/МА2024/00638
Б.Н ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/00837 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Н ийн хариуцагч М.Б д холбогдуулан гаргасан амины орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, түрээсийн орлого 200,000,000 төгрөг гаргуулах үндсэн, амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах, хувьцааны үнэ 575,569,987 төгрөгийг гаргуулах, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Б.Н нь Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороололд байршилтай улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн амины орон сууцны 0-0 тоот 0 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч билээ. М.Б нь дээрх амины орон сууцыг хууль бусаар эзэмшиж, Б.Н ийн өөрийнхөө өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах хуулиар олгогдсон эрхийг зөрчиж одоог хүртэл хохироосоор байна. Иймд Б.Н ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн 802,400,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг М.Б гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ.
1.1. Б.Н миний бие тухайн сууцаа 2013 онд бусдад сарын 2,500,000 төгрөгөөр түрээслүүлж орлогыг нь авч байсан бөгөөд Ч.Г-т амины сууцаа 2015 онд шилжүүлснээс хойш өөрийн өмч хөрөнгөө захиран зарцуулж, бусдад түрээслүүлж олох байсан орлого, үр шимийг авч чадахгүй одоог хүртэл хохирч байна. Иймд 2020 оны 09 дүгээр сараас эхлэн 2023 оны 09 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацаанд бусдад түрээслүүлэн олох ёстой байсан орлого, гэм хорын хохиролд нийт 90,000,000 төгрөгийг хариуцагч М.Б гаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр М.Б нь С ХХК-д өөрийн эзэмшдэг хувиас 10 хувийг Ч.Г-т шилжүүлж өгсөн. Мөн Г.Х өөрийн эзэмшдэг хувиас 20 хувийг шилжүүлж өгснөөр С ХХК-ийн 30 хувийг Ч.Г эзэмших болсон. Г.Х аас авсан хувьцааны төлбөрт 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг, мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 54.8 м.кв талбайтай 2 өрөө амины орон сууц өгч үндсэн төлбөрийг төлж байсан. Ч.Г амины орон сууц зарагдахгүй байх тул чи авах уу гээд 2016 оны 12 дугаар сард 350,000,000 төгрөгийн үнээр авахаар амаар харилцан тохиролцож, орон сууцанд нүүж ороод өнөөдрийг хүртэл амьдарч байна.
2.1. С ХХК-ийн 10 хувийн хувьцааг худалдан борлуулж тус мөнгийг гаргая гэсэн. Ингээд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ч.Г нь М.Б д шилжүүлж өгсөн хувьцааг 575,569,987 төгрөгөөр худалдан борлуулсан. Үүний дараа хэлцлээсээ буцаж баримтгүй гэх шалтгаанаар ийнхүү орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Энэ нь холбогдох баримтуудаар тогтоогдоно гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Ч.Г нь Б.Н т 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Ч.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, хууль зөрчсөн үйлдэл нь санаатайгаар зайлсхийх зорилготой буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.
3.1. С ХХК-ийг байгуулахад М.Б миний бие нь С ХХК-д эзэмшиж байсан 24 хувийн хувьцаагаа Ч.Г ямар нэгэн төлбөргүйгээр шилжүүлж өгч Ч.Г нь 34 хувийн хувьцааг эзэмших болсон. Ч.Г нь 2016 оны 09-дүгээр сарын 23-ны өдөр С ХХК-ийн 14 хувийн хувьцааг шилжүүлж авахдаа Ч.Г ах амины орон сууц маань зарагдахгүй байна, чи хувьцааны үнэдээ ав гээд 350,000,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохирсон. Ингээд 2016 оны 12 дугаар сард Ч.Ганхуягаас уг үл хөдлөх эд хөрөнгийг 688 м.кв газрын хамт хүлээн авч өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Ч.Г нь С ХХК-д өөрийн эзэмшиж байсан 14 хувийн хувьцаагаа иргэн М ХХК-д шилжүүлж хувьцааны төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 205.005 ам.доллар буюу 575,569,987 төгрөгөөр худалдан борлуулж өөрийн Голомт банкны 00 тоот дансаар шилжүүлэн авсан. Гэтэл Ч.Г нь М.Б надаас авсан хувьцаагаа өндөр үнээр зарсны дараа урьд ярьсан хэлцлээсээ буцаж амины орон сууц, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Б.Н т шилжүүлж, нэхэмжлэгчээр Б.Н болгосон нь залилан мэхэлсэн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа ба одоо өгсөн, авснаа буцаана гэж ойлгож байна. Иймд М.Б г амины орон сууц болон газрын өмчлөгчөөр тогтоож, түүний нэр дээр гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр үнэ төлбөргүй шилжүүлсэн хувьцааг Ч.Г нь бусдад худалдан борлуулсан үнэ болох 575,569,987 төгрөгийг Ч.Ганхуягаас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлийн тайлбар, татгалзлын агуулга: М.Б , Ч.Г-т ай холбоотой хувьцааны асуудлаа жич нэхэмжлэх нь зүйтэй гэх өөрийнхөө хүсэл зоригоо хэлсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хувьцаатай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ асуудалд иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг хэрэгт өгсөн. Энэ шүүх хуралдаанд Ч.Г хариуцагчаар биш гуравдагч этгээдээр оролцож байна. Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Б.Н юм. Хувьцаатай холбоотой асуудал яригдахгүй бөгөөд Б.Н ийн хөрөнгөө захиран зарцуулах, өмчлөх эрх зөрчигдөж байгаа эрхийг сэргээлгэх хэргийг шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: М.Б нь урд өмнөх 3 удаагийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тухайн амины сууцыг М.Б гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гарч байсан боловч илт үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж бусдын өмчлөх эрхэд халдаж өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь санаатайгаар хохироож байгаа үйлдлийг зөвшөөрөх боломжгүй.
5.1. Ч.Г миний бие өмнөх эхнэр Б.Н ийн нэр дээр өөрийн өмчлөлийн амины орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн. Б.Н нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхээ бүртгүүлж, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 0/0 тоот амины орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Тухайн үед орон сууцыг зарагдах хүртэл өөрийн нагац эгчийн охин М.Б д туслах зорилгоор түр амьдруулсан. М.Б бидний хооронд дээрх амины орон сууцтай холбоотой ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй. Гэвч тухайн сууцыг худалдан авах сонирхолтой хүмүүст М.Б үзүүлэхгүй, хөөж туух болсон тул М.Б гийн хууль бус эзэмшлээс сууцыг чөлөөлүүлэхээр 2020 онд шүүхэд хандсан.
5.2. Мөн М.Б сөрөг нэхэмжлэлдээ Ч.Г-ийн хувьцаа зарсан мөнгөтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн талаар дурдсан нь Б.Н ийн амины орон сууцтай холбоогүй бөгөөд Компанийн хувьцаатай холбоотой асуудлаар М.Б нь тусдаа нэхэмжлэл гаргаж, М.Б гийн нэхэмжлэлтэй Ч.Г-т холбогдох хувьцааны үнэ 575,569,987 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг одоо Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх миний эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу дуусгавар болсон бөгөөд М.Б гаас үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гарган бусдын өмчлөх эрхэд халдан хохироож байгаа тул М.Б гаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б д холбогдох Б дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамжны 0/0 тоот амины орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн 200,000,000 төгрөг гаргуулах, хариуцагчийн амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ шилжүүлэхийг даалгаж, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Б хувьцааны үнэ 575,569,987 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,796,500 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3,404,330 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 4,568,350 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч М.Б нь Б.Н ийн амины сууцанд үеэл ах Ч.Г-ийн зөвшөөрлөөр түр оршин сууж байсан бөгөөд компанийн хувьцаатай холбоотой асуудлаар Ч.Г-т ай маргаж, улмаар тухайн сууцыг худалдан авах зорилгоор очсон хүмүүсийг оруулахгүй, амины сууцыг сайн дураар чөлөөлөхийг шаардахад, чөлөөлөхгүй байсан учир өмчлөгчөөс амины сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр 2020 оны 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.Н нь өөрийн амины сууцаа өмнө нь бусдад сарын 2,500,000 төгрөгөөр түрээслүүлж байсан тухай түрээсийн гэрээ, холбогдох төлбөрийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд энэ талаар хариуцагч М.Б үгүйсгэж маргаагүй. Анхан шатны шүүх хариуцагч М.Б г Ч.Г-ийн зөвшөөрлөөр амины орон сууцыг үнэ төлбөргүй ашиглаж байсан учир гэм хорын хохирол төлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа өмчлөгчөөс тухайн сууцаа чөлөөлөхийг шаардсан үе буюу шүүхэд бусдын хууль бус эзэмшлээс амины сууцаа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан үеэс эхлэн амины сууцыг чөлөөлөхгүй өмчлөгчийн хуулиар олгогдсон өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр санаатай зөрчсөөр байгаа үйл баримтад дүгнэлт өгөхгүй байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2020 оны 09 дүгээр сараас эхлэн 2023 оны 09 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацаанд бусдад түрээслүүлэн олох ёстой байсан орлого, гэм хорын хохирол болох нийт 90,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: 2020 оны 09 дүгээр сард анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед Ч.Г-ийн нэхэмжлэлтэй хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байсан. Гэвч 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэгч солих хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Б.Н т амины орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлсэн. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Д.М-д итгэмжлэл олгож, нэхэмжлэгч Б.Н болж өөрчлөгдөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад түрээсийн төлбөрт 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тул хууль бусаар оршин суугаагүй гэдгээ анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан болон түрээсийн төлбөрийг тохиролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 90,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид гэм хор учруулсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: М.Б гийн С ХХК-ийн өөрийн эзэмшлийн 34 хувиасаа 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10 хувийг, дараа нь үлдсэн 24 хувийг нийт 34 хувийг ямар нэгэн төлбөргүйгээр шилжүүлж өгсөн. С ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар өөрсдийн хувьцааны хөрөнгөөр С ХХК-ийг үүсгэн байгуулсан. Ч.Г нь хувьцааны 10 хувьд 350,000,000 төгрөгөөр тооцож өөрийн өмчлөлийн амины орон сууцыг М.Б д өгөхөөр тохиролцсон. Ч.Г нь С ХХК-д өөрийн эзэмшиж байсан 14 хувийн хувьцаагаа иргэн Т.Ч-д шилжүүлж хувьцааны төлбөрийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 205.005 ам.доллар буюу 575,569,987 төгрөгөөр худалдан борлуулж өөрийн Голомт банкны 160102167 тоот дансаар шилжүүлэн авсан. Ч.Г нь өөрийн өмчлөлийн амины орон сууцны өмчлөх эрхийг М.Б д шилжүүлэн өгөх байсан ба Ч.Г нь харилцан тохиролцооноосоо буцаж одоо хувьцаагаа зарсан мөнгийг болон амины орон сууцтайгаа үлдэж байгаа нь шударга бус үйл явдал юм.
Ч.Г-ийн нэхэмжлэлтэй М.Б д холбогдох хэрэг маргаан нь анхан болон давж заалдах шатны шүүхээр 3 удаа хэлэлцэгдэж дахин хэлэлцүүлэгдэхээр буцаагдаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжпэгч солих хүсэлт гаргаж, Б.Н нэхэмжлэгч болсон. Б.Н нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Д.Мягмарсүрэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл үйлдэж өгсөн байх ба үүнийг нь нэхэмжлэгч Ч.Г нь мэдсээр байж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон.
М.Б нь Ч.Г-ийн нэхэмжлэлтэй М.Б д холбогдох иргэний хэргийг 2 дахь удаа анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж шийдвэр гарсны дараа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан М.Б нь Ч.Г-ийг хариуцагчаар татан хувьцааны үнэ 575,569,987 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Ч.Г-ийн нэхэмжлэлтэй М.Б д холбогдох иргэний хэргийг тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй М.Б гийн нэхэмжлэлтэй Ч.Г-т холбогдох иргэний хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх захирамж гаргасан боловч нэхэмжлэгч талаас гомдол гаргаж хэргийг нэгтгэн шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шиидвэрлэсэн.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас: “...үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Б гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж...” гэж шийдвэрлэхдээ тухайн орон сууцанд хариуцагч М.Б нь 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа болон нэхэмжлэгч Б.Н нь тухайн орон сууцыг М.Б гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн нотолж байгаа нь тодорхойгүй байна. Учир нь хариуцагч М.Б нь уг орон сууцанд хууль бусаар оршин суугаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг яагаад тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн талаараа ямар нэгэн дүгнэлт өгөлгүй орхисон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 492 дугаар зүйлд заасан асуудлаар дүгнэлт хийгээгүй, энэ талаар талууд хангалттай мэтгэлцээгүй, хариуцагч М.Б нь маргааны зүйл бүхий амины орон сууцанд гэр бүлийн хамт оршин сууж байхад зөвхөн иргэн М.Б гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн ба тухайн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээд бүрэн оролцсон гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
11. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нь хэргийн оролцогч нарын тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг ач холбогдолтой байдлаар үнэлж дүгнэсэн. Б.Н , М.Б нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа, үүрэг үүсээгүй. Нэхэмжлэгч нь тухайн амины орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоосон. Мөн М.Б , Ч.Г нарын хооронд компанийн хувьцаатай холбоотой маргаан нь Б.Н т хамааралгүй байна. Хариуцагч М.Б нь Ч.Ганхуягаас хувьцааны төлбөр 575,569,987 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Мөн М.Б нь компанийн хувьцааны төлбөр 575,569,987 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тусдаа гаргасан. Уг хэрэг маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуваарилагдаж, хянагдаж байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Уг үйл баримтуудаас харахад Б.Н ийн бусдын хууль бус эзэмшлээс амины орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй компанийн хувьцаатай холбоотой маргаан хамааралгүй. Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
12. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй хугацаа хоорондоо зөрүүтэй байна. 1996 онд С ХХК-ийн хувьцаа анх үнэ төлбөргүй шилжүүлж өгсөн. Миний бие С ХХК-ийн н өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцааг худалдсан тул уг хэрэг маргаанд хамааралгүй. Хариуцагчийн хувьцаатай холбоотой асуудлаар тусдаа хэрэг үүссэн учраас уг хэрэг маргаанд хамааралгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч М.Б д холбогдуулан амины орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, түрээсийн орлого 90,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч дээрх амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах, хувьцааны үнэ 575,569,987 төгрөг гаргуулах, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлага гаргаж, зохигчид харилцан маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Г нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн байр суурь илэрхийлж оролцсон байна.
2002 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 34 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Н ийн өмчлөлд,
2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 349 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ч.Г-ийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэнийг анхан шатны шүүх зөв тогтоожээ./3хх200-213/
4. Ч.Г нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн хүрээнд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр М.Б д холбогдуулан амины орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг Б.Н ийн өмчлөлд шилжүүлж 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зохих бүртгэл хийгдсэн ба шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2023/02834 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч Ч.Ганхуягийг Б.Н ээр сольсон байна.
5. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заасан тул бэлэглэлийн гэрээний үндсэн дээр өмчлөгч болсон Б.Н нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
5.1. Нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагчийн эзэмшил хууль бус байх шаардлага тавигдах ба хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн эзэмшил хууль ёсны болох нь тогтоогдоогүй, түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийг маргаан бүхий амины орон сууцны өмчлөгч болсноос хойш уг орон сууцыг үргэлжлүүлэн эзэмшихээр хэлэлцэн тохиролцсон гэх баримтгүй учраас шүүх маргааны зүйл болох амины орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
5.2. Б.Н өмчлөгч болсон үеэс түүнд өмчлөх эрхтэй холбоотой шаардлага гаргах эрх үүсэх бөгөөд өмнөх өмчлөгч Ч.Г-ийн шүүхэд орон сууц болон гарааш ашигласан 2016 оны 12 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацааны төлбөрт 110,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй. Үүнээс гадна тэрээр өөрийн өмчлөгч болсон цаг хугацаанд хамааруулан 2022 оны 08 дугаар сараас 2023 оны 05 дугаар сарын хугацаанд үл хөдлөх эд хөрөнгө ашигласны төлбөр 90,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч М.Б маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа эсэх маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа, мөн Б.Н , М.Б нарын хооронд түрээсийн гэрээ байгуулаагүй, ямар нэгэн гэрээний үүрэг үүсээгүй байх тул тухайн хөрөнгөөс олох ёстой байсан орлого үр шимийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
5.3. Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэнтэй холбоотой өмнөх болон шинэ өмчлөгчийн шаардах эрхийн өөр, өөр үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөлгүй, зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй гэж алдаатай дүгнэснийг дээрх байдлаар залруулж хохирол 200,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдлийг хэвээр үлдээнэ.
5.4. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
6. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
6.1. Хариуцагч М.Б нь амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг Ч.Г-т холбогдуулан гаргасан. Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа нэхэмжлэгч Ч.Ганхуягийг Б.Н ээр сольсон. Энэ тохиолдолд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт зааснаар Б.Н ийн гаргасан нэхэмжлэлтэй харилцан тооцогдох эсэх асуудлыг шүүх анхаараагүй, алдаатай дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.
6.2. Хариуцагч М.Б нь амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн Ч.Г-т холбогдуулан гаргасан агуулгатай буюу уг шаардлагыг Б.Н т холбогдуулан гаргаагүй байх тул үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй.
6.3. Үүнээс гадна хариуцагч М.Б нь “...Ч.Г-т ай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу хувьцааны үнэд орон сууцыг авсан. Гэвч уг хэлцлээс татгалзаж, үр дагаврыг мөнгөн хэлбэрээр шаардсан” гэх агуулгаар Ч.Г-т холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2023/03861 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна./4хх13-15/
6.4. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хянаж, хариуцагч М.Б гийн гаргасан амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Н т холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
7. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Учир нь Б.Н , Ч.Г нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, үүний үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Б.Н т шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, мөн тэдгээрийн гэр бүлийн харилцааны хүрээнд Б.Н өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээд гэж тайлбарласнаас дүгнэвэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн буюу үр дүн бий болгох зорилгогүйгээр, хэлцэл хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн гэж үзэхээргүй байна.
8. Мөн хариуцагч М.Б нь хувьцааны үнэ 575,569,987 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасанд нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/00837 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол// Дилав хутагт жамсранжав гудамж, 0/0 тоот хаягт байршилтай 0 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М.Б гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн орлого 200,000,000 төгрөг гаргуулах хэсгийг болон нэхэмжлэгч Б.Н т холбогдох, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч М.Б гийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,
2 дахь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н т холбогдох, амины орон сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах тухай хариуцагч М.Б гийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалтыг нэмж,
2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж, 5 дахь заалтыг 6 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 607,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ЦОГТСАЙХАН