Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 423

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би М.Энхбаярын нэхэмжлэлтэй Х.Энхбаатарт  холбогдох “Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 6.385.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч М.Энхбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 03-р сарын 14-ний өдөр манай 11-50 УБЕ  улсын дугаартай T.Estima маркийн автомашиныг 74-17 СЭҮ улсын дугаартай Хонда HR-V маркийн машинтай Хадбаатарын Энхбаатар нь араас мөргөж зам тээврийн осол гаргасан. Бид нар авто ослын улмаас хохирсон хохирол болох 5.000.000  төгрөгийг 2016 оны 03-р сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцож 2016 оны 03-р сарын 15-ны өдөр нотариатаар гэрээ байгуулсан. Өнөөдрийг хүртэл Х.Энхбаатар нь хохирол барагдуулаагүй бөгөөд бид сард 3-4 удаа ирж байгаа ба түүний зардал болох бензин 795.000 төгрөг, буудал-140.000 төгрөг, хоол 450.000 төгрөг, нийт 6.385.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 8 дугаар баг 7-4 тоотод оршин суух Аюур овогт Хадбаатарын Энхбаатар /МЛ-88042831/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хадбаатар овогтой Энхбаатар миний бие нь М.Энхбаярын нэхэмжилсэн 6.385.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тохиролцсон 5.000.000 төгрөгийг нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэгдэл 1.385.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг 5.000.000 төгрөгийг 2016 оны 10-р сарын 30-нд бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч М.Энхбаяр хариуцагч Х.Энхбаатар нар эвлэрлийн гэрээ байгуулж доорх нөхцлөөр эвлэрэн хэлэлцлээ.

1. Нэхэмжлэгч М.Энхбаяр нь нэхэмжилсэн 6.385.000 төгрөгний зарим хэсэг буюу 4.885.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1.500.000 төгрөгийг авахаар, 

2. Хариуцагч Х.Энхбаатарын хашаанд байгаа нэхэмжлэгч Б.Энхбаярын эзэмшлийн Toyota Estima маркын 11-50 улсын дугаартай авто машиныг авто засварын газарт асаалгахад гарсан зардлыг Х.Энхбаатар төлөхөөр,

3. Уг машинд шинэ акумлятор, 1 ширхэг 195,65,15-тай өвлийн дугуйг Х.Энхбаатар авч өгснөөр машиныг нэхэмжлэгчид өгөх

4. 1.500.000 төгрөгийг хариуцагч Х.Энхбаатар 2016 оны 08-р сарын 17-ны дотор өгөхөөр 

5. Хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжид 58.500 төгрөг төлөхөөр болж харилцан тохиролцож эвлэрэв. 

 

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

                                      Нэхэмжлэгч                    М.Энхбаяр

            Хариуцагч                       Х.Энхбаатар гэжээ.     

                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Энхбаяр нь хариуцагч Х.Энхбаатарт  холбогдуулан “Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 6.385.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117.110 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, эвлэрлийн гэрээнд заасны дагуу 58.500 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Х.Энхбаатараас, эвлэрсэн үнийн дүн болох 1.500.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 38.950 төгрөгний  тал хувь болох 19.475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Энхбаярт олгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар М.Энхбаярын нэхэмжлэлтэй хариуцагч Х.Энхбаатарт холбогдох “Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 6.385.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчид нь бэлнээр 1.500.000 төгрөгийг өгч авалцахаар, мөн нэхэмжлэгч Б.Энхбаярын эзэмшлийн Toyota Estima маркын 11-50 улсын дугаартай авто машиныг авто засварын газарт асаалгахад гарсан зардал, машинд шинэ акумлятор, 1 ширхэг 195,65,15-тай өвлийн дугуй зэргийг хариуцагч Х.Энхбаатар авч өгөхөөр тус тус эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 ,57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 58.500 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас, 1.500.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөгний тал хувь болох 19.475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.МӨНХЗУЛ