Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0091/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                              М.Долгоржав,

Улсын яллагч                                               Т.Баярмаа,

Шүүгдэгч                                                       Т. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.д холбогдох эрүүгийн 1939000000074 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, барилгын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Тахилтын 01-42 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Т. /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т. нь 2019 оны 3 дугаар сарын 09-нөөс 3 сарын 10-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Өндөрхаан” орон сууцны хорооллын гадна иргэн С.Санжаадоржтой маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т. нь 2019 оны 3 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Өндөрхаан” орон сууцны хорооллын гадна иргэн С.Санжаадоржтой маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Санжаадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Т. эхлээд намайг заамдаж аваад тавихгүй байсан. Тэгээд намайг зуурч аваад нүүрэн тус газарт маань 2-3 удаа цохисон. Намайг 3 удаа цохиход 2 нь онож цохисон. Нэг нь миний баруун гарын бугалганд цохисон. Одоо миний баруун нүд хөхөрч, хамар хугарсан байна. ...Намайг зодуулах үед Сүхболд, Төрболд, Дөлгөөнөө гэдэг охин байсан. Надад Т.ыг цохиж, зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,

Гэрч О.Пүрэвдолгорын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Т. Хэрлэн сумын 3 дугаар баг, Өндөрхаан орон сууцны хороололд байдаг манай гэрт байж байтал, Санжаадорж гэдэг залуу гадаа ирээд гээд Т. гараад явсан. Тэгсэн цонх онгорхой болохоор хүмүүс хоорондоо маргаад байх шиг болохоор Т. маргаад байна гэж бодоод гараад очсон чинь Т., Санжаадорж хоёр хоорондоо маргалдсан. Санжаадоржийг Т. гараараа цохиж байсан. Тэгээд салцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019.3.14-ний өдрийн №115 дугаартай: “...С.Санжаадоржийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний гадна зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 16 тал/,

Яллагдагч Т.ы мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн: “...Би Санжаадоржийн биед гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна... би үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Хохирогчтой 2 сая төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон байгаа, хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т.д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Т.ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.Санжаадорж нь “...Т.тай сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар харилцан тохиолцсон...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 51 дүгээр талд гаргасан, шүүгдэгч Т. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хохирогч С.Санжаадоржтой 2 сая төгрөгийг 2 сарын дотор төлөхөөр тохиролцсон байгаа...” гэж мэдүүлсэн тул Т.ыг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Т. нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Т. нь түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд 300.000, 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т. нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т. нь хохирогч С.Санжаадоржид 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд уг хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд 1.000.000, 1.000.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА