Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 207/ма2024/00014

 

2024 02 01 207/МА2024/00014

 

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч

М.У-рт холбогдох иргэний

хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.У-рт холбогдох,

Хариуцагчийн хууль бус эзэмшлээс О аймаг Бр сум 2 дугаар баг О 25а байр ... тоот хаягт байрлах, 63.95 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч М.У-рын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э-, хариуцагч М.У-р, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие О аймгийн О багийн 2-25 байр ... тоот хаягт байрлах, .......... мкв талбайтай Ү-.................... үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай 3 өрөө орон сууцыг 2016 оны 08 сарын 02-ны №....... тоот Ипотекийн зээлийн гэрээ байгуулан О аймаг дахь К банкны салбараас ипотекийн 5 хувийн хүүтэй зээлээр худалдан авсан юм. Миний хүү гэр бүлийн хамт У хот руу шилжин ажиллаж амьдрах болсон учир 20... онд ипотекийн зээлээр худалдан авсан дээрх орон сууцаа Б.Х-тэй харилцан тохиролцож, түүний өмчлөлийн У хот, Б дүүрэг, 22-р хороо, Д-ийн гудамж 106/2 байр ... тоот хаягт байрлах ............ мкв хэмжээтэй, ипотекийн 8 хувийн зээлтэй орон сууцаар солилцсон юм. Орон сууцны зөрүү төлбөрийг Б.Х-д бүрэн төлсөн. Гэтэл Б.Х- нь Б дүүрэг, 22-р хороо, Д-ийн гудамж 106/2 байр ... тоот хаягт байрлах ............ мкв хэмжээтэй орон сууцыг барьцаанд тавьж зээл авах, зээлээ төлөхгүй байсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу шилжиж хураагдах болсон. Иймээс бид солилцсон байраа буцаан авахаар О аймгийн О багийн 2-25 байр ... тоот хаягт байрлах орон сууцандаа ирэхэд огт танихгүй хариуцагч У-ын эхнэр А нь би энэ байрыг худалдаж авсан гэх тайлбарыг хэлж манай байранд амьдарч байсан. Бид Х-тэй тохирсон тохиролцоо цуцлагдсан, тиймээс орон сууцаа буцааж авмаар байна гэхэд надад хамаагүй, би худалдаж авсан гээд миний өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж, өмчлөгч миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу О аймгийн О багийн 2-25 байр ... тоот хаягт байрлах, .......... мкв талбайтай Ү-.................... үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай 3 өрөө орон сууцыг хариуцагч У-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. ...Би хот, хөдөөгийн байрны үнийн зөрүү гэж 11,000,000 төгрөгийг тухайн үед Б.Х-д өгч байсан. Анх би энэ байрыг 2013 онд Хөдөлмөр Нийгмийн хамгаалалын яамнаас манай ажлынханд хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдан авах боломж гарч би ипотекийн зээлээр энэ байрыг авч байсан. Б.Х- надад М.У-р гэдэг хүнийг байранд оруулаа зээлээ асуудалгүй төлөөд явна гэж хэлж байсан. М.У-р 2023 оны 6 дугаар сараас хойш энэ байрны ипотекийн зээлийг төлөөгүй. Би У хотод байдаг байрны ипотекийн зээлийг 2023 оны 6 дугаар сараас хойш төлөөгүй байгаа. 2 байрны түрээсийг зэрэг төлөхөд надад хэцүү байсан. Ядаж өөрийн нэр дээр байдаг байрынхаа түрээсийг төлөөд явж байвал зүгээр байх гэж бодсон. Байрны ипотекийн зээлээ яаж төлөх талаар итгэлцлийн үндсэн график байгуулж байсан. Надад Б.Х-ийн байрыг шүүх хурааж авахаар болчихлоо гэж эхнэр нь хэлсэн. Б.Х- өрөнд ороод гадаад улс руу явсан байсан. Би өөрийн нэр дээр байдаг Э-ийн байрныхаа ипотекийн зээлийг 2023 оны 5 дугаар сараас хойш төлөөд явж байна. Ипотекийн зээлээ сольж төлөхөөр тохиролцохдоо ямар нэгэн гэрээ байгуулаагүй, зүгээр гараараа солилцох талаар бичиг хийж байсан. 20... оноос хойш М.У-р энэ байранд амьдарч байгаа. Ковидын үед 2 жилийн хугацаагаар ипотекийн зээлийг төлөөгүй тухайн үед би итгэлцлийн үндсэн дээр зээл төлөх хугацааг 2 жилийн хугацаагаар хойшлуулах хүсэлтийг нь хүртэл явуулж өгч байсан. Би өөрийн нэр дээр байгаа байраа авъя гэхэд М.У-р байрыг маань суллаж өгөхгүй байгаа. У хотын байранд манай хүүхдүүд байгаа. Би одоо Э-ийн байраа зарж хүүхдүүддээ байр авч өгөхгүй бол байрыг суллаж өгөх тухай шаардах бичиг 3 удаа ирсэн. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу О аймгийн О багийн 2-25а байр ... тоот хаягт байрлах, .......... мкв талбайтай Ү-.................... үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай 3 өрөө орон сууцыг хариуцагч У-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. Бүгд сууж байгаад тохиролцсон гэж байна. Тийм зүйл болоогүй. Б.Х- надад энэ байранд өөр хүн орууллаа, зээлийг энэ хүмүүс үргэлжлүүлээд төлөөд явна гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм наад хүмүүс чинь төлж чадах юм уу гэхэд зүгээрээ төлнө, нөхөр нь Э- дулааны цахилгаан станц ТӨОК-д ажилладаг, эхнэр нь даатгалын компанид ажилладаг гэж хэлж байсан. Байрны зээлүүд дуусахаар бие биеийнхээ нэр лүү шилжүүлнэ гэж анх тохиролцсон байсан. Найдвартай хүмүүс бол яах вэ дээ гэж хэлээд тухайн үед өнгөрч байсан. Б.Х- өрөнд орж ийм асуудал үүсгээгүй байсан бол ийм зүйл болохгүй байх байсан. Хбанкинд ипотекийн зээлээ төлж явдаг. Одоо 59,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Ковидын үед төлөлт хийх хугацаа 2 жил зогссон гэжээ.

Хариуцагч М.У-р шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Э-ын нэхэмжлэлтэй М.У-рт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байгаа М.У-р би нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Э- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ солилцсон байраа буцаан авахаар О аймгийн Бр сум, О багийн 2-25а байр, ... тоот хаягт байрлах, орон сууцандаа ирэхэд огт танихгүй хариуцагч М.У-р эхнэр А нар нь дээрх байрыг худалдаж авсан гэх тайлбарыг хэлж манай байранд амьдарч байна гэжээ. 20... оны 07 сард О аймагт ипотекийн зээлээр байранд орохоор төлөвлөж байр хайж байхдаа өөрийн найз С.С-оор дамжуулан Б.Х- түүний эхнэр Ц.Ц нартай танилцсан. Тухайн үед Б.Х-, Ц.Ц нар нэхэмжлэгч Д.Э-ын маргаан бүхий орон сууцыг өөрийн өмчлөлийн У хот, Б дүүргийн 22 дугаар хороонд байрлалтай 73,87 мкв хэмжээтэй орон сууцаар солихоор тохиролцсон захиран зарцуулах эрхтэй гэж тайлбарласан. Маргаан бүхий орон сууцыг очиж үзээд урт хугацааны гэрээ хэлцэл хийж байгаа юм чинь нотариат орж гэрээ хэлцлээ батлуулъя гэхэд Б.Х-, Ц.Ц нар Д.Э-ын өмчлөлийн О аймаг дахь маргаан бүхий байрны ипотекийн төлбөрийг Б.Х-, Ц.Ц нар төлдөг, У хотын байрны ипотекийн төлбөрийг Д.Э- төлдөг харилцан бие биеийнхээ байрны төлбөрийг төлж байгаад байраа солихоор тохиролцсон гэж хэлээд надад Д.Э-, Б.Х-, Ц.Ц нарын хооронд байгуулагдсан гэрээг харуулсан. Тус гэрээнд харилцан зээлээ төлж дуусгаад байраа өөрсдийн нэр дээр шилжүүлэн авна гэсэн утгатай байсан. Тэр үед нэхэмжлэгч Д.Э-, Б.Х-, Ц.Ц нар зээлээ төлөөд дуусахаар асуудалгүй нэр шилжүүлнэ гэж тайлбарлаж байсан. Ингээд маргаан бүхий орон сууцыг худалдан авахаар болж урьдчилгаа 28,000,000 төгрөгийг Б.Х-, Ц.Ц нарт шилжүүлж, нэхэмжлэгч Д.Э-ын ипотекийн зээлийг төлсөн. 20... оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 06 сар хүртэл ...,410,000 төгрөгийг Д.Э-ын ипотекийг төлж тус орон сууцанд амьдарч эхэлсэн. Гэтэл Б.Х-, Ц.Ц нарын У хотын байр нь эрхийн доголдолтой буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу хураагдсанаас үүдэн Д.Э- нь одоо миний худалдаж авсан сууцнаас намайг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан О аймаг, Бр сум, 2 дугаар баг, О 25а байр ... тоот хаягт байрлах 63,94 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч М.У-рын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Д.Э-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.У-р шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

1. Хууль хэрэглээний алдаа гаргасан тухайд: Анхан шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 109.1 дэх хэсэг, 110.1 дэх хэсэг болон 109.2 дахь хэсгийг үндэслэн талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна гэдэг агуулгаар дүгнэсэн. Гэвч шийдвэрийнхээ тогтоох хэсэгт дээр дурдсан хуулийн зүйл заалтуудыг дурдахгүйгээр хуулийн өөр заалт буюу Иргэний хуулийн 106.1 дэх хэсгийг үндэслэн М.У-р намайг хууль бусаар маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байна гэж дүгнэсэн. У- миний бие хэн нэгний өмчийг ямар ч үндэслэлгүйгээр хууль бусаар эзэмшээгүй бөгөөд анх орон сууцанд орондоо нэхэмжлэгч Э- болон хэлцлийн үндсэн дээр орон сууцыг эзэмшиж байсан Х-, Ц нартай хэлцэл хийж ''"тэдний бүгдэнгийнх нь зөвшөөрлөөр эзэмшиж байсан. Энэ талаар нэхэмжлэгч ч маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт дурдсан хуулийн үндэслэл өөр байгаа учир бидний хооронд үүссэн харилцааг хэрхэн дүгнэж байгаа нь ойлгомжгүй тодорхойгүй байна.

2. Нотлох баримтыг дүгнээгүй тухайд: Миний бие хариу тайлбараа Э-ын ипотекийн зээлийг төлж байсан гэдгээ тайлбарласан. Э- нь ипотекийн зээлийг коронагийн үед зогсоосон гэх боловч миний түүний зээлийн төлбөрт төлсөн төлбөрийг буцаан өгөх эсэх талаар тайлбар хэлээгүй. Миний төлсөн мөнгийг Э- авч үлдсэн үү, надад буцаан олгох уу гэдэг талаар шүүх дүгнэлт хийгээгүй, Э-аас энэ мөнгийг хүлээн авсан эсэх талаар тодруулалгүй нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Миний бие хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд дөрвөн мөч маань саажиж, хэвтэрт байгаа, хагалгаанд олон цаг норкозтой орсны улмаас уХсанаа орж гаран, хэлсэнярьсан зүйлээ мартаж байгаа талаараа шүүхэд мэдэгдэж байсан. Өөрөө босч явж чадахгүй хүнд байдалд байгаа учир эргэн тойрны хүмүүсээс туслалцаа хүсч өмгөөлөгч авахаар хайж байгаа талаараа уламжилж байсан. Шүүх хуралдааны товыг надад утсаар мэдэгдсэн гэх боловч би энэ талаар санахгүй байгаа. Хариуцагч миний хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзалгүй төлөөлөгчтэй болох, өмгөөлөгч авах хангалттай хугацаа өнгөрсөн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас илгээгүй бөгөөд би утасдаж асуухад 16-ны өдөр хуралтай гэж хэлж байсан мөртлөө 15 өдөр миний эзгүйд хуралдааныг хийсэнд гомдолтой байна. Би өөрөө гэнэт хүндээр өвчилсөн, олон нялх хүүхэд маань орон гэргүй болох асуудал яригдаж байхад миний бие хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, хэнэггүй хандаж шүүх хуралдаа очихгүй байх боломжгүй юм. Надад шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдэхгүйгээр, миний эзгүйд хурал хийсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч М.У-рт холбогдуулан О аймаг Бр сум О баг 25а байр ... тоотод байрлах .......... мкв талбай бүхий 3 өрөө байрыг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч М.У-р нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Э- нь О аймаг Бр сум О баг 25а-... тоотод байрлах .......... мкв талбай бүхий 3 өрөө байрыг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр К банктай ипотекийн зээлийн гэрээ байгуулан 5 хувийн хүүтэй зээлээр худалдан авсан байна. 20... онд уг байраа Б.Х-тэй харилцан тохиролцож түүний өмчлөлийн У хот Б дүүрэг 22-р хороо Д-ийн гудамж 106/2 байр ... тоотод байрлах ............ мкв талбай бүхий ипотекийн 8 хувийн зээлтэй байраар солилцож тус тусын ипотекийн сар бүрийн төлөлтийг хийж орон сууцны зөрүү төлбөрийг Б.Х-д төлжээ.

Гэтэл Б.Х- нь У хот дахь солилцсон байраа банкны барьцаанд тавьсан зээлээ төлөхгүй байсаар уг байр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжин хураагдах болсон, хариуцагч М.У-р нь О аймагт байрлах нэхэмжлэгч Д.Э-ын байрыг 20... оны 07 дугаар сард Б.Х- түүний эхнэр Ц нартай тохирч худалдан авсан, К банкийг татан буулгах болсонтой холбоотойгоор Д.Э-ын ипотекийн зээл Хбанк руу шилжиж орон сууцны зээлийн төлбөр дуусаагүй, Хбанкны барьцаанд байгаа зэрэг үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Д.Э- нь иргэн Б.Х-тэй 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ипотекийн зээлтэй орон сууц солилцох гэрээ нэртэй гэрээг бичгээр байгуулж Д.Э- нь У хот Б дүүргийн 22-р хороо, Цайз Б.Д-ийн гудамж 106/2 байр ... тоотод байрлах ............ мкв талбай бүхий байрны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг сарын 650.000 төгрөгөөр төлөх, Б.Х- нь О аймаг Бр сум О баг 2-р баг 25А байр ... тоотын .......... мкв талбай бүхий жилийн 5 хувийн зээлтэй байрны сарын ипотекийн зээлний 526.033 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхэд энэ тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргах эрхтэй ба үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг нотариатчаар гэрчлүүлж, хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэхээр зохицуулсан байхад зохигчдын хэн аль нь хуульд заасан энэ эрх үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч Д.Э- нь бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд нийцжээ.

Хариуцагч М.У-р нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,38 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч М.У-рын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч М.У-рын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У