Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0451

 

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0451

  Улаанбаатар хот

  “МТ П” ХХК-ийн гомдолтой

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Б.О, С.Ц, Н.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Ж.Э, Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нарыг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0432 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “МТ П” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ж.Э, Л.Н нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0432 дугаар шийдвэрээр:

 “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “МТ П” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ж.Э, Л.Н  нарт холбогдуулан гаргасан “... татварын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 211820026 дугаартай шийтгэлийн хуудсын 2, 3, 4, 5 дахь хэсгийн “МТ П” ХХК-д 19,984,809.30 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо: “... Шүүх хавтас хэргийн нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн доорж гомдлыг гаргаж байна.

Манай компанийн нэр дээр байгаа өрөнд авсан хоёр газар нь өмчлөх эрхийн бус эзэмших эрхийн гэрчилгээтэй тул дараах үндэслэлээр нягтлан бодох бүртгэл, татварын тайланд тусгагдсан, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д заасан үүрэгтэй байна. Тиймээс нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт-38д НББОУС-аар биет бус хөрөнгийн бүртгэлийг тодорхойлдог. Биет бус хөрөнгө нь биет бус шинж чанартай, тодорхойлж болохуйц /гэрээ болон бусад хуулийн эрхээс үүдэлтэй/ мөнгөн бус хөрөнгө байна. Тодорхой нөхцөлийн хангасан биет бус хөрөнгийн анхны бүртгэл нь өртгийн аргаар байх ба явцын дунд өртөг болон дахин үнэлгээний аргаар бүртгэгдэж болно. Биет бус хөрөнгийн хугацаа нь  тодорхой бус байгаа тохиолдолд хорогдол тооцохгүй ба бусад тохиолдолд өгөгдсөн хугацаа /гэрээ, гэрчилгээний хугацаа/ жилд тааруулж тооцоно./38.12, 38.1, 38.8/ Дээрх дурдсан НББОУС-ын дагуу энэхүү газруудыг биет байдлаар нь бус харин гэрээний үндсэн дээр бий болсон гэрчилгээг даган өртгөөр биет бус хөрөнгө гэж үзэх ёстой юм. Иймээс Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д “Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /үүнд: ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/ хүчин төгөлдөр байх хугацаанд” гэж заасныг шүүх огт харгалзан үзээгүй болно.

Манай компани “С” ХХК-д шатахуун борлуулсан бөгөөд шатахууны авлагаа барагдуулахгүйн улмаас нилээн хугацааг өнгөрөөсөн бөгөөд шүүхийн шийдвэр гарсны дараа ч төлбөр хийгдэхгүй байсан тул “С” ХХК-иас авах авлагаа “М т” ХХК-д шилжүүлэн өгснийг бараа ажил үйлчилгээг хийсэн мэтээр тайлбарлан НӨАТ ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, манай тохиолдолд борлуулалтын гэрээний дагуу НӨАТ тооцсон шатахууны төлбөрөө /авлагаа/ зөвхөн мөнгөөр авч, авлагыг “М т” ХХК-д шилжүүлсэн үйлдэл юм. Энэхүү авлагаас бусдаас авсны төлөө мөнгөнд НӨАТ ногдуулна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн аяга суурь болон хашааг жинхэнэ борлуулагч манайх биш тул магадгүй “С” ХХК борлуулсан учраас тэдний орлогод НӨАТ ногдохыг үгүйсгэхгүй юм.

“А с с” ХХК болон “Б о” ХХК-иудад шатахуун борлуулсан бөгөөд авлагаа мөнгөн хөрөнгөөр барагдуулах боломжгүй гэсэн байдлаар цаашид хугацаа алдаж байсан учраас бид “М т” ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Эрх шилжүүлэх” гэрээгээр уг авлагуудыг шилжүүлсэн бөгөөд үүний дараа “М т” ХХК нь тухайн компаниудаас шилжин ирсэн авлагадаа 3 ширхэг орон сууц авч, өөрийн ажилчиддаа бэлэглэсэн байдаг. Тухайн орон сууцнуудыг “А с с” ХХК болон “Б о” ХХК борлуулсан бөгөөд хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан этгээд буюу тухайн “А с с” ХХК, “Б о” ХХК-иуд хариуцсан төлөх үүрэгтэй байдаг. Үүнийг шүүх манай компанийг борлуулсан мэтээр тайлбарлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тухайн хуулийн үйлчлэх цар хүрээ, цаг хугацааг маш тодорхой заасан байдаг. Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу 2015 оны 29,717,076.00 төгрөгийн зөрчлийн эхний хагаст хамаарах хэсгийг өршөөлд хамруулах боломжтой байсан.

Татварын улсын байцаагч нар зөрчлийн хэрэг нээн холбогдогч буюу манай компанид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрхийг  хангаж, ямар зөрчил хэрхэн холбогдож байгаа болон эрх үүргийг огт тайлбарлан өгөөгүйгээр шийдвэрлэсэн байдаг.

Мөн Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчиж, зөрчлийн хэрэгт холбогдсон танилцуулсан баримт байхгүй бөгөөд одоо ч ямар заалт зөрсөн нь ойлгомжгүй хэвээр байна. Шүүх манай компанийг буруугүй гэж үзсэн бол Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “Зөрчил тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу манай компанийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2-т “Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолон хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байхад энэхүү хуулийг огт хэрэглээгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0432 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн  шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

          Зөрчилд холбогдсон “МТ П” ХХК-ийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

          Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нар тус компанийн 2012-2016 оны татварын төлөлт, ногдуулалтад хяналт шалгалт хийж, зөрчил илрүүлж, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэлийн хуудсаар 44,507,848.4 төгрөгийн нөхөн татвар, 17,947,728.0 төгрөгийн торгууль, 21,714,059.0 төгрөгийн алданги, нийт 84,169,636.0 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

          “МТ П” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлага нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй байна:

1. Давж заалдах гомдолд “газрыг өмчилдөггүй, эзэмших эрхтэй тул биет бус хөрөнгөд бүртгэж элэгдэл тооцон хасагдах зардалд оруулсан” гэжээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй” гэж зохицуулсан нь газрыг эзэмших, өмчлөх эрх хэрэгжүүлж байгаагаас хамаарахааргүй байх тул элэгдэл байгуулж, татвар ногдох орлогоо бууруулсныг зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулж, нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тус компанийн тайлбарлаж буй дээрх хуулийн 13.2-д “Үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаагаар ашиглахаар тооцож, элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар дараах байдлаар байгуулна: ... 5. Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө (Үүнд: Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хамаарна)” гэж заасан нь газартай холбоотой бүртгэл, татвар ногдуулалтын харилцааг зохицуулаагүй байх тул энэ хуулийн дагуу “газарт элэгдэл тооцсон” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

2. Мөн гомдолд “Шатахуун борлуулсан гэх “С” ХХК, “Алтансүлжээ системос” ХХК, “Бөх чулуун орд” ХХК-иудаас авах авлагаа “М т” ХХК-д шилжүүлсэн, “Магнайтрейд” ХХК нь уг барааг бусад этгээдэд шилжүүлсэн тул НӨАТ болон үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварыг манай компани төлөх ёсгүй” гэжээ.

“МТ П” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу “С” ХХК-иас авах авлагадаа аяган суурь, хашааг, “А с с” ХХК-иас 2 орон сууц,”Б о” ХХК-иас нэг орон сууцыг тус тус авч, “М т” ХХК-д шилжүүлсэн болох нь татварын улсын байцаагч хяналт шалгалт явуулах үедээ 2018 оны 02 дугаар сарын 13, 27-ны өдрүүдэд Санхүүгийн асуудал хариуцсан захирал С.Ц, хуулийн хэлтсийн дарга Г.Энартай хийсэн ярилцлагын тэмдэглэл /хэргийн 14, 15-р хуудас/, мөн хэрэгт авагдсан 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 103/16 дугаар “А с с” ХХК-тай хийсэн Бартерийн гэрээ, орон сууц шилжүүлсэн баримууд зэргээр тогтоогдож байна.

Мөн энэ талаар татвар төлөгч тус компани нь татварын хяналт шалгалт хийж байх үед “М т” ХХК-д авлага шилжүүлсэн талаар тайлбар, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн баримтуудыг гаргаж өгөөгүй, дээрх ярилцлагын үеэр гаргасан тайлбарыг няцаасан баримт байхгүй байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

3. Мөн гомдолд “хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, ямар зөрчилд холбогдож байгаа, эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, Зөрчлийн тухай хуулийн аль зүйл, заалтыг зөрчсөн нь шийтгэлийн хуудсанд байхгүй, ойлгомжгүй” гэжээ.

Татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд тус компанийн татвар төлөлт, ногдуулалтын байдалд хяналт шалгалт хийх явцдаа зөрчлийг тогтоосон байх бөгөөд дээрх зөрчилтэй ажил, гүйлгээнүүдийн талаар татвар төлөгч тус компаний нягтлан бодогч, хуулийн зөвлөхтэй тодруулан ярилцлага хийсэн байх тул уг зөрчлийг үгүйсгэсэн тайлбар баримтаа гаргаж өгөх боломжоор хангасан гэж үзэхээр байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу тус компанийн гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө буюу 2016 онд гаргасан зөрчил байх тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хариуцлага оногдуулсан байх тул Зөрчлийн тухай хуулийн заалт баримтлаагүй гэж буруутгах үндэслэлгүй.

4. Мөн давж заалдах гомдолд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй боловч энэ хуулийг хэрэглээгүй гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д “Зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө” гэж, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасан байх тул Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.