Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 000030

 

                                        Б.Орхонбаатарт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

                                                                      Хэргийн индекс 142/2017/0020/Э

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

            Прокурор                                          Г.Эрдэнэбаатар

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Цэрэнханд

            Шүүгдэгч                                           Б.Орхонбаатар

            Нарийн бичгийн дарга                   Б.Номин нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолтой Б.Орхонбаатарт холбогдох, 201614000490 дугаартай, эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, үсчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-13-124 тоотод оршин суух, МЮ-94100711 регистрийн дугаартай, Халиутын гөрөөч овогт Баатарчулууны Орхонбаатар.

 

Шүүгдэгч Б.Орхонбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багт байрлах 1 дүгээр цэцэрлэгийн хойд талын явган хүний зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж иргэн Г.Зэстийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                   

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Халиутын гөрөөч овгийн Баатарчулууны Орхонбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1.д зааснаар шүүгдэгч Б.Орхонбаатарыг 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэж,  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Орхонбаатарт оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлх,

 

Энэ хэрэгт  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Зэст нь хагалгааны зардлын зөрүү, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4.д зааснаар шүүгдэгч Б.Орхонбаатарт оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Орхонбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1.т заасан гэмт хэрэгт “гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар” заасан байхад шүүх Б.Орхонбаатарт 3 жилийн хорих ял буюу хуульд зааснаас доогуур ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу  хэрэглэсэн байна.

 

Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Эрдэнэбаатар дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Орхон аймгийн Прокурорын газраас Б.Орхонбаатарыг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 1 дүгээр цэцэрлэгийн хойд талын явган хүний зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тэнд явж байсан иргэн Г.Зэстийг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулан танхайн гэмт хэрэг үйлдсэн  гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх “...шүүгдэгч Б.Орхонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил хорих ялаар шийтгэж..., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4.д зааснаар ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэсэн нь буруу  байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн “181 дүгээр зүйлийн 181.2.1.д гурваас “дээш” таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байхад шүүх шүүгдэгч Б.Отгонбаатарт  3 жил хорих ял оногдуулж  өөрөөр хэлбэл хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Иймд дээд шатны прокурорын бичсэн “...анхан шатны шүүх  Б.Орхонбаатарт холбогдох  эрүүгийн хэргийг  шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

..

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.3,  325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Орхонбаатарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Орхонбаатарт урд авсан  бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай

 

4. Хэргийг давж заалдах шатны шүүхэд хэлэлцэгдэх үед шүүгдэгч Б.Орхонбаатар нь хохирогч Г.Зэстэд 1.500.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

5.Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Ц.ТУЯА                                                                                                                                                                                                                                             

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              З.ХОСБАЯР

 

 

                        ШҮҮГЧ                                                                                   С.ЦЭЦЭГМАА