Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/86

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их монгол овогт Г.Г-т холбогдох 1921002000078 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “...” хотхонд мужаан ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Их монгол овогт Г.Г.  

 

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг “Талын шилтгээн” хотхонд хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн хадам дүү Т.Б-тай маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын нуруу, баруун хөмсөг орчмын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэргийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа. Прокуророос санал болгож байгаа ялыг зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 сарын 13-ны өдөр Талын шилтгээн хотхонд байх ажил дээрээ очиж засал чимэглэлийн ажил хийж байгаад 14 цагийн үед ажилчдынхаа хамт хоолонд орчихоод хоолны гэрээс гарч байхад миний төрсөн эгчийн нөхөр болох Г.Г нь намайг дуудахаар нь эргэж харахад “манай гэр бүлийн амьдрал чамд хамаагүй шүү” гээд намайг үсдэж аваад гараараа миний нүүрэн тус газар нэг удаа цохиход нь манай ажлынхан салгасан. Ямар нэг эмчилгээ хийлгээгүй учир төлбөр мөнгө гараагүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 10-11, 33 тал/

 

Гэрч Г.Янжмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн нөхөр Г.Гийг цагдаагийн байгууллагад ямар асуудлаар шалгагдаж байгааг мэднэ. Нөхөр маань миний төрсөн дүү Т.Быг хэрүүл ам хийгээд байхаар нь цохисон гэж надад хэлсэн...” гэжээ. /хх-ийн 13-14 тал/

  

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 190 тоот дүгнэлтэд

            1. Т.Б-ын биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, баруун хөмсөг орчмын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 

     3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 18 тал/

 

- Г.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Их монгол овогт Г.Г нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг “...” хотхонд хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн хадам дүү Т.Б-тай маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамрын нуруу, баруун хөмсөг орчмын цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би баруун гараараа Т.Б-ын нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход манай ажлынхан салгасан...” гэх мэдүүлэг, хохирогч Т.Б, гэрч Г.Янжмаа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 190 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Г.Г-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Г.Г нь хохирогч Т.Б-ын эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан бөгөөд хохирогч нь “ямар нэг эмчилгээ хийлгээгүй учир төлбөр мөнгө гараагүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Г-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Их монгол овогт Г.Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Г-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ