Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 207/МА2024/00017

 

В.Б нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Г нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хаалттай хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2023/........ дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: В.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Г нарт холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний төлбөр 47.777.884 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Б.Г нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.С, нарийн бичгийн дарга М.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

В.Б нь өөрийн эзэмшлийн ......................... аралын дугаартай, ............ УАВ улсын дугаартай цайвар цэнхэр РЗ5 маркийн автомашиныг А ХХК-иар дамжуулан худалдан авагч талын гаргасан хүсэлт, нөхцлийн дагуу Иргэний хуулийн 243-261 дүгээр зүйлд заасныг үндэслэн худалдах, худалдан авах гэрээг хийж 23.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Үүнд: Д.Г нь Б.Гийн зөвшөөрлөөр түүнийг төлөөлж, түүний нэрээр 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ХХАГ/З-АЗ/сар/дугаар .... тоот гэрээгээр гэрээний 2.2-т заасан хуваарийн дагуу урьдчилгаа төлбөрт 5.000.000 төгрөг төлж, үлдэгдэл 18.000.000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөгийг тус тус гэрээний 2.3-т заасан дансанд шилжүүлэх ёстой байсан ч гэрээний 4.2-т заасан үүргээ биелүүлээгүй ба урьдчилгаа төлбөрт худалдан авагч талын санал болгосны дагуу 5.000.000 төгрөг төлөхөөр тусгасан боловч бэлэн мөнгө байхгүй гэх шалтгаанаар 5.000.000 төлбөрийн барьцаанд В маркийн авто машиныг үлдээсэн ба уг автомашиныг зараад 5.000.000 төгрөгөө өгнө гээд 2020 оны 06 дугаар сард авч явсан ч гэрээний урьдчилгаа төлбөрөө мөн л төлөөгүй. 2020 оны 07 дугаар сарын ....-ны өдөр гэрээний хугацаа дууссаны дараа 7.000.000 төгрөг төлсөн. Д.Г нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул дахин 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ХХАГ/АЗ-..... дугаартай гэрээний сунгалт хийж худалдан авагчийн санал болгосны дагуу төлбөрийн нөхцөлийг гэрээний 2.2-т заасны дагуу Лизинг-ээр тохирч, төлбөрийг гэрээний 2.3-т заасан хугацаанд сарын 2.7 хувийн хүүгээр тооцож 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр эсвэл Голомт банкны 3655100800 тоот данс руу хавсралт хүснэгтийн дагуу 22.224.548,5 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч гэрээ байгуулсан ч дахин гэрээний 2.3 болон 4.2-т заасан үүргээ тус тус биелүүлээгүй 3 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд гэрээний 3.7-д зааснаар автомашины үнийг шаардаж байсан ч тухай бүр Удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Автомашины төлбөр нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ХХАГ/АЗ-..... дугаартай гэрээний сунгалтын 2.1-т заасан үнэ, 2.2-т заасан нөхцөл, 2.3-т заасан хүүгээр тооцогдож 2023 оны 11 дүгээр сарын ....-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 23.000.000 төгрөг, нийт тооцсон хүү 24.728.688 төгрөг, алданги тооцсон дүн болох 7.049.196 төгрөг, үүнээс 2020 оны 07 дугаар сарын ....-ны өдөр төлсөн 7.000.000 төгрөгийг хасаад нийт 47.777.884 төгрөг байна. Иймд худалдан авагчид болох Д.Г, Б.Г нараас зээлийн төлбөр 47.777.884 төгрөгийг гаргуулж өгнө үү... Өмнөх шүүх хуралдаан болон цагдаагийн байгууллагад шалгуулсан, прокурорын байгууллагад хянуулсан асуудал дээр Б.Гийг төлөөлж энэ хоёр удаагийн гэрээг хийсэн гэдгээ Д.Г өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэрээ хийчихээд автомашин авч яваагүй гэдэг зүйлийг яриад байна. Авч явсан гэдгээ Д.Г хүлээн зөвшөөрсөн байгаа. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн болох нийт 47.777.847 төгрөгийг хэн нь яаж төлөхийг бид мэдэхгүй. Автомашиныг Б.Г тухайн үед аваад хууль бусаар хэрэглэж байгаа. Б.Гэд Д.Г нь авч өгсөн. Шүүх хуралдаан дээр гаргаж байгаа нэхэмжлэлийн хариуцагчийг тодорхой болгоё гэж байгаа бол 50, 50 хувиар буюу нийт нэхэмжилж байгаа дүнг 100 хувь гэж үзэх юм бол 50, 50 хувийг хоёр талаас нэхэмжилж байгаа.... Автомашины үнэ 23.000.000 төгрөгөөс төлсөн 7,000,000 төгрөгийг хасаад 16.000.000 төгрөг байгаа, автомашиныг худалдаж аваад тухайн автомашин нь хариуцагч талын хэлж байгаагаар мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Б.Гийн эзэмшилд байж байгаа. Үндсэн хөрөнгийн мөнгөн дүн 16,000,000 төгрөгийг Б.Гээс үлдэгдэл хүү, алдангийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Д.Гаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д.Г би Б.Гийн хүсэлтээр А ХХК-иас авто машин үзүүлж Б.Гийн .... сая төгрөгөөр тооцож надад өгсөн Б маркийн автомашиныг тавиулж үлдэгдэл зээлийг төлөхөөр тохиролцож гэрээ хийлгүүлсэн бөгөөд иргэн Б-ийн эзэмшлийн машиныг А ХХК нь дамжуулж Б.Гэд өгч гэрээ хийсэн. Машиныг би ашиглаагүй, аваагүй учраас хэний нэр дээр байгааг сая шүүхийн явцад мэдсэн. Б.Г машин нь эвдрэлтэй, араасаа орсон, хувиасаа их засвар хийж зардал их гарсан, хөдөлгөөний зөрчил гарахад шаардлагатай бичиг баримт нь шийдэгдэхгүй, даатгалгүй, техникийн шаардлага хангахгүй машин өгснийг авсан даруйдаа А ХХК руу болон над руу байнга хэлж байсан. Урьд нь манай компани Т ХХК-аас авах авлагандаа А ХХК-аас 5-6 машин авч хамтран ажиллаж байсан итгэлээр Б.Гэд авч өгөхөд техникийн шаардлага хангахгүй машин өгсөнд гомдолтой байна. Б.Г техникийн шаардлага хангасан машиныг хүлээлгэж урьдчилгаанд тавьсан гэж хэлдэг бөгөөд Б машиныг гаражаас гаргаж задалсан /тухайн үеийн зургийг өгсөн/ энэ тухай холбогдох хүмүүст хэлэхэд зөвхөн аккумлятор сольсон гэж байгаа боловч цахилгааны утас, компьютер, бусад эд ангиудыг задалсан зэргээс шалтгаалан гэрээ биелүүлэхэд бидний дунд маргаан үүсч би хохирсон. Б.Гээс .....000.000 төгрөг авсан Б автомашиныг А ХХК-аас авч Э рүү авч явах замд эвдэрч засвар үйлчилгээ, ачилтын зардал гарч 5.000.000 төгрөгөөр зарж миний хувьд 10.000.000 төгрөгөөр хохирсон учир А ХХК-тай тохиролцож үндсэн 23.000.000 төгрөгөөс төлсөн мөнгийг хасч Б.Гийн удаа дараа засвар хийсэн, даатгал төлсөн зэрэг зардлуудыг эвлэрлийн журмаар шийдэх тухай ярилцах, энэхүү нэхэмжилсэн мөнгөн дүн болон хүү алдангийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Г нь Д.Гад Б машин өгч П 35 маркийн авто машин авсан. Э.Бг 3 жил хайгаад олоогүй. П-35 маркийн машин урьд нь мөргөлдөж маш их засвар гэмтэлтэй байсан ба 3 жилийн хугацаанд даатгал авахаар хайгаад олоогүй, мөн маш их хохирсон. Үлдэгдэл мөнгийг Д.Г .....000.000 төгрөгийг А ХХК-д өгөхөөр тохиролцсон ба Б.Г надад хамаагүй гэж хэлсэн тул надад хамааралгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Гын хувьд А компанитай 2020 оны 1 дүгээр сард гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлд дурдсанаар Д.Г нь Б.Гийг төлөөлж түүний нэрээр 1 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан гэж бичээд байгаа, энэ худлаа. Өөрөөр хэлбэл 2020 оны 1 дүгээр сард Д.Г нь огт гэрээ байгуулаагүй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Г нь гэрээ байгуулсан баримт хэрэгт авагдсан байсан. Тэр баримтаар Б.Г би гэрээ байгуулж машиныг хүлээж авсан гэдгээ хэлсэн байх шиг байсан. Гэхдээ тэр нь надад хамаагүй гэдэг тайлбарыг өгсөн байх шиг байна. Тэгэхээр Д.Гын хувьд 2020 оны 1 дүгээр сард гэрээ байгуулаагүй учраас ямар ч машиныг хүлээж аваагүй. Нэхэмжлэлд дурдаад байгаа П маркийн машиныг хүлээж аваагүй. Тэгэхээр ямар нэгэн эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж хөрөнгө авч байгаа асуудал байгаа бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй байдаг. Худалдан авагч нь шилжүүлж авсан хөрөнгөнийхөө үнийг төлөх ёстой байдаг. Д.Гын хувьд ямар нэгэн хөрөнгө худалдаж аваагүй, гэрээ байгуулаагүй учраас ямар нэгэн зүйлийн үнийг төлөх үүрэг хүлээхгүй. Нэхэмжлэлд дурдаад байгаа П 30 маркийн машиныг авсан хүн Б.Г байна. Авсан хүн нь үнийг төлөх ёстой байх. Хоёрт нь энэ хэрэг дээр хоёр нэхэмжлэгч байгаад байгаа юм байна. Хэн нь энэ нэхэмжлэлийг гаргаад байгааг ойлгохгүй байна. Хэн нь энэ мөнгийг авах гээд байгааг ч ойлгохгүй байна. В.Б Д.Гаас юу нэхээд байгаа юм бэ, бие биенийгээ харж байгаагүй хүмүүс, бие биенийгээ таних ч үгүй байх, В.Бгийн нэхээд байгаа машин нь Б.Гэд байгаа учраас Б.Г үүнийг төлөх ёстой байж болох юм. А компани нэхэж байгаа гэвэл энэ компани В.Бгийн машины үнийг нэхэх эрх байгаа юм уу гэдгийг өмнө нь шүүх шийдсэн. 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээнд Д.Г гарын үсэг зурсан байна. Гэхдээ энэ гэрээний дагуу машин шилжүүлж аваагүй. Энэ машин энэ үед Б.Гэд очсон байсан. Б.Гэд худалдсан машинаа дахиад Д.Гад худалдаж байгаа юм шиг худалдах худалдан авах гэрээ хийгээд ард нь сунгалт гээд бичсэн баримт байгаад байх юм. Энэ гэрээний дагуу машин аваагүй, энэ гэрээ хэрэгжээгүй. Машин аваагүй учраас үүний үнийг Д.Г төлөхгүй. Энэ гэрээний хавсралт гэж дахиад нэг зүйл дурдаад байна. Үүн дээр зээлдэгч Д.Г гэсэн байна. Энд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй. Зээлээр худалдах худалдан авах гэрээ ч байгуулагдаагүй. Өгөөгүй машиныхаа үнэнд хүү бодож нэхээд байгаа нь бүр үндэслэлгүй. Д.Гад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Д.Гын өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодрууллаа. Үүнтэй холбогдуулаад Д.Гын өмгөөлөгчийн хувьд дүгнэлтээ хэлье. Д.Гаас нэхэмжлээд байгаа алданги болон хүүгийн хэмжээ үндэслэлгүй байна. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харах юм бол талуудын хооронд байгуулагдсан хоёр гэрээ байгаа. Эхнийх нь 5 дугаар хуудсанд авагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ байгаа. 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн сунгалт гэсэн гэрээ байгаа. Тус гэрээн дээр хариуцагч Д.Г гарын үсэг зурсан, үүн дээр маргаагүй, тус гэрээнд нэгдүгээрт хүү тохиролцсон зүйл байдаггүй. Нэхэмжлэгч талын тайлбарлаад байгаа гэрээний ард талд авагдсан хавсралт гээд зээлдэгч Д.Гын зээлийн тооцоо гэсэн хэсгийг үндэслэж хүү нэхээд байгаа юм шиг нөхцөл байдал харагдаж байна. Энэ хавсралтад талуудын хэн нь ч гарын үсэг зураагүй. Гэрээ нь автомашин худалдах, худалдан авах гэрээ байхад тус хавсралт маань зээлдэгч Д.Гын зээлийн тооцоо гэсэн байдаг. Өөр гэрээний хавсралт юм шиг нөхцөл байдал харагдаад байгаа. Хүүг энэ гэрээг үндэслээд нэхээд байгаа нь нэгдүгээрт үндэслэлгүй харагдаж байна. Хоёрт хавтаст хэргйн 6 дугаар талд авагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээ бий. Үүн дээр Б.Гтэй гэрээ байгуулсан нөхцөл байдал харагдаж байгаа. Нэхэмжлэгч талаас Б.Гтэй байгуулаагүй, Д.Г гарын үсэг зурсан гэдэг тайлбарыг гаргаж байгаа юм байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд сүүлд Б.Гийн гаргаж байгаа тайлбарт зурагдсан гарын үсгийг энгийн нүдээр харах юм бол Б.Г энэ гэрээн дээр гарын үсгээ зурсан нь харагдаж байгаа. 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээг эргээд харвал тухайн маргаан бүхий автомашин болох П 35 маркийн машин нь В.Б гэдэг хүний өмчлөлд байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар нотлогдож байгаа. Гэтэл В.Б гэдэг хүнтэй Д.Г болоод Б.Г гэдэг хүмүүсийн хэн нь ч гэрээ байгуулаагүй. Харин А компанитай гэрээ байгуулсан. Гэтэл А компани нь өөрөө энэ автомашины өмчлөгч биш, үүнийг өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэрээнүүдийн дагуу Д.Г гэдэг хүн нь машин хүлээж аваагүй гэдгийг тодотгож хэлмээр байна. Хоёрт гэрээний шинжийг харах юм бол талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж харагдахаар байна. Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан юм шиг яриад байна. Гэтэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний онцлог нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан төлвөл зохих хүүгийн хэмжээг гэрээндээ заавал тусгаж өгсөн байх ёстой байдаг. Гэтэл автомашин худалдах, худалдан авах гэрээгээр хүүгийн хэмжээний талаар тохиролцсон зүйл байхгүй. Энэ гэрээний шинж нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний гол зүйл нь юу байдаг вэ гэхээр нэгдүгээрт өмчлөлд нь ямар нэгэн зүйлийг шилжүүлэх ёстой байдаг. Д.Гын хувьд өмчлөлдөө ямар нэгэн зүйлийг шилжүүлж аваагүй. Ийм учраас эргүүлээд хуулиар хүлээгээд байгаа мөнгө төлөх, цаашлаад хүү, алданги төлөх үүргүүдийг Д.Г хүлээхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл эзэмшил, өмчлөлдөө ямар нэгэн зүйлийг шилжүүлж аваагүй. Иргэний хуулийн 111, 243 дугаар зүйлд заасны дагуу өмчлөлдөө ямар нэгэн эд хөрөнгийг шилжүүлж аваагүй байгаа учраас нэхэмжлээд байгаа хүү болоод алдангийг төлөх үүрэг байхгүй. А гэдэг компани мөнгө нэхэмжлээд байгаа юм уу, В.Б гэдэг хүн нэхэмжлээд байгаа юм уу гэдгийг тодруулах нь зүйтэй байх. А гэдэг компанийн хувьд ашиг сонирхол нь зөрчигдсөн нөхцөл байдал харагдахгүй байгаа юм. Нэхэмжлэгч талаас миний үйлчлүүлэгч болох Д.Гаас хүү болон алдангийг нэхэмжилж байгаа юм байна. Энэ хүү болон алдангийг хууль болоод гэрээний хувиар нэхэмжлэх хууль зүйн үндэслэл буюу шаардах эрх байхгүй байгаа учраас Д.Гад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2023/........ дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Гээс худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 16.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Гаас гэрээний хүү, алдангийн төлбөрт 31.777.884 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч В.Бгийн хариуцагч Д.Г, Б.Г нарт холбогдуулан гаргасан 47.777.884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн хариуцагч Д.Гыг нэхэмжлэлийн шаардлагаас хассаныг эс зөвшөөрч ийнхүү гомдол гаргаж байна. Учир нь нэхэмжлэлд нотлох баримтаар хүргүүлсэн гэрээнүүдийг Д.Г нь зүйл заалт бүрийг хүлээн зөвшөөрч, түүний тавьсан нөхцлөөр төлбөр төлөх хуваарийг хийж тухайн авто машиныг гэрээний үндсэн дээр хүлээлгэн өгч зохицуулсан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.Гыг нэхэмжлэлийн шаардлагаас хасаагүй, хариуцагчаас гаргаагүй, хэрэгт хариуцагчаар оролцож байгаа ба тус шийдвэрээр харин Д.Гад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Хоёр. Хэрэгт авагдсан нотлох баримтаар "А ХХК-тай Б.Г гэрээ байгуулж, автомашин хүлээн авч, авсан автомашин одоо болтол эзэмшиж, ашиглаж, үр шимийг нь хүртэж байсан бөгөөд харин Д.Г нь түүнээс хойш гэрээ байгуулсан боловч автомашин хүлээж аваагүй. Нэхэмжлэгч нар нь хүлээлгэж өгөөгүй уг гэрээ хэрэгжээгүй болно. Нэгэнт эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэрээ байгуулсныгаа шүүхээр үнэлүүлэхээр, улмаар Б.Гийн гэрээний алданги гэж Д.Гаас нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гурав. Д.Г нь автомашин хүлээж аваагүй, алданги төлөх үүрэг хүлээгээгүй, бусдын эрх, үүргийг шилжүүлэн авах гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын гаргасан тайлбарт нийцсэн болно. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбарт үндэслэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Давж заалдах гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн хамт оролцож тайлбар гаргаж хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ үү гэжээ.

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие Б.Г нь иргэн Д.Гаас арилжааны гэрээгээр өөрийн эзэмшилийн Б маркийн автомашинаар маргаан бүхий П 30 автомашиныг худалдан авсан ба ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй болно. Гэтэл П 30 автомашин нь их хэмжээний эвдрэлтэй байсан ба гурван жил дотор авто осол болон хохирол гарахад даатгалаас мөнгө авч байгаагүй тухайн үед 10н саяаас дээш хохирол гарч байсан уг асуудлыг хэн хариуцах нь тодорхойгүй гурван жил болсон. Учир нь: нэхэмжлэгч Б гэх хүн /өмчлөгч/ олдоогүй. Би хариуцагч биш.

2. Б болон А ХХК-тай нэг ч гэрээ хийгээгүй ба нэхэмжлэгч нар хэнтэй ямар гэрээ байгуулсан болох, уг гэрээний үүргийг хэн биелүүлэх байсан талаар нотлогдоогүй байхад намайг буруутган төлбөр гаргасан нь үндэслэлгүй байна. Тухайн үед хэрэг хариуцаж байсан шүүгч нь Б.Гэд хамаагүй эмчилгээндээ явж болно гэж хэлсэн. Уг хэрэгт хоёр гэрээ ирсэн байх боловч нэг гэрээний үүргийг нэхэмжлэгч өөрөө хүлээх ба гэрээний үүргээ биелүүлсэн эсэх баримт нь тодорхойгүй байхад түүний хүлээх үүргийг надад хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.

3. Тухайн автомашины өмчлөх эрхийг одоо ч шилжүүлэн өгөөгүй бөгөөд эрхийн доголдолгүй хөрөнгийг надад өгсөн гэх баримт байхгүй байхад гэрээний үүргийг үндэслэлгүй надад хүлээлгэсэн нь хуульд нийцээгүй байна.

4. Нэхэмжлэгч нарыг би огт танихгүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг иргэн Д.Гаас худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл эрхийн зөрчлийг арилгаагүй, өөрөөр хэлбэл

а) тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг засварлаагүй,

б) өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй байхад гэрээгээр үүрэг хүлээлгэсэн мэт дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байх тул О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2023/........ тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.С нар давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

В.Б, А ХХК нарын нэхэмжлэлтэй Б.Г, Д.Г нарт хариуцагдах 47.777.884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Д.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2023/........ дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хариуцагч Б.Гийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Иймд О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2023/........ дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч В.Б нь хариуцагч Б.Г, Д.Г нарт холбогдуулан ............ УАВ улсын дугаартай П-35 маркийн автомашиныг зээлээр худалдан борлуулсны төлбөр 47.777.884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Гэд П-35 маркийн ............ УАВ улсын дугаартай, цайвар цэнхэр өнгийн автомашиныг 23.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр .... дугаар автомашин худалдах, худалдан авах гэрээ, мөн нэхэмжлэгч А ХХК хариуцагч Д.Г нарын хооронд П-35 маркийн ............ УАВ улсын дугаартай, цайвар цэнхэр өнгийн автомашиныг 23.000.000 төгрөгөөр зээлээр худалдахаар тохиролцож 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ..... дугаар автомашин худалдах, худалдан авах /сунгалт/ гэх гэрээ тус тус байгуулагджээ.

Нэхэмжлэгч В.Б нь А ХХК-ийн худалдааны зөвлөхөөр ажилладаг, П-35 маркийн ............ УАВ улсын дугаартай, цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлд бүртгэлтэй боловч уг тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь А ХХК мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар нэхэмжлэгч А ХХК хариуцагч Б.Гээс худалдсан автомашины үнийг шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн .... дугаар автомашин худалдах, худалдан авах гэрээний дагуу машины үлдэгдэл төлбөр 16.000.000 төгрөгийг хариуцагч Б.Г хариуцан төлөх үндэслэлтэй гэж үзсэн нь Иргэний хуульд нийцсэн ба худалдах, худалдах авах гэрээний үүрэгт хариуцагч Б.Гээс 16.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Гаас гэрээний хүү, алдангийн төлбөрт 31.777.884 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч В.Бгийн хариуцагч Д.Г, Б.Г нарт холбогдуулан гаргасан 47.777.884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч А ХХК хариуцагч Д.Г нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэх гэрээгээр хүү тохиролцоогүй, гэрээний зүйл болох автомашиныг хариуцагч Д.Г хүлээж аваагүй, түүнд уг автомашиныг нэхэмжлэгч А ХХК хүлээлгэж өгөөгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүний өмчлөл, ашиглалтанд уг автомашиныг шилжүүлээгүй байх тул уг хариуцагч Д.Гаас автомашин зээлээр худалдан авсан гэрээний төлбөрт хүү, алданги төлүүлэхээр нэхэмжлэх боломжгүй юм.

Харин анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхдүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Б.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 237.950 төгрөгийг тус тус буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШШ2023/........ дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Гээс худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 16.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Гаас гэрээний хүү, алдангийн төлбөрт 31.777.884 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч В.Бгийн хариуцагч Д.Г, Б.Г нарт холбогдуулан гаргасан 47.777.884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч Б.Гээс худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 16.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Гаас гэрээний хүү, алдангийн төлбөрт 31.777.884 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч В.Бгийн хариуцагч Д.Г, Б.Г нарт холбогдуулан гаргасан 47.777. 884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Б.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 237.950 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

Б.Б