| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0027/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/024 |
| Огноо | 2019-01-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814006780016 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-нийөдөр хүлээн авч танилцаад
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нураг хайрхан дэлгүүрийн гадаа ******* гээгдүүлсэн самсунг жи-6 маркийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшлийнхийг мэдсээр байж завшиж бусдад 903000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.Үүнд
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн
...Дуурсах 3 дугаар багийн Нураг хайрхан хүнсний дэлгүүрийн ойролцоо явж байтал засмал замын ертөнцийн зүгээр баруун талд явган хүний замын хооронд шороон дээр гар утас хэвтэж байсан бөгөөд ойролцоо хүн,машин тэрэг байхгүй байхаар нь аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 /,
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн
...Би 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сум Дуурсах 3 дугаар баг “Нураг Хайрхан” дэлгүүрээс эд зүйл авахаар машинаас буухдаа өөрийн эзэмшлийн саарал өнгийн Самсунг Жи-6 маркийн гар утсыг унагааж гээгдүүлсэн. Тухайн үед би машин дотор гар утсаа өвөр дээрээ тавьчихсан байж байгаад машинаас буухдаа унагасан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Цагдаагийн ажилтан утасдаад би очиж түүнээс гар утсаа хүлээн авсан. Миний гар утас ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн байсан. Би тухайн үед дэлгүүрийн камерын бичлэгээс дэлгүүрийн хүний гар утсаар бичлэг хийж аваад өөрийн компьютерт суулгаад СД-нд буулгасан бичлэг байгаа… гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 /
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн
...манай эхнэр дэлгүүр лүү хүнсний зүйл авах гээд орсон. Энэ үед би машинаа төв замаас чөлөөлөөд зогсож байсан газраасаа хөдлөөд зогсож байтал манай эхнэр би утсаа унагаасан байна гээд дэлгүүрээс гараад ирэхэд нь машиндаа үзэхэд байхгүй байсан. Тэгээд анх зогсож байсан газраа алхаж очоод үзэхэд бас байхгүй байсан. Ингээд би өөрийнхөө дугаараас залгахад дуудаад авахгүй байсан. Гэтэл манай эхнэр уг дэлгүүр лүү эргэж ороод цагдаа дуудаад камерыг шүүлгэсэн чинь миний машины хажуугаар гарч явсан хүн намайг машинтайгаа хөдөлсөний дараа эргэж ирээд утас аваад явж байгаа дүрс бичигдсэн байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 48-49/
Гэрч Д.Эын мөрдөн байцаалтад өгсөн
...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн19 цагийн орчим би дэлгүүртээ байж байтал Л.Ө гэх эмэгтэй орж ирээд хүнсний зүйл аваад тооцоо хийх гэж байснаа би гар утсаа гадаа унагаачих шиг боллоо гээд гараад явсан. Тэгээд удаагүй буцаж орж ирээд гар утас машинд байдаггүй олдохгүй байна танай дэлгүүр камертай юу гэж асуухаар нь бид нар бичлэгийг нь үзэж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд удаагүй нэг цагдаагийн алба хаагч ирээд манай дэлгүүрийн камерын бичлэгийг ухрааж үзэхэд замаар явж байсан хүн уг гар утсыг нь аваад явж байгаа бичлэг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 /
Гэрч С.Эын мөрдөн байцаалтад өгсөн
... Би Баянхонгор аймгийн дунд зах дээр явж байгаад *******тай тааралдсан. Тэгтэл тэрээр нэг гоё утас барьчихсан байхаар нь би түүнээс юун утас юм гэхэд би энэ утсыг олсон одоо зармаар байна гэж хэлсэн. Уг утас нь Самсунгийн шинэвтэр утас байсан. Маркийг нь сайн мэдэхгүй байна. Тэгэхээр нь би түүнд би наад утсыг чинь өөрийнхөө Самсунг эс-7 маркийн гар утсан дээр 100000 төгрөг өгөөд авъя гэж хэлсэн чинь тэрээр зөвшөөрөөд надад өгсөн. Тэгээд би уг утсыг өөрөө хэдэн хоног дугаараа хийж барьж байгаад эхнэртээ бариулж байсан. Тэгтэл Цагдаагийн ажилтан ирж уулзаад уг гар утсыг бусдын гээгдүүлсэн утас байна гээд аваад явсан. Тэгээд би дараа нь *******тай уулзаад гар утас болон 100000 төгрөгөө буцааж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 /
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 11 дүгээрсарын 22-ны өдрийн 324 дугаартай “... гар утасны зах зээлийн ханш нь 903000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 65-66 /
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1-2/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт / хх-ийн 30-32/, шүүгдэгч ******* хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 76/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019.01.16-ны өдөр №58 тодорхойлолт / хх-ийн 77/, эрүүгийн хариуцлаг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 80/ эвлэгрлийн гэрээ / хх-ийн 99 /зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Э ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нураг хайрхан дэлгүүрийн гадаа ******* гээгдүүлсэн самсунг жи-6 маркийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшлийнхийг мэдсээр байж завшиж бусдад 903000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч ******* ... явган хүний замын хооронд шороон дээр гар утас хэвтэж байхаар нь авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 /,
хохирогч ******* ... машинаас буухдаа өөрийн эзэмшлийн саарал өнгийн Самсунг Жи-6 маркийн гар утсыг унагааж гээгдүүлсэн… гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 /,
гэрч ******* ... анх зогсож байсан газраа алхаж очоод үзэхэд байхгүй байсан,...би өөрийнхөө дугаараас залгахад дуудаад авахгүй байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 48 /,
гэрч Д.Эын ... тэр эмэгтэй өөрөө Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаагийн алба хаагч ирээд дэлгүүрийн камерын бичлэгийг ухрааж үзэхэд нэг хүн уг гар утсыг нь аваад явж байгаа бичлэг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 /,
гэрч С.Эын ... нэг гоё утас барьчихсан байхаар нь өөрийнхөө Самсунг эс-7 маркийн гар утсан дээр 100000 төгрөг өгөөд авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 /
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 11 дүгээрсарын 22-ны өдрийн 324 дугаартай “.. гар утасны зах зээлийн ханш нь 903000 төгрөг ...гэх дүгнэлт /хх-ийн 65-66 / зэрэг болон хэрэгт авагдсан бусад бигчийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь хохирогч Л.Өт самсунг жи-6 маркийн гар утсыг буцааж өгсөн / хх-ийн 45-46/, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүгдэгч ******* ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Шүүгдэгч ******* эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу ******* буцаан олгож , шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч ******* эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу ******* буцаан олгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА