Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Улсын яллагч:Д.Цогжавхлан

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1814006820013 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Өыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

...Бид нар архи уучихаад дахиад архи аваад Нгийнд гэрт очиход Ө хойморьт нь газар хэвтэж байсан. Би Б.Өг гаргаж ирээд нүүр рүү нь баруун гараараа нэг удаа алгадаж цохисон. Тэгээд намайг О.Нгийн эгч барьж аваад цагдаа дууд гээд орилохоор нь би зугтаасан. Би Б.Өыг эхнэртэйгээ хардаад цохисон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 /

Хохирогч Б.Өы мөрдөн байцаалтад өгсөн

... Унтаж байхад намайг татахаар нь харахад ******* нь намайг татаж босгосон. Тэгээд *******, Тулга хоёр намайг гэрээс чирч гаргасан. Гадаа гараад ******* намайг гараараа хамар руу цохиод мөргөсөн. Тэгтэл миний хамраас цус гараад би газар унагаасан....гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 /

Гэрч Ө.Аын мөрдөн байцаалтад өгсөн

... ******* нь машинд суугаад хамтдаа яваад 1 шил архи аваад 10 мянгатад очиж уух гэж явах замдаа айлын гадаа зогсоодох гэсэн. Тэгээд бүгдээрээ машинаас бууж тэр айл руу ороход *******гийн эхнэр нь тэр айлд айлын эмэгтэйтэй нь хамт байсан. Мөн наана нь нэг залуу байсан. Тэгээд ******* нөгөө залууг уулзаадахъя гээд авч гарсан. Тэгээд гадаа гараад пид пад гээд дуугарахаар нь би очсон чинь ******* тэр залуугийн нүд рүү цохичихсон. Нөгөө залуу газар сууж байсан тэгэхээр нь би салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 /

ГэрчО.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө манайд Болороо, Цацаа нар байсан. Тэгтэл гаднаас Б.Ө орж ирээд унтсан. Тэгтэл С орж ирээд унтаж байсан Б.Өыг аваад гарсан. Тэгээд манай охин Бодьсүрэн надад ээжээ нөгөө хүнийг чинь нүдчихлээ гэхээр нь би зөрөөд гарахад С нь Б.Өыг урдаа сөхрүүлээд суулгачихсан нүдийг нь хөхөртөл цохичихсон байсан...гэх мэдүүлэг /хх- ийн 30-31 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 718 дугаартай:

1. Б.Өы биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Б. Өы биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 42-43 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд тус тус болно

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 50-51/ эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-9/, шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн Засаг даргын 2019.01.17-ны өдрийн №0063 тоот тодорхойлолт / хх-ийн 58/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Өыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

шүүгдэгч *******гийн ... Би Өг гаргаж ирээд нүүр рүү нь баруун гараараа нэг удаа алгадаж цохисон....гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 /

хохирогч Б.Өы ... гадаа гараад ******* намайг гараараа хамар руу цохиод мөргөсөн. Тэгтэл миний хамраас цус гараад би газар унагаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 /

гэрч Ө.Аын ... ******* тэр залуугийн нүд рүү цохичихсон. Нөгөө залуу газар сууж байсан тэгэхээр нь би салгасан....гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

гэрч О.Нгийн ... С нь Б.Өыг урдаа сөхрүүлээд суулгачихсан нүдийг нь хөхөртөл цохичихсон байсан...гэх мэдүүлэг /хх- ийн 30-31 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 718 дугаартай....Б.Өы биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-н 42-43 дугаар тал/зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******гийн хувьд ногдох хөрөнгө болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Ө нь *******гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... sony маркийн зурагт...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож,шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бүргээ овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... sony маркийн зурагт...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА