Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 207/ма2024/00021

 

2024 02 19 207/МА2024/00021

 

 

Ж.С-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Х нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2023/.............. дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Х нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 44.863.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ж.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, нарийн бичгийн дарга Н.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.Х, С.М нь зээлийн гэрээ, итгэлцлээр 2021 оны 02 сарын 22-ны өдрөөс 2022 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд нийт 44,730,000 төгрөгийг зээлж авсан юм. Үүнд: Нэг. 2021 оны 02 сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0,5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. 1.1. Энэхүү гэрээгээр 2021 оны 03 сарын 30-ны өдөр нэмж 2,500,000 төгрөг, 1.2. 2021 оны 09 сарын 07-ны өдөр ХХБанкны 407286438 дугаартай Х өөрийн дансаар 500.000 төгрөг, 1.3. 2022 оны 01 сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөг нэмж зээлсэн. Хоёр. 2022 оны 07 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0,5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Гурав. 2022 оны 08 сарын 18-ны өдөр 2,830,000 төгрөг, 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0,5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. 3.1. 2022 оны 09 сарын 22-ны өдөр 300,000 төгрөг нэмж зээлэв. Дөрөв. 2022 оны 09 сарын 20-ны өдөр 6,600,000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0.5 хувь хоног тутамд тооцохоор зээпийн гэрээ байгуулсан. Тав. 2022 оны 09 сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0,5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. 5.1. 2022 оны 10 сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөг, .................. дугаартай, С.Мын дансаар шилжүүлэв. Дээрх зээлүүдийг нэгтгэвэл үндсэн зээл 44,370,000 төгрөг, хариуцагчдаас буцаан төлсөн 17,500,000 төгрөг байх ба Б.Хтай тооцоо нийлж, төлнө гэж зөвшөөрсөн 53,127,000 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн барьцаанд хариуцагч Б.Хын эгч болох П.Ч нь О аймаг, Б сум, Цагаан чулуут баг, 07 дугаар хороолол, 07 дугаар байр, 40 тоот, 40 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг барьцаалсан болно. Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйл, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар 53,127,000 төгрөгийг хариуцагч Б.Х, С.М нараас гаргуулж, нэхэмжлэлийг хангаж, Ж.С-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.С- нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тайлбартаа:

Тус шүүхэд хариуцагч Б.Х, С.М нарт холбогдуулан 53.127.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Нийт зээлдүүлсэн мөнгө 51.330.000 төгрөг, 5 удаагийн зээлийн гэрээний эхний нүүрт байгаа зээлийн хүү алданги 10.733.000 төгрөг, бүгд 62.063.000 төгрөгөөс буцааж төлсөн 17.200.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 44.863.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Багасгаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь 8.264.000 төгрөг болно гэжээ.

Нэхэмжлэгч Ж.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 50.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй авна гэж Б.Х над дээр орж ирсэн. Ийм их хэмжээний мөнгө надад байхгүй, яах гэж байгаа юм гэхэд тендерийн гэрээнд дэнчин тавих гэсэн юм гэж хэлж байсан. Би таны авах гээд байгаа газрыг чинь аваад өгнө, би О аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт мэргэжилтэн хийдэг гэж хэлж байсан. Таныг би миний төрсөн эгч шиг хүн байгаа юм гэж хэлээд гуйхад дотор нь ажилладаг хүний хувьд болох байлгүй дээ гэж хэлсэн. Надад тийм их мөнгө байхгүй гэхэд танд таньдаг ломбард зөндөө байдаг биз дээ, тэр газруудаасаа зээлээд, дээр нь тэтгэврийн зээлээ аваад өгчих эсвэл байраа зарчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би байраа юу гэж зарах вэ, зарахгүй гэж хэлсэн. Би өөрийнхөө тэтгэврийн зээлээ хүртэл авч өгсөн. Газрын гэрчилгээг яг авч өгнө гэж хэлээд надаас мөнгө зээлж авсан. Барьцаанд дүүгийнхээ эхнэрийн нэр дээр байдаг байрыг тавьсан. Б аймгийн Х сумын наад талд байдаг М гэдэг газар Б.Х бид хоёр хамт очиж байрны ордерыг авсан. Нотариат дээр очиж батлуулъя гэсэн чинь яах юм бэ, би удахгүй мөнгийг чинь өгнө, орой болчихлоо гээд буцаж ирсэн. Над дээр ирэх болгондоо зээлийн гэрээгээ дүгнэдэг байсан. Зээлийн гэрээний нэг нь надад нөгөө нь Б.Хд очдог байсан. Эхлээд ирэхдээ та бол миний ачтан шүү, би таныг ээжтэйгээ цуг гадаад улс руу аялуулна гэж хүртэл хэлж байсан. Та аав, ээж нараас минь илүү надад тус болж байгаа учир танд би ланд машин авч өгнө гэж хүртэл хэлж байсан хүн. Би итгээд мөнгөө өгөх байх гэж хүлээсэн. Шүүхэд өгсөн гэхэд над руу утасдаад би барилгын бизнес хийж байгаа та зээлүүлсэн мөнгөндөө труба авах уу гэж хэлэхээр нь би үгүй ээ, чамд мөнгө өгөх гэж зээл авсан хүмүүсийн хүүг төлөх надад хэцүү байна гэж хэлэхэд за за тэгвэл яахав дээ, шүүхээрээ явна биз гэж хэлсэн. О.С өмгөөлөгч гарын үсэг битгий зур гэж хэлсэн гээд нөхөж зурах гэрээнүүд дээр гарын үсэг зураагүй. 2023 оны 04 дүгээр сард нөгөө тендерийн мөнгө нь орж ирсэн юм байлгүй, 10.000.000 төгрөгийг надад өгсөн. Хэзээ, хэдэн төгрөгийг авсан, ямар хугацаатай, алданги, хүү хэрхэн тооцсон талаар гэрээ тус бүрээр задалж тайлбарлаж хэлье. 1. 2021 оны 02 сарын 22-ны өдөр 500.000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0,5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Хүү нь 180.000 төгрөг, алданги нь 340.000 төгрөг нийт 1.200.000 төгрөг болж байгаа. 2. 2022 оны 07 сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0,5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу 11 дүгээр сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, сүүлд 100.000 төгрөг нийт 600.000 төгрөгийг надад буцааж өгсөн. Хүү 1.000.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг болж байгаа. 3. 2022 оны 08 сарын18-ны өдөр 2.830.000 төгрөг, 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0,5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хүү 1.132.000 төгрөг, алданги 1.981.000 нийт 5.943.000 төгрөг болсон. 4. 2022 оны 09 сарын 20-ны өдөр 6.600.000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0.5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Үндсэн 6.600.000 төгрөгийг өгсөн, хүү, алдангийг өгөөгүй дараа их мөнгөтэй болохоороо өгнө гэж хэлээд энэ гэрээний дагуу хүү, алданги нийлээд 1.600.000 төгрөг үлдсэн. 5. 2022 оны 09 сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0.5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Хавар 10.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Энэ гэрээний дагуу хүү, алданги нийлээд 13.200.000 болж байгаа. Одоо үлдэгдэл нь 3.200.000 төгрөгийн зөрүү байгаа. 6. Дараа нь 2022 оны 10 сарын 05-ны өдөр 25.000.000 төгрөгийг дансаараа шилжүүлж авсан. Үүнд хүү алданги нэхэмжлээгүй. Одоо Б.Хаас нийт 44.863.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгөний маргаанаас болж манай гэр бүлийнхэн маань ч хүртэл намайг ийм тэнэг хүн байх уу, өдий насыг насалчихаад ийм хүнд ийм их хэмжээний мөнгийг өгөөд байхдаа яахав дээ гэж орой болгон үглэж байна. Энэ байдлаас болж миний сэтгэл санаа хямарч, одоо хавдар тусчихаад явж байна. Б.Х надтай сайн дурын үндсэн дээр зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед тендерт оролцох гэж байна гэж хэлээд хүүтэй мөнгө олоод өг гэж надаас авсан. Тендерт шалгарч ашгаа олоод Улаанбаатар хот руу шилжээд явсан. 200.000.000 төгрөгөөр байр авсан, өмнө байргүй байсан хүн. Энэ хүн надаар татвараа тэглүүлээд тендер оролцож байр авсан. Цар тахлын үед хэцүү байхад заавал олоод өг гэж хэлээд авсан. Зээлийн гэрээг би ганцаараа авчихаад таг харанхуй мөнгө нэхээд байгаа юм шиг зүйл ярьж байна. Өдөр болгон мессэж бичиж байсан. Мессэж нь одоо хүртэл байгаа. Чи хуулийн хүрээнд зээлдээ нийцсэн барьцаагаа тавиад зээл ав гэхээр миний дүүгийн байр, надад өөрийн гэсэн байр байхгүй, би танд үнэн учраа хэлье, би 4 хүүхэд гаргаад нөхрүүддээ өгүүлээд явсан, надад аав, ээж маань итгэдэггүй, ганцхан надад сүүлд суусан С.М гээд залуу, 2 настай хүүхэд минь байна гэж хэлдэг байсан. Би Б.Х мөнгө зээлүүлэхийн тулд танидаг хүмүүсээсээ нүүрээ улалзуулан барин мөнгө авч өгч байсан. Би өөрөө давхар хүүтэй мөнгө зээлж авч байж Б.Хд өгсөн зээл дээр татвар төлөх юм уу. Би барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн татвараа цаг тухайд нь төлөөд явдаг. Шалгаж болно. Би ганцхан Б.Хд итгээд л хүнээс мөнгө зээлж өгсөн. Би дааж даашгүй хүү, алданги нэхээгүй. Хүн чанар, жудагтай баймаар юм гэж хэлмээр байна. Газрын гэрчилгээ авч өгөх гэж байгаа юм байна гэж итгээд мөнгө өгсөн. Хүний мөнгийг бүтэн жил ашиглачихаад өөдөөс труба авах уу гээд зогсож байдаг арай ч дээ. Өнөөдөр зээлийн гэрээг би аваагүй гэж яаж хэлж чадаж байна. Манайх камертай бүх зүйл тод бичигдсэн байгаа. Хариуцагч нарын төлөөлөгч Б.Хыг би таньдаггүй байсан гэж худлаа хэлж байна. 5 жилийн өмнө Б.Х над руу залгаад О.С өмгөөлөгч очих гэж байна шүү 5.000.000 төгрөг өгөөрэй гэж хэлэхээр нь би чиний мөнгөний хүүг төлөх гэж хэцүү байна юу яриад байгаа гэж хэлэхэд за за аниа болилоо гэж хэлээд утсаа тасалж байсан. Фэйсбүүк чатаар 57.000.000 төгрөг төлж чадна гэж бичсэн баримт нь хүртэл байгаа. Байр, мөнгө байхгүй байсан хүн одоо өчнөөн ашиг олоод байр аваад, тендер аваад ашигтай байгаа. Зун хүртэл А-д манай нөхрийн арслан цолны найр болж байна, та ирээч мөнгөн хазаар, бэлэн мөнгө, бэлэг сэлт зөндөө цугларч байна гэж хэлэхэд нь би за болж дээ эгчдээ 10 дугаар сард нөгөө газраа бүтээгээд өгөөрэй гэж хэлэхэд засаг дарга байхгүй, тэр дарга шилжээд явсан гэж уурлаад эхлэхээр нь онцгүй юм даа гэж тухайн үед бодож байсан. Надаас зээлсэн 50.000.000 төгрөгөөр тендерт оролцож тендертээ шалгарч байртай болсон. Намар залгаад үсний найранд та ирээч гэхэд нь би өрөө төлөөгүй байж хүүгийнхээ үсний найрыг хийж л байдаг гэхэд би одоо зөндөө мөнгөтэй болох гээд байхад гэж хэлээд уурлаад утсаа тасалсан. Би ломбард ажиллуулдаг нь үнэн, би хуулийн дагуу татвараа төлөөд явж байна. Би тэтгэвэртээ гарсан хэр нь улс орондоо сар бүр 1 сая гаран төгрөгийн татвараа төлөөд явж байна. Би маш их хохирч байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч сая нийт авсан мөнгөнийхөө талаар гэрээ тус бүрээр нь тодорхой тайлбарласан гэж бодож байна. Нэхэмжлэлийн эхний нүүрэн дээр байгаа 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 500.000 төгрөгөөс л хүүг бодсон. 2022 оны 07 сарын 20-ны өдрийн 2,000,000 төгрөг дээр хэн аль нь маргахгүй байгаа. Хүү, алданги нийлээд 2,500,000 төгрөг гэх мэт тооцсон. Хариуцагч энэ мөнгийг би төлнө гэж тайлбар ирүүлсэн байсан. Хэрэг дотор авагдсан баримт байгаа. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ж.С-ын гараар бичиж өгсөн баримт байгаа. Үндсэн зээл 51,330,000 төгрөг байна гэсэн дээр хэн аль нь маргадаггүй. Ж.С-ын данс руу Б.Хаас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 7,200,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг тус тус орж ирсэн. Нийт 17,200,000 төгрөг орж ирсэн. Саяны тооцоо аль аль талдаа барина. Үнийн дүнг 3-н янзаар гарлаа гээд байх юм. Санхүүгийн нэг сайхан юм нь энэ хэдэн тоо маань нийлүүлээд нэг баригддаг шүү дээ. 51,330,000 төгрөг гарах болсон шалтгаан нь Б.Хын өгсөн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тайлбар байгаа. 5 удаагийн зээлийн гэрээ хийсэн байгаа. Үндсэн зээлийг авсан аваагүй гэдэг дээр хариуцагч нар маргадаггүй. Тэр 900,000 төгрөгийн зөрүү яаж гарсан гэхээр 2 дугаар зээл дээр 2,000,000 төгрөгийг зээл авсан, мөн 600,000 төгрөгийг аваад эргүүлээд өгсөн гэсэн тайлбарыг Б.Х хэлдэг. 3 дахь зээл дээр 2,830,000 төгрөгийг авсан, мөн 300,000 төгрөгийг авсан гэдэг. Үүн дээр 900,000 төгрөгийн зөрүү гардаг. Энэ 900,000 төгрөг авсан өгсөн нь аль алинд нь байгаа учир авлага өглөгөө тооцоод үзэхээр үндсэн зээл гарч байгаа. Энэ саяны эх сурвалж буюу 10 дугаар сарын 09-ний тайлбараас 600,000 төгрөг, 300,000 төгрөг ороод гарсан тооцоонд үнийн дүнг бариулахаар миний саяны хэлсэн тооцоо гарсан. Нэг хасаад, нэмээд байгаа зүйл биш юм. Яагаад 53,127,000 төгрөгийг нэхэх болсон бэ гэхээр Б.Х а гэсэн фэйсбүүк хаягаасаа 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 53,127,000 төгрөгийг би төлнө гэж бичсэн байна. Энэ мөнгө дүнгээр анх нэхэмжлэл гаргасан. Сүүлд хариу тайлбар дээр авсан мөнгөн дээр зөрүү байхгүй учир хүүг багасгаж өгнө үү гэсэн байдаг. Хариуцагч нарын төлөөлөгч алдангийг зөвхөн үндсэн мөнгөөр нэхдэггүй гэж хэлж байна. Ийм зүйл байхгүй. Иргэд хоорондын зээлийн харилцааг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заахдаа төлөгдөөгүй үнийн дүнгээс биш зээл, хүү хоёрыг нийлүүлж байж алдангийг тооцно гэсэн байгаа. Энэ чинь санхүүгийн өөрийнх нь тооцох арга нь ийм. Тэрнээс биш хүүгээс алданги тооцохгүй гэдэг зүйл байхгүй, төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцдог. Нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгасан мөнгөн дүн үндэслэлтэй. Хариуцагч нарын төлөөлөгч иргэд хооронд хийсэн гэрээ байхад ломбардны үр дүнд бий болсон хэлцэл тул хууль бус байна гэж тайлбарлаж байх шиг байна. Үүн дээр хүсэл зоригийн илэрхийлэл яригдана. Б.Хын зээл авна гэсэн хүсэл зоригийн илэрхийлэл байгаа. Тухайн үед бие биедээ тусалж итгэлцлийн үндсэн дээр гэрээ байгуулж мөнгө зээлсэн. Эдгээр зүйлийг харахаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж харж байна. Ломбардны үйл ажиллагаа явуулаад тэрнээсээ хүү алданги тооцоод байгаа зүйл биш юм. Нэхэмжлэгч 50,000,000 төгрөгийг надад байхгүй байсан гэж тайлбарлаж үнэн учраа хэлсэн. Х нь надад 50,00,000 төгрөг бэлэн байх ёстой, та олоод өгөөч, би тендерт оролцох гэж байна гэж гуйсан хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүнд бий болсон зүйл. Энэ харилцаа нь Иргэний хуулийн 257 дугаар зүйлийн 257.4-т заасан зохицуулалт огт байхгүй, харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн зохицуулалт, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан зээлийн гэрээг бичгээр хийсэн тул зээлийн гэрээний хүү алдангийг тооцох хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ж.С-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Ж.С- нь барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагааг О аймаг, Б сум V-4-р байранд би түүний ломбарднаас мөнгө зээлж байсан. Ж.С- ломбарднаасаа мөнгө зээлэхдээ зээлийн гэрээ гэж 1 хувь хийж байсан. 1. 2021.02.22-ны өдөр 500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй өдрийн 0,5 хувь тооцох зээлийн гэрээ байгуулсан гэжээ. 500,000 төгрөгийн гэрээний 1 хувийг надад огт зуруулаагүй. 2. Үүний дараа 2021.03.30-нд 2,500,000 төгрөг , 2021.09.07-нд 500,000 төгрөг , 2022.01.06-нд 2,500,000 төгрөгийг тус тус зээлийн гэрээ байгуулахгүй авсан нь үнэн. 2022.07.20-ны өдөр 2,000,000 төгрөг 5 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй, алданги 0,5 хувь гэсэн гэрээнд гарын үсэг зуруулж өгсөн зээлийн гэрээний 1 хувийг өгөөгүй. 3. 2022.08.18-ны өдөр 2,830,000 төгрөг 4 сарын хугацаатай сарын 10 хувь хүүтэй 0,5 хувь алданги тооцохоор зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж өгсөн. Гэрээний 1 хувийг өгөөгүй. 2022.09.22-нд 700,000 төгрөг нэмж авсан. 4. 2022.09.20-ны өдер 6,600,000 төгрөг 3 сарын хугацаатай сарын 10% хүүтэй алданги 0.5% гэсэн гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэрээний 1 хувийг өгөөгүй. 5. 2022.09.30-ны өдөр 8,000,000 төгрөг 1 сарын хугацаатай сарын 10 хувь хүүтэй 0,5 хувь алданги гэсэн гэрээнд гарын үсэг зуруулж гэрээний 1 хувийг өгөөгүй. 2022.10.05-ны өдөр дансаар 25,000,000 төгрөг С- шилжүүлсэн. Сүүлд зээлийн гэрээнүүдээ та канондаж өгөөч гэж канондаж авсан. 2021 оны 02-р сард Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль гарч Барьцаалан зээлдэх газрын сарын хүүг 3 хувь, алдангийг 0.2 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан. Уг хууль нь 2021.01.29-ны өдөр батлагдсан. Ж.С нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр БЗГ-ыг ажиллуулдаг эрх бүхий этгээд гэж ойлгож байсан. Тиймээс ч бидний хооронд зээлийн харилцаа нь удаа дараа давтан зээл олгогдож байсан. Үүнээс үзэхэд зээлийн үйл ажиллагааг байнга эрхлэн явуулдаг нь тодорхой юмаа. Иймд би 2021.01.22-ны өдрийн 500.000 төгрөгийг сарын 3 хувь сар тооцон хүү 45.000 төгрөг болгон 545.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. 2021.03.30-ны өдрийн 2.500.000 төгрөг, 2021.09.07-ны өдрийн 500.000 төгрөг, 2021.01.06-ны өдрийн 2.500.000 төгрөгийг төлнө, эдгээр 3 удаагийн мөнгөн дээр гэрээ байгуулаагүй юм. 2022.07.20-ны 2 сая төгрөгийг сарын 3% хүүтэйгээр тооцон 1.400.000 төгрөгийн үлдэгдлийг хүү гэж төгрөгөөр тооцон төлөхийг зөвшөөрч байна. 2022.08.18-нд 2.830.000 төгрөг авсан. 4 сарын хүүг нь 3%-иар тооцон төлөх хүсэлтэй байна. 2022.09.20-нд 6.600.000 төгрөгийг 3 сарын хугацаатай авч 2022.11.07-нд 7.200.000 төгрөг болгон С-ын Х банкны ...................... тоот дансанд нөхөр С.Мын .................. гэсэн данснаас шилжүүлсэн болно. Уг мөнгийг 3 хувь тооцвол харин ч 6.600.000х48 хоног=316.800 төгрөг төлөх ёстойгоос 283.200 төгрөг илүү төлсөн байгаа. 2022.09.30-ны 800.000 төгрөгийг 2023.04.11-ны өдөр С-ын ...................... гэсэн данс руу 2023.04.11-ны өдөр 10.000.000 төгрөг болгон шилжүүлсэн. 2022.09.30-2023.04.01 хүртэл нийт 193 хоног хүү нь 1.494.013 төгрөг, харин ч илүү 505,987 төгрөг төлсөн байгаа. Иймд нийт 17.700.000 төгрөгийг төлсөн. 2022.10.05-нд 25 сая төгрөгийг С- М-ын данс руу шилжүүлсэн. Уг мөнгөн дээр зээлийн гэрээ хийгдээгүй. Иймд авсан үндсэн мөнгөнүүдээс төлөгдөөгүй 2021.02.22-ны 500.000 төгрөг, 2021.03.30-ны 2.500.000 төгрөг, 2021.09.07-ны 500.000 төгрөг, 2022.01.06-ны 2.500.000 төгрөг, 2020.07.20-ны 1.400.000 төгрөг, 2020.08.18-ны 2.830.000 төгрөг, нийт 10.230.000 төгрөгийн төлөхийг зөвшөөрч байна. Учир нь Ж.С- нь дээрх зээлийг ломбардын журмаар зээлсэн бөгөөд ИХ-ийн 56.1.1-д заасан хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл буйгаар хуульчилсан байна. Мөн ИХ-д зааснаар зээлийн гэрээнүүдийг 2% үйлдээгүй, зөвхөн 1% үйлдэж гарын үсэг зуруулж байсан нь хэлцэл, гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд 53.127.000 төгрөгийг гаргуулна гэснийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

К ХХК-ийн барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг Ж.С- нь барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдагаа хүлээн зөвшөөрч тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн байна. Харин иргэн Б.Х, С.М нарт татвараас орлогоо нуун дарагдуулахаар хувь хүнээр зээлийн гэрээг байгуулжээ. Нэхэмжлэлийн үнийн дүн 50.730.000 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг 44.730.000 төгрөг зээлсэн гэсэн бөгөөд үүнээс 17.500.000 төгрөг төлсөн гэвэл 33.230.000 төгрөгийн үэлдэгдэл гарч байна. Үүнээс хэдэн хувийн хүү хэдэн төгөрөг, хэдэн төгөрөгийн алданги нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5, 62.1.4-т заасан шаардлагыг хангахгүй байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл ойлгомжгүй байгаа ба үүнийг тодорхой болгоогүй байгаа. Хариуцагчийн хувьд Б.Х урьд нь гаргасан тайлбартаа 2022.09.22-ны өдрийн 300.000 төгрөг нэмж зээлсэн тухай шаардлага тайлбарыг орхигдуулсан байна. Уг мөнгийг 2022.09.22-ны өдөр аваад 2022.09.30-ны өдөр эргүүлж төлсөн байгаа. Хариуцагч С.Мын дансаар шилжүүлсэн 25.000.000 төгрөгийг С.М төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Б.Х 2023.04.01-ний өдөр 10.000.000 төгрөг зээлд гэсэн утгаар Ж.С-ын Х банкны ...................... тоот данс руу шилжүүлсэн байгаа. С.Мын Х банкны 2023 оны депозит дансны хуулгаар нотлогдоно. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх ААН үйл ажиллагааны төрлийг заасан бөгөөд 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэжээ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа нь удаа дараагийн шинжтэй давтан /байнгын/ хийгдсэн байх бөгөөд Ж.С- нь зээлийн үйл ажиллагааг байнга эрхлэн явуулдаг болох нь нотлох баримт болгон ирүүлсэн улсын бүрхтгэлийн гэрчилгээ, банкны дансны хуулгуудаар нотлогдож байна. Иргэн иргэндээ зээл өгч байгаа мэтээр зээлийн гэрээ байгуулж, ААН, тусгай зөвшөөрөл авч, улсад зохих татвар хураамж төлөх үйл ажилагаагаа нуун далдалжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 189.2-т Нийгэм хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөлх олгох журмын хуулиар тогтооно. 189.3-т тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно гэж Иргэний хуулийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар хуульчилсан. Иргэний хуулийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан удаагийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийн /2022.09.22-ны/ зээллийг төлсөн 2022.09.20-ны 6.600.000 төгрөгийн болон 2022.09.30-ны өдрийн 8.000.000 төгрөгийн зээлийг төлсөн тул Б.Хаас Ж.С-т төлөх төлбөргүй, С.Маас зээлсэн 25.000.000 төгрөгийг хариуцагч зөвшөөрч байгаа болох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Х 6,045,000 төгрөг, үүн дээр 1.400.000 төгрөгийн үлдэгдлийг нэмээд 2023.04.11-ний өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг хасах юм бол 2.555.000 төгрөгийн зөрүү гарч байгаа бөгөөд уг төлбөрийн зөрүүг нөхөр С.Мын зээлсэн мөнгөнөөс хасуулна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхнаасаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ингэж гэрээ тус бүрээр задалж орж ирэх байсан. Зээлийн гэрээний асуудлаар шүүхээр орж ирэхдээ ийм арга тактикаар явдаг юм шиг байна. Нэхэмжлэлдээ ингэж дэлгэрэнгүй тайлбар гаргаагүй байсан. ...Нэхэмжлэлд дурдагдаад байгаа 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай авсан гэж байна. Энэ үед дэлхийн хэмжээнд ковид цар тахал гарсан үе байсан. Энэ цар тахалтай холбогдуулан Монгол улсын хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаатай холбоотой шинээр батлагдсан хууль тогтоомж үйлчилж байсан. ... Нэгэнт шүүхээр асуудлаа шийдүүлье гэж байгаа бол шүүх алдангийг тооцно гэх юм бол 0,2 хувиар тооцож төлнө гэсэн тайлбарыг ирүүлсэн байгаа. Нэхэмжлэлд дурдсан 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2.500.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 500,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2.500.000 төгрөгийг тус тус авсан. Тухайн зээлийн гэрээний ар талд эдгээр мөнгөнүүд дээр хүү, алданги тооцоогүй гэсэн учир энэ үнийн дүнгээр төлнө гэсэн тайлбар хийсэн. 2022 оны 07 сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0,5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Сая нэхэмжлэгч зээлийн үлдэгдэл 1.400.000 төгрөг гэж хэлсэн. Үүнийг хариуцагч зөвшөөрч байгаа. Энэ мөнгөний хүүг 3 хувиар тооцож төлнө гэсэн. 3 хувиар тооцож үзэхээр хүү 210.000 төрөг болж байгаа. Тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд тайлбарлаж хэлж байгаа шүү. Дараагийн зээл нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2.830.000 төгрөгийн зээлийн гэрээ байгаа. Энэ гэрээний ар талд хариуцагч тайлбарлахдаа 3 хувиар тооцож, 4 сарын хугацаагаар бодохоор 339.600 төгрөгийн хүү төлөхийг зөвшөөрч байна гэсэн. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 6.600.000 төгрөгийн зээл байгаа. Энэ мөнгийг Ж.С-ын данснаас нөхөр С.Мын данс руу шилжүүлсэн байгаа. Уг мөнгөний хүүг 48 хоногоор 3 хувиар тооцож 316.800 төгрөг болохоос харин ч би 283.200 төгрөг илүү төлсөн гэж үзэж байгаа учир энэ зээлийг бүрэн төлсөн гэж тайлбарласан. ...Б.Х 25.000.000 төгрөгийг би төлнө гэж хэлдэг. Энэ мөнгийг нөхрийнхөө дансаар авсан нь үнэн гэж хэлдэг. Жишээ нь 500,000 төгрөгийг 12 хувийн хүүтэй, 3 сарын хүү гэж 180.000 төгрөг, алданги 340.000 төгрөг гэж тооцож байна. Тэгэхээр хүүгээс алданги, анз тооцохгүй, ийм зохицуулалт байхгүй. Тиймээс алдангийн тооцоолол үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээний тухай тодорхойлолт байгаа. Авсан мөнгөнөөс зарим хэсгийг нь өгсөн. ... Нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн захирал хүн юм байна лээ. Энэ харилцааг хуулийн хүрээнд дүгнээд үзэхээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа биш, 286 дугаар зүйлд заасан Барьцаалан зээлдүүлэх журмаар болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор зээл олгох гэсэн харилцаанд хамаарч байгаа. Нэхэмжлэлийн үндэслэлдээ нэхэмжлэгч би Б.Хд мөнгө өгөхийн тулд хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж өгсөн гэж тайлбарладаг. ...Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-т хүүгээс анз тооцохгүй гэсэн зохицуулалт байгаа. 500,000 төгрөгийг зээлүүлээд хүүг нь 12 хувиар бодож 180,000 төгрөгийг үүнийг нэмэхээр 680,000 төгрөг болно, 680,000 төгрөгийнхөө 50 хувиар алдангийг тооцож байгаа нь үндэслэлгүй. Хүүгээс анз тооцохгүй гэсэн хуулийн заалт байхгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч яриад байх юм. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийг уншаад үзээрэй. Ийм зохицуулалт байгаа. Энэ зээл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу шийдэгдэх биш Иргэний хуулийн 286 дугаар зүйл заалтаар зохицуулагдах ёстой. Судлаад байгаа хэлцлүүд нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-т заасан шаардлагыг хангаагүй. Хангаагүй учир хүчин төгөлдөр хэлцэл болж чадахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл талуудад үлдэх хувь дээр гарын үсэг зурсан байх ёстой, гэтэл энэ нь хийгдээгүй. Энэ байдал нь Б.Хын тайлбараар нотлогдоно. Иргэд хоорондын зээл гэж яриад байна. Иргэний хуульд иргэд хоорондын зээл гэсэн ийм зохицуулалт байхгүй. Харин барьцаа аваад зээл өгдөг ийм үйл ажиллагаа явуулдаг харилцааг хуульд зохицуулсан байгаа. Иргэний хуулийн 286 дугаар зүйлд өөрчлөлт орсон. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар барьцаалан зээлдэх үйл ажиллагаа явуулдаг нь нотлогдсон. Нэхэмжлэгч 10 удаа зээл олгож байсан гэж дурдсан байсан. Энэ хариуцагчийн өгч байгаа тайлбартай тохирч байгаа. ...С.Мын дансаар хүлээж авсан 25,000,000 нийт 35,230,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа учир энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүн үндэслэлгүй байгаа учир үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2023/.............. дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Хаас зээлийн гэрээний үүрэгт 44,863,000 /дөчин дөрвөн сая найман зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.С-т олгож, хариуцагч С.Мт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх " ... Ж.С- нь нийт 50.730.000 төгрөгийг хариуцагч Б.Х-д буюу түүний хэлснээр ... нөхөр С.Мын Х банкин дахь харилцах данс руу шилжүүлсэн... гэж зөв дүгнэлт хийгээд " ... шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуүд болон талуудын тайлбараар Ж.С- хариуцагч С.М нарын хооронд гэрээ байгуулах талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээ байгуулах санал гаргаж, зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна... зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг шаардах эрхгүй байна .... гэж дүгнэсэн нь хийсвэр дүгнэлт болжээ. Шүүх хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыгач холбогдолтой эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд хэргийгтал бүрээс нь нягтлан үзэж, 0.............. дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хэвээр үлдээсэн өөрчлөлт оруулж өгнө үү. Нэхэмжлэгч Ж.С- би хариуцагч С.Мын эзэмшлийн Х банкны .................. дансанд зээлсэн бүх мөнгийг шилжүүлж байсан.С.М нь түүний дансанд орсон мөнгиийг мэдээгүй, хариуцан төлөх үүрэг байхгүй гэж өрөөсгөл хандаж болохгүй юм. 0.............. дугаартай Шийдвэрийн 3 дугаар заалтыг хэвээр үлдээх тухай гомдол гаргаж байх тул Улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн болно. Гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Дгийн хамт оролцоно гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

.......... тоот шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлгүй гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Үүнийгээ нийт 5.073.000 төгрөгийг Хын хэлснээр нөхрийнх нь данс руу шилжүүлсэн. Шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтууд, тайлбаруудаар С- М нарын хооронд гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэгдээгүй болно гэсэн нь хийсвэр дүгнэлт болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ач холбогдолтой эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь ХХША-н журам зөрчсөн гэж үзэж байна. 3-р заалтыг хэвээр үлдээх тухай гомдол гаргаж байх тул 70,200 төлсөн гэжээ. ИХШХШтХ-ийн 162-р зүйлийн 4-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар төлөөгүй байгаа нь ДЗШ-ны гомдлыг хүлээн авах үндэслэл болохгүй. АШШүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлгүй гарган, ХХША журмыг зөрчсөн гэж үзэж байгаа тохиолдолд ИХШХШтХ-ийн 168.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлэхээр буцаадаг. Шүүхийн үйл ажиллагааны зарчим нь хууль дээдлэх зарчим. Нэхэмжлэгч нь хариуцагч М-тай огт уулзаагүй, түүнээс мөнгө зээлэх хүсэл зориг илэрхийлээгүй байхад түүнтэй гэрээ байгуулсан гэж үзэн нэхэж буй мөнгийг түүнээс гаргах ёстой, хуулийг буруу хэрэглэлээ гэж үзэж гомдол гаргасан тохиолдолд ДЗШ-ны шүүхэд тэмдэгтийн хураамж нэхэмжлэлийн үнийн дүнгээр төлөх ёстой. Тэгэхээр С- гэгч нь 44.000.000 төгрөгөө Маас гаргуулна гэж байгаа тул шийдвэрийг зөвшөөрөхгүй байхад яагаад 70,200 төгрөгөөр хураамж төлж байгаа юм бэ? Энэ хүнд ХХША-ны хуулийн заалт үйлчлэхгүй ямар давуу эрх байгааг эсвэл шүүгчид нөлөөлөөд энэ гомдлыг шүүх хүлээж аваад байгаа юм болов уу? Иймээс гомдлыг хүлээн авах хуулийн шаардлагыг хангаагүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Ж.С- нь хариуцагч Б.Х, С.М нараас зээлийн гэрээний үүрэгт 53.127.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 44.863.000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлагаас 35.230.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч зарим хэсгийг төлөхөөс татгалзсан тайлбар гарган мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ж.С-, Б.Х нар 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 500.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 12 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй алданги тооцохоор, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2.830.000 төгрөгийг 4 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй алданги тооцохоор, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 6.600.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй алданги төлөхөөр, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй алданги тооцохоор тус тус зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Мөн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд нийт 30.800.000 төгрөгийг зээлдүүлсэн байх ба хариуцагч Б.Х нь зээлийн гэрээний үүрэгт нийт 17.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.С-т буцааж төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчдын хооронд харилцан хүсэл зоригоо илэрхийлсний дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба хариуцагч Б.Х нь гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй байх тул анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Ж.С- нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Хаас шаардах эрхтэй, хариуцагч нь зээл, хүү, алдангийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч Ж.С-, хариуцагч С.М нарын хооронд зээлийн гэрээ байгуулах талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулаагүй гэсэн дүгнэлт хийж хариуцагч Б.Хаас 44.863.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.С-т олгох, С.Мт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 4,6.-р зүйлүүдэд нийцжээ.

Нэхэмжлэгч Ж.С- хариуцагч С.М нарын хооронд харилцан хүсэл зоригоо илэрхийлж зээлийн гэрээ байгуулаагүй хариуцагч Б.Х нь зээл авах хүсэл зоригоо илэрхийлж Ж.С-т хандан хүсэлт гаргаж зээлийн гэрээг байгуулж мөнгөө С.Мын дансанд шилжүүлэн авч байсан болох нь тогтоогдсон байгаа ч нэхэмжлэгч Ж.С-, С.М нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг үнэлж шийдвэрлэсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн .............. дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч хариуцагч С.Мын дансны хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр /53.127.000 төгрөг/ зогсоосон захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар хэвээр үлдээсэн болно.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудын ач холбогдолтой эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2023/.............. дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Ж.С-ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У