Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.А-т холбогдох 1916000740034 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт С-н  А.

Шүүгдэгч С.А нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 00-00 тоот хашаанд байх иргэн Б.О-н гэрт нууцаар нэвтрэн орж, ДИ-ДИ-ИШ ТВ-ний станц болон гэрийн гадна байсан антены дуран зэрэг эд зүйл хулгайлан авч 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэр шүүгдэгч С.А-н 2019 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Оргил 00-00 тоот хашаанд байх иргэн Б.О-н гэрт нууцаар нэвтрэн орж, ДИ-ДИ-ИШ ТВ-ний станц болон гэрийн гадна байсан антены дуран зэрэг эд зүйл хулгайлан авч 120.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хүний өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.А гэм буруутай болох нь:

Шүүгдэгч С.А-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...2019 оны 02 дугаар сарын 03-ны орой Г ахынд юм асуух гээд очиход архи ууж байсан. Тэгээд антеныг нь тааруулж өгөх гэтэл гараагүй. Тэр 2 зурагт үзмээр байна гэхээр нь ядарсан 2 хүнд тус болъё гэж бодоод гараад иртэл Г.О-нх цоожтой байсан. Таньдаг хүмүүс юм чинь үнэн учраа олох байх гэж бодоод хүлээн авагч, дуран хоёрыг нь аваад Г ахынд тавьж өгчихөөд гэртээ хариад унтсан ... Асаргааны хүүхэдтэй дээрээс нь хийсэн ажил байхгүй ядарсан 2 хүн байдаг болохоор ийм зүйл хийчихлээ. Миний буруу ... Гэм буруутайгаа ойлгож, мэдэж, ухаарч байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү? дахиж ийм зүйл хийхгүй үнэхээр их гэмшиж байна. Миний буруу гэдгээ энд ирснээс хойш ухаарсан. Та бүхнээс уучлалт гуйж байна. Миний хэргийг хэлтрүүлж өгч тус болно уу? гуйж байна ... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

Хохирогч Б.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 07-нд ирсэн, гэрт орж ирэхэд тоононы араам газарт унасан байдалтай байсан. Тэгээд гэр дотрох эд зүйлээ харсан ДИ-ДИ-ИШ тв-ний хүлээн авах станц байхгүй байсан. Тэгээд гараад антены дурангаа харсан чинь байхгүй байсан. Тэгээд гэр рүүгээ ороод бусад эд зүйлсээ шалгаж үзсэн хэвийн байсан ... С.А 2019 оны 02 дугаар сарын 19-ний орой манайд орж ирээд танай тооноор ороод хүлээн авах станц, гадна байсан дуранг чинь авсан. Танай хөрш Г ахынд цагаан сараар үзэж харах юмгүй байсан болохоор Г ахынд тавьж гаргаж өгсөн юм. Намайг уучлаарай, би хохирлыг чинь барагдуулнаа гээд эхнэр бид хоёроос уучлал гуйж байгаад явсан. Маргааш өглөө нь 02 дугаар сарын 20-ны өглөө байсан А ганцаараа ирээд 180.000 төгрөг бэлэн тоолж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ16-18/,

Гэрч Г.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “... Манай хүргэн А манайд орж ирсэн. Тэгээд би А-д манай хүлээн авах станцыг гаргаад өгөөч гэж гуйсан. Гаргах гээд оролдсон гараагүй тэгээд А гарч яваад удалгүй цагаан өнгийн хүлээн авах станц, антены дуран барьж орж ирээд баруун орон дээр хүлээн авахыг задалж, дээд талынх нь тагийг аваад гагнуулаад ирье гээд бариад гарсан. Удалгүй ирээд одоо зүгээр гарна гээд тохируулж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ23-24/, 

Гэрч Д.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “... Манай нөхөр Г  А-г цагаан сар болох гэж байна юм үзмээр байна. Ахдаа телевиз гаргаад өгөөч гээд гуйж байсан. Тэгээд А манай жижиг хүлээн  авах станцыг оролдоод гарахгүй байсан. Тэгээд А гараад явсан удалгүй иргэж орж ирэхдээ цагаан өнгийн хүлээн авах станц, цагаан өнгийн антены дуран барьж орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ25-26/,

Гэрч Б.У-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 02 дугаар сарын 03-ны шөнө согтуу орж ирээд Г ахын антеныг гаргаж өгөөд ирлээ. О ахын гэрээс нь хүлээн авах станц, дуран хоёрыг орж авчихаад Г ахынд тавиад өгчихлөө гээд байсан ... Бид хоёр шинийн 5-6-ны хооронд хөдөө мал руугаа явсан. Сумын төв дээр 02 дугаар сарын 16-ны шөнө ирсэн. А хөдөө байхдаа сум орж О ахтай уулзаж үнэн учрыг хэлэхгүй бол болохгүй гээд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ27-28/,

Гэрч Ж.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “... Манайд А ирсэн цагаан өнгийн ДИ-ДИ-ИШ-ний станц дээд талын тагийг нь авчихсан хүлээн авах авчирсан. Яасан юм бэ гээд асуусан чинь антены утас ордог үүр нь булгараад уначихсан гэсэн. Тэрийг нь утсаар холбож гагнаад телевизэндээ холбож шалгаж гаргаад өгсөн. Тэгээд аваад  явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ29-30/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ3-7/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /ХХ10-11/, “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /ХХ34-36/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд С.А-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.А-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д  зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй  болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүхээс шүүгдэгч С.А-т ял  оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д  зааснаар түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч С.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ДИ-ДИ-ИШ ТВ-ний хүлээн авагч 1 ширхэг, цагаан өнгийн антены дуран 1 ширхэг зэргийг шүүгдэгч авахгүй гэсэн, хохиргчид хохирол төлөгдсөн байх тул устгаж, хэрэгт ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт шүүгдэгч С.А нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.О-д 180.000 төгрөгийн хохирол төлсөн,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогтой С-н А-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д  зааснаар шүүгдэгч С.А-г 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-г цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн ДИ-ДИ-ИШ ТВ-ний хүлээн авагч 1 ширхэг, цагаан өнгийн антены дуран 1 ширхэг зэргийг устгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч С.А нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.О-д 180.000 төгрөгийн хохирол төлсөн,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг ирсэн ДЙ00000000 регисрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч С.А-т буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.САРАНТУЯА