Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 365

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,              

           улсын яллагч Э.Энхбат,

            шүүгдэгч Г.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан овогт Гантулгын Ганбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908001700236 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: 

   Шүүгдэгч Г.Гнь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 20-640 тоот өөрийн гэртээ 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед өөрийн төрсөн хүүхэд болох 09 настай Г.Алтанбатыг ээжийгээ олж ир гэж толгой, нүүр, нуруу, гар, хөл рүү нь олон удаа, 20-30 минутын турш гар, хөлөөрөө цохиж зодож, олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, тарчлаан зовоож, Г.Ан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Гнь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 20-640 тоот өөрийн гэртээ 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед өөрийн төрсөн хүүхэд болох 09 настай Г.Алтанбатыг ээжийгээ олж ир гэж толгой, нүүр, нуруу, гар, хөл рүү нь олон удаа, 20-30 минутын турш гар, хөлөөрөө цохиж зодож, олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, тарчлаан зовоож, Г.Алтанбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- насанд хүрээгүй хохирогч Г.Алн:... Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 20-640 тоотод 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед өөрийн 02, 04, 06 настай эрэгтэй 3 дүүгээ хараад байж байхад аав Ганбат гаднаас согтуу орж ирээд надаас ээж чинь хаана байна гэхээр нь мэдэхгүй гэхэд чи яахаараа мэддэггүй юм гээд баруун, зүүн гар руу 20 гаран удаа өөрөө зогсож байгаад өшиглөөд байсан. Өшиглөсний дараа гараа зангидаж байгаад зүүн нүд рүү, баруун хацар руу, зулай руу тус тус цохьсон. Би хэзээ зодохоо болих юм болоо, хурдан зодохоо болиосой гэж бодсон бараг 20-30 минут зодсон. Ингэж байгаад 06 настай дүү Алтан-Эрдэнэ бид хоёрыг Алтан-Эрдэнийн багш Өлзий гэх цэцэрлэгийн багшийн гэр лүү дагуулж явсан. Аав хэлэхдээ ээж чинь Ө багшийнд байгаа биз гэж хэлсэн. Өлзий багшийн гэрт очход ээж гэрт нь байгаагүй ба А бид хоёрыг үлдээгээд өөрөө яваад өгсөн. Ингээд аав ээжийг хүлээж байгаад унтсан ба сэрээд цагаа харахад 23 цаг болж байхад эмээ Сарантуяа ирээд авч яваад гэрт ирхэд ганц нэг цохиж байсан ба ингэж аймар зодож байгаагүй. Яг юунаас болж намайг зодсон талаар санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-16-17 /

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээ /хх-38-45/

- гэрч Н.Са:... манай хүү Г.Гнь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 20-640 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би хааяа Ганбат болон бэр Алтантуул нарыг ажилтай үед нь гэрт нь ирж хүүхдүүдийг нь хардаг. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай ач Алтан-Эрдэнийн багш Өлзий яриад танай том ач Алтанбатын толгой нь хагарсан байна одоо гэртээ унтуулж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би кино үйлдвэрээс сандраад такси бариад яваад очсон. Очиход Алтанбат, Алтан-Эрдэнэ 2 ач маань унтаж байсан. Хоёр хүүхдээ хувцаслаад сэргээгээд Ганбатын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 20-640 тоотод очсон. Гэрт нь хүн байхгүй байсан. Хажуу айлаас нь 3 настай, 2 настай ач нараа авсан. Алтанбатаас миний хүүг хэн ингэж зодов гэж асуухад аав намайг зодсон гэж хэлсэн. Яагаад чамайг зодсон юм бэ гэж асуухад Ал мэдэхгүй гэсэн. Аын толгойг нь угаагаад хагарсан хэсгийг цэвэрлээд байж байхад 00 цагийн орчим Алтантуул ороод ирсэн. Тэгээд би Ганбатын гэрт ор засаад унтсан өглөө 08 цагт сэрэхэд Ганбат гэртээ ирсэн унтаж байсан. Тухайн өдөр бүгд унтаад хүүхдүүдээ цэцэрлэгээс хоцоруулсан. Өглөө чи яахаараа хүүхдээ зодсон юм бэ гэж асуухад мэдэхгүй байна ээжээ би юу ч санахгүй байна гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-23-24/

- гэрч Д.Өн:... Би Сонгинохайрхан дүүргийн 214 дүгээр цэцэрлэгийн багш ажилтай. Манай цэцэрлэгт Г.Алтан-Эрдэнэ гэх 5 настай шавь суралцдаг. 2018 оны 12 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед манай гэрийн хаалгыг хүн цохиод байсан. Хэн бэ гэж асуухад дуугарахгүй байсан. Дахиад хэн бэ гэж асуутал Аэ багшаа би байна гэхээр нь хаалгаа тайлж өгсөн. Хаалгаа тайлахад Анэ болон ах Алтанбат, аав Ганбат нар нь байсан. Аав Ганбат дунд зэргийн согтолттой байх шиг байсан. Надаас манай эхнэр байна уу гэж асуухад би “танай эхнэр манай гэрт байхгүй” гэж хэлсэн. Согтуу байх шиг болохоор нь 2 хүүхдийг аваад үлдсэн. Учир нь Алтанбатын толгойноос цус гарсан байхаар нь  чи хүүхдээ зодсон юм биш үү гэж асуухад үгүй би хүүхдээ зодоогүй гэж хэлсэн. Би гэрээсээ түлхэж гаргаад гэрээ цоожилсон. Ах Алтс сайн асуухад ээжийгээ олж ир гээд аав намайг зодсон гэж хэлсэн. Ээжийнхээ гар утасны дугаарыг өг гэтэл утас холбогдохгүй байхаар нь эмээгийн дугаар луу залгаад 00 цаг өнгөрч байхад ирээд 2 хүүхдээ аваад явсан...гэх мэдүүлэг /хх-25-26/

- гэрч Л.Мөн:... Би 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ЕБС-н 129 дүгээр сургуулийн 2-р ангийг хариуцан аваад Г.Алтанбатын ангийн багшаар одоо хүртэл томилогдон ажиллаж байна. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай сурагч Алтанбатын 2 нүд бага зэрэг хөхөрсөн, дагз, зулай язараад цус нь хавдсан байдалтай байсан. Тэгэхээр нь сурагч Г.Алас юу болсон бэ гэж асуухад аав Ганбатад зодуулсан гэж хэлсэн. Юунаас болж чамайг аав чинь зодсон юм бэ? Чи хэрэг тарьсан уу? гэж асуухад би хэрэг тариагүй аав архи ууж ирээд намайг зодсон гэж хэлсэн. Би сургуулийнхаа нийгмийн ажилтан, эмч нарт үзүүлж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан... гэх мэдүүлэг /хх-27-28 /

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №491 дугаартай:... Г.Ан биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зулайн хуйх, нуруу, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-35/

- шүүгдэгч Г.Гн:.. Манайх Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 20-640 тоотод эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гадуур найзтайгаа архи ууж байгаад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд том хүү Г.Ат, 5 настай хүү Г.А, 3 настай хүү Г.Б, бага хүү 1 нас 08 сартай Г нар байсан. Эхнэр Алтантуул байхгүй хүүхдүүдээ орхиод гараад явсан, харах хүн байхгүй болохоор нь миний уур хүрсэн. Хүү Г.Ас ээж нь хаана байна гэж асуухад мэдэхгүй гэсэн. Архи уусан байсан энхэр байхгүй болохоор уурлаад Алтанбатыг загнаад чи яахаараа ээжийгээ хаана байдгийг мэддэггүй юм бэ? гэж хэлээд хөл гар луу зөөлөн өшиглөсөн. Тэгээд ээжийгээ хаана байгааг хэлэхгүй болохоор  нь гараа зангидаж байгаад баруун хацар, зулай руу 1-2 удаа цохисон. Тэгээд хүү Алтанбатыг дагуулж гараад Өлзий гэх цэцэрлэгийн багшийн гэр лүү явсан. Уг багшийн гэр манай гэрээс ойрхон байдаг. Өлзий багшийн гэрт эхнэр байхгүй байсан болохоор хүү Г.Ат, Г.Аэ нарыг үлдээгээд гэр лүү гээр харьсан. Гэртээ хариад унтаад өгсөн өглөө сэрэхэд төрсөн ээж Сарантуяа, эхнэр Ал нар ирсэн яагаад архи ууж байгаа юм бэ? Ааа зодсон байна яаж байгаа юм бэ? гэсэн. Тэгээд эхнэр болон Г.Ас уучлалт гуйгаад буруугаа хүлээсэн. Гадуур хүний машин янзлах гээд явж байтал энхэр Ал яриад хүү А хорооны цагдаа ирээд аваад явчихлаа гэж хэлсэн. Хэлтэс дээр очход цагдаагийн байгууллагад шалгагдана гэсэн....гэх мэдүүлэг /хх-75-76/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

Иймд шүүгдэгч Г.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдсонгүй. 

Насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй  болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.   

Бусад асуудал    

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.   

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Г.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

5 Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

            6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР