Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 000031

 

                           Г.Ганбилэгийн ял эдлэх дэглэмийг

                                       чангаруулах тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:

 

        Прокурор:                                                     Э.Улаанаа

        Хорих ангийн төлөөлөгч:                          Г.Эрхэмбаяр

        Тоо бүртгэлийн байцаагч:                        Б.Бямбаханд

        Нарийн бичгийн дарга                   Б.Номин нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “ялтан Г.Ганбилэгийн эдлээгүй үлдсэн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх” тухай хорих ангийн хүсэлт, прокурорын тогтоолыг хэлэлцсэн 05 дугаар захирамжийг   прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 13-11 тоотод оршин суух, урьд  нь :

 

2015-12-04-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4., 126.2.6.т зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж ялаа жирийн дэглэмтэй хорих ангид эдлэж байгаа,                    ФЖ-89043015 регистрийн дугаартай, Хайнзан овогт Гэндэнжавын Ганбилэг.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар захирамжаар:

 

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.6.д зааснаар ялтан Гэндэнжавын Ганбилэгийн эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 15 хоног хорих ялыг чанга  дэглэмтэй хорих ангид эдлүүлэх  тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, энэ захирамжинд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар захирамжийг эс зөвшөөрч байна.

 

Ялтан Г.Ганбилэг нь ял эдлэх хугацаандаа ажлын байран дээрээ ялтан М.Мөнхдэлгэртэй маргалдаж зодоон үүсгэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., Хорих ангийн дотоод журмын 7.4-ийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2016-04-01-ний өдрийн В/13 дугаар тушаалаар сахилгын байранд 30 хоног хорьсон /хх-н 19/, 2016-12-22-ны өдөр ялтны байрны гадаа ялтан Ш.Үнэнхүүтэй хэрүүл маргаан үүсгэж албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., Хорих ангийн дотоод журмын 7.4-ийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2016-12-23-ны өдрийн В/54 дугаар тушаалаар хөдөлмөрийн нөхцөлийг өөрчилсөн /хх-н 82/, 2016-12-25-нд ялтны байранд ялтан Х.Мөнхжаргалтай хэрүүл, маргаан үүсгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., Хорих ангийн дотоод журмын 7.4-ийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2016-12-29-ний өдрийн В/57 дугаар тушаалаар сахилгын байранд 30 хоногийн хугацаагаар хорьсон /хх-н 89/, хорих ангийн ээлжийн дарга ялтан Г.Ганбилэгийг ялтан Г.Мөнхжаргалтай маргалдсан зөрчлийг таслан зогсоож тогтоол үйлдэн түүнийг тусгаарлах байранд 2016-12-25-ны өдөр шилжүүлэх үед ялтан Г.Ганбилэг нь албан хаагчийн шаардлага эсэргүүцэж, притикээр өөрийн биед гэмтэл учруулахыг завдсан.

 

Түүнчлэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тусгаарлах тасалгааны хананд бэхэлсэн орны цүүний шрүпийг мулталж аван залгиж өөрийн биед гэмтэл учруулахыг дахин завдаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.4, Хорих ангийн дотоод журмын 9.1, 9.2.р заалтыг зөрчиж шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2016-12-29-ний өдрийн В/29 дугаар тушаалаар тухайн жилд олгосон шагналын хоногийг хассан /хх-н 98/ зэрэг сахилгын шийтгэл тус тус хүлээсэн нь зөрчлийн акт, албан хаагч болон ялтнаас авсан тайлбар, тодорхойлолт, тусгаарласан тогтоол, нийгмийн ажилтны тодорхойлолт зэргээр тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.6.т заасан шаардлагыг бүрэн хангасан гэж дүгнэн түүний үлдэж байгаа 2 жил 3 сар 7 хоног хорих ял эдлэх дэглэмийг чангаруулах тогтоол үйлдэн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ялтан Г.Ганбилэгийн эдлээгүй үлдсэн ялын дэглэм чангаруулах асуудлыг 2017-01-25-ны өдөр хуралдаанаар авч хэлэлцээд 05 дугаар шүүгчийн захирамжаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2016-12-12-ны өдрийн В/54, 2016-12-29-ний өдрийн В/57, 2016-12-29-ний өдрийн В/59 дугаар тушаалууд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар ялтан Г.Ганбилэгийн ял эдлэх дэглэмийг чангаруулах үндэслэлгүй байна гэж дүгнээд прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.6.д “жилд хоёроос дээш удаа сахилгын шийтгэл хүлээсэн ялтан дахин ноцтой зөрчил гаргавал...” гэснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолд “жил” гэдгийг сахилгын шийтгэл анх хүлээсэн өдрөөс хойш 12 сар гэж тайлбарласан.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 45 дугаар зүйлийн 45.3.т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах..., гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэжээ.

 

Ялтан Г.Ганбилэг нь жилд хоёроос дээш удаа сахилгын шийтгэл хүлээсэн атлаа сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 115 дугаар зүйл, хорих ангийн дотоод журмыг удаа дараа ноцтой зөрчсөн сахилгын зөрчил гаргасан тул түүний үлдсэн ялын дэглэмийг чангаруулах асуудлаар тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба /хорих 437 дугаар анги/-ны даргын гаргасан санал хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар захирамжийг хүчингүй болгуулж ялтан Г.Ганбилэгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны байдлаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 15 хоног хорих ялын дэглэмийг чангаруулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4.т зааснаар эсэргүүцэл бичив гэжээ.

 

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна. Ялтан Г.Ганбилэгийн эдлээгүй үлдсэн хорих ялын дэглэмийг чангаруулан өөрчлүүлэх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Ялтан Г.Ганбилэгийг хорих 437 дугаар ангид хорих ял эдэлж байх хугацаандаа хорих ангийн дотоод журмыг удаа дараа зөрчин, албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлээгүй, хоёроос дээш удаа сахилгын шийтгэл хүлээж, ялтнуудад буруу үлгэр дууриал үзүүлсэн, хорих ангийн хэвийн үйл ажиллагаа, албан хаагч болон ялтны аюулгүй байдлыг алдагдуулж, бие эрхтэндээ санаатай гэмтэл учруулахыг завдсан гэх үндэслэлээр түүний эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 15 хоног ялыг нь дэглэм чангаруулж эдлүүлэх шаардлагатай гэж үзэж хорих ангиас хүсэлт гаргаж, прокурор тогтоол үйлдэн энэ тухай материалаа анхан шатны шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх прокурорын тогтоолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь: дээрх захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан  “тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх” шаардлагыг зөрчжээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамж нь  “...ялтан Ганбилэгийг удаа дараа  сахилгын зөрчил гаргасан, түүнд удаа дараа арга хэмжээ авсан, энэ талаар хорих ангийн даргын тушаал, тухайлбал: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн В/54, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн В/57, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн В/59 дугаар тушаалууд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн, нотлох баримт гэж үнэлсэн байгаа боловч  дээрх нотлох баримтууд  хэрэгт авагдаагүй байна.

 

Мөн  захирамжинд ...ялтан Г.Ганбилэгийн ял эдлэх дэглэмийг чангаруулах тухай хорих ангийн хүсэлт, прокурорын тогтоолыг ямар учраас хэрэгсэхгүй болгосон талаарх эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй байна.  

 

Иймд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийн материалыг мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.4, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар захирамжийг хүчингүй болгож, ялтны дэглэм чангаруулах тухай  материалыг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ТУЯА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                       С.ЦЭЦЭГМАА