Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01018

 

Б.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/00617дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1057дугаар магадлалтай,

Б.У-ийн нэхэмжлэлтэй,

С.М-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.У-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Б.У-, Д.Очирваань, хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг,  нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.У-шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 04 сарын 27-нд С.М-аас Баянзүрх дүүргийн 14 хороо 14 хороолол /13335/ 46 байрны зоорийн давхарт 4 тоотын 18 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 10.000.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд төлбөрийг гэрээнд заасны дагуу төлсөн болно. Тухайн үед автомашинтай болоогүй байсан тул автозогсоолоо очиж үзэхэд автомашин оруулж зогсоосон байдалтай харагдаж байсан. Гэтэл 2016 оны 10 сард дүүгийнхээ машиныг автозогсоолдоо тавих гэтэл надад зарсан талбайн автомашин орох гарах хэсэг нь 3 тоотын автомашин тавигдсан үед боломжгүй болж автомашинаа зогсоох боломжгүй болох нь тодорхой болсон. С.М- нь надад тээврийн хэрэгсэл оруулж зогсоох боломжгүйг мэдсээр байж нуун дарагдуулж, автозогсоолыг зориулалтаар ашиглах боломжтой зогсоол мэтээр худалдсан байна.

Иймд гэрээнээс татгалзаж, автозогсоолын төлбөрт өгсөн 10.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.М- шүүхэд гаргасан тайлбартаа:Би Б.У-т  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 46 дугаар байранд 3 өрөө орон сууцыг, уг байрны доор байрлах авто зогсоолын хамт худалдсан. Тухайн үед Б.У- нь өөрийн биеэр уг авто зогсоолыг үзэж хараад харилцан тохиролцоод худалдан авсан.Миний хувьд Б.У-т ашиглах боломжгүй авто зогсоолыг санаатайгаар худалдсан зүйл огт байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй  гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/00617 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 204.1, 205.1-д заасныг баримтлан Б.У-, С.М- нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, хариуцагч С.М-аас гэрээ цуцалсантай холбогдуулан 10.000.000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.У-т олгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол/13335/, 46 дугаар байрны зоорийн давхрын 4 тоот хаягт байршилтай 18 метр квадрат талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг С.М-д буцаан шилжүүлэх үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэхийг Б.У-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч С.М-аас 174.950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.У-т буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1057 дугаар магадлалаар:Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/00617 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.М-д холбогдох худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч С.М- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.У- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 03- ны өдрийн 1057 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний хувьд 2016 оны 04 сарын 27-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж 10.000.000 төгрөгийг С.М-д шилжүүлсэн. Автомашины зогсоолыг худалдан авах үед би өөрөө авто машингүй, зориулалтаар нь ашиглаж, бусдад түрээслүүлж байгаагүй. Улмаар 2016 оны 10 сард төрсөн дүү Б.Мөнх-Эрдэнэ нь манайд ирж уг зогсоолд машинаа тавихаар болоход 3 тоот зогсоолын тээврийн хэрэгсэл зогсчихсон 4 тоот буюу миний зогсоол руу машин орох ямарч боломжгүй болохыг мэдсэн. Мэдсэн даруйдаа худалдагч Маам хэлэхэд “...тухайн барилгыг бариулсан компанид хэлсэн 2 метрийн урттай хананаас 40 см орчмыг чөлөөлж болно гэнэ инженерийг иртэл буюу 2016 оны 12 сар хүртэл хүлээгээч гэсэн тул минийбие хүлээгээд боломжгүй гэсэн тул шүүхэд хандсан. Дээрх үйл явдал нь гэрч Б.Мөнх- Эрдэнийн мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, СӨХ-ны тодорхойлолт зэрэг баримтаар бүрэн нотлогдсон. Өөрөөр хэлбэл 3 номерын зогсоолын эзнээс шууд хамааралтай байдлаар би зогсоолоо ашиглах болоод байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Тодруулбал 3 номерын зогсоолын эзэн машинаа байрлуулбал би зогсоолдоо машинаа байрлуулах боломжгүй, хэрвээ би өөрийн зогсоолдоо машин байрлуулсны дараа 3 номерын зогсоолын өмчлөгч машинаа байрлуулбал би зогсоолоос машин гаргах боломжгүй байдалтай болж худалдан авсан эд хөрөнгөө зориулалтын /Зогсоол/ дагуу ашиглах ямарч боломжгүй болж байна. Миний худалдан авсан граж нь зориулалтын буюу зогсоол хэлбэрээр ашиглах боломжгүй, биет байдлыг доголдолтой болохыг харуулж байна.Тухайн гражийн орох хэсэгт баригдсан хана нь газар болон барилгаас салгаж үл болох салгавал барилгын хийц, чанарт сөргөөр нөлөөлөхөөр 2 метрийн урттай өргөнтэй хана нь даацын хана гэсэн тул нураах боломжгүй талаар тухайн барилгыг захиалан бариулсан компаниас олж мэдсэн гэжээ.

ХЯНАВАЛ

Б.У- шүүхэд нэхэмжлэл гаргаж, С.М-тай байгуулсан авто зогсоол худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, зогсоолын үнэд төлсөн 10.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа “...зориулалтын дагуу ашиглах боломжтой зогсоол худалдсан, зогсоолыг нүдээр үзэж хараад авсан...” гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчид биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангасан бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ”гээр худалдагч С.М- нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204080516 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 хороо, 14 дүгээр хороолол, 46 дугаар байрны зоорийн давхрын 4 тоотын 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг худалдах,  Б.У- 10.000.000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Нэхэмжлэгч гэрээний зүйлийг хүлээн авч, мөнгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 243, 251 дүгээр зүйлийн зохицуулалтаас үзвэл худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд зогсоолын чанарын талаар тусгайлан заагаагүй байна. Энэ тохиолдолд эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглах боломжгүй байгааг эсхүл эд хөрөнгөд илэрсэн доголдол нь үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээр байгааг нэхэмжлэгч нотолсон тохиолдолд худалдагч биет байдлын доголдолтой эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “...үзэхэд машин зогссон байдалтай байсан...” гэх тайлбар,  мөн гэрч Б.Мөнхбаярын “...4 тоот зогсоолыг анх худалдан авахад би, эгч,  С.М- нар байсан, орж гарахад их хэцүү, эвгүй юм билээ” гэх  мэдүүлэг зэргээс үзвэл автомашиныг 4 тоотын зогсоолд оруулж гарахад хүндрэлтэй,  3 тоотын зогсоолоос хамааралтай нөхцөл байдал байгаа боловч энэ нь тухайн барилгын онцлогтой холбоотой тул зогсоолыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэх үзэх үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс гадна гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх тухай Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн  шаардлагыг хангаагүй байна.  

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т “хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасан ба хариуцагч С.М- биет байдлын доголдолтой эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэглэвэл зохих  хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1057 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.У-ийн хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 175.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ