Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 226

 

Г.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туул, Б.Баатарсайхан, хохирогчийн өмгөөлөгч Л.Отгондорж, Г.Сумъяа, нарын нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06ы өдрийн 868 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаар магадлалтай, Г.Г-т холбогдох 1902007800323 дугаартай хэргийг хохирогч Б.Д-өмгөөлөгч Л.Отгондоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой,     

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасч, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

 

Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Эко хэлхээ” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин бохирдуулсан хэмээн бичлэг хийж, мэдээлэл тараан сүрдүүлж тус компанийн ерөнхий захирал Б.Энхбатаас 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөг авсан,

Хохирогч Б.Д-г “Босоо Хөх Монгол” төрийн бус байгууллагын хөдөө орон нутагт байрлах салбарт автомашин авч өгөхийг шаардаж, өгөхгүй бол 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тулга” зочид буудлын 303 тоот өрөөнд түүний гар утаснаас хуулбарлан авсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь сөрөг үр дагавар бий болохуйц баримт, мэдээллийг ашиглан олон нийтийн сүлжээгээр тараан сүрдүүлж, бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардсан,

Мөн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Г.Г- гэх фейсбүүк буюу нүүр хуудастай хаягаас олон нийтийн цахим хуудсанд “… Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж халдварт өвчин тараахаас өгсүүлээд, бусдыг садар самуунд уруу татаж, хөвгүүд залуусыг гаж буруу чиг хандлагатай болгох зэрэг их хор хөнөөлтэй хүмүүс учир бид цаашдаа муу сайн нийгмийн хог шааруудыг хэлж байгаад янзлаад өгнө, илчилж ил гарганагэх мэдээллийг байршуулж Б.Д-г хүйс, үзэл бодол, бэлгийн хүйсийн чиг баримтаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж, эрх, эрх чөлөөг хязгаарласан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14. 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх  гэмт хэргээс “Эко Хэлхээ” ХХК-ийн захирал Б.Энхбатыг заналхийлж 30.000.000 төгрөг авсан гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

 Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг буюу хохирогч Д.Д-с эд хөрөнгө авахаар заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийн цагдан хоригдсон 9 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож,  торгох ялын хэмжээг 11.865 нэгж буюу 11.865.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туул, Б.Баатарсайхан, хохирогчийн өмгөөлөгч Л.Отгондорж нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Л.Отгондорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан бөгөөд үүнийг хамгаалж Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт зэрэгт хэдийнээ илэрхий болсон. Г.Г- нь иргэн Б.Д-г бэлгийн болон хүйсийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхсаны улмаас түүний эрх чөлөө хязгаарлагдаж, зөрчигдсөн. Ялгаварлан гадуурхснаар хүний Үндсэн хуульд заасан эрх чөлөө нь шууд хязгаарлагддаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хохирогч Б.Д-г ялгаварлан гадуурхсан шүүгдэгч Г.Г-ийн “цахим сүлжээнд цацсан нийтлэл” хэрэгт авагдсаар байтал үүний улмаас хохирогчийн эрх, эрх чөлөө нь хязгаарлагдсан үйлдэл давхар байх ёстой мэтээр тайлбарлаж, дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Г.Г- нь иргэн Б.Д-талаар нийтлэл оруулж, түүний гэрэл зургийг ашигласан нь ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан үйлдэл болсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Тухайн нийтлэлийг бичиж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг нь хязгаарласнаас уг гэмт хэргийн обьектив шинж хангагдана. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж өгнө үү. Мөн шийтгэх тогтоолд Г.Г- нь Б.Д-талаар ямар агуулгатай мэдээлэл оруулсан болохыг бүрэн гүйцэд бичдэггүй буюу зөвхөн тодорхой хэсгийг оруулж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туул шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Ялгаварлан гадуурхах гэдэг нь улс төр, эдийн засаг, нийгэм соёлын харилцааг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялагаас хүртэх, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах боломжийг нь үгүйсгэж, хязгаарласан ойлголтыг хэлнэ. Г.Г- нь Б.Д-г ялгаварлан гадуурхсан, эрх, эрх чөлөөг нь хязгаарласан үйлдэл хийгээгүй. Б.Д-өөрийгөө трансжендер гэж бусдад итгүүлэн биеэ үнэлж, садар самууныг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж бусдад түгээж буй хууль бус үйлдлийг нь таслан зогсоох зорилгоор ТВ-4” телевизийн хийсэн бичлэг бүх сайтад тарсан ба уг бичлэгийг Г.Г- хуваалцаж, өөрийн сэтгэгдлээ оруулсан нь Б.Д- рүү огт чиглээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлийг тодорхойлсон бөгөөд хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдол хуульд заасан гурван үндэслэлийн алинд нь хамаарч байгаа нь тодорхойгүй байна. Тиймээс гомдлыг хяналтын журмаар хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй. Б.Д- нь өөрийгөө трансжендер гэх боловч нийтэд илэрхий тарсан мэдээлэлд Г.Г- сэтгэгдэл бичсэн буюу Б.Д- гэх үг, өгүүлбэр байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс техникийн шинжтэй алдаанд давж заалдах гомдол гаргасан бөгөөд ерөнхийдөө шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байр суурьтай байна” гэв.

 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Шүүх хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн болон няцаасан баримтыг дурдалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлалыг хангаагүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тулга” зочид буудлын 303 тоот өрөөнд Б.Д-гар утаснаас хуулбарлан авсан хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараан сүрдүүлж “Босоо Хөх Монгол” төрийн бус байгууллагын хөдөө орон нутгийн салбарт автомашин авч өгөхийг шаардаж, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлыг хуульд заасан арга, хэрэгсэл ашиглан эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар шалган тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хуульд заасан төрөл, хэмжээний ялыг шүүгдэгчид оногдуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн  Г.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Г.Г- гэх фейсбүүк хаягаас олон нийтийн цахим сүлжээнд “… Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж халдварт өвчин тараахаас өгсүүлээд, бусдыг садар самуунд уруу татаж, хөвгүүд залуусыг гаж буруу чиг хандлагатай болгох зэрэг их хор хөнөөлтэй хүмүүс учир бид цаашдаа муу сайн нийгмийн хог шааруудыг хэлж байгаад янзлаад өгнө, илчилж ил гарганагэх мэдээллийг байршуулж Б.Д-г хүйс, үзэл бодол, бэлгийн хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж, эрх, эрх чөлөөг хязгаарласан”, мөн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “... 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Эко хэлхээ” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас байгаль орчин бохирдуулсан хэмээн бичлэг хийж, мэдээлэл тарааж сүрдүүлэн, тус компанийн ерөнхий захирал Б.Энхбатаас 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөг авсан” гэх хэргүүдийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Учир нь хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан “Ялгаварлан гадуурхах” гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирсон гэх иргэний Үндсэн хуулиар олгогдсон аливаа нэгэн эрх, эрх чөлөө нь хязгаарлагдсаны улмаас хор уршиг учирсан байхаар хуульчлан тогтоосон бөгөөд дээрх гэмт хэргийн хохирогч Б.Д- нь тухайн үйлдлийн улмаас тодорхой ямар нэгэн үйлдлийг хийж чадалгүй хязгаарлагдсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй байх тул хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг шинжийг хангаагүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ. 

 

Хяналтын шатны шүүх нь анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй, анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэж няцаагдсан нөхцөл байдлыг нотлогдсон мэтээр дүгнэж хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул “... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн хохирогчийн өмгөөлөгч Л.Отгондоржийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06ы өдрийн 868 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч Б.Д-өмгөөлөгч Л.Отгондоржийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

 

ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

 

                                                                       Б.БАТЦЭРЭН

 

                                                                                              Б.ЦОГТ

 

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН