Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2016/00308/И |
Дугаар | 436 |
Огноо | 2016-08-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 436
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “Майнд Тэч” ХХК-ний нэхэмжлэлтэй “Шандас-Өгөөж” ХХК-д холбогдох “112.255.562 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Майнд Тэч” ХХК нь “Шандас-Өгөөж” ХХК-тай 2014 оноос газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2014 оны төлбөрийн үлдэгдэл 39.591.562 төгрөгний үлдэгдэлтэй байна.
Талууд 2015 оны 03 сарын 26-ны өдөр №007 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан нэг бүр нь 287.000 төгрөгний үнэ бүхий 48 уут нийт 13.776.000 төгрөгний үнэтэй ХБНГУ-д үйлдвэрлэсэн Trapper сортын рапсийн үрийг зээлээр нийлүүлсэн.
Зээлийн ба барьцааны гэрээний гол зохицуулалт нь “Майнд Тэч” ХХК нь “Шандас-Өгөөж” ХХК-нд рапсийн үр зээлээр нийлүүлэх “Шандас-Өгөөж” ХХК нь зээлээр авсан рапсийн үрийг тарьж ургуулах, ургацын хэмжээг талууд харилцан зөвшилцөж тооцоолох, ургацыг “Майнд Тэч” ХХК-д буцаан худалдах, “Шандас-Өгөөж” ХХК-нь гэрээгээр тохиролцсон хэмжээнээс бага хэмжээгээр ургац нийлүүлсэн, гэрээнд заасан хэмжээний ургац болон илүү ургасан ургацыг “Майнд Тэч” ХХК-д нийлүүлээгүй, гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх зохицуулалттай гэрээ юм. Гэрээний дагуу “Шандас-Өгөөж” ХХК-нь 2015 оны 11 сарын 01-ний өдөр гэхэд зээлээр авсан үрийн төлбөр, мөн 200 тн ургацыг “Майнд Тэч” ХХК-нд тушаах ёстой байсан.
“Шандас-Өгөөж” ХХК нь гэрээний 2.2-т заасан 2015 оны 11 сарын 01-ний өдөр гэхэд төлөх байсан төлбөрөө өнөөдрийг болтол төлөөгүй ба гэрээний 5.2-д заасан алданги 6.888.000 төгрөг, талууд гэрээгээр тохиролцсон 200 тн ургацаа манай компаниуд тушаагаагүй ба гэрээний 5.3-д заасан торгууль 42.000.000 төгрөг болж байна. Мөн “Шандас-Өгөөж” ХХК манай компаниас тариалалтын ажилд дэмжлэг хүсэж 2015 оны 04 сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөгийн шатахууны дэмжлэг авсан, үүний төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй болно.
Иймд 2014 оны зээлийн үлдэгдэл 39.591.562 төгрөг, 2015 оны зээлээр авсан рапсын төлбөр 13.776.000 төгрөг зээлээр авсан шатахууны төлбөр 10.000.000 төгрөг, алданги 6.888.000 төгрөг, гэрээний 5.3-т заасан торгууль 42.000.000 төгрөг нийт 112.255.562 төгрөгийг “Шандас-Өгөөж” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна.
Гэрээний барьцаа хөрөнгөөр барьцаалсан “Шандас-Өгөөж” ХХК-ийн эзэмшлийн 000302618 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай, 18544502300041 тоот нэгж талбарын дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Дээд таширын энгэрт байрлах 55 га, “Шандас-Өгөөж” ХХК-ийн эзэмшлийн 000302617 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай , 18545499879770-02 тоот нэгж талбарын дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Дээд таширын энгэрт байрлах 75 га, “Шандас-Өгөөж” ХХК-ий эзэмшлийн 000302615 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай, 18533526777071 тоот нэгжийн талбарын дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат-Нарийн толгойд байрлах 180 га газруудаар тус тус зээлийн өр төлбөрийг хангуулж өгнө үү гэжээ.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Майнд Тэч” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 22.255.562 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл 90.000.000 төгрөгийг хариуцагч “Шандас-Өгөөж” ХХК-иас авахаар, хариуцагч “Шандас-Өгөөж” ХХК нь үндсэн гэрээний төлбөр 90.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгч Майнд Тэч ХХК-ний захирал У.Мөнхжаргал
Хариуцагч “Шандас-Өгөөж” ХХК-ний захирал О.Батцэнгэл...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Майнд Тэч” ХХК нь 112.255.562 төгрөгийг хариуцагч “Шандас-Өгөөж” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 90.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зохигчдоос ирүүлсэн дээрх гэрээгээр батлагдаж байна.
Зохигчдын хооронд байгуулсан энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Майнд Тэч” ХХК-ний нэхэмжлэлтэй “Шандас-Өгөөж” ХХК-д холбогдох “112.255.562 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийн зохигч 90.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 719.227 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 90.000.000 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 303975 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ