Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 435

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “Майнд Тэч” ХХК-ний нэхэмжлэлтэй “Нью Кроп” ХХК-д холбогдох “33.276.375 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр  хүлээн авч танилцаад: 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Майнд Тэч” ХХК нь “Нью Кроп” ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 20-ны №011 дугаартай Зээлийн ба барьцааны гэрээ байгуулан нэг бүр нь 287.000 төгрөгний үнэ бүхий 24 уут нийт 6.888.000 төгрөгний үнэтэй ХБНГУ-д үйлдвэрлэсэн Trapper сортын рапсын үрийг зээлээр нийлүүлсэн. Үүнээс 751.875 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр нь 5.384.250 төгрөг болж байна.

           Зээлийн болон барьцааны гэрээний гол зохицуулалт нь “Майнд Тэч” ХХК нь “Нью Кроп” ХХК-нд рапсийн үр зээлээр нийлүүлэх, “Нью Кроп” ХХК нь зээлээр авсан рапсийн үрийг тарьж ургуулах, ургацын хэмжээг талууд харилцан зөвшилцөж тооцоолох, ургацыг “Майнд Тэч” ХХК-д буцаан худалдах, “Нью Кроп” ХХК нь гэрээгээр тохиролцсон хэмжээнээс бага хэмжээгээр ургац нийлүүлсэн, гэрээнд заасан хэмжээний ургац болон илүү ургасан ургацыг “Майнд Тэч” ХХК-д нийлүүлээгүй, гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх зохицуулалттай гэрээ юм. Гэрээний дагуу “Нью Кроп” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд зээлээр авсан үрийн төлбөр, мөн 120 тн ургацыг “Майнд Тэч” ХХК-нд тушаах ёстой байсан. “Нью Кроп” ХХК нь гэрээний 2.2-т заасан 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд төлөх байсан төлбөрөөс 117.062 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг болтол төлөөгүй ба гэрээний 5.2-д заасан алданги 2.692.125 төгрөг талууд гэрээгээр тохиролцсон 120 тн ургацаа манай компанид тушаагаагүй ба гэрээний 5.3-д заасан торгууль 25.200.000 төгрөг болж байна. Мөн “Нью Кроп” ХХК манай компаниас тариалалтын ажилд дэмжлэг хүсэж 2015 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 5.000.000 төгрөгийг шатахууны дэмжлэг авсан, үүний төлбөрийг бүрэн төлсөн. Иймд 2015 онд зээлээр зээлээр авсан рапсын төлбөр 5.384.250 төгрөг, алданги 2.692.125 төгрөг, гэрээний 5.3-д заасан торгууль 25.200.000 төгрөг нийт 33.276.375 төгрөгийг “Нью Кроп” ХХК -аас гаргуулахаар нэхэмжилж байна. 

Гэрээний барьцаа хөрөнгөөр барьцаалсан “Нью Кроп” ХХК -ийн эзэмшлийн 0205741 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай, 18548494112857-02 тоот нэгж талбарын дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Зээнэгэрийн хотгорт байрлах 190 га газраар тус тус зээлийн өр төлбөрийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Майнд Тэч” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 25.200.000 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл 2.692.125 төгрөгийг хариуцагч “Нью Кроп” ХХК-иас авахаар, хариуцагч “Нью Кроп” ХХК нь үндсэн гэрээний төлбөр 2.692.125 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. 

 

                                     Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

        Нэхэмжлэгч                  Майнд Тэч ХХК-ний захирал У.Мөнхжаргал 

                       

        Хариуцагч                    Нью Кроп ХХК-ний захирал Т.Төрбат...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч “Майнд Тэч” ХХК нь 33.276.375 төгрөгийг хариуцагч “Нью Кроп” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 2.692.125 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зохигчдоос ирүүлсэн дээрх гэрээгээр батлагдаж байна.

   Зохигчдын хооронд байгуулсан энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

   Хариуцагч “Нью Кроп” ХХК-иас 5.384.250 төгрөгийг төлсөн болохыг дурьдах зүйтэй байна. 

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Майнд Тэч” ХХК-ний нэхэмжлэлтэй Өгөөж Моностой ХХК-д холбогдох “33.276.375 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийн зохигч 2.692.125 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 324.332 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2.692.125 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29012 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                        Б.МӨНХЗУЛ