Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 433

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 1 дүгээр баг Хужир нуга гэх газар оршин суух, Боржигон овогт Ойдовын Энхболд /МЬ65102015/-ын нэхэмжлэлтэй, 

“Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч О.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; 

Миний бие нь 1982 оны 09 дүгээр сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний харъяа барилга цахилгаан сантехник засварын ангид засварчнаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдөр цэргийн албанд татагдаж 1987 оны 06 дугаар сарын 23-нд цэргийн албанаас халагдаж ирсэн. 

Ингээд 1987 оны 07 дугаар сарын 01-нд энэ байгууллагадаа эргэн орж засварчнаар 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан. 

Гэтэл дээрх хугацаанд ажилласан жилийг нотлох хөдөлмөрийн дэвтэрээ хулгайд алдсанаас ажилд орсон, гарсан тушаал олдохгүй тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна.

Тиймээс тухайн үед ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Энхболд нь “Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Учир нь: О.Энхболд нь Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харъяа барилга цахилгаан сантехник засварын ангид 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд засварчинаар ажиллаж байсан болох нь гэрч Ч.Хадбаатар ... Миний бие 1982 онд Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний барилга сантехникийн ангид засварчнаар анх орж 1990 оны 5 дугаар сар хүртэл ажилласан. О.Энхболд 1982 онд анх ажилд орсон бөгөөд 1990 он хүртэл засварчнаар ажилласан нь үнэн.  ... гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/, гэрч Ж.Цэрэннадмид ... Би Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний төвд 1973 оноос 1992 он хүртэл нягтлангаар ажилласан. Тухайн үед О.Энхболд 1982 оноос 1990 он хүртэлх хугацаанд манай Нийтийн ахуй үйлчилгээний барилга цахилгаан сантехникийн ангид ажилд орсон нь үнэн болохоор шүүхэд тодорхойлолт гаргаж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/, гэрч Г.Оюунцэцэгийн ... Би 1982 оноос 1992 он хүртэл Сэлэнгэ аймгийн нийтийн ахуй үйлчилгээний газрын харъяа барилга цахилгаан сантехникийн засварын ангид нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед буву 1982 оны 9 дүгээр сарын 01-нээс О.Энхболд нь манай байгууллагад засварчнаар ажиллах болсон. Ингээд 1984 оны 6 дугаар сарын 24-ний цэрэгт татагдаж яваад 3 жилийн дараа буюу 1987 оны 7 дугаар сарын 01-нд цэргээс халагдаж ирээд анх ажиллаж байсан байгууллагадаа засварчнаараа ажилласан. Ингээд 1990 оны 4 дүгээр сарын 20-ныг хүртэл хамт ажилласан болохоор шүүхэд тодорхойлолт гаргаж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/, үйлдвэрчний эвлэлийн батлах, цэргийн батлах, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бусад баримтаар нотлогдож байна.

Иймд О.Энхболдыг Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын харъяа барилга цахилгаан сантехник засварын ангид 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд “засварчин”-аар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Харин түүний 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харъяа барилга цахилгаан сантехникийн засварын ангид “засварчин”-аар ажиллаж байсан гэх баримт хэрэгт цугларсан бичгийн чанартай баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч О.Энхболдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

     

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Ойдовын Энхболдыг 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харъяа барилга цахилгаан сантехник засварын ангид “засварчин”-аар ажиллаж байсан болохыг тогтоож, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 3 дугаар сар хүртэлх Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд “засварчин”-аар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Б.МӨНХЗУЛ