Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 207/ма2024/00027

 

 

 

 

 

     

 

ГХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Ж.Ннарт холбогдох иргэний

хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ГХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Ннарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13.515.682 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, ГХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ400514.... зээлийн гэрээний хамтран зээлдэгч гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Х.О, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Зээлдэгч Ж.М, хамтран зээлдэгч Ж.Ннар нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Г банктай ЗГ400514.... тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 30 сарын хугацаатай, жилийн 13,2 хувийн хүүтэй 28,300,000.00 төгрөгийн цалингийн зээлийг авсан болно. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгийн төлбөрөө зээлийн гэрээний хавсралтад заагдсан хуваарийн дагуу 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш төлөөгүй нь зээлийн гэрээний 2-р зүйлийн 2.4-т зааснаар зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болсон тул, гэрээний 3-р зүйлийн 3.3.4-д заасны дагуу ЗГ400514.... зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Ж.М, хамтран зээлдэгч Ж.Ннараас үндсэн зээл 12,271,345.26 төгрөг, үндсэн хүү 1,165,035.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,302.59 төгрөг, нийт дүн 13,515,682.85 төгрөгийг гаргуулж өгнө үү..., гэрээнд Ж.Ннь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан учраас үндсэн зээлдэгч хэдий нас барсан ч гэсэн үүргээ хүлээх ёстой. Үндсэн зээл болох 12 271 345.26 төгрөг, зээлийн хүү 1 165 035 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79 302.59 төгрөг, 2022 оны 09 сарын 28-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй. Үүнээс хойш хуримтлагдсан хүү нь тооцогдоод 1.200.000 гаран мянган төгрөг болж байна. Үндсэн зээлдэгч Ж.М нас барсан тул хамтран зээлдэгч Ж.Н-ээс үндсэн зээлийн хэмжээг нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Ж.Ншүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

Миний эгч Ж.М нь 2021 оны 09 дүгээр сард 28.300.000 төгрөгийн цалингийн зээл авсан ба уг зээлд батлан даагчаар гарын үсэг зурах шаардлагатай гэхээр нь би очиж гарын үсэг зурсан. Уг банкнаас би нэг ч төгрөг аваагүй. Гэтэл одоо намайг хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, төлөх ёстой гэх болсон. Учир нь банкнаас мөнгө зээлсэн миний төрсөн эгч Ж.М нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нас барж, уг зээл төлөгдөхгүй зогссон юм билээ. Үүнийг хожим хойно надад хэлж, банк мөнгөө төлөхийг шаардах болсон. Банк надад нэг ч төгрөг өгөөгүй атлаа зээлдэгч болгож, намайг үүрэг хариуцлага хүлээ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Банкнаас би зээл аваагүй, тухайн зээлийг талийгаач эгч маань авсан болох нь бүх баримтаас харагдана. Уг зээлийн гэрээний жинхэнэ зээлдэгч хэн болохыг банк мэдэж байсан ба тухайн зээлийн гэрээнд ч байгаа. Түүнчлэн талийгаачийн цалингаас зээлийг төлүүлэхийг тохиролцсон байдаг ба хэрвээ би зээлийг авсан бол намайг хэрхэн яаж төлөхийг заах байсан билээ. Мөн миний эгч зээл авахдаа бүх эрсдэлээ өөрөө дааж даатгалд хамрагдсан байх ба үүний талаарх баримтыг банк өгөхгүй байгаа атлаа намайг зээл төл, тухайн хүн нас барсан байх нь бидэнд хамаагүй гэх болсон. Жинхэнэ зээлдэгч нас барж, гэнэт өртэй болж намайг эрсдэлд оруулсан зээлийн гэрээг би хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд 13.515.682 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Банкнаас мөнгө зээлсэн миний төрсөн эгч Ж.М нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нас барж уг зээл төлөгдөхгүй зогссон юм билээ. Үүнийг хожим хойно надад хэлж, банк мөнгөө төлөхийг шаардах болсон. Банк надад нэг ч төгрөг өгөөгүй атлаа зээлдэгч болгож, намайг үүрэг хариуцлага хүлээ гэж байгаа нь хууль бус байна. Банкнаас 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ400514.... зээлийн гэрээний дагуу би мөнгө аваагүй тул Ж.Н-ийг зээлдэгч, хамтран зээлдэгч гэснийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Ж.М, Ж.Ннар нь эгч дүүс байгаа. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Ж.Мын дансаар 23.800.000 төгрөг орсон. Тэр мөнгийг өөрийнхөө хэрэгцээнд сар бүр захиран зарцуулаад дуусгасан нь дансны хуулгаас харагдаж байна. Өөртөө захиран зарцуулсны хүрээнд өөрийнхөө цалингаа барьцаалсан. Гэтэл Ж.М нь 2022 оны 04 сарын 14-ний өдөр нас барсан. Түүнээс хойш зээл төлөх байдал доголдсон. Иргэний хуулийн 240.1.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болохоор заасан. Банк ч гэсэн Ж.М руу мөнгийг шилжүүлж, Ж.Нрүү огт мөнгө шилжүүлээгүй. Ж.Ннь мөнгө шилжүүлэн өөртөө аваагүй учраас зээлдэгч гэх нэр томъёонд хамаарахгүй. Зээлийн гэрээ нь зээлдэгч гэсэн хэсэгт 2 хүнийг тодорхойлж тухайн 2 хүн үндсэн зээлдэгч мэтээр тодорхойлж орж ирсэн. Ижил эрх, үүргийг хүлээж байгаа мэтээр гэрээг байгуулсан байдаг. Гэсэн атлаа мөнгийг хоёуланд хүлээлгэн өгөх, шилжүүлэх үүрэг банкны зүгээс хүлээсэн байдаг. Гэтэл зөвхөн Ж.Мт өгсөн нь дансны хуулгаар тогтоогдоно. Хэн нь зээлдэгч, хэн нь хамтран зээлдэгч болох нь ерөөсөө тодорхойгүй. Хамтран зээлдэгчид мөнгө өгдөггүй атлаа зээлдэгч гэдэг агуулга руу яагаад оруулсан юм бэ. Банкны зүгээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн шаардлагыг хангаагүй гэрээ байх тул өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Цаад санаа нь бол хамтран зээлдэгчээр Ж.Н-ийг оруулаад үндсэн зээлдэгч зээлээ төлөхгүй, үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний хариуцлага хүлээлгэхээр орж ирсэн гэж байна. Гэтэл үндсэн зээлдэгч үүргээ биелүүлээгүй гэх харилцаа үүсээгүй. Үүрэг дуусгавар болсон харилцаа үүссэн байна. Үүрэг хүлээсэн үндсэн зээлдэгчийн үүрэг нас барснаар харилцаа дуусгавар болж байгаа. Банк байгуулсан гэрээнээс өөр агуулгатай тайлбарыг гаргаж байна. Нас барсан үндэслэлээр үүрэг дуусгавар болсон цагт Ж.Нүүрэг хүлээх биш түүний өвийг хүлээн авсан өвлөгч хариуцлагыг хүлээх ёстой. Өвлөгч нь Бн гэдэг залуу байгаа. Энэ хүн эхээсээ өвлөвөл зохих хөрөнгө нь хадгаламжийн 5.000.000 төгрөг байгаа. Өөрт нь гэр орон ч байхгүй. 2.700.000 төгрөгөөр гэр худалдаж авсан гэдэг боловч одоо тэр гэр нь байдаггүй. 5 сая гаран төгрөгийн өвийн асуудал ороод ирэхээр тухайн залуу энэ хэсгээс кредит картны мөнгийг нь төлөөд 5 сая гаруй төгрөгийн төлбөрийн гүйцэтгэлийг хангасан байсан. Банк 5.000.000 төгрөгийн хадгаламжийг өвийн гэрчилгээгээр авах гэж байгаа хүүд өгөхгүй гацаачихсан. Үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол хамтран үүрэг гүйцэтгэгч тэнцүү хариуцна. Үүргээ биелүүлээгүй гэдэгт зохих ёсоор биелүүлээгүй хамаарахаас биш нас барсан байдал орохгүй.. Тайлбараараа хамтран зээлдэгч, гэрээгээр зээлдэгч болчихоод байдаг. Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4 дэх заалтаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь шаардлагаасаа татгалзвал үүрэг гүйцэтгэгч тухайн үүрэг гүйцэтгүүлэгчид оногдох хэсгээр үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан. Хэрэв Ж.Маас татгалзаж байгаа бол энэ хүн үүргээс чөлөөлөгдөж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч. Банкны хувьд хамтран зээлдэгч байгаа мэтээр Ж.Н-ээс, хүүгээс нь нэхээд байгаа болохоос ямар үндэслэл боломж байгааг хөөцөлдөхгүй орхичихоод байгаа. Эрсдэлийн даатгалын сан банкинд байдаг. Энэ даатгалын сангийн агуулга бол тухайн гэрээний үүрэг хүлээсэн этгээд нас барсан тохиолдолд хэрэгждэг. Үүнийгээ хэрэгжүүлэхгүй яагаад шууд хамтран зээлдэгчид хандсан юм бэ гэсэн байр суурьтай байна гэв

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан ГХК-ийн хариуцагч Ж.Н-ээс зээлийн төлбөр 13,515,682.85 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.Н-ийн ГХК-д холбогдуулан гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ400514.... зээлийн гэрээнд Ж.Н-ийг зээлдэгч, хамтран зээлдэгчээр оролцуулсныг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ж.Мт холбогдуулан гаргасан зээлийн төлбөр 13.515.682 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ГХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Талуудын хооронд байгуулагдсан дугаар ЗГ400514 138 гэрээ нь МУ-ын Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 452-р зүйлийн 452.1, 452.2, 453-р зүйлийн 453.1-д заасны дагуу талуудын сайн дурын үндсэн дээр гэрээний нөхцөл заалтыг харилцан тохиролцсоны үр дүнд байгуулагдаж, Зээлдүүлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч талд бүрэн шилжүүлсэн. Анхан шатны Шүүх нь, зээл олгогч нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх үүргийг гэрээнд тодорхой заагаагүй гэж үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хамтран хариуцагч Ж.Ннь тухайн Зээлийн гэрээг байгуулах үед насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай байсан, өөрөөр хэлбэл гэрээний зүйл заалт, хүлээх хариуцлагыг бүрэн ухамсарлаж мэдэж байсан, хамтран зээлдэгчээр оролцох хүсэлт өөрийн зүгээс гаргасан, гэрээнд заасан эрх эдэлж, үүрэг үүсч байгаа эрх зүйн харилцааг ухамсарлаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байгаа нь Үндсэн зээлдэгч нас барснаар энэхүү гэрээний үүрэг хамтран зээлдэгчид шилжинэ гэж үзэх үндэстэй байна. Мөн Зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарын Зээл олгогч талд санал болгосон Ж.Мын дансанд тухайн үед шилжүүлсэн бөгөөд, шилжүүлснээс хойших хугацаанд зээлдэгч нарын хооронд санхүүгийн /бэлэн/ ямар харилцаа үүссэнийг нотлох боломж байхгүй тул өрөөсгөл дүгнэсэн байна гэж үзнэ.

Иймд Дугаар 142/ШШ2023/....... Шийдвэрийн нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа зүйл заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн давж заалдах гомдолд хязгаарлахгүй бүхэлд нь хянав.

Нэхэмжлэгч нь ГХХК нь хариуцагч Ж.Н-, Ж.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13.515.682,85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ж.Ншаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ГХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Мт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

Хариуцагч Ж.Ннь нэхэмжлэгч ГХХК-д холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулсныг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд зээлдэгч Ж.М нь ГХХК-ийн О салбартай 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж 28.300.000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан байх ба зээлийн гэрээнд Ж.Нхамтран зээлдэгчээр оролцсон, зээлийн гэрээний үүрэг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс биелэгдээгүй, хуваарийн дагуу төлөгдөөгүй. Зээлдэгч Ж.М нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан, үндсэн зээл 12.271.345,26 төгрөг, хүүнд 1.165.035 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79.302,59 төгрөг нийт 13.515.682,85 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй зэрэг үйл баримт тогтоогджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Ннь шүүхэд Миний эгч Ж.М нь 2021 оны 9 дүгээр сард 28.300.000 төгрөгийн цалингийн зээл авсан ба уг зээлд батлан даагчаар гарын үсэг зурах шаардлагатай гэхээр нь би очиж гарын үсэг зурсан. Миний эгч 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нас барж зээл төлөгдөөгүй зогссон. Уг зээлийг эгчийн ирээдүйд авах цалинг барьцаалан олгосон, зээлийн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан, би нэг ч мөнгө аваагүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн татгалзсан тайлбар гарган маргасан байна.

ГХХК, Ж.М, Ж.Ннарын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээнд хамтран зээлдэгчийн эрх үүргийг тодорхойлоогүй байх тул хамтран зээлдэгчийн хувьд зээлдэгч Ж.Мын зээлийн гэрээний үүргийг хүлээх үүрэг үүсээгүй байна. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж ГХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон Ж.Н-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451, 242 дугаар зүйлд нийцсэн байна.

Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүсэх бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1., 2.-т заасны дагуу зээл болон барьцааны гэрээнд хамтран зээлдэгчээр Ж.Н-ийг оролцуулахдаа түүнд эрх үүргийг тодорхойлоогүй тул хариуцагч Ж.Ннь зээлдэгч Ж.Мын зээлийн гэрээний үүргийг хүлээхгүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2023/....... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.528 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

 

ШҮҮГЧ С.У