Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 434

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Хүнс хөдөө аж ахуйн яамны мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй “Эмоци-Ижил” хоршоонд холбогдох “38.650.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр  хүлээн авч танилцаад: 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны мал хамгаалах сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сангаас “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/220 дугаар тушаалаар олгомон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт хариуцагч “Эмоци-Ижил” хоршоо нь хамрагдан 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ЭМААХДХ/2013/01 тоот зээлийн гэрээг байгуулан 25.000.000 төгрөгийг жилийн 2.4 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай авсан байна. Хариуцагч нь зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдийг хүрсэн. 

Иймд зээлийн гэрээний 4.1.1-д зааснаар гэрээг нэг талаас цуцлан зээлийн төлбөрийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч “Эмоци-Ижил” хоршооноос үндсэн зээл 25.000.000 төгрөг гэрээний хавсралтаар батлагдсан хуваарьт төлбөрт заасны дагуу хүүх тооцоход 1.150.000 төгрөг, гэрээний 7.1.1-д заасны дагуу алданги тооцоход 12.500.000 төгрөг нийт 38.650.000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч ЭМААХДХ/2013/01 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ү-1305000088 улсын бүртгэлийн дугаартай 45.4 м2 талбайтай хувийн сууц болон 0306393 дугаартай 1350 м2 талбайтай эзэмшлийн газар барьцаалсан байх тул уг хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах гэжээ. 

 

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч болон хариуцагч талууд энэхүү иргэний хэргийг харилцан тохиролцож нэхэмжлэлийн үнийн дүнгээс 11.770.000 төгрөгийг хасаж, үлдэх 26.880.000 төгрөгнөөс 2016 оны 08 дугаар сарын 31-нд 11.150.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-нд 5.360.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 01-нд 5.240.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 01-нд 5.130.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо. Хариуцагч энэхүү эвлэрлийн гэрээний 2-т заассан хугацаанд багтаан төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тус тус тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. 

 

                                    Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                      Б.Эрхэмбаяр 

                             

Хариуцагч                          Эмоци-Ижил хоршооны дарга Г.Отгонжав... гэжээ.

 

  ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны мал хамгаалах сан нь 38.650.000 төгрөгийг хариуцагч “Эмоци-Ижил” хоршооноос гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 26.880.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зохигчдоос ирүүлсэн дээрх гэрээгээр батлагдаж байна.

 

   Зохигчдын хооронд байгуулсан энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Хүнс хөдөө аж ахуйн яамны мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй “Эмоци-Ижил” хоршоонд холбогдох “38.650.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийн зохигч 26.880.000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 26.880.000 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 146.175 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ