Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2024/00028

 

 

 

 

 

     

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2024/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Т ХХК-ийг дампуурсанд тооцуулж, татан буулгах тухай хүсэлттэй, татварын өр төлбөр 66.310.688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Улсын бүртгэлийн 201100.... дугаартай, 437.... тоот регистрийн дугаартай Т ХХК нь 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр барилгын засвар үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1.000.000 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Манай компани О аймагт барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллаагаа явуулж, барилга угсралт, барилгын засварын ажлыг гүйцэтгэж байсан боловч 2011 оноос валютын ханшийн өсөлтөөс хамаарч барилгын материалын үнэ ханш өссөн, мөн барилгын салбарт бий болсон зогсонги байдал зэрэг биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас ажил гүйцэтгэлийн захиалгагүй болж цаашид орлого олох боломжгүй болсоор өнөөг хүргэлээ. Бидний хувьд ажил гүйцэтгэл эрхлэх хөрөнгийн эх үүсвэргүй, банкны зээл болон бусад хөрөнгө оруулалтаар зээл төсөл авахад шаардагдах барьцаа хөрөнгөгүйгээс санхүүжилт босгох боломжгүй байх бөгөөд барилгын салбарт тулгарч буй хүндрэл, барилга угсралтын компаниудын орлогогүй байдлаас шалтгаалан туслан гүйцэтгэгчээр ажилладаг манай компанид гэрээгээр хийх ажил олдохгүй болох, барилгын ажил гүйцэтгэх хугацаанд валютын ханшийн өсөлт, барилгын түүхий эд материалын болон шатахууны үнийн өсөлт зэрэг биднээс үл шалтгаалах хүчин зүйлээс шалтгаалан манай компани хөрөнгө оруулалт байхгүй, санхүүгийн эх үүсвэр татаж чадахгүй байдалтай байна. О аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №20420.... дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийдвэрийн зөрчилд: 1.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа тайландаа тусгаагүй 40,909,090.90 төгрөгийн орлогоос 35 900 000 төгрөгийн өртөг зардлыг хасч 5 009 90.90 төгрөгийн татвар ногдуулах орлогод 500 909.10 төгрөгийн татвар, 150 272.70 төгрөгийн торгууль, 250 454.60 төгрөгийн алданги, нийт 901 636.40 төгрөгийн шийтгэл, 1.2. Нэмэгдсэн өртгийн албан татвараар 2012 оны тайландаа тусгаагүй 40 909 090.90 төгрөгийн орлогоос 54 545.50 төгрөгийн худалдан авалтыг хасч 40 854 545.40 төгрөгийн ногдуулах орлогод 4 085 454.50 төгрөгийн нөхөн татвар, 2 042 727.30 төгрөгийн торгууль, 12 256.40 төгрөгийн хүү нийт 6 140 438.20 төгрөгийн шийтгэл оногдуулсан байдаг. Иймд Т ХХК-д үүсээд буй нөхцөл байдлыг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дах хэсэгт заасны дагуу дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Татварын хэлтэс манайд нэхэмжлэл гаргаад би хариу тайлбараа гаргаж хүргүүлсэн. Т ХХК-ийн дампуурлын хэрэг үүсгэсэн шалтгаан нь О аймгийн Татварын хэлтэст төлөх ёстой мөнгийг төлж чадахгүй байгаа үндэслэл дахин хөрөнгөжих боломжтой юу гэдэгт шинжилгээ хийх эсэхийг хэлэлцэх гэж байгаа. Миний ойлгож байгаагаар нэгэнт гаргасан нэхэмжлэл нь явж байхад компани дампууруулах хүсэлтээ өгсөн нь үндэслэлгүй гэв.

Нэхэмжлэгч О аймгийн Татварын хэлтэс нэхэмжлэлдээ:

Т ХХК-д холбогдуулан татварын өр төлбөр 66.827.593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...437.... тоот регистрийн дугаартай Т ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж тус хэлтэст бүртгэгдсэн. ... Т ХХК-д Татварын улсын байцаагчийн 2011 оны 10 сарын 05-ны өдрийн 20.... тоот актаар тогтоогдсон 97.372.600 төгрөгийн төлбөрөөс 3.724.881 төгрөгийн төлөлт хийгдэж 33.862.200 төгрөгийн хүү, торгууль Өршөөлийн хуульд хамрагдан хүчингүй болсон байна. Мөн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №204-20.... тоот хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудсаар 7.042.074 төгрөгийн төлбөрийг хариуцуулан нийт 66.839.849 төгрөгийн албан татварын өртэй байна. Т ХХК-ийн хувьд үүсгэн байгуулагдсанаасаа хойш туйлын хариуцлагагүй буюу хангалтгүй байдлаар татварын харилцаанд орж хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл /2008 он/ 18.1.1 татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 28 дугаар зүйл /2019 он/ 28.1 Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө гэж заасныг зөрчсөн үйлдэл юм. Иймд 66.827.593 төгрөгийн албан татварын өр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч А.Э-ын дүгнэлтдээ:

Т ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2007 оноос 2010 оны санхүүгийн тайлан, шүүхэд ирсэн нотлох баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт зэрэг үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 66,827.593 төгрөг болж өөрийн хөрөнгийн 1204.10 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус Т ХХК нь 2008 оноос өөрийн хөрөнгийн 3358.92 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

Дампуурлын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна гэж тайлбарласныг үндэслэн О аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүхэд гаргасан тодорхойлолтоор тогтоогдсон өр төлбөрийг нэмж тооцвол Т ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараах байдлаар илэрхийлэгдэж байна. Дампуурлын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 6 дахь хэсэгт хуулийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх заалтын ...санхүүгийн тайлан тэнцэл гэдэгт төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн буюу эргэлтийн хөрөнгө түүний эх үүсвэр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн /орлого, үр дүнгийн болон үлдэгдэл, мөн хуримтлалын балансууд/, мөнгөн хөрөнгийн хөдлөлийг харуулсан баримтууд, түүнчлэн тухайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүнд хийсэн шинжилгээ, дүгнэлт зэргийг хамруулан ойлгоно. Мөн зүйлийн сүүлийн 3 жил гэдгийг хуанлийн тооллоор бус харин тухайн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулан ойлговол зохино гэж заасан байх тул Т ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан үед хамаарах 2007-2010 онуудын санхүүгийн тайлангуудад дүн, шинжилгээ хийж төлбөрийн чадварын талаар дүгнэлтийг гаргасан. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь Balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна. Т ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2007-2021 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн ашигт ажиллагаа доголдож алдагдал ихээр хуримтлагдсан, үйл ажиллагаа нь бүрэн зогссоноос эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 80 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2007 оноос алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотолж байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь Т ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна.

Т ХХК-ийн удирдлага, хувь эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, хөрөнгө оруулалт хийх эх үүсвэргүйгээс компанийн үйл ажиллагааг зогсоож, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 01 тоотоор хүсэлт гаргаж О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/Ш32022/..... дугаартай захирамжийн дагуу эд хөрөнгийн болон өмчийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэх баримт бичиг, бусад нотлох баримтуудаар Т ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө, хөрөнгийн эрхийн бүртгэл тогтоогдоогүй болно ... гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2024/..... дугаар шийдвэрээр:

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан Т ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж,

Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц Т ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-од шилжүүлж,

Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгч А.Э-ын зардлыг нэхэмжлэгч, хүсэлт гаргагч нарт хариуцуулж, төлбөрийг хуульд заасан журмын дагуу барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э-од хариуцуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О аймгийн Татварын хэлтсийн Т ХХК-д холбогдуулан гаргасан татварын өр төлбөр 66,827,593.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар О аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана. 33.1-д энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй; мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараах этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Аж ахуйн нэгжийг дахин хөрөнгөжүүлэхэд хариуцагчийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх санхүү, удирдлагын болон бусад боломж, тэдгээрийн тооцоо, өөрчлөн байгуулагдсан аж ахуйн нэгжийн хэтийн төлөвийн талаар тусгана гэж хуульд заасан. Нэхэмжлэгч байгууллагын хувьд татвар төлөгчийн төлөгчийн төлсөн, төлбөл зохих албан татварыг хуулийн дагуу хураан барагдуулж улсын төсөвт төвлөрүүлэх, татвар төлөгчдөд татварын хууль, журмын талаар хуулийн зөвлөгөө өгч ажиллах үндсэн үүрэгтэй төсвийн байгууллага юм. Татвар төлөгчийг дахин хөрөнгөжүүлэхэд шаардагдах санхүүгийн чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн тусгайлсан төлөвлөгөө гаргах хууль зүйн хувьд болон чиг үүргийн хувьд боломжгүй юм. Шүүх татвар төлөгчийн үндсэн хуулиар хүлээсэн үүрэг, татварын ерөнхий хуульд заасан үүргээ биелүүлэх тал дээр хэрхэн санал, санаачилга гаргасан, эсвэл гаргаж болох тухай огт үнэлэлт өгөөгүйгээр дампууруулах шийдвэрийг гаргасан байна. Т ХХК нь татварын ногдол, хяналт шалгалтын актаар төлбөр тогтоогдсоноос хойш иргэний хэргийн шүүхэд дампууруулах хүсэлт удаа дараалан гаргасан, захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан зэргээс үзэхэд хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээс зайлсхийх хүсэл эрмэлзэлтэй байдаг гэж үзэж болохуйц этгээдийн хүсэлтийн дагуу дампууруулах шийдвэр гаргаж байгаа нь туйлаас учир дутагдалтай байна. Татвар төлөгч нь үйл ажиллагаа явуулах хугацаандаа өөрт олж болох ашгаа авчаад түүндээ ногдуулсан албан татвараа төлөхгүйгээр албан татвар төлөхөөс зайлсхийж байгаа нь энэ хэргээс харагдаж болохоор байна гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус хэлтсийн нэхэмжлэлийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан болон байгаа өр байдаг. Мөн түүнчлэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг эцсийн шийдвэр болгон үнэлсэн нь шийдвэрт эргэлзэх, хуульд заасан бүх боломжийг ашигласан эсэх эргэлзээг төрүүлж байна. Т ХХК дампуурсанд тооцуулж, татан буулгуулахаар гаргасан хүсэлтийн үндэслэлдээ Компанийг дампууруулах хүсэлтийн үндэслэл болсон шалтгаан нөхцөлийг анхааран үзээгүй, нотлох баримтаар тогтоосон эсэхэд үнэлэлтэй дүгнэлт өгөөгүй, үйл ажиллагаанууд тухайлбал ямар үйлчилгээ үзүүлсэн, эдийн засгийн ямар тооцоололтой байгаад ямар хэмжээний зардал гарч алдагдал үүсэж ашиггүй ажилласныг баримтаар нотолж, холбогдох ажил гүйцэтгэх гэрээг хэрэгт хавсаргах, хүсэлтэд заасан үндэслэлээ хуулийн хүрээнд нотлох, хэдий хэмжээний алдагдал хүлээснийг тодруулах боломжтой байхад хэрэг гүйцэтгэгч болон шүүхийн шийдвэрийн алинд ч тодорхой бус байхад хэргийг шийдсэн. Дампуурлын тухай хуулийн 7.1.1-д заасан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан тэнцэл гэдгийг хуанлийн тооцооллоор бус харин тухайн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулан ойлгохыг Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан. Иймд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тухайн компанийн үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, татварын тайланг оруулан дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзэж байх тул холбогдох дүгнэлтийг үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө-д заасан татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх боломжийг хуулиар олгох нь буруу юм. Тиймээс О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2024/..... дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгон татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхийг шаардах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байгаа тул холбогдох шийдвэрийг хүчингүй болгон шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Давж заалдсан шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Т ХХК нь шүүхэд компанийг дампууруулж, татан буулгах тухай хүсэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгч Т ХХК нь хүсэлтийн үндэслэлээ 2007 онд барилгын засвар үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдаж О аймагт барилга угсралтын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж барилга угсралт, засварын ажил гүйцэтгэж байгаад 2011 оноос валютын ханшны өсөлтөөс хамаарч барилгын материалын үнэ нэмэгдсэн, барилгын салбарын үйл ажиллагааны зогсонги байдал зэргээс шалтгаалж ажлын захиалгагүй болж ашиг орлого олох боломжгүй болсон. Ажил гүйцэтгэх хөрөнгийн эх үүсвэргүй, банкны зээл болон хөрөнгө оруулалтаар зээл төсөл авахад шаардагдах барьцаа хөрөнгө байхгүйн улмаас хөрөнгө босгох, ажил гүйцэтгэх боломжгүй болсон гэсэн тайлбар гарган үндэслэлээ тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд Т ХХК нь 2007 онд нэг үүсгэн байгуулагчтай барилгын засвар үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 5.000.000 төгрөгийн дүрмийн сантайгаар, Ш.О захирлаар улсын бүртгэлд бүртгэгдэж компанийн үйл ажиллагааг явуулж эхэлжээ.

Т ХХК нь үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш улс орон нутгийн төсөвт 2008-2012 онд 2.429.700 төгрөг, 2014 онд 800.000 төгрөг, 2.924.881,4 төгрөг нийт 6.154.581,4 төгрөгийн албан татвар төлсөн, 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн татварын улсын байцаагчийн актаар 97372600 төгрөг, төлбөрөөс 3.724.881,4 төгрөгийн төлөлт хийж 33.862.200 төгрөгийн хүү торгууль Өршөөлийн хуульд хамрагдаж хүчингүй болсон 59785519 төгрөгийн үлдэгдэл өртэй байсан. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах хуудсаар 7.042.074,6 төгрөгийг хариуцуулж нийт 66.839.849,6 төгрөгийн татварын өртэй болох нь татварын байгууллагаас ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүх Т ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжаар Т ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, нэхэмжлэгчдэд болон нийтэд компанитай холбоотой нэхэмжлэлээ шүүхэд гаргахыг зарлаж, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргагчийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтоохоор хэрэг гүйцэтгэгчээр А.Э-ыг томилсон, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр Т ХХК-ийн өр төлбөр өөрийн хөрөнгийн 1204.10 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон болохыг тодорхойлсон. Энэ хугацаанд О аймгийн Татварын хэлтсээс татварын өр 66.827.593,2 төгрөгийг нэхэмжилсэн, Т ХХК нь 2008 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон, тухайн компанийг дахин хөрөнгөжүүлэх талаар хүсэлт ирүүлээгүй зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхийн Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт зааснаар Т ХХК-ийн 2007-2021 онуудын тайлан балансад төлбөрийн чадвартай эсэхэд шинжилгээ хийж, төлбөр төлөх чадвартай эсэхийг тооцоход өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон, хуульд заасан эрх бүхий этгээдүүдээс Т ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт болон төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй гэсэн дүгнэлт хийж Т ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгасан нь Дампуурлын тухай хуулийн 4, 33 дугаар зүйлд нийцжээ.

Мөн Татварын хэлтсээс нэхэмжилсэн 66.827.539,2 төгрөг нь Т ХХК-ийн 2007-2010 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд Татварын хэлтсээс шалгалт хийж 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20.... тоот актаар тогтоосон 97.372.600 төгрөгийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн, /үүнээс 3.724.881,4 төгрөг төлсөн 33.862.200 төгрөгийн хүү торгууль Өршөөлийн хуульд хамрагдаж хүчингүй болсон, 59.785.519 төгрөгийн татварын өртэй үлдсэн байсан/ О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаар тогтоол тус тус хүчин төгөлдөр болсон. Энэхүү шийдвэр нь хүчин төгөлдөр болсон 59.785.519 төгрөг дээр 2012 онд шийтгэлийн хуудсаар ногдуулсан 7.042.074 төгрөгийг нэмж Т ХХК-иас 66.827.539,2 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т заасантай нийцээгүй байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий бүхий дүгнэлт хийжээ.

Хэрэг гүйцэтгэгчийн гаргасан дүгнэлтээр Т ХХК-ийн 2007-2012 оны санхүүгийн баримтанд шалгалт хийж түүнийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоосон байх ба 2011-2021 оны хооронд санхүүгийн үзүүлэлтүүд 0 дүнтэй гарсан байдлаас харахад Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасан Т ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан тэнцлээр гаргаагүй гэх нэхэмжлэгч Татварын хэлтсийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх ба 2021 оноос хойш Т ХХК нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулж орлого олж байсан болох нь тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч Татварын хэлтэс нь шүүх Т ХХК-ийг дампууруулах хүсэлтийг хүлээн авч дампууруулах хуульд заасан ажиллагаануудыг хийх явцад оролцогч этгээдүүд буюу нэхэмжлэгч Татварын хэлтэс нь шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байгаагүй, Т ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт болон төлөвлөгөөг шүүхэд гаргаж байгаагүй, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гомдол гаргах зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, тухайн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч Татварын хэлтсийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2024/..... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар О аймгийн Татварын хэлтэс нь давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

 

ШҮҮГЧ С.У