| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0200/Э |
| Дугаар | 308 |
| Огноо | 2019-03-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 308
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч Н.Уранбайгаль,
Хохирогч Д.Бж, Б.У тэдгээрийн өмгөөлөгч Д.Өлзийсайхан,
Шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч Б.Чинбат,
Иргэний нэхэмжлэгч Б.Базардорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Түмэнбатын Золжаргалд холбогдох 1803008850465 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.З нь
Баруун турууны баруун замд “Транс капитал ББСБ” ХХК-ийн эзэмшлийн Toyota Prius-20 маркийн 13-85 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “...жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а.уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б.өөдөөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Бн жолоодож явсан Toyota Fielder маркийн 78-54 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж улмаар жолооч Д.Баж, уг автомашинд сууж явсан зорчигч Б.У нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Toyota Fielder маркийн 78-54 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Бн автомашины эвдрэл, хохиролд нийт 3.177.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Т.З нь 2018 оны, Баруун турууны баруун замд “Транс капитал ББСБ” ХХК-ийн эзэмшлийн Toyota Prius-20 маркийн 13-85 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “...жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б.өөдөөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Батдоржийн жолоодож явсан Toyota Fielder маркийн 78-54 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж улмаар жолооч Д.Батдорж, уг автомашинд сууж явсан зорчигч Б.Ундрах нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: ...хэргийн газар очиход асфальт, шулуун тэгш, хуурай хорооллын доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээтэй, явган хүний замгүй, хашлагагүй, зорчих хэсэгтэй байв. Т.Коррола маркийн автомашин зорчих хэсгийн урд талд шороон хэсэг дээр дээш харсан эсрэг талын Т.Приус-20 маркийн автомашин урд талд нь зорчих хэсгийн гадна хөвөөн хэсэг дээр зогсож байв /хх-4/,
- зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-12/,
- хохирогч Д.Бан мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 06 цагийн үед 361 гарам хойд дэнж хажууд байрлах гэрээсээ Т.Королла маркийн 78-54 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодон 50 км цагийн хурдтайгаар хот руу чиглэн явж байсан. Уг машинд миний охин Ундрах хойд талын суудал дээр баруун турууны зам өгсөөд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байтал эсрэг урсгалд буяны цуваа өнгөрч явтал уг цувааны араас нэг машин асар хурдтай уг цувааг гүйцэт түрүүлээд миний урсгалыг сөрөн өөдөөс чиглээд явсан. Би энэ одоо яаж байгаа юм бол гээд машинаа баруун гар тул руу хөвөө хэсэг рүү дараад шахаад тоормоз гишгээд зогстол уг машин чиглэлээ өөрчлөлтгүй шууд ирээд машины зүүн талаас мөргөсөн...Миний унадаг машинд 3.177.000 төгрөгний хохирол учирсан мөн эмчилгээний зардалд 335.900 төгрөг болсон байгаа. Цаашдаа эмчлүүлэх шаардлагатай байгаа тухайн үед эмчилгээний зардлыг тооцож хохирлоо нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-15-16/,
- хохирогч Б.У :...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 06 цагийн үед 361 гарам хойд дэнж хажууд байрлах аавын гэрээс Т.Королла маркийн 78-54 УНГ улсын дугаартай автомашины хойд суудал дээр суугаад хотруу чиглээд баруун турууны зам өгсөөд баруунаас зүүн чиглэлд явж байтал урдаас урсгал сөрөөд машин ороод ирсэн. Аав зам тавьж өгөөд зогстол нөгөө угсгал сөрсөн машин манай машиныг мөргөсөн. Нэг мэдсэн машин дээш харсан байсан. Би мөлхөж машины хаалгаар гараад нүүрэнд цус болсон байсан. Нүүрээ арчаад би аавыг машинаас гаргаад өгөөч гэж тэнд байсан хүмүүсээс гуйсан. Тэгтэл нөгөө машинд явсан хүмүүсээс нэг хүн аавыг машинаас гаргасан...Эмчилгээний зардалд 691.299 төгрөг болсон байгаа...гэх мэдүүлэг /хх-29-30/,
- иргэний нэхэмжлэгч Б.Бн мөрдөн байцаалтад өгсөн:...2008 онд Т.Королла маркийн 78-54 УНГ улсын дугаартай автомашиныг 7.500.000 төгрөгөөр аав Батдоржид авч өгсөн. Тэрнээс хойш аав унаж байгаа. Ослын талаар мэдэх зүйл байхгүй. Гомдолтой байна хохирлоо нөхөн төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-39-41/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12754 дугаартай:... Б.Уын биед сээрний 1 дүгээр нугаламын арын сэртэнгийн зөрүүтэй ташуу хугарал, дух, баруун хацар, зүүн хөмсөг эрүүнд, хэлэнд шарх, баруун зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн баруун хацарт, зүүн гуянд зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд байнга нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-61/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12755 дугаартай:... Д.Бйн биед өвчүүний их биеийн хугарал, зүүн 5 дугаар хавирганы зөрүүгүй, 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, зүүн 7,8,9 дүгээр хавиргануудын цууралт, цээж, хэвлийд цус хуралт, хамрын үзүүрт зулгаралт, зүүн гарт шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд байнга нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна... гэх дүгнэлт /хх-63/,
- техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ : Тоyota Fielder маркийн 78 54 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нийт дүн 3.177.000 төгрөг /хх-70/,
- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 786 дугаартай:...Т.Приус маркийн 13-85 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Түмэнбат овогтой Золжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Т.Королла маркийн 78-54 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Батдорж нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Уг зам тээврийн осол хэрэг нь Т.Приус 13-85 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Түмэнбат овогтой Золжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан заалтыг зөрчсөн үйлдлээс болсон байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-83-83/,
- шүүгдэгч Т.Зын мөрдөн байцаалтад өгсөн:... би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-95-96/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Зыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Батдорж, Б.Ундрах нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэл зөв болно.
Мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндийн хохиролд хохирогч Д.Батдорж 329.513 төгрөгийн /хх-22-26/, хохирогч Б.Ундрах 691.822 төгрөгийн /хх-33-38/ баримт бүхий нэхэмжлэл гаргасан, хохирогч Д.Батдоржийн өмчлөлийн автомашинд 3.177.000 төгрөгийн хохирол учирсан /х-71/, мөн ocoлд орсон тээврийн хэрэгслийг ачих зардалд 380.000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэхэд нийт 249.000 төгрөгийн зардал гарсан, шүүх хуралдаанд хохирогч Б.Ундрах гэмт хэргийн улмаас нүүрэнд учирсан гэмтэл, шархыг эмчлүүлсэн гоо сайхны эмчилгээний 1.550.000 төгрөгийн баримтыг гаргасан ба нийт хохирол, зардлын дүн 6.377.335 төгрөг болжээ.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.841.000 төгрөг, шүүхийн шатанд хохирогч Д.Бид тээврийн хэрэгслийн хохиролд 2.687.000 төгрөг нийт 4.528.000 төгрөг төлсөн.
Шүүгдэгч, хохирогч нарын тооцоо нийлснээр хохирогч Д.Бид тээврийн хэрэгслийн хохиролд 361.335 төгрөг, хохирогч Б.Ундрахад 1.488.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь Б.Ундрахын гоо сайхны эмчилгээ хийлгэсэн зардал нь түүний эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой байх ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс төлсөн 1.841.000 төгрөгөөс нотлох баримт бүхий хохирлын нийт дүнг (329.513 төгрөг, 691.822 төгрөг, оcoлд орсон тээврийн хэрэгслийг ачих зардалд 380.000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээний 249.000 төгрөг) хассанаас үлдсэн зөрүү 62.000 төгрөгийг хохирогч Б.Ундрахын нэхэмжлэлээс хасч тооцсон болно.
Харин Б.Ун нэхэмжлэлээс өмгөөлөгчид төлсөн 500.000 төгрөгийг хангах боломжгүй гэж үзэв, учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар өмгөөлөгч заавал авахыг хохирогчид үүрэг болгоогүй байх төдийгүй хохирогчийг төлбөрийн чадваргүй гэж үзэх үндэслэл, баримтгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял хэрэглэн, торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Т.З тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний В ангиллын 559848 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Зыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Бж, Б.Ун нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Зыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар үндэсэн ял дээр нэмж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Зд оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 07 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.Заас 1.849.335 төгрөг гаргуулж, хохирогч Д.Баид 361.335 төгрөг, хохирогч Б.Уд 1.488.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч Б.Ун нэхэмжлэлээс өмгөөлөгчид төлсөн 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Т.Зын В ангиллын 559848 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
10. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР