Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2024/00029

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 207/МА2024/00029

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчБ.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Э-т холбогдох,

Ажлын хөлс 17.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч А.Э-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагч А.Э-, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Н ХХК-ийн 260 айлын орон сууцны барилгын B, C блокын сантекник, галын шугам болон цэвэр халуун усны ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэг барилгын ажлыг 20,000,000 төгрөгөөр тохирч хийсэн. 2022 оны 10 дугаар сараас хойш ямар ч мөнгө аваагүй. Уг хоёр барилгыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Одоо А.Э- утсаа авдаггүй. Н компаниас бүх мөнгөө авсаныг 2023 оны 6 сард мэдсэн. Ажлын хөлс болох 17,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ барилга аймгийн төсвөөр цалинжуулж байгаа учир энэ компани цаг тухайд нь гүйцэтгэлээр мөнгийг өгдөг байсан боловч энэ хүн мөнгөө өгдөггүй байсан. А.Э- компани мөнгөгүй худал хэлээд байсан. Удирдлага дарга нараас нь асуухаар мөнгөө авсан гэсэн. Намайг гэрчлэх хүмүүс нь ерөнхий инженер М, сантехникийн инженер А. Миний бие 2023 оны 03 сард хагалгаанд орсон. Хагалгааны шарх эдгээгүй байхад ажлаа хий гэж дарамталж би ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан. Би энэ ажлыг дуусгахын тулд 3-4 хүн ажиллуулсан. Энэ хүмүүсийнхээ цалин болон хоолыг мөн унааны зардлыг тэтгэврийн зээлээр болгож байсан. Иймд А.Э-аас хохирлыг минь барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: А.Э- миний бие иргэн Ж.Ц-тэй аман гэрээ хийж 260 айлын орон сууцны халаалт, цээр усны шугам хоолойг гагнуулахаар тохиролцсон. Ц нь 2 байрны халаалын шугамыг гагнаж дуусаагүй байхдаа мөнгөний хэрэг байна гээд урьдчилгаа мөнгийг авсан байсан. Үүний улмаас дараагийн санхүүжилт хойшлогдсон. Ажлын хөлсөнд 24 сая төгрөгийг авсан. ... Цийн хийсэн ажлын графикийн дагуу гарсан үнийн дүнгийн дагуу олгоно. График гаргаснаас 2 компанийн ажилын хөлс 32 төгрөг байна. Үүнээс 24 сая төгрөгийг өгсөн байгаа. Одоо мөнгийг олгохдоо НӨАТ-ын 10%, буюу 3.200.000 төгрөгийг авч үлдэнэ. Мөн нэг барилгын алчуур хатаагчийн ажил дутуу байгаа. Хэрэв гүйцэтгэж хийж дуусгахгүй бол мөнгийг хасаж тооцно. Миний машины бичиг баримт, түлхүүрийг өгөхийг хүсье. Одоо өгөх мөнгө нь НӨАТ-ын 10% хасаад 4.800.000 төгрөг, ажлаа гүйцэтгэж хийхгүй бол мөнгөн дүнгээс хасагдах болно гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2024/..... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д заасныг баримтлан хариуцагч А.Э-аас 17.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ц-эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Э-аас 121,452 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ц-эд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Э- шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Иргэн А.Э- би О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2024/..... дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна.

Би нэхэмжлэгч Ж.Ц-тэй анхнаасаа барилгын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд аман гэрээгээр ажлын үнэ хөлсийг 2 барилгад. 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр тохиролцон ажилласан. Гэвч ажпын явцын дунд Ц нь цэвэр усны салбар шугам хоолой наах болон бохирын шугам хоолой угсрах ажлыг хийж үзээгүй, ажлын мэдлэг туршлага байхгүй гэдэг шалтгаанаар, хийхээр тохиролцсон эдгээр ажпыг огт хийгээгүй. Би энэ тухай анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж ярьсан боловч шүүх Ж.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Ж.Ц- нь аман гэрээгээр тохиролцсон ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгасан болохоо өөрөө шүүхэд нотолж чадаагүй бөгөөд ийм нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Харин Ж.Ц- нь шүүхэд өөрийн хийсэн ажил болох халаалтын гагнуурын ажил, цэвэр усны гагнуур холболтын ажил, сантехникийн гагнуур, холболтын ажил зэргийг хийж гүйцэтгэж байгаа зурган баримтыг гаргаж өгсөн. Би Ж.Ц-ийн хийсэн эдгээр ажилд тохирох хөлсийг төлсөн бөгөөд одоогоор би түүнд ажлын хелсний үлдэгдэл 6.000.000 /зургаан сая/ төгрөг дээр сүүлд нэмэгдсэн нэг сая төгрөгийг нэмээд нийт долоон сая төгрөг өгөх юм. Үүнээс ажлын нийт хөлс 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгт ноогдох НӨАТ-ын 10 хувь буюу 3.200.000 төгрөгийг суутган үлдэгдэл 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянган/ төгрөгийг би Ж.Ц-эд төлнө. Би анхан шатны шүүх хурал дээр эдгээр тооцоог ойлгомжтойгоор хэлж тайлбарласан. Гэтэл шүүх Ж.Ц-ийн үндэслэлгүйгээр нэхэмжилсэн, хийгээгүй ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлах хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгт хариуцагчаас 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулж Ж.Ц-эд олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү.

Гомдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үнийн дүн буюу 12.200.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргав. Жич: Би давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Ж.Ц- нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч А.Э-аас 17.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч А.Э- нь зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчид 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр О аймаг Б сум У багийн нутагт байрлах 260 айлын орон сууцны В,С блокын алчуур хатаагч, галын гидрант зоорийн давхарт 2 ширхэг, 1-5 давхар тус бүрт 5 ширхэг монтаж хийж гүйцэтгэх ажлын хөлсөнд 17.000.000 төгрөгийг ажил бүрэн дууссаны дараа 100 хувь олгох, баталгаат хугацаа 1 жил болох 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгахаар тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч Ж.Ц- нь гэрээний дагуу хийх ажлаа бүрэн хийж хүлээлгэж өгсөн, гэрээгээр тохирсон ажлын хөлсөө өгөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог бол хариуцагч А.Э- нь Ж.Ц-тэй аман гэрээ хийж 260 айлын орон сууцны халаалт цэвэр усны шугам хоолойг гагнуулахаар тохирсон. Нэхэмжлэгч Ж.Ц- нь 2 байрны халаалтын шугамыг гагнаж дуусаагүй байхдаа мөнгөний хэрэг байна гэж урьдчилгаа мөнгө нийт 24.000.000 төгрөг авсан. Нэг барилгын ажлыг 20.000.000 төгрөгөөр хийхээр тохирч байсан, одоо үлдэгдэл мөнгийг өгөхдөө НӨАТ-ын 10 хувийг суутгаж нийт 4.800.000 төгрөг өгнө гэсэн татгалзсан тайлбар гаргаж маргасан байна.

Талуудын тайлбар болон ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт ажлын хөлс 40.000.000 төгрөгөөр тохиролцсон байх ба үүнээс 24.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Ц- урьдчилан авсан. Энэ талаар маргадаггүй. Харин үлдэх хөлс 17.000.000 төгрөгийг өгч авалцахаар 17.000.000 төгрөгөнд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь тогтоогджээ.

Хариуцагч А.Э- нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаж байгаа татгалзсан тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримтаар нотлоогүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Ж.Ц- нь гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн ажлын хөлсийг шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийж хариуцагч А.Э-аас 17.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ц-эд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343, 346 дугаар зүйлд нийцсэн байна.

Шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтанд хариуцагч А.Э-ыг А.Э-аас гэж буруу бичсэн алдаа гаргасан байгааг анхааруулах нь зүйтэй.

Хариуцагч А.Э-ын гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээж авах боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2024/..... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Э-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч А.Э-ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

 

ШҮҮГЧ С.У