Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баттулга,   

Улсын яллагч А.Мөнхзул

Хохирогч Ц.Д,

Шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин, Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт холбогдох 1808012940562 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Ө.Т нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлын өрөөнд хоорондын таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Дтэй хэрүүл маргаан үүсгэн, ширээн дээр нь байсан шаазан аяга чулуудаж, түүний эрүүл  мэндэд “баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

       - Хохирогч Ц.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өглөө 10 цагийн орчим ажил дээрээ байж байхад эрхлэгч Туул намайг өрөөндөө дуудсан. Ортол цалингийнхаа урьдчилгааг тавихгүй юм уу гэхээр нь төрийн сангаас санхүүжилт орж ирээгүй байгаа, санхүүжилт орох юм бол тавина гэж хэлсэн. Тэгтэл Туул нэг байгууллагаас шалгасан шалгалтын зөрчлийн төлбөр төлөх баримт надад үзүүлж, энэ мөнгийг яаж төлөх юм гэхээр нь намайг ажилд орохоос өмнө юм байна, би мэдэхгүй гэж хэлэхэд Туул уурлаж тэгвэл ажилчдаар хувааж төлүүлнэ гэхээр нь би мэдэхгүй гэхэд 1 дүгээр сарын 12-ноос хойш огт ажиллаагүй багш Тэгшсайханы нэр дээр цалин гаргаж төлүүлнэ гэсэн. Би тэгэх боломжгүй гэж хэлээд өрөөнөөс нь гараад явсан. Би өрөөндөө ороод сэйф онгойлгоод зогсож байтал Туул орж ирээд Оюунтуяагийн гэр шатсаныг чи мэдсэн үү, чи явж янзал гэж зандрахаар нь гэр нь шатаагүй цахилгааны утас нь маасалсан гэсэн биз дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь янз бүрийн юм яриад хэрүүл хийх гээд байхаар нь би өнөөдөр чамтай хэрүүл хиймээргүй байна, чи манай өрөөнөөс гар гэж хэлсэн. Туул ширээний өмнө зогсож байгаад өрөөнөөс гарах гэж байснаа буцаж эргээд ширээн дээр байсан багц түлхүүрийг над руу шидэхэд тэр нь намайг оноогүй газар унасан. Дараа нь компьютерийн маузны пад шидсэн, тэр нь баруун мөр орчим оносон. Тэгээд Туул хаалгаар гарах гэж байснаа буцаж эргээд ширээн дээр байсан миний цай ууж байсан шаазан бариултай аягыг над руу чулуудсан. Би баруун гарын тохойгоо зүүн гараараа бариад хүүе чи миний гарыг гэмтээчихлээ ш дээ гэж хэлсэн чинь Туул “чамайг намайг цохисон гэж хэн мэддэг юм бэ” гээд гараад явсан. Би ардаас нь гараад хөөе цагдаа дуудаарай энэ намайг зодчихлоо гэж хашгиртал өрөөний өөдөөс харсан ангийн багш Г.Туул өрөөнөөс гарч ирээд харсан. Мөн үүдний жижүүр Энхтуяа, Ө.Т бид хоёрыг хэрүүл хийгээд явж байхыг харсан. Би Энхтуяаг цагдаа дууд гэсэн чинь надад утас байхгүй байна гэж хэлсэн. Тэр үед бас цаад талаас Х.Отгонсүрэн шатнаас бууж яваад Ө.Т бид хоёрыг хэрэлдээд явж байхыг харсан. Мөн Даваажав багш бас харсан. Надад Даваажав багш нэг юм хэлж байсан яг юу гэсэн болохыг одоо санахгүй байна. Ө.Т төв хаалгаар гараад гадагш явчихсан. Би өрөөндөө ортол ардаас Отгонсүрэн орж ирэхээр нь би өөрийнхөө баруун гарын тохойг үзүүлж Ө.Т ширээн дээр байсан шаазан аягаар шидээд гар гэмтээчихлээ гээд Отгонсүрэнд үзүүлсэн чинь цагдаад хэлээч гэж надад хэлсэн. Би өрөөндөө хэсэг сууж байгаад Ариунжаргалыг дуудсан. Ариунжаргал өрөөнд орж ирэхээр нь болсон явдпыг хэлээд энэ аягаар миний тохойг цохичихлоо гэсэн чинь газар байсан шаазан аяга аваад дээш ширээн дээр тавиад яанаа, та гэмтлийн эмнэлэг, явах уу би хүргээд өгье, яасан даварчихсан юм бэ та цагдаа дуудаач гэж надад хэлсэн. Би одоо явах боломжгүй цалингаа биччихээд явна гэж хэлээд Ариунжаргалаар Ө.Тын ардаас цалингийн хүснэгт өгч гарын үсэг зуруулахаар явуулсан. Мөн Энхсаруул гэдэг багшийг өрөөндөө дуудаж Ө.Т аяга шидсэн талаар хэлж болсон явдлыг хэлсэн чинь цагдаад ханд ямар дээрэлхүү юм бэ гэж надад хэлсэн. Мөн Цэцэрлэгийн эмч Дорждэрэмд үзүүлэх гэж ортол эмчилгээ хийлгээд сууж байсан Түвшинжаргал гээд багш сууж байсан. Тэр хоёрт бас Ө.Т тохой гэмтээсэн талаар хэлсэн чинь эмч Дорждэрэм тохойны гэмтэл хэцүү байдаг юм та гэмтлийн эмнэлэг явж үзүүл гэж зөвлөгөө өгсөн. Түвшинжаргал багш болохоор нэгнийгээ ингэж гэмтээгээд байх даа яахав дээ гэж хэлсэн. Миний баруун гарын тохой хөхөрч хавдаж, баруун гарын хөдөлгөөн хязгаарлалттай, юм хийж болохгүй 10 гаруй хоног сойлттой байсан. 10 гаруй хоног эмчилгээ хийлгэсэн унаа, эм тарианы зардал гээд 150.000 төгрөг гарсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-12-13, 14-15/,

            Хохирогч Ц.Дийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг: 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн үед ажил дээр байж байтал эрхлэгчээр ажиллаж байсан Туул намайг өрөөндөө дуудсан. Намайг өрөөнд нь ороход 2017 оны 3 сард мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн чадвар алдсан хүн ажиллуулаагүй гэсэн үндэслэлээр 2.300.000 орчим төгрөгийн акт үзүүлээд энийг яаж төлөх юм бэ гэхэд нь би энэ чинь намайг ажилд орохоос өмнөх буюу урд оны зүйл байна. Мөн дээрээс нь төсөвт мөнгө нь суугаагүй тул төлөх боломжгүй гэж хэлсэн. Тэгэхэд Туул уурлаад тэгвэл ажилчдын нэр дээр цалин гаргаж төлнө гэхэд нь би боломжгүй, ийм зүйл байж болохгүй гэсэн.  Тэгтэл 2018 оны 1 сараас манай байгууллагад огт ажиллаагүй Туул эрхлэгчийн хамаатан Тэгшсайхан гэх хүний нэр дээр цалин гаргаж төлнө гэхэд нь би ажил хийгээгүй хүнд цалин бичих боломжгүй гэж хэлээд би өрөөнөөс нь гарч өөрийн өрөөндөө орсон. Үүнээс 20-30 минутын дараа Туул манай өрөөнд орж ирэн, үүдэнд зогсож байхдаа “энэ хойд гэр шатсан байна, чи мэдсэн үү” гээд зандрангуй байдлаар хэлсэн. Би гэр нь шатаагүй, цахилгааны утас гэмтсэн байна лээ гэхэд чи энийг зас гэхээр би за одоохондоо мөнгө байхгүй байна гэхэд намайг төсөв гаргаж өг гэсэн. Миний өрөө ойролцоогоор 12 мкв талбайтай. Би төсвийг нь гаргаж өгөх гээд сэйфээ онгойлгоод зогсож байтал миний ширээн дээр байсан багц 10-аад ширхэг түлхүүрийг авч над руу чулуудсан. Түлхүүр намайг онолгүй унасан. Дараа нь маузны пад авч над руу дахин шидсэн. Түүний дараа намайг цонх руу хараад эргэтэл аяга шидэн миний тохой руу оносон. Манай өрөө цементэн шалтай боловч битүү дрож дэвсээд дээр нь улаан эрээн хивс дэвссэн учраас аяга газар унаад хагарах боломжгүй. Миний гар хүчтэй өвдсөн тул тохойгоо бариад чи намайг гэмтээчихлээ шүү дээ гэхэд намайг цохисон гэдгийг хэн мэддэг юм гээд толгойгоо хаялаад өрөөнөөс гарахад нь араас нь гартал өөдөөс харсан ангийн туслах багш Г.Туул гараад ирэхээр нь би энэ намайг зодчихлоо цагдаа дуудаарай гэсэн. Тэгэхэд туслах багш Г.Туул буцаад өрөөндөө орсон. Энэ үед коридороор явж байтал шатан дээр Даваажав багш явж байхаар нь мөн энэ намайг зодчихлоо гэхэд Даваажав багш юм хэлэлгүй яваад өгсөн. Тэгээд үүд рүү очтол жижүүр үүдэнд цэвэрлэгээ хийгээд зогсож байхаар нь цагдаа дуудаарай гэхэд жижүүр Энхтуяа надад нэгж байхгүй гэсэн. Энэ үед эсрэг талын шатаар арга зүйч Отгонсүрэн бууж ирж байхад Туул эрхлэгч намайг элдэв янзаар доромжлоод цэцэрлэгээс гараад явсан. Би өрөөндөө орон бухимдаж сууж байгаад нярав Ариунжаргалыг утсаар дуудан Туул эрхлэгч зодчихлоо гээд гараа харуултал та эмнэлэг, цагдаад хандаач гэж зөвлөсөн. Түүний дараа Энхсаруул багш миний өрөөнд орж ирэхээр нь Туул намайг зодчихлоо гээд болсон зүйлийн талаар хэлтэл цагдаад ханд гэсэн. Мөн үүний дараа Отгонсүрэнг орж ирэхэд нь тохойгоо үзүүлэхэд бага зэргийн хөхөрсөн байсан. Тухайн үед өвдөж байсан боловч хөхрөлт няцралт том болоогүй байсан. Би цалингаа бичих ёстой байсан тул 14 цаг хүртэл сууж цалингаа бичин Ариунжаргалаар эрхлэгч рүү өгч явуулсан. Тэгээд би ажлаас гаран цагдаагийн газар очин өргөдлөө өгсөн бөгөөд тэндээсээ шүүх эмнэлэгт 2018 оны 03 дугаар сарын 07-ны орой 21 цагийн үед үзүүлсэн. Маргааш нөгөөдөр хоёр нь амралтын өдөр байсан тул 2018 оны 3 дугаар сарын 09-16-ны өдрийг хүртэл эмнэлэгт эмчлүүлсэн. Тухайн үед би теннис тоглох ямар ч боломжгүй байсан. 1-2 сарын дараах зүйлийг Туул яриад байх шиг байна. Туул нь надад байнга ажлын байрны дарамт шахалт үзүүлдэг. Бусад ажилчдыг над руу турхирдаг. Миний өрөөнд орсон хүн бүхний ажлаас хална гэж дарамталдаг. Бид хоёрын хэрүүл маргаан нь Авилгатай тэмцэх газарт шалгагдсан 60 сая төгрөгний асуудлаас үүдэлтэй. Би хөдөлмөрийн чадвар 7 хоног алдсан. Эдийн засаг болон эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хохирсон. Хамгийн гол нь намайг зодчихоод зодоогүй гэж гүтгэж байгаад гомдолтой байна. Эмчилгээ зардал болон миний ур чадвар, үр дүнгийн мөнгийг хассан байсан. Иймд хохиролд нийт 590.222 төгрөг нэхэмжилж байна гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/.

- Гэрч М.Он мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өглөө ажил дээрээ байж байхад 15 цагийн үед 1 давхрын коридорт хүмүүс чанга чанга дуугараад хэрүүл хийгээд байхаар нь буугаад очсон чинь Дэлгэрэх чи миний гар руу аягаар цохьчихлоо ш дээ гээд Туултай маргалдаад зогсож байсан. Туул Дэлгэрэхийг шоронгийн авгай, шорон царайлчихаад гэж үг хэлээр доромжилж байгаад гараад явчихсан. Дэлгэрэх өрөөрүүгээ орсон. Хэсэг байж байгаад Дэлгэрэхийн өрөө рүү орж юу болсон талаар асуухад Туул над руу түлхүүр, компьютерийн пад, шаазан аяга шидчихлээ. Аяга миний баруун гарын тохой дээр цохьчихлоо гэхээр нь би цагдаад хэлээч гэсэн...Тэгэхээр нь Дэлгэрэхийн баруун гарын тохойг үзсэн чинь улайчихсан, хөхөрчихсөн байсан. Би хэрэг болноо, баримт болгоод зургийг нь дараад өгье гээд Дэлгэрэхийн гар утсаар тохойн хэсгийг харуулсан нэг зураг, дараа нь нүүр цээжин хэсгийг тал оруулж хоёр зураг дарж өгсөн. Ер нь хоорондоо таарамжгүй харьцаатай байдаг. Дэлгэрэх “чи миний гарын цохьчихлоо” гэж хэлсэн чинь Туул эрхлэгч цохисон гэж хэн мэдэх юм...гээд гараад явчихсан...Дэлгэрэх Туул хоёрын маргаан 12 цагийн үед болсон байх, би 13 цагийн үед 1 давхар руу буусан, тэр үед Дэлгэрэх, Туул 2 маргалдаад зогсож байгаад эрхлэгч гараад явсан. Би 15 цагийн үед Дэлгэрэхийн өрөөнд орсон...” гэх мэдүүлэг /хх-19-20/,  

- Гэрч Л.Ан мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 07-ны өглөө ажил дээрээ байж байхад 1 давхарт 2 хүн маргалдаад байх шиг чанга чанга дуу гараад байхаар нь өрөөнөөсөө гараад нэг давхарт очтол эрхлэгч Туул гараад явж байсан. Нягтлан Дэлгэрэх ардаас нь цагдаа дууд гээд орилоод байсан. Би гал тогооны өрөөрүү орчихсон. Намайг хоол идэж байсан чинь Дэлгэрэх утсаар манай өрөөнд ороод ир гэж дуудахаар нь Дэлгэрэхийн өрөөрүү ортол энэ аягаар Туул намайг цохьчихлоо, баруун гараа хөдөлгөж болохгүй байна. Тохой эвгүй болчихлоо гээд шаазан бариултай аягыг заахаар нь би шалан дээрээс авч Дэлгэрэхийн өмнө ширээн дээр тавьсан. Би Дэлгэрэхэд цагдаа, эмнэлэг дуудаж үзүүлсэн нь дээр гэж хэлсэн. Дэлгэрэхийн өрөөнд ороход гараа ширээн дээр тавьчихсан, баруун гарын тохойгоо зүүн гараараа барьчихсан, шаазан аяга нь газар уначихсан байсан. Дэлгэрэх манай цэцэрлэгт ажилд орсноос хойш эрхлэгч Туултай таарч тохирдоггүй...” гэх мэдүүлэг /хх-21-22/,

- Гэрч С.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ хүүхдүүд унтаж байхад 14 цагийн үед миний толгой өвдөөд байхаар нь эмч Дорждэрэмийн өрөөнд орж толгойгоо бариулаад сууж байтал гаднаас нягтлан орж ирээд миний тохойг хар даа, над руу Ө.Т аяга шидчихлээ зодчихлоо, гээд тохойгоо Дорждэрэм эмчид үзүүлсэн. Дорждэрэм “та хүйтэн жин тавиад зургийг нь авахуул” гэж хэлсэн. Тэр 2 таарамж муутай байдаг...” гэх мэдүүлэг /хх-25-26/,  

- Гэрч Т.Дйн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шиг санагдаж байна. Тэр өдөр би өрөөндөө байсан чинь эрхлэгч Ө.Т нягтлан бодогч Дэлгэрэх хоёр хоорондоо маргалдаж байгаа чанга дуугарах чимээ сонсогдсон. Яг юу хэлээд маргалдаад байсан талаар сонсогдоогүй. Би өрөөндөө багш Түвшинжаргалын толгойг бариад сууж байсан чинь гаднаас нягтлан бодогч Дэлгэрэх орж ирээд эрхлэгч Туул миний баруун гарын тохой руу аягаар цохьчихлоо, аяга шидэхээр нь гараараа хаасан гэхээр нь би үзье гэтэл Дэлгэрэх цамцныхаа баруун гарын ханцуйг дээш шууж үзүүлсэн, бага зэргийн зайдуу газраас үзүүлсэн, гараараа барьж, нүдээр тулж үзээгүй...Миний нүдээр харахад тохой нь улааж хөхөрчихсөн юм харагдаагүй... Гэмтэл явж үзүүл, зөөлөн эд гэмтсэн юм уу, яс гэмтсэн эсэх нь зургаар гарна гэж хэлсэн... Дэлгэрэх, Туул хоёр ер нь таарамж муутай байдаг...” гэх мэдүүлэг /хх-27-28/,   

- Гэрч Г.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр жижүүртэй байж байхад эрхлэгч Ө.Т нягтлан бодогч Дх хоёр Дэлгэрэхийн өрөөнд маргалдаж байгаад эрхлэгч Туул өрөөнөөс гарч иртэл араас нь Дэлгэрэх гарч ирээд “цагдаа дууд гар хугалчихлаа” гэж хэлтэл Ө.Т шууд гараад явчихсан. Надад утас байхгүй байсан болохоор утас байхгүй байна гэж тухайн үед Дэлгэрэхэд хэлж байсан” ...Дэлгэрэх өрөөнөөс гарч ирэхдээ баруун тохойгоо зүүн гараараа барьчихсан гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-29-30/,  

- Гэрч Г.Двын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эрхлэгч Туулаас чөлөө авах гээд өрөөнд нь ортол байгаагүй, 1 давхарт очтол шатны хажууд нягтлан бодогч Дэлгэрэх, эрхлэгч Туул 2 маргалдаад, Дэлгэрэх нь энэ тэнэг дарга чинь миний гарыг аягаар цохьчихлоо гээд зүүн гараараа баруун гарынхаа тохойг барьчихсан зогсож байсан. Туул болохоор “би чамайг цохиогүй ш дээ, ямар аймар хүүхэн бэ” гээд байсан... би Отгонсүрэнд тэр 2 хэрүүл хийгээд байна, та чөлөө өгөөч гэж хэлээд явсан...” /хх-31-32/,

- Гэрч Э.Элын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь нягтлан бодогч Дэлгэрэх миний гар утас руу залгаж “та нэг манай өрөөнд ороод ир” гэхээр нь би ортол Дэлгэрэх эрхлэгч Туул миний баруун гарын тохой руу аяга шидчихлээ гэж хэлээд тохойгоо харуулсан. Тохой нь хөх болчихсон харагдсан. Чи өөр хүнд хэлсэн юм уу гэсэн чинь няравт харуулсан гэж байсан. Үүд рүү гараад Энхтуяаг цагдаа дуудаач, дарга чинь зодоод байна гэж хэлсэн гэсэн. Ер нь Дэлгэрэх, Туул хоёр маш таарамж муутай хэрүүл хийгээд байдаг...” гэх мэдүүлэг /хх-33-34/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3407 дугаартай шинжээчийн дүгнэлт: Хэсэг газрын үзлэг: Баруун тохойд 3,5х3см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, нугалах, тэнийлгэх хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдмал, өвчин эмзэглэлтэй. 2018.03.09-ны ГССҮТ-ийн хүлээн авахын эмчийн үзлэгт: Онош: Баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал. Дүгнэлт: Ц.Дийн биед баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-42/,  

- Шинжээч эмч Ц.Бн “...Дэлгэрэхийн биед хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл. Толгой өвдөнө, баруун тохойгоор өвдөнө, аяга шидсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-35/

- Ө.Тын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-16-18/,  

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-180/,  

- Шүүгдэгч Ө.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “...би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй...” тухай мэдүүлэг /хх-53/,  

Шүүгдэгч Ө.Тын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг: Би 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 12 цаг 50 минутын үед ажилдаа ирсэн бөгөөд Ц.Дийг өрөөндөө дуудаж, ажлын шаардлага тавьсан. Түүний дараа өдрийн 13 цаг 30-40 минутын үед би өөрөө Ц.Дийн өрөөнд орсон. Би өрөөнд нь орохдоо өнөөдөр ажилчдын цалин тавь гэдэг шаардлага тавьсан. Гэтэл Ц.Д цалинг сар бүрийн 15, 30-ны өдөр тавьдаг, өнөөдөр тавих боломжгүй гэсэн. Ц.Д тус цэцэрлэгт нягтлан бодогчоор ажилд орсоноос хойш дандаа цалин хойшлуулж тавьдаг болсон. Би төрийн байгууллага буюу төсвийн байгууллагын ажилчид аливаа баяр наадмын өмнө урьдчилгаа цалингаа тавьдаг гэсэн. Хэрвээ мэдэхгүй бол өөрийнхөө ажлыг хийлгэдэг хүнээсээ асуу гэсэн чинь Ц.Д цалин тавихгүй гэж маргалдсан. Энэ үед би 2018 оны төсвийн задаргааг надад өгөхгүй байсан тул үүнийгээ нэхэж байгаад өрөөнөөс нь гарсан. Ц.Дийн өрөө 2х3 хэмжээтэй өрөө байдаг. Ц.Дэлгэр баруун гараа зурган дээр байгаа шиг цаад хана руу харуулан сэйфээ онгойлгон төсвийн задаргаа хайж байгаад олдохгүй болохоор нь надад оруулж өгөөрэй гээд өрөөнөөс нь гарсан. Өрөөнөөс гараад коридороор 10м орчим явж байтал Ц.Д араас гарч ирээд наад муу луйварчин чинь намайг зодчихлоо, миний гарыг хугалчихлаа, цагдаа дуудаарай гэж орилсон. Манайх сургуулийн өмнөх боловсрол олгодог байгууллага учраас цагдаа шорон гэдэг зүйл байдаггүй байсан. Ц.Дийг цагдаа дуудаарай гэж орилоход үүдний жижүүр Энхтуяа таараад нэгж байхгүй байна гэсэн. Би энэ үед цэцэрлэгийн үүдэнд 10 минут ярьж сууж байгаад 14 цаг 40 минтуын үед ажлаасаа гарахад Ц.Д тэр хавиар эргэлдээд байсан. Ц.Д бид хоёрыг түүний өрөөнд маргалдаж байхад хажууд нэг ч хүн байгаагүй. Намайг Ц.Дийн өрөөнөөс гараад явж байхад туслах багш Г.Туул ангиасаа гарч явж байсан. Мөн үүдний жижүүр Энхтуяа байсан. Гэрчээр мэдүүлэг өгсөн Энхсаруул, Отгонсүрэн нар тухайд үед хажууд огт байгаагүй. Багш Даваажав шатаар дээшээ явж байсан. Ц.Д цагдаа дуудаарай гэж орилж байх үедээ цэцэрлэгийн эмч Дорждэрэмийн өрөөнд орж, тохойгоо үзүүлсэн байдаг. Энэ үед Ц.Дийн тохой нь хөхөрсөн, улайсан, няцарсан, ямар нэг гэмтэл учирсан шинж тэмдэг байгаагүй гэдгийг эмч Дорждэрэм хэлдэг. Түүний дараа ямар асуудал үүссэнийг мэдэхгүй. 15 цаг 30 минутын үед хорооллын арын зам дээр явж байхад цалингаа бодоод надаар батлуулахаар нярав Ариунжаргал, слесерь Батбаяр нараар явуулсан байсан. Ц.Д тухайн өдрөө буюу 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрөө цагдаагийн байгууллагад хандсан эсэх нь тодорхойгүй байхад мөн тэр өдрөө шүүх эмнэлэгт үзүүлэлгүйгээр хоёр өдрийн дараа үзүүлсэн байна. Энэ хооронд хэзээ, хаана, яаж гэмтсэн нь тодорхойгүйгээр гэмтэл авсан байна. Тухайн үед хохирогч Ц.Д нь ажлаа хийж байсан. Намайг тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас зайлуулахын тулд элдвээр доромжилж, намайг 59 сая төгрөг идсэн. Шоронгын хулгайч, удахгүй шоронд явна гэх зэргээр хамт олны дунд удаа дараа дарамталж, доромжилж байсан. Түүний дараахан манай ажилчидтай теннис тоглож байгааг харахад гар нь гэмтсэн байдал харагдахгүй байсан. Мөн тухайн өдөр өргөдлөө 11 цагийн үед бичсэн гэх байдал, мөн намайг ажлаас гарсаны дараа буюу Ц.Д гараа хугалуулчихлаа гэснийхээ дараа өргөдлөө бичиж, цалин бодсон зэрэг байдлаас харвал тухайн үед түүнд гэмтэл учирсан гэдэг нь эргэлзээтэй байна. Мөрдөгч Ганбат хэний зураг нь тодорхойгүй зургыг нотлох баримтаар хавтас хэрэгт хийсэн байдаг. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Ц.Дийн ажил байдал, хамт олны тодорхойлолт нь түүний хэн бэ гэдгийг харуулж байна. Тиймээс намайг гүтгэж гүжирдсэн болох нь тодорхой юм. Үүний цаад шалтгаан нөхцөл нь намайг ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдуулж, ажлыг маань булаах гэсэн санаа зорилгоос үүдэлтэй. Тиймээс энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч Ө.Т нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Ц.Дийн ажлын өрөөнд өөр хоорондын таарамжгүй харьцааны улмаас Ц.Дтэй хэрүүл маргаан үүсгэн, ширээн дээр нь байсан шаазан аягыг чулуудсанаас түүний эрүүл  мэндэд “баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :  

- хохирогч Ц.Дийн...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эрхлэгч Туул бид хоёрын хооронд эрхлэгчийн ажлын өрөөнд болон миний ажлын өрөөнд “цалингийн урьдчилгаа тавих, шалгалтын зөрчлийн төлбөр хэрхэн төлөх, ажилчдаар хувааж төлүүлэх эсэх, ажиллаагүй багш Тэгшсайханы нэр дээр цалин гаргаж төлүүлэх эсэх, шатсан гэрийг янзлах зэрэг асуудлаар” санал зөрөлдсөн, маргаан гарсан, тэгээд Туул миний өрөөнд орж ирээд байхдаа дээрх асуудлаар мөн хэрүүл хийгээд байхаар нь “өнөөдөр чамтай хэрүүл хиймээргүй байна, манай өрөөнөөс гар” гэж хэлтэл Туул ширээний өмнө зогсож байгаад өрөөнөөс гарах гэж байснаа буцаж эргээд ширээн дээр байсан багц түлхүүр шидсэн ч оноогүй газар унасан. Дараа нь компьютерийн маузны пад шидсэн, тэр нь баруун мөр орчим оносон.  Тэгээд Туул хаалгаар гарах гэж байснаа буцаж эргээд ширээн дээр байсан миний цай ууж байсан шаазан бариултай аягыг над руу чулуудсан, би баруун гарын тохойгоо зүүн гараараа бариад хүүе чи миний гарыг гэмтээчихлээ ш дээ гэж хэлэхэд Туул “намайг цохисон” гэж хэн мэддэг юм бэ гээд гараад явсан...жижүүр Энхтуяа нь Ө.Т бид хоёрыг хэрүүл хийгээд явж байхыг харсан, цагдаа дууд гэсэн чинь надад утас байхгүй байна гэж хэлсэн...Туул аяга шидээд миний гарыг гэмтээчихлээ гээд ажлынхаа хамт олон болох Отгонсүрэн,  Даваажав, Түвшинжаргал, Ариунжаргал, эмч Дорждэрэм нарт хэлсэн, тэд мэдсэн, харуулсан тухай мөрдөн байцаалт /хх-12-13, 14-15/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,   

- гэрч М.Отгонсүрэнгийн...Дэлгэрэх, Туул хоёрын маргаан 12 цагийн үед болсон байх, би 13 цагийн үед 1 давхар руу буусан, тэр үед Дэлгэрэх, Туул 2 маргалдаад зогсож байгаад эрхлэгч гараад явсан...Би 15 цагийн үед Дэлгэрэхийн өрөөнд орсон...Дэлгэрэх надад “Туул над руу түлхүүр, компьютерийн пад, шаазан аяга шидчихл-ээ. Аяга миний баруун гарын тохой дээр цохьчихлоо” гэхээр нь би цагдаад хэлээч гэсэн...баруун гарын тохойг үзсэн чинь улайчихсан, хөхөрчихсөн байсан. Би хэрэг болно, баримт болгоод зургийг нь дараад өгье гээд Дэлгэрэхийн гар утсаар тохойн хэсгийг харуулсан нэг зураг, дараа нь нүүр цээжин хэсгийг тал оруулж хоёр зураг дарж өгсөн...гэх мэдүүлэг /хх-19-20/,    

- гэрч Л.Алын...2018 оны 03 дугаар сарын 07-ны өглөө ажил дээрээ байж байхад 1 давхарт 2 хүн маргалдаад байх шиг чанга дуу гараад байхаар нь өрөөнөөсөө гараад нэг давхарт очтол эрхлэгч Туул гараад явж байсан. Нягтлан Дэлгэрэх ардаас нь цагдаа дууд гээд орилоод байсан...Дэлгэрэх утсаар манай өрөөнд ороод ир гэж дуудахаар нь ортол Туул намайг аягаар цохьчихлоо, баруун гараа хөдөлгөж болохгүй байна гээд шаазан бариултай аягыг заахаар нь би шалан дээрээс авч Дэлгэрэхийн өмнө ширээн дээр тавьсан...Дэлгэрэх нь гараа ширээн дээр тавьчихсан, баруун гарын тохойгоо зүүн гараараа барьчихсан байсан. Дэлгэрэх манай цэцэрлэгт ажилд орсноос хойш эрхлэгч Туултай таарч тохирдоггүй...гэх мэдүүлэг /хх-21-22/,

- гэрч С.Түлын...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ хүүхдүүд унтаж байхад 14 цагийн үед миний толгой өвдөөд байхаар нь эмч Дорждэрэмийн өрөөнд орж толгойгоо бариулаад сууж байтал гаднаас нягтлан орж ирээд миний тохойг хар даа, над руу Ө.Т аяга шидчихлээ зодчихлоо, гээд тохойгоо Дорждэрэм эмчид үзүүлсэн. Дорждэрэм “та хүйтэн жин тавиад зургийг нь авахуул” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-25-26/, 

- гэрч Т.Дон...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шиг санагдаж байна. Тэр өдөр би өрөөндөө байсан чинь эрхлэгч Ө.Т нягтлан бодогч Дэлгэрэх хоёр хоорондоо маргалдаж байгаа чанга дуугарах чимээ сонсогдсон...Би өрөөндөө багш Түвшинжаргалын толгойг бариад сууж байсан чинь Дэлгэрэх орж ирээд эрхлэгч Туул миний баруун гарын тохой руу аягаар цохьчихлоо гэхээр үзье гэтэл Дэлгэрэх цамцныхаа баруун гарын ханцуйг дээш шууж үзүүлсэн, бага зэргийн зайдуу газраас үзүүлсэн, гараараа барьж, нүдээр тулж үзээгүй...Миний нүдээр харахад тохой нь улааж хөхөрчихсөн юм харагдаагүй...Гэмтэл явж үзүүл, зөөлөн эд гэмтсэн юм уу, яс гэмтсэн эсэх нь зургаар гарна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-27-28/,  

- гэрч Г.Эйн...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр жижүүртэй байж байхад эрхлэгч Ө.Т нягтлан бодогч Дэлгэрэх хоёр Дэлгэрэхийн өрөөнд маргалдаж байгаад эрхлэгч Туул өрөөнөөс гарч иртэл араас нь Дэлгэрэх гарч ирээд “цагдаа дууд гар хугалчихлаа” гэж хэлтэл Ө.Т шууд гараад явчихсан. Надад утас байхгүй байсан болохоор утас байхгүй байна гэж тухайн үед Дэлгэрэхэд хэлж байсан...Дэлгэрэх өрөөнөөс гарч ирэхдээ баруун тохойгоо зүүн гараараа барьчихсан гарч ирсэн...гэх мэдүүлэг /хх-29-30/,   

- гэрч Г.Двын...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр  эрхлэгч Туулаас чөлөө авах гээд өрөөнд нь ортол байгаагүй, 1 давхарт очтол шатны хажууд нягтлан бодогч Дэлгэрэх, эрхлэгч Туул 2 маргалдаад, Дэлгэрэх нь дарга миний гарыг аягаар цохьчихлоо гээд зүүн гараараа баруун гарынхаа тохойг барьчихсан зогсож байсан. Туул болохоор “би чамайг цохиогүй ш тээ, ямар аймаар хүүхэн бэ” гээд байсан...гэх мэдүүлэг /хх-31-32/,

- гэрч Э.Энын...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь нягтлан бодогч Дэлгэрэх миний гар утас руу залгаж “та нэг манай өрөөнд ороод ир” гэхээр нь би ортол Дэлгэрэх эрхлэгч Туул миний баруун гарын тохой руу аяга шидчихлээ гэж хэлээд тохойгоо харуулсан. Тохой нь хөх болчихсон харагдсан. Чи өөр хүнд хэлсэн юм уу гэсэн чинь няравт харуулсан гэж байсан. Үүд рүү гараад Энхтуяаг цагдаа дуудаач, дарга чинь зодоод байна гэж хэлсэн гэсэн. Ер нь Дэлгэрэх, Туул хоёр маш таарамж муутай хэрүүл хийгээд байдаг...гэх мэдүүлэг /хх 33-34/,  

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3407 дугаартай шинжээчийн дүгнэлт : Хэсэг газрын үзлэг : Баруун тохойд 3,5х3см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, нугалах, тэнийлгэх хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдмал, өвчин эмзэглэлтэй. 2018.03.09-ны ГССҮТ-ийн хүлээн авахын эмчийн үзлэгт : Онош : Баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал.

Дүгнэлт : Ц.Дийн биед баруун тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-42/,  

- шинжээч эмч Ц.Баын “...Дэлгэрэхийн биед хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл. Толгой өвдөнө, баруун тохойгоор өвдөнө, аяга шидсэн гэж байсан... гэх мэдүүлэг /хх 35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ө.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт :         

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, тус хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хангалттай гэж үнэлэв. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч нь биедээ гэмтэл авсан тухайн үедээ Ө.Тд зодуулсан талаараа ажлын хамт олондоо мэдэгдсэн, ярьсан, харуулсан, мөн гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, болсон тухайн үйл явдлын талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн, мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тухайн мэдүүлгийн эх сурвалж нь бусад гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт  зэрэг нотлох баримтын эх сурвалжтай, хохирогч, гэрч, шинжээч нарыг худал  мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй байна.   

Тодруулбал, хохирогч нь тухайн өдөр шүүгдэгчээс өөр хүнтэй маргаагүй, хохирогч нь шүүгдэгчтэй маргалдахаас өмнө эсхүл хойно биедээ гэмтэл авсан, тухайн гэмтлийг хохирогч өөрөө өөртөө учруулсан эсхүл шүүгдэгчээс өөр бусад хүний үйлдлийн улмаас гэмтэл авсан гэж үзэх үндэслэл, нотлох баримтгүй байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай, идэвхтэй үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон гэж үзнэ.

Гэрч Т.Дйн мөрдөн байцаалтад өгсөн...Дх цамцныхаа баруун гарын ханцуйг дээш шууж...бага зэргийн зайдуу газраас үзүүлсэн, гараараа барьж, нүдээр тулж үзээгүй...Миний нүдээр харахад тохой нь улааж хөхөрчихсөн юм харагдаагүй...Гэмтэл явж үзүүл, зөөлөн эд гэмтсэн юм уу, яс гэмтсэн эсэх нь зургаар гарна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг нь шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй гэж үзэх үндэслэл, нотлох баримт болохгүй байх ба хохирогч нь  Т.Дорждэрэмээс зөвлөгөө авсны дараа тэр өдрөө буюу 2018.03.09-ны өдөр ГССҮТ-ийн хүлээн авахын эмчид үзүүлсэн, онош нь “баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал” гэж гарсан, улмаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, түүнчлэн мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд, мөн урьдчилсан хэлэлцүүлэгт буюу тус хэргийг шүүхээс 2 удаа прокурорт буцаасан цаг хугацаанд /хх-120-121/, 15-159/ шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдол, саналууд, тухайн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан баримтууд гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

Шүүгдэгч нь холбогдох хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд өөрийн эсрэг мэдүүлэг өгөөгүй байдал нь түүнд холбогдох хэргийг нотлогдоогүй, Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй гэж үзэх үндэслэлд хамааралгүй болно.

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй тухай шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэв.  

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэх хохиролд нийт 590,222 төгрөг нэхэмжилсэн байх боловч эмчилгээ хийлгэсэн гэх баримт 2 удаа зөрүүтэй гарсан, талуудын гарын үсэггүй, хохирогчийн нас, хүйс зэрэг буруу бичигдсэн, цалин, ур чадвар, урамшууллын дутуу, зөрүүний талаар хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримтгүй буюу хохирогч нь албан ёсоор чөлөө авсан эсэх, тухайн цалин, ур чадвар, урамшууллыг дутуу олгосон шийдвэр, түүний үндэслэлийг баталсан, үгүйсгэсэн баримтгүй байх тул шүүхээс хангах боломжгүй, харин хохирогч нь эмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан торгох ял шийтгэв.

 

Бусад асуудал:     

Уг хэрэгт эд мөрийн баримтаар шаазан, бариултай аяга 1 ширхэгийг хураасан,  битүүмжлэгдсэн зүйлгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Ө.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Тд оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Т нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шаазан, бариултай аяга 1 ширхэгийг уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.   

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ө.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР