Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 427

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Х.Наранбаатарын нэхэмжлэлтэй Б.Цэрэнд холбогдох “1.728.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад: 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Наранбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь хувийн ажлаар Улаанбаатар хот руу явж байх үед 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Хөтөл хөшөөний орчимд туслах замаас ачааны портер машин дүрэм зөрчин орж ирж мөргөсний улмаас миний унаж явсан Киа Бонго маркийн автомашинд эвдрэл, хохирол учирсан юм.

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5/80 дугаар тогтоол, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 45 тоот шинжээчийн дүгнэлтээр туслах замаар орж ирж мөргөсөн Хюндай Портер маркийн 3634 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Цэрэн нь замын хөдөлгөөний дүрмийн 12, 12.9 дэх заалтыг зөрчин осол гаргаж, бусдад хохирол учруулсан буруутай болох нь тогтоогдсон. Дээрх ослын улмаас миний машинд 1.631.000 төгрөгийн эвдрэл, автомашинд үнэлгээ хийлгэсэн зардал 97.000 төгрөг нийт 1.728.000 төгрөгийн хохирол учирсан. 

     Иймд надад учирсан хохирол болох дээрх 1.728.000 төгрөгийг буруутай этгээд болох Б.Цэрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ. 

             Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 2 дугаар хэсгийн 052 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Бадрахын Цэрэн  /УА-95080515/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Бадрах овогтой Цэрэн миний бие нь Х.Наранбаатарын Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Х.Наранбаатарын нэхэмжилсэн 1.728.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Одоогоор би дээрх ослын улмаас гэмтэж хөлөө хугалж хөдөлмөрийн чадвараа түр алдсан учир Х.Наранбаатарын 1.728.000 төгрөгийг төлөх боломжгүй байна. Тийм учир 1.728.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаа мэдэгдэж байна. Үнийн дүн дээр маргалдаад байх зүйлгүй гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Х.Наранбаатар нь хариуцагч Б.Цэрэнгээс “1.728.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

 Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 42598 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 21299 төгрөгийг, үлдэх 21299 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Х.Наранбаатарын нэхэмжлэлтэй Б.Цэрэнд холбогдох “1.728.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 42598 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 21299 төгрөгийг, үлдэх 21299 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ