Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2024/00032

 

 

 

 

 

 

2024 03 28 207/МА2024/00032

 

 

Ж.Х-ы нэхэмжлэлтэй,

хариуцагч Э барьцаат

зээлийн газарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Х-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э барьцаат зээлийн газарт холбогдох,

Зурагт зарсаны зөрүү үнэ 1.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч О.Э-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Х-, хариуцагчийн төлөөлөгч О.Э-, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Х- би Эрдэнэс 3 барьцаат зээлийн газарт S ухаалаг 50 инч зурагтыг барьцаалж 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 300.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 100.000 төгрөг нэмж нийт 400.000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай зээлж авсан. Түүнээс хойш зээлийн хугацаагаа хэтэрснээс 8 хоногийн дараа О.Э-тай холбогдоход гэрээнд заагдаагүй алданги нэмж нэхэмжлэн үл ойлголцол үүссэн. 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр буюу зээлийн хугацаа дууссанаас хойш 13 хоног, холбогдосноос хойш 5 хоногийн дараа таны бараа зарагдлаа гэсэн мессеж гар утсанд ирсэн. Би S зурагтаа 2023 оны 01 дүгээр сарын 30-нд Г банкны зээлээр 2.090.900 төгрөгөөр авч 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төлж дуусах гэрээтэй байгаа. Иймээс Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16.7-д заасны дагуу борлуулсан барааны үнийн дүнгийн зөрүү 1.640.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ж.Х- нь 2023 оны 08-р сарын 28-ны өдөр хайрцаг савгүй, хэрэглээний эдэлгээтэй, удирдлага байхгүй, С UE 7500 маркын 50 инчийн зурагтыг 300.000 төгрөгийн үнэлгээтэйгээр үйлчлүүлсэн. Маргааш өдөр нь буюу 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 100.000 төгрөгийг нэмэлтээр авсан. Тухайн иргэнтэй байгуулсан 9419 дугаартай зээлийн гэрээнд эд зүйлсийн эхлэх болон дуусах огноо, хугацаа хэтэрснээс хойш хүлээх хүлээлгийн хоног, мөн хугацаа хэтэрснээс хойших 1%-н алдангийн тухай мэдээлэл бүгд байгаа бөгөөд хүлээлгийн хоног дуусаж зарагдах бараанд орсныг сануулсан мессэж илгээсэн байгаа. Иргэн Ж.Х- нь баглаа боодолгүй, удирдлагагүй, хэрэглээний эдэлгээтэй хуучин зурагтыг зах зээлийн үнэлгээнээс 50% давсан лизингийн нэмэгдэлтэй шинэ зурагтны үнэлгээ гаргаж нэхэмжилснийг манай байгууллага гаргаж өгөх боломжгүй гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/..... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 286 дүгээр зүйлийн 286.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.7-д заасныг баримтлан хариуцагч Э барьцаат зээлийн газраас 1.640.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Х-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.190 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э барьцаат зээлийн газраас 20.595 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Х-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Э- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч нь барьцаат зээлийн гэрээн дээр байгаа хүү, алдангийн тайлбарыг уншиж танилцаж гарын үсэг зурсан. Мөн барьцаат эд зүйлийн хугацаа хэтэрсэн, 14 хоног болсон, тухайн холбогдох дугаарт зарагдах бараанд орсон мессеж илгээсэн. Уг зурагт нийт 488.000 төгрөгөөр хүүний хамт хаагдсан бөгөөд 520.000 төгрөгөөр борлуулж мөнгөө гаргаж авсан. Нэхэмжлэгч нь хайрцаг савгүй, удирдлагагүй, хэрэглээний сэвтэй зурагтыг барьцаанд тавьсан боловч дэлгүүрийн лизингийн 40 хувийн нэмэгдэлтэй борлуулдаг шинэ зурагтыг үнэлгээ гаргаж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ .

Нэхэмжлэгч Ж.Х- нь хариуцагч Э барьцаат зээлийн газарт холбогдуулан зурагт зарсаны зөрүү үнэ 1.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1., Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5., 16.7.-д заасныг баримтлан хариуцагч Э барьцаат зээлийн газраас 1.640.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Х-д олгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Ж.Х- нь Э барьцаат зээлийн газарт S ухаалаг 50 инч зурагтыг барьцаалж 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 300.000 төгрөг, 08 дугаар сарын 29-ний өдөр нэмж 100.000 төгрөг нийт 400.000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай зээлж авсан байна.

Нэхэмжлэгч Ж.Х- нь зээлийн хугацаа хэтэрснээс 8 хоногийн дараа буюу 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчтай холбогдсон, 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр буюу зээлийн хугацаа дууссанаас хойш 13 хоног, холбогдсоноос хойш 5 хоногийн дараа таны бараа зарагдлаа гэсэн мессежийг хариуцагч түүний утсанд ирүүлсэн байна. Хариуцагч нь барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулсаны дараа зарагдсан гэж нэхэмжлэгчид мэдэгдэх биш харин өмнө нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг түүнд мэдэгдэх үүрэгтэй байхад мэдэгдлийг барьцаалуулагчид хүргүүлснээс, эсхүл гэрээнд заасны дагуу мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дараа барьцааны зүйлээр шаардлагыг хангах эрх үүсэхээр байсан байна. Эрх үүсээгүй байхад эд зүйлийг худалдан борлуулжээ.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцаа хөрөнгийг зээлдэгчтэй харилцан тохиролцож, бодитой үнэлнэ гэж заасны дагуу барьцаа хөрөнгө болох зурагтыг нэхэмжлэгч Ж.Х-тай тохиролцож үнэлээгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Х- нь S маркийн зурагтыг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Г банкны зээлээр 2.090.900 төгрөгөөр худалдан авсан, зээлийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төлж дуусгах үүрэгтэй байжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч Э барьцаат зээлийн газраас зурагт зарж борлуулсаны зөрүү үнэ 1.640.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Х-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хууль болон Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд нийцсэн, үндэслэлтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч О.Э-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд тэрээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-д заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй болно.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч О.Э-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгч О.Э-ын шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41.190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/..... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч О.Э-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч О.Э-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41.190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

 

Б.Б