Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 134

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Баттулга,         

           улсын яллагч Б.Энхбат,

           хохирогч Д.Н,

            шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Д.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ноёнтон овогт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808054071555 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн байгууллагын “тээврийн хэрэгсэл албадан саатуулах” журмын хашааны орчимд  УНГ улсын дугаартай Делика Ди 5 загварын тээврийн хэрэгслийн салхины хойд шилийг чулуугаар шидэн хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасаны улмаас иргэн Д.Нт 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Г.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн байгууллагын “тээврийн хэрэгсэл албадан саатуулах” журмын хашааны орчимд 96-07 УНГ улсын дугаартай Делика Ди 5 загварын тээврийн хэрэгслийн салхины хойд шилийг чулуу шидэн хагалсан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас иргэн Д.Нт 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :  

- хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13/,

- эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-15/,

- камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-22/,

- хохирогч  Д.Нын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Толгойтоос 21 дүгээр хорооллын чиглэлд тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад дүүргийн хүүхдийн эмнэлгийн туслах замаас хар хөх өнгийн Ниссан санни загварын машин миний машиныг мөргөсөн. Тэгээд би 102 дугаар руу залгаж “согтуу жолооч миний машиныг мөргөчихлөө” гэж дуудлага өгсөн. Тэр машин дотор жолоочоос гадна Халиун гэх эмэгтэй явж байсан ба архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэр намайг хэл амаар доромжилж гудамжинд орилоод байсан. Удалгүй цагдаа ирж хэмжилт хийгээд нэг цагдаа нь жолоо барьж байсан Эрдэнэболдыг авч яваад, Ниссан санни маркийн машиныг нөгөө цагдаа нь унаж явахдаа намайг “араас дагаад яв” гэсэн. Тэгээд би цагдааг дагаж “тээврийн хэрэгсэл түр саатуулах” хашаа руу хамт очсон. Цагдаа Ниссан санни маркийн машиныг хашаанд байрлуулаад миний машинд суухад Халиун гэх эмэгтэй газраас чулуу авсан...Тэгээд тун удалгүй журмын хашаанаас төв зам руу эргэх гээд зогсож байхад миний Делика Ди 5 маркийн 96-07 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын салхины шил рүү нь чулуу шидэж хагалсан.../х-29-30/...хохирогчийн аав гэх Ганболд бид хоёр цагдаагаас гараад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байранд байдаг “Авто шил” гэх газар хамт очиж, миний салхины шилийг солиулахаар 350,000 төгрөг өгсөн. Тэгээд Ганболд худалдагчаар 250,000 төгрөгөөр Делика Ди 5 загварын машины арын шилийг солиулсан гэх зарлагын баримт бичүүлж авсан...Маргааш нь би машиын шилээ солиулна гэхэд худалдагч надад 350,000 төгрөгийн зарлагын баримт өгсөн...гэх мэдүүлэг /хх-33-34/,

-  Д.Нын гэрчээр өгсөн...хагалуулсан арын шилийг 500,000 төгрөгөөр үнэлж байгаа тухай мэдүүлэг /х-48/,  

- гэрч  Ч.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн:..Г.Х нь чулуу бариад зогсож байсан. Тэгээд би тэр эмэгтэйд чулуугаа хая гэж сануулж хаяуулсан боловч яг хөдлөөд явах гэж байхад Делика загварын машины хойд талын салхины шил рүү чулуу шидсэн... гэх мэдүүлэг /хх-51-53/,

- гэрч Г.Бй мөрдөн байцаалтад өгсөн:…Тухайн өдөр 12 цагийн үед өндөр хар хувцастай эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирж Делика Ди 5 загварын машины арын шилний үнэ асуухад би 350,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд хямдруулах боломжтой эсэхийг асуухад би хямдруулах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд тэр ах “миний охин хэрэгт холбогдсон юм 250,000 төгрөгөөр баримт гаргаж өгч болох уу” гэж асууж гуйхаар нь би “зарлагын баримт 250,000 төгрөгөөр бичиж өгч болно, харин шилний үнийг хямдруулахгүй” гэж хэлээд гаргасан. Цагийн дараа нөгөө үнэ асуусан ах шаргал өнгийн куртиктэй эрэгтэй хүнтэй хамт орж ирсэн...Тэгээд тэр хар куртиктэй ах “шил солиулах ах Налайхад байгаа болохоор маргааш ирж шилээ солиулна. Би одоо төлбөрийг нь төлье, баримтаа 250,000 төгрөгөөр бичээд одоо өгчих” гэж надад хэлсэн. Тэгээд би хар куртиктэй ахад 250,000 төгрөгөөр баримт бичиж өгсөн. Харин нөгөө машины шилээ солиулах гэж байгаа ахад 350,000 төгрөгөөр баримт бичиж өгсөн... гэх мэдүүлэг /хх-57-59/,

- “Авто шил” дэлгүүрээс Делика Ди 5 загварын машины арын шил авсан 350,000 төгрөгийн зарлагын баримт /хх-46/,

- “Кости Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн № 14907 авто машины үнэлгээний тайлангаар тогтоогдсон дүнгээр 350,000 төгрөг шууд зардал /хх-61/,

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн № 4396 автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон дүнгээр 350,000 шууд зардал /хх-65-66/,

- шүүгдэгч Г.Хы мөрдөн байцаалтад өгсөн:...тухайн үед манай нөхрийг цагдаа аваад явсан, машин эвдэрсэн байсан болохоор уур хүрээд машин руу чулуу шидсэн...сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг /хх-5-8/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Хыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:      

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, тус хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хангалттай гэж үнэлэв. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогчийн автомашинд бодитоор 350,000 төгрөгийн хохирол учирсан болох нь эргэлзээгүйгээр тогтоогдсон байна.  

Харин хохирогч нь шүүгдэгчийн ар гэрийн хүмүүсийн нөлөөнд автсаны улмаас зарим талаар худал буюу бодит бус мэдүүлсэн, мөн зарим нэр бүхий этгээд (Ганболд, Билгүүн зэрэг) нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл бүхий байхад нэг мөр шалгахгүй орхигдуулсныг анхаарч, жич шалгахыг тэмдэглэв.     

Хохирогч нь анх 2018.11.22-нд гомдол гаргасан, мөн өдрөө гэрчээр мэдүүлэг өгөхдөө автомашиныхаа шилийг 500,000 төгрөгөөр үнэлэх талаар мэдүүлсэн, 2018.12.01-нд хохирогчоор мэдүүлэг өгсөн, автомашиныхаа даатгалын асуудалтай холбоотойгоор 2018.11.28-ний өдөр эрх бүхий байгууллагаар үнэлгээ хийлгэсэн баримтыг хэрэгт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Г.Хд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг 2018.12.07-ны өдөр үйлдсэн, мөн 2018.12.11-нд шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгүүлснийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй болно.

Шүүгдэгч Г.Х нь хохирогчид автомашины эвдрэл засварын 350,000 төгрөгөөр хохирлыг нөхөн төлсөн /хх-46,44/, хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:      

Шүүгдэгч Г.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.  

Бусад асуудал 

Тус хэрэгт эд мөрийн баримтаар Сиди 1 ширхэг хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.   

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Хыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Хд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Х нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “CиДи”-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.     

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР