Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2024/00033

 

 

 

 

 

Х банк ХК-ийн О салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Л

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ... дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х банк ХК-ийн О салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Л нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11.814.458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Я.Э нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Б.Бчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Я.Э, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Ц.Л, Г.Э нар нь тус банкны О салбарын О тооцооны төвөөс 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр № ЗГ20184361.... тоот зээлийн гэрээ байгуулан 18,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд тухайн үед амьдарч байсан О аймгийн Б сумын, 19-р баг И Ш 27 гудамж ... тоот хаягт орших гэрийн эд хогшил, цалингийн орлогыг тус тус барьцаалж зээл авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 11.304.281 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5.892.718 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт 17.196.999 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 877 /хоног/ хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдэж 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээл төлөх мэдэгдэл өгснөөр сар бүр 350.000 төгрөгөөр төлөхөөр тохирч 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл тохирсноор төлсөн. Зээлдэгч бүдүүн нарийн гэдэсний хагалгаанд орж зээлийг үргэлжлүүлэн төлөхөд хүндрэл үүссэн тул зээлийн төлбөр тасалдаж банк зээлээ төлөх таатай нөхцөл бүрдэх хугацаа олгосон боловч одоог хүртэл зээлээ төлөхгүй 877 хоног хугацаа хэтэрч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.3 дах хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээлийн үлдэгдэл 6.695.718 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.697.458 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 429.205 төгрөг, нийт 11.822.383 төгрөг нэхэмжилж байна. Улсын тэмдэгтийн хураамжид 204.108 төгрөг төлсөн болно гэв.

Хариуцагч Ц.Л шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайрбартаа:

Миний бие Ц.Л иргэн Г.Эгийн хамт 2018.09.18 ны өдөр Х банкны О аймгийн О тооцооны төвөөс 18.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан бөгөөд үүнээс хамтран амьдарч байсан иргэн Г.Э нь 7.000.000 төгрөгийг авсан. Үндсэн зээлдэгч нь би байсан тул тухайн цалингийн зээлээр төлж байсан боловч ажлаас өндөр насны тэтгэвэрт гар гэсний дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан. Г.Э ч мөн хамтран амьдрах хүсэлгүй гээд салаад явсан. Өндөр насны тэтгэвэрт гарсан ч гэсэн зээлээ төлж байсан ба энэ үед миний ганц охин маань гадаадад нас барж, түүний ажил явдлыг хийх гэж бүхий л мөнгө төгрөгөө дуусгасан. Үүний дараа гэнэт бие муудаж, удаан хугацаанд эмчилгээнд байсан. Өмнө 2008 онд авто осолд орж, улмаар элэг сэмж, бүдүүн гэдсээ тайруулж хүнд хагалгаанд орж байсан ба уг өвчний хүндрэл хожим дахин сэдэрч нарийн гэдэсний хагалгаанд 2021 онд дахин орж хүнд өвчнөөр удаан хугацаанд өвдөж байна. Сайн эмч нарын буянд хөл дээрээ босож ирсэн боловч эмнэлгийн байнгын хяналтад орсон. Энэ байдлыг нэхэмжлэгч байгууллага сайн мэдэж байгаа болно. Тухайн байгууллагаас хүсэхэд энэхүү хүндээр өвдөж байсан хугацааг харгалзан үзэж , 1 жилийн хүүг хасч өгнө үү. Мөн иргэн Г.Э нь авсан зээлээ төлөөсэй гэж хүсч байна. Нэхэмжлэлээс зээлийн хүү болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Г.Э нь Х банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Лтай 2018 оны 03 сард танилцсан. Нэг их сайн мэдэхгүй. 2018 оны 05 сард зээлийн батлан даагчаар гарын үсэг зураад өгөөч хашаа байшин авах гэж байгаа юм. ГОК-ын харьяа Э төвийн автобусны жолооч ажилтай ... сард тэтгэвэрт орно. ГОК-ын харьяа болохоор 30.000.000 төгрөгийн тэтгэмж авна. Тэр мөнгөө аваад зээлээ төлөөд дуусчихна удахгүй гэхээр нь би нэг их удахгүй юм байгаа биз дээ гэж хэлээд банк дээр очиж гарын үсэг зурсан. 2018 оны 05 сарын 18-ны өдрийн №ЗГ20184361.... дугаартай зээлийн гэрээн дээр бид 2 гарын үсэг зурсан. 18.000.000 төгрөгийг Ц.Л өөрийн дансандаа авсан. Би зээлсэн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй. Надад зээл авах ямар ч шаардлага байгаагүй. Настай хүн орох оронгүй гэхээр нь тус болох гээд гарын үсэг зурсан. Банкнаас зээлж авсан мөнгөөрөө Ц.Л О аймаг Б сумын И багт хашаа байшин авсан. Зээл авахдаа Ц.Л И Ш 27-... тоот хаягт орших гэрийн эд хогшил барьцаалсан байна. Гэрийн эд хогшил болон тэтгэврээс нь төлүүлмээр байна. Би мөнгө аваагүй учраас зээлээ төлөөд дууссан гэж болсон. Гэтэл зээлээ төлөөгүй юм байна. Банк дээр миний өмнөөс өргөдөл бичсэн байсан. Тэр дээр миний нөхөр гэж бичсэн байна лээ. Би энэ хүнтэй хамт амьдарч байгаагүй. Бидний дунд ямар ч харилцаа холбоо байхгүй зүс мэднэ, мэндтэй устай байдаг болохоос өөр харилцаа холбоо байхгүй. Өргөдлийг өөрөө зохиож бичсэн байсан. Би өргөдөл дээр гарын үсэг зурсанаас өөр зүйл байхгүй. Шүүхээс нэхэмжлэл гардаж аваад гэрт нь очиход охин нь амьдардаг юм байна. Маргааш аав ирнэ гэхээр нь явсан. Уулзах гэсэн боловч уулзахгүй утсаар харьт ярьсан. Надад маш хэцүү байна. Би орох оронтой болоход нь тус нэмэр болсон байхад ойлгохгүй надад төвөг учруулж байгаад гомдолтой байна. Би өрх толгойлсон эмэгтэй. О аймагт амьдардаггүй. У хотод 70 гарсан хөгшин ээжийгээ асарч, ЕБС-ын 2 хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг. Ээж минь миний байнгын асаргаанд байдаг. О аймагт хамаатан садан байхгүй, таних хүн ч байхгүй учраас хонох газаргүй. Нэхэмжлэлээс болж 2 удаа Э-д ирсэн. Дахин дахин ирэхэд хэцүү байна. Надад хамаагүй учраас нэхэмжлэлээс надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ... дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Ц.Л, Г.Э нараас үндсэн зээлийн үлдэгдэл 6 695 718.83 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4 697 458.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 429 205.93 төгрөг, нийт 11 822 383.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204 108.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Л, Г.Э нараас 102 054.06 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Я.Э нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.....05-ний өдрийн ..... дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.1.1-д зааснаар цараах гомдлыг гаргаж байна. Үүнд:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн. Үндэслэл нь: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт дээр үндэслэн нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40-1, 2-д заасныг зөрчсөн байна. Хариуцагч Ц.Л, Г.Э нарын Х банк- дахь зээлийн дансны дэ41гэрэнгүй хуулгаар 5...0167423 данснаас Х банк-дахь Ц.Л-ын 506798.... тоот дансанд 2018.05.18-ний өдөр зээл авсан дариудаа шилжүүлсэн байдаг. Тус зээлийн мөнгөнөөс хариуцагч Г.Э нь хувьдаа нэг ч төгрөг хэрэглээгүй байх бөгөөд шүүх хуралд хариуцагч Ц.Л нь 7.000.000 төгрөгийг Г.Э авсан, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан тул тэнцүү хувааж төлөх ёстой гэсэн байр суурийг шүүх дэмжиж, нэхэмжпээд байгаа зээлийн үлдэгдэл 11.822.383 төгрөгийг хариуцагч Ц.Л, Г.Э нараас гаргуулж нэхэмжпэгч Х банк-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан Г.Эгийн гаргаж өгсөн дансны хуулгаар 2018.05.18-ний өдөр авсан тус зээлнээс нэг ч төгрөг түүний дансанд шилжүүлсэн мөнгө байдаггүй байх ба хариуцагч Ц.Л нь 7.000.000 төгрөгийг Г.Э авсан гэсэн атлаа энэ талаар нотлосон баримт хэрэгт байхгүй атал шүүх Г.Эгаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Анхан шатны шүүх хамтран зээлдэгч гарын үсэг зурсан учраас аль алинаас нь зээлийн үлдэгдлийг төлүүлнэ гэсэн зарчмаар хандсан нь Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан ... хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэснийг зөрчсөн байна. Хариуцагч Г.Э нь гаргасан тайлбартаа өндөр настай хүн надаас гуйгаад, цалингийн зээл авахад туслаач хамтран зээлдэгч хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь би тусалсан. Х банк үндсэн зээлдэгч нь төлбөр төлөх чадвартай хүн байхад ямар үндэслэлээр надаас мөнгө нэхэмжлээд байгаад гайхаж байна, би төлөхгүй, би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл нэхэмжлэгч Х банк нь Г.Эг зээлдэгч мэтээр хариуцагчаар татаж, шүүх зээлдэгч гэж үзэж төлбөрийг хамтран төлүүлэхээр шийдвэрлэж буй нь үндэслэлгуй юм Шүүх Г.Эгийн тайлбар, үгүйсгэх нотлох баримт болох түүний дансны хуулга, Ц.Л-ын дансанд зээл 18.000.000 төгрөг шилжигдсэн байдал, 18.000.000 төгрөгийг хэрэглээндээ хэрэглэсэнийг хүлээн зөвшөөрсөн зэргийг анхаарч үзсэнгүй. Иймд зээлийн үлдэгдэл 11.822.383 төгрөгийг хариуцагч Ц.Л, Г.Э нараас гаргуулж нэхэмжпэгч Х банк-д олгосугай гэснийг, хариуцагч Ц.Лас 11.822.383 төгрөгийг гаргуулахаар О аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.....05-ний өдрийн ..... дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж.хариуцагч Г.Эгаас гаргуулахыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: Шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцоно. Зарыг мэдэгдэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Х банк ХК-ийн О тооцооны төв хариуцагч Ц.Л, Г.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 11.814.458,49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Г.Э нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд Ц.Л, Г.Э нар нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Х банк ХК-ийн О тооцооны төвөөс зээлийн гэрээ байгуулан 18.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г.Э оролцсон, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлого барьцаалсан. Зээлийн хуваарийн дагуу үндсэн зээлд 11.304.281,17 төгрөг, хүүнд 5.892.718,82 төгрөг нийт 17.196.999,99 төгрөг төлсөн, зээлдэгч зээлийг хуваарийн дагуу төлөөгүй 877 хоногоор хугацаа хэтэрсэн, банкнаас удаа дараа зээл төлөх талаар мэдэгдэл хүргүүлсэн, одоо үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 11.822.383, 28 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Хариуцагч Ц.Л нь цалингийн зээлд 18.000.000 төгрөгийг банкнаас зээлж авсан нь үнэн. Үүнээс хамтран амьдарч байсан Г.Э нь 7.000.000 төгрөгийг авсан. Өндөр насны тэтгэвэрт гарсан Г.Э нь хамтран амьдрахгүй гээд салаад явсан. Биеийн эрүүл мэнд муудаж, ганц охин гадаадад нас барсан зэрэг шалтгаанаас болж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Нэг жилийн хүүг хасч өгнө үү, хүү алдангийг төлөхгүй гэсэн маргасан тайлбар гаргасан байна.

Хариуцагч Г.Э нь зээлээс нэг ч төгрөг аваагүй, Ц.Лтай 2018 оны 03 сард танилцсан, нэг сайн танихгүй, хашаа байшин авах гэсэн юм, зээлийн гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэж гуйсан учир очиж гарын үсэг зурсан. Ц.Л нь авсан зээлийн мөнгөөрөө хашаа байшин авсан, гэрийнхээ эд хогшлыг барьцаалсан байна. Миний өмнөөс банкин дээр өргөдөл бичиж өгсөн байсан. Өргөдөл дээр нь гарын үсэг зурснаас өөр мэдэхгүй, бидний дунд ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, надад хамаагүй учраас би хариуцахгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн татгалзсан тайлбар гарган маргаж буй боловч татгалзсан тайлбарын үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлд Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар хариуцагч Г.Э нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг хүлээж оролцсон тул зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж зээл төлөгдөхгүй болсон хариуцлагаас чөлөөлөгдөх боломжгүй юм.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Х банк ХК-ийн О салбар О тооцооны төвийн нэхэмжилсэн мөнгийг төлөх үүрэгтэй болно. Шүүх зохигчид хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, хуульд зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Эгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ... дугаар сарын 05-ны өдрийн 142/ШШ2023/..... дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Я.Э нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Г.Эгийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.054 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

 

ШҮҮГЧ С.У