Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 135

 

           

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Баттулга,                          

           улсын яллагч Р.Очирсүрэн, 

шүүгдэгч Г.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Огжир овогт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1908000960025 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Г.Энь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 11-12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боронго” нэртэй пабад үйлчлүүлж байсан иргэн А.Дйн гээгдүүлсэн виза картыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж, завшсаны улмаас 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

            Шүүгдэгч Г.Энь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 11-12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боронго” нэртэй пабад үйлчлүүлж байсан иргэн А.Дгийн гээгдүүлсэн виза картыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 3,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :  

- хохирогч А.Дгийн 5585385168 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-4/,

            - хохирогч А.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 12 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Драгон авто вокзал дээр байдаг Хаан буузны хажуугийн “Боронг”о нэртэй пабад ганцаараа орж суусан. Тэгээд 100 граммаар нийтдээ 5 хундага архи захиалан ууж, тооцоогоо дор бүр нь өөрийн эзэмшлийн Хаан банкны виза картаа уншуулан хийсэн. Эхний тооцоонуудыг хийхдээ би картын нууц дугаараа өөрөө хийж байгаад сүүлийн 2 гүйлгээг хийхдээ нууц дугаараа пабын бармен эмэгтэйд хэлээд картаа уншуулсан. Тэгээд 12 цаг өнгөрч байх үед хөдөө явах унаа маань ирчихлээ гэж утасдахаар нь яарч сандарч гараад машин дээрээ очоод нэг цаг гаран болсны дараа яарсандаа болоод өөрийн гар утас, түрийвчээ өөрийн сууж байсан ширээн дээрээ үлдээгээд гарснаа мэдээд буцаж паб руу очиж бармен эмэгтэйгээс “утас түрийвчээ авъя” гэхэд эхлээд “надад байхгүй” гэж хэлээд өгөөгүй. Би “яагаад байдаггүй юм, би үлдээгээд гарсан” гэдгээ хэлсэн чинь хэсэг хугацааны дараа арын өрөөнийхөө шүүгээнээс гаргаж ирээд “май энийгээ ав” гээд өгсөн...Түрийвчинд байсан Хаан банкны виза картаа шалгаж үзэхэд карт байгаагүй, “миний карт байхгүй байна карт өг” гэхэд бармен эмэгтэй “би аваагүй” гээд байсан. Унаа маань явах гээд дуудаад би явсан. Унаандаа суугаад хотоос гарах гэж байхад өдөр 15 цагийн үед данснаас 3,000,000 төгрөг гарсан талаар гар утсанд мэдээлэл ирсэн. Энэ гарсан гүйлгээг шалгаж үзтэл өдөр 12 цагийн үед хийгдсэн гүйлгээ байсан ба Хаан банкны лавлахаас утасдаж асуухад Драгон төвийн АТМ-ээс гүйлгээ хийгдсэн байсан. Тэр дор нь дансаа хаалгасан...Эрдэнэчимэг гэх эмэгтэй миний хохирлын 3,000,000 төгрөгийг өгсөн. Би тооцоогоо хийгээд уншуулчихаад эргэхдээ газар унагаасан байх. Хулгайлсан зүйл бол байгаагүй гэх мэдүүлэг /х-8-10, 11-12/,

            - шүүгдэгч Г.Эйн мөрдөн байцаалтад өгсөн:... Би “Боронго” пабад 2018 оны 10 дугаар сард зарын дагуу туслах тогоочоор ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай пабын зөөгч Мөнхбаяр хувийн ажилтай гээд амарчихсан байсан бөгөөд зөөгч хийх хүн байгаагүй учир намайг ажиллуулсан...Тэр өдөр Дарьмаа гэх залуу манай пабад 11 цагийн үед орж ирээд ганцаараа 100 граммаар хэд хэдэн удаа архи авч уугаад нилээн согтсон. Тэгээд 100 грамм архи захиалах болгондоо картаа уншуулж байсан. Тэр үед би Дарьмаа гэх залуугийн Хаан банкны картных нь 0911 гэсэн дугаарыг цээжилчихсэн байсан. Дарьмаа нилээн согтоод гараад явсан бөгөөд өөрийн бичиг баримттай түрийвч гар утсаа тооцоо хийхдээ текэн дээр үлдээгээд явсан байсан. Ингээд гар утас, түрийвчтэй бичиг баримтыг нь аваад текнийхээ арын шүүгээнд хийсэн. Тэгээд заал руу гараад цэвэрлэгээ хийж байтал текний урд Дарьмаа гэх залуу Хаан банкны картаа унагаасан байсан. Би картыг нь аваад мөнгөний хэрэг байсан болохоор Содон хорооллын Хаан банкны АТМ орж эхлээд 300,000 төгрөг уншуулах гэтэл гацаад байсан бөгөөд 3,000,000 төгрөгөөр уншуултал 3,000,000 төгрөг гарсан. Уг мөнгийг аваад 1,000,000 төгрөгийг нь өөрийнхөө эмчилгээнд зарцуулсан. 2,000,000 төгрөгийг нь хадгалсан байсан. Тэгээд цагдаа ирэхээр нь би найзынхаа дансаар Дарьмаагийн дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг нь Дарьмаад төлсөн...гэх мэдүүлэг /хх-19-22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч Г.Эг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаархи хууль зүйн дүгнэлт :           

Хэрэгт цугларсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, тус хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

            Хохирогчид гэмт хэргийн улмаас 3,000,000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч нь төлж барагдуулсан /хх-13/ байна.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт :         

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна. 

Бусад асуудал 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь :   

 

1.  Шүүгдэгч Г.Эйг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эйг 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.    

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эгт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Энь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР