| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 142/2016/00106/Э |
| Дугаар | 000032 |
| Огноо | 2017-02-16 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 000032
А.Даваадоржид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 142/2016/00106/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Жавхлантуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа
Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд
Нарийн бичгийн дарга Б.Номин нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолтой А.Даваадоржид холбогдох, 201614000048 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч М.Мягмар, шүүгдэгч А.Даваадорж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983-09-07-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багт оршин суух,
Урьд:- Орхон аймаг Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 1 сар хорих ял,
- Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 5 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, РХ-83090712 регистрийн дугаартай, Бүргэд овогт Авирмэдийн Даваадорж.
Шүүгдэгч А.Даваадорж нь давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэр “Дөмөг” худалдааны төвийн урдаас М.Мягмарын 3 тооны үхрийн хулгайлж 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 12 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр 7 дугаар хорооллын урдаас Ц.Батцоожийн 2 тооны үхрийг хулгайлж 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Бүргэд овгийн Авирмэдийн Даваадоржийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар А.Даваадоржийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.ыг журамлан 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч А.Даваадоржид оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч А.Даваадоржийн цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч А.Даваадоржоос нийт 3.550.000 /гурван сая таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.Мягмарт 1.650.000 төгрөг, хохирогч Д.Батцоожид 1.900.000 /нэг сая есөн зуун/ мянга төгрөгийг тус тус олгох,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Даваадоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.
Хохирогч М.Мягмар давж заалдах гомдолдоо:
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Даваадорж нь ганцаараа энэ хэргийг хийсэн гэдэгт миний бие итгэхгүй байна. Харин Батсүх, Пүрэвсүрэн хоёртой хамтран манай 3 тооны үхрийг хулгай хийсэн гэж дүгнэсэн. Хэрэв энэ 3 хүн хамтарч хулгай хийхээр тохиролцоогүй бол яагаад шууд хулгай хийсэн үхрүүдээ туугаад Пүрэвсүрэнгийнд очсон байх вэ. Мөн тэрхүү үхрүүдээс нэг үхрийг нь Пүрэвсүрэн нядалан гаргаж янзлан махыг нь аваад үлдсэн. Өөрөөр хэлбэл хамт хулгай хийж махын хувааж авахаар тохирсон гэж бодсон. Мөн Батсүх нь арьс шир шийр толгойг нь тушааж, гахай нохойд өгч зориуд устгаж алга болгоход оролдсон. Тиймээс энэ хэргийг Даваадорж гэдэг хүн ганцаар үйлдээгүй.
Пүрэвсүрэн, Батсүх нартай хамтран бүлэглэж хулгай хийсэн учраас шалгаж, хариуцлага хүлээлгэж өгнө үү.
Миний 3 тооны үхрийн 1.650.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хохирогч Батцоожийн 2 тооны үхрийг 1.900.000 төгрөгөөр үнэлсэнд гайхаж байна. Манай үхрүүд биеэр их том, манай хавь ойрын айлууд мэднэ. Яахаараа 3 тооны үхрийн үнэлгээ 2 тооны үхрийн үнэлгээнээс бага гардаг юм бэ.
Иймд би үхрүүдээ дахин үнэлүүлэх хүсэлтэй байна. Хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч А.Даваадорж давж заалдах гомдолдоо:
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багт хүүгийн хамт амьдардаг. 2015 оны 2 сард “Хүлэг” зах дээр явж байгаад Пүрэвсүрэнтэй таархад Пүрэвсүрэн ажил байна бааранд орж юм ярья гээд “Богд гол” бааранд орсон. Надад мөнгөний хэрэг байна. Маргааш Батсүхээс морь аваад өгье гээд салсан. Маргааш өглөө бид 3 “Хүлэг” зах дээр уулзаж хамт хороолол өгссөн. Батсүхээс хонгор морь надад эмээллэж өгсөн. Бид 3 үхэр хулгай хийхээр тохироод хөдөлсөн тэгээд явж байхад “Дөмөг” захын урд хэдэн үхэр таараад хөөгөөд манай хашаанд аваач гэж хэлээд Пүрэвсүрэн машинтайгаа яваад өгсөн. Би хөөгөөд очиж явахад өмнөөс тэр хоёр тосож авсан. Мөн 2015 оны 12 сарын дундуур Батсүх над дээр ирээд бас нэг ажил байна. Ахад нь махны хэрэг байна гээд 1 шил архи аваад 7 дугаар хорооллын урд зайдуу гараад ууж байгаад энэ хоёр бярууг туугаад Рашаантанд аваад оч гээд хашаа зааж өгсөн. Би аваад очсон бид 3 янзалж дуусаад Батсүхэд ачиж өгөөд явуулсан би мөнгө төгрөг аваагүй. Үүнийг хашаанд үхэр гаргаж байхад Алтанбаяр, Болдоо гэх хоёр хүн харж зогссон. Хэн хэн нь юу гэж ярьсан мөн ямар оролцоотой байсныг харсан хүмүүсээс мэдүүлэг аваагүй.
Иймд миний бие энэ хэргийг дангаар буюу ганцаараа үйлдсэн гэж байгаад гомдолтой байна. Би ганцаараа тууж, нядалж, ченжид өгөх гээд бүгдийг ганцаараа хийх ямар ч боломжгүй. Хамтарч зарж борлуулах болон унаа машинаар зөөж зохион байгуулж, махаа худалдаж мөнгийн 3 хувааж авсан байхад нэг хүнийг нь буруутгаж яллах нь шударга бус байна.
Мөн Даваадорж би 06 сартай хүүгээ харж ханддаг надаас өөр харж хандах хүн байхгүй. Хохирлыг шударгаар төлүүлэх болон хэн хэн ямар оролцоотой болохыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаж байна.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүгдэгч А.Даваадоржийн мэдүүлгийн дагуу зарим хүмүүсийг сэжигтэн яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч гэмт хэрэгт бусадтай хамтран оролцсон болох нь нотлогдоогүй. Хохирогч Ц.Батцоожийн 2 тооны үхрийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Уг үхрүүд нь мах сүүний чиглэлийн үхэр байсан талаар хохирогч гэрчүүд мэдүүлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн хэргийн байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Шүүгдэгч А.Даваадоржийг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг нь өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа ч уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн эсэх нь нотлогдохгүй байна. А.Даваадорж нь хохирогч М.Мягмарын 3 тооны үхэр, Ц.Батцоожийн 2 тооны үхэр нийт 5 тооны үхрийг Б.Пүрэвсүрэн, М.Батсүх нартай бүлэглэн хулгай хийсэн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн мэдүүлдэг. Яллагдагч нар нь өмнө бүгд хулгайн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан ба гарал үүслийн бичиггүй малыг эзэнгүй хашаанд нядалж, гэдэс толгой махыг нь хамт хуваалцсан.
Хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ Даваадорж нь Батсүх, Пүрэвсүрэн нарын үйлдэл оролцоог тодорхой хэлдэг. Батсүх 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “Даваадорж надад нэг гуя, нэг хаа өгсөн” гэх мэдүүлэг /хх-н З6/, яллагдагчаар А.Даваадорж нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Батсүх ахад нь махны хэрэг гараад байна чи энийг туугаад өгчих гэхээр нь би зөвшөөрөөд өөрөө дараа нь баараа даагаарай гэхэд ах нь даана” /хх-28/ гэсэн мэдүүлэг, гэрч Я.Даринчулуун 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “Батсүх намайг дуудсан миний машинд гурвуулаа мах ачсан цаана мах үлдсэн, Батсүх Даваадорж хоёр буухдаа тамхи аваад ээжийндээ хүлээж байяа чи өгчихөөд хүрээд ир, буцаж очоод таксины мөнгөө авах гэхэд Батсүх 20.000 төгрөг өгсөн, гэдэс толгой шийрийг Батсүх гэртээ аваачин гахайд өгч идүүлсэн” /хх-15, хх-34,35/ гэсэн мэдүүлгүүдээр нотлогддог.
Батсүх, Пүрэвсүрэн нар нь хоол хүнсгүй махгүй, цалин орлого хүрэлцээгүй, дунд байгаа зэрэг шалтгаан байсан учраас Батсүх нь захиалж унаа мориор хангаж, эзэнгүй хашаа бэлдэж, малын гэдэс толгой шийрийг гахайд хаяж өгч устгах, мах ачиж явсан хүргэн ах Даринчулуунд таксны хөлс 20.000 төгрөг өгч, Даваадорж нь малыг тууж, Пүрэвдорж нь мал нядлах орон байрыг нь бэлдэж өгсөн байдаг.
Гэтэл Батсүх нь ченж дээр очих үед замдаа бууж, Пүрэвсүрэн нь худалдаж авч буй мэт мөнгө өгч буй зэрэг нь анхнаасаа үгсэн хуйвалдаж Даваадоржийг уг гэмт хэргийг үйлдсэн мэтээр харагдуулах гэсэн башир арга хэрэглэж байна гэж үзэхээр байна. Яллагдагч Б.Пүрэвсүрэнгийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгохдоо гэрч малын эмч Д.Оюунчимэг нь гарал үүслийн бичгийг нөхөж хийж өгсөн ба уг бичгийг Даваадоржийг ирж авсан гэж мэдүүлдэг ч хэргийн болсон үйл явдлыг огт мэдэхгүй гэрч юм.
Гэрч Т.Пүрэвжав нь яллагдагч Б.Пүрэвсүрэнгийн эхнэр ба дөнгөж төрөөд гэртээ байсан, мал хашаанд нь нядалж буйг мэддэг, хэргийн бусад байдлыг тодорхой сайн мэдэж байсан гэх гэрч байхгүй байгаа бөгөөд дээрх холбоотой байдаг төдийгүй шууд ашиг сонирхол бүхий гэрч юм.
Хохирогч Батцоожийн 2 тооны үхэр малын А дансанд бүртгэлтэй эсэх талаар, мах болон сүүний чиглэлийн өндөр үр шимтэй мал болохыг нотлогдоогүй байхад зөвхөн хохирогчийн мэдүүлгээр шүүх үнэлж, Батсүх, Пүрэвсүрэн нар нь хуульд заасан эрхийнхээ дагуу өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх бүрэн эрхтэй, гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгосон гол нотлох баримт нь дээрх гэрчүүд, болон Батсүх, Пүрэвсүрэнгийн мэдүүлгүүдийг үнэлж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй байгаа бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж тогтоож чадаагүй байна гэж үзэх үндэслэл болж байна. Шүүгдэгч А.Даваадорж нь гэмт хэрэг үйлдэхдээ хонгор морь унаж явсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байдаг.
Гэтэл энэхүү гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох хонгор морь нь хэний морь болох, одоо хаана, хэний эзэмшилд байгааг тогтоогоогүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2.т зааснаар “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас заавал хураана” гэж заасан байхад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “хонгор морь”-ыг хурааж аваагүй нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэхээр байна.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 302 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт: шүүх хавтаст хэргийн 65-67 дугаар хуудсанд авагдсан 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр А.Даваадоржид ял сонсгож яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэл болон хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд авагдсан яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл зэргийг судалж үзээд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэний гарын үсгийг дуурайлгаж зурсан, нөхөн зуруулсан, шүүгдэгч А.Даваадоржийн мэдүүлгийг өөрчлөн бичсэн, гарын үсгийг дуурайлгаж зурсан, мэдүүлгийн он, сар, өдрийг зөрүүтэй бичсэн гэх гомдлыг шалгаж, байцаан шийтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан.
Үүнийг огтхон ч харгалзан үзэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай, үндэслэлгүй байна.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:
Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
Орхон аймгийн Прокурорын газраас А.Даваадоржийг давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт “Дөмөг” худалдааны төвийн урдаас иргэн М.Мягмарын гурван үхрийг хулгайлж 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 12 сард Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт 7 дугаар хорооллын урдаас иргэн Ц.Батцоожийн 2 тооны үхрийг хулгайлж 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд А.Даваадоржийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг эд хөрөнгө хураахгүйгээр гурван жил хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч А.Даваадорж “...би хохирогч М.Мягмарын гурав, хохирогч Д.Батцоожийн хоёр тооны үхрийг хулгайлсан, малын тоо, өнгө зүсний хувьд ямар нэг маргаангүй гэж мэдүүлж байгаа боловч... хэргийг Б.Пүрэвсүрэн, М.Батсүх нартай бүлэглэж үйлдсэн... гэж давж заалдах гомдол гаргасныг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалж үзвэл А.Даваадорж дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох :
Гэрч Б.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :
...Тэр өдөр би ажилтай байсан, 2015 оны 11 дүгээр сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна..., Даваадорж 99355832 дугаарын утсаар залгаж “найз нь танай хашаанд 3 үхэр нядалчих уу... энд таньж мэдэх хүн байдаггүй” гэхээр нь тэг, тэг гэж хэлсэн..., 15 цагийн орчимд Даваадорж хонгор зүсмийн морь уначихсан 3 үхэр тууж ирсэн..., ажилдаа яваад орой иртэл Даваадорж “манай нэг ах одоо ирнэ иртэл нь нэг үхэр унагалцаад өгөөч гэхээр нь би түүнд тусалж нэг үхрийг нь нядалж байтал Батсүх гэж хүн ирсэн..., Энэ хүнийг бол танихгүй, тэр үед танилцаж нэрийг нь мэдсэн…, Ингээд энэ хоёр манай хашаанд үлдсэн хоёр үхрээ нядалж, 20 цагийн орчимд дууссан байх…, удалгүй Батсүх нь нэг хүнтэй утсаар ярьж байгаад гарч нөгөө жолоочийг авч ирж эхлээд хоёр үхрийн махаа ачиж тэр гурав явсан..., Хаашаа явсныг мэдэхгүй, эргэж ирээд үхрийн арьс шир, гэдсээ аваад явсан..., Явахдаа надад мах өгсөн..., Даваадорж өмнө нь надад 70.000 төгрөгийн өртэй байсан…, Тэр өрөндөө гэж хэлсэн…, 12 сарын 20-ны үед байх Даваадорж дахин над руу залгаад хоёр үхэр янзлалцаад өгөөч гэхээр нь Рашаантад байх ахынх нь хашаанд яваад очтол нөгөө хоёр үхрээ янзалчихсан гээд машинд ачсан байсан...., би хулгайн мал гэж мэдээгүйг, түүнтэй хамт хулгай хийгээгүй... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 38-р хуудас /
Гэрч Ч.Даринчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн :
...Батсүх ганцаараа ирээд Шанд багт нэг айлын хашаад очсон бөгөөд нэг намхан залуу үүд онгойлгож өгөхөөр нь би машинаа хашаа руу нь оруулж зогсоосон..., хашаан дотор модон дээр үхрийн мах өрж тавьсан байсан бөгөөд энэ махнуудыг ченжид өгөх юм хэлж байсан…, миний машины багаж руу нөгөө махаа ачаад ченжид өгнө гээд Батсүх нөгөө хаалга онгойлгож өгсөн намхан залуу хоёртой хамт “Зээл” рүү явж байтал Батсүх би ээжийндээ орлоо та хоёр цаашаа яваад махаа өгчих, наад залуу чинь өөрөө мэдэж байгаа гээд буугаад үлдсэн...,
Тэгээд нөгөө залуутай нь би Зээлийн “Өгөөж” гэдэг дэлгүүрийн харалдаа зүүн талын гудамж руу орж нэг айлын гадаа очиж зогсоход нөгөө залуу өөрөө махаа зөөж оруулсан..., Би Нарантуяа гэж ченжийг бол танина, гэхдээ гэр нь зээлд байдаг гэж мэдэхгүй, Даваадорж гэж залуу өөрөө зааж өгөөд очсон... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 15, 34-р хуудас /
Гэрч Б.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :
2015 оны 11 дүгээр сарын дундуур шиг санаж байна орой 21 цагийн орчимд байх Даваадорж над руу 99325832 гэсэн утсаар залгаж дүүгийн бие муу байна хот явах хэрэг гарлаа..., надад мах байна... та аваач гэхээр нь “гарал үүслийн бичиг байгаа юу” гэтэл өглөө явна одоо махаа тавих газар алга гээд хоёр үхрийн мах авч ирсэн бөгөөд би түүнд 400.000 төгрөгийг түүнд өгч, өглөө гарал, үүслийн бичгээ авч ирж үлдэгдэл мөнгөө ав гэж хэлээд явуулсан..., Даваадорж өглөө 11 цагийн орчим гарал үүслийн бичиг барьчихсан хүрч ирэхээр нь үлдэгдэл 550.000 төгрөгийг түүнд өгсөн..., тэр бичигт малын эмч Оюунчимэг гэж бичсэн байсан... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 41-р хуудас/
Гэрч Д.Оюунчимэгийн мөрдөн байцаадлтын шатанд өгсөн:
Надтай Даваадорж өөрөө яриад 2 үхрийн махны гарал үүслийн бичиг авмаар байна гэхээр нь би махны талаар асуухад өөрийн малнаас авч ирсэн..., ямар ч асуудалгүй, би нядлаад хүнд зарсан чинь махны гарал үүслийн бичиг нэхээд байна гэхээр нь итгээд өгсөн нь үнэн... гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 16-р хуудас /
М.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн :
2015 оны 11 дүгээр сарын үед байхаа урьд нь хамт ял эдлэж байсан Даваадорж гэдэг залуу над руу залгаж “Шандад хүрээд ирээч би таныг машинтай тосоод авна” гэхээр нь зам дээр зогсож байтал ирсэн..., тэгээд хамт яваад очтол гурван үхрийн нэгийг нь нядалсан байсан..., Тэгээд Даваадорж “хөдөө мал дээрээсээ гурван үхэр авч ирсэн юмаа... гэсэн түүнд тусалж хоёр үхрийг нь нядалсан..., махаа чэнжид өгмөөр байна танд машин олдох уу... гэхээр нь ах Даринчулуун руу залгаж махын ачуулаад би замдаа буусан..., дараа нь би 3 арьсыг нь 65.000 төгрөгөөр зараад мөнгий нь Даваадоржид өгсөн..., харин гэдсийг нь манайх идсэн..., би хулгайн мах гэж мэдээгүй, хамт хулгай хийгээгүй... гэсэн мэдүүлэг /х.хийн 59-р хуудас / зэргээр нотлогдож тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтыг тал бүрээс нь судалж хэрэгт хамааралтай байж болзошгүй М.Батсүх, Б.Пүрэвсүрэн нарыг сэжигтэн, яллагдагчаар татаж хуулийн дагуу шалган тэднийг дээрх гэмт хэрэгт оролцоогүй болохыг тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдэнд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд /х.хийн 75., 76-р хуудас/ хэрэг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг эс зөвшөөрвөл А.Даваадорж болон түүний өмгөөлөгч дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй боловч гаргаагүй байна.
- Мөн хохирогч М.Мягмар манай гурван үхрийг 1.650.000 төгрөгөөр үнэлсэн атлаа хохирогч Д.Батцоожийн 2 үхрийг 1.900.000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой гэж байгаа боловч малын үнэлгээг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үнэлэн дүгнэлт гаргасан байх бөгөөд
/ х.хийн 50-53., 137-140-р хуудас / дүгнэлтийг тэд зөвшөөрөхгүй байгаа бол энэ талаарх гомдолоо мөрдөн байцаалтын шатанд гаргах эрхтэй байжээ.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа ...А.Даваадорж бусадтай бүлэглэж үйлдсэн... гэж гомдол гаргаж байгаагаас гадна мөрдөн байцаагч нь “...шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэний гарын үсгийг дуурайлгаж зурсан, нөхөн зуруулсан, шүүгдэгч А.Даваадоржийн мэдүүлгийг өөрчлөн бичсэн, гарын үсгийг дуурайлгаж зурсан, мэдүүлгийн он, сар, өдрийг зөрүүтэй бичсэн... энэ талаар ямар арга хэмжээ авсан нь тодорхой бус...” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ тухай гомдлоо эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргах эрхтэй.
Анхан шатны шүүх хэргийг Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд, шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Даваадоржийн гаргасан “....би таван үхэр хулгайлсан..., гэхдээ бүлэглэж үйлдсэн тул дахин шалгаж өгнө үү...” гэсэн, түүний өмгөөлгч Ц.Энхтуяагийн гаргасан “...хэргийг бүлэглэж үйлдсэн..., мөрдөн байцаагч эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн, хохирогч М.Мягмарын гаргасан “...хохирлоо гаргуулмаар байна..., үнэлгээнд гомдолтой..., тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч А.Даваадорж хувийн байдлын хувьд урьд нь хоёр удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан, мөн энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. , 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Даваадорж, түүний өмгөөлөгч Ц.Энхтуяа, хохирогч М.Мягмар нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
Ц.ТУЯА