| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 1932000330056 |
| Дугаар | 223 |
| Огноо | 2021-04-28 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 223
Ч.Н-холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, хохирогч Б.Ганзул, Б.Оюунцэцэг, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Чингис, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, иргэний нэхэмжлэгч Б.Баяндалай, нарын нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар магадлалтай, Ч.Н-холбогдох 1932000330056 дугаартай хэргийг хохирогчийн өмгөөлөгч С.Сувдаа, хохирогч Б.Ганзул, хохирогч Б.Оюунцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Ч.Н- нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн “Тоёота приус-20” загварын 34-15 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг 2 давааны хооронд гэх газарт буюу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 135-136 дахь километрт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг урсгалд зорчиж явсан Б.Оргилын эзэмшлийн 64-38 ДАХ улсын дугаартай “Тоёота Гранд марк-2” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас “Тоёота приус-20” загварын 34-15 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.Мөнхбатын амь нас хохирсон, иргэн Ч.Нандинхүслэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота гранд марк-2” загварын 64-38 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Оюунцэцэгийн эрүүл мэндэд хүнд, иргэн Б.Ганзулын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн Б.Баяндалай, Б.Оргил нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Ч.Н-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Н-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Н-гээс 2.132.998 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Оюунцэцэгт, 2.156.420 төгрөгийг гаргуулж Б.Ганзулд, 5.900.200 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Оргилд, 31.100 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Баяндалайд тус тус олгож, хохирогч Б.Оюунцэцэгийн нэхэмжлэлээс 483.853 төгрөг, хохирогч Б.Ганзулын нэхэмжлэлээс 1.499.846 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
хохирогч Б.Оюунцэцэг, Б.Ганзул нар нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч С.Сувдаа гаргасан гомдолдоо “... хохирогч Б.Оюунцэцэг, Б.Ганзул, Б.Баяндалай болон иргэний нэхэмжлэгч Б.Оргил нарын өмгөөлөгч С.Сувдаа би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”, “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх, нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн хуулийн шаардлага бүрэн хангагдсан хэрэгт ямар нэгэн эргэлзээгүй байхгүй гэсэн байр суурьтай байна.
Өмгөөлөгч С.Сувдаа миний зүгээс Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэт нэг талыг барьж шүүгдэгч Ч.Н-н өмгөөлөгч X.Даваахүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Чингисийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын ялих, шалихгүй хэлсэн үгийг хүлээн авч хохирогч Б.Оюунцэцэг, хохирогч Б.Ганзул, хохирогч Б.Баяндалай иргэний нэхэмжлэгч Б.Оргил нарын эрх ашгийг харгалзаж үзсэнгүй хууль зөрчсөн буруу шийдвэр гаргалаа гэж үзэж байна.
Шүүгдэгч Ч. Нэргүйд холбогдох эрүүгийн 1932000330056 дугаартай хэрэг анхан шатны шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ирсэн.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойш 06 сар 12 хоногийн дараа шүүгдэгч Ч.Н-холбогдох хэргийг шийдвэрлэсэн байдаг. Энэ хугацаанд хэргийн хохирогч болон иргэний нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нараас 1 удаа ч хэргийг хойшлуулах хүсэлт гаргаж байгаа. Аль болох хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлж гэм хорын хохирлоо гаргуулах л байр суурьтай байж Улаанбаатар хот болон Дархан-Уул аймгаас шүүх хуралдаанд оролцох гэж 5-6 удаа ирж хохирсон дээр дахин нэмж хохирч байсан.
Шүүх хуралдааныг шүүгдэгч Ч.Н-н өмгөөлөгч X.Даваахүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Чингисийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын хүсэлтээр 10 удаа хойшлогдсон байгаа юм.
Тэр байтугай шүүгдэгч Ч.Н-н өмгөөлөгч X.Даваахүү, хохирогчийн хууль ёсны, төлөөлөгч М.Чингисийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа нар улсын яллагчийн томилгоо шүүх хуралдаан эхэлснээс хойш ирсэн нь прокурор томилгоогүй оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдлоо гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хангаж тус өдрийн үдээс хойш буюу 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 14 цаг хүртэл шүүх хуралдаан хойшлуулсан. Шүүх хуралдаан эхлэхэд “Шүүгчийг үндэслэлгүйгээр татгалзаж шүүх хуралдааныг зориуд санаатай хийлгэхгүй хойшлуулж байсан. Энэ байдлаас харахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахгүй удаашруулах, цаг хожих гэсэн санаатай үйлдэл байсан нь харагддаг хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт нэг төгрөгийн ч хохирол төлөөгүйгээр барахгүй шүүх хуралдааныг олон удаа хойшлуулж их чирэгдэл учруулж байлаа. Энэ байдалд давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж чадахгүйгээр хэргийг прокурорт буцаасан үл зөвшөөрч байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Мөн шатны шүүхэд хохирогч Б.Ганзул гаргасан гомдолдоо “... өмгөөлөгч Х.Даваахүү, иргэний хууль ёсны төлөөлөгч М.Чингисийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа нар нь Цагдаагийн ерөнхий газраас томилсон шинжээч М.Эрхэмбилэг, Г.Насанжаргал, Г.Энхтүвшин нарыг сургууль төгсөөгүй шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй хэмээн гомдол гаргасан. Иймээс анхан шатны шүүх хуралд тус 3 шинжээчийг оролцуулан асуусан үеэр өөрсдийгөө их сургууль төгссөн дипломтой мөн бид жил бүр сургалт хөтөлбөрт хамрагддаг гэдгээ баталсан. 6 сарын хугацаанд анхан шатны шүүх хурлын цаг, тов хойшилсон шалтгаан нь яллагдагчийн талаас санаатайгаар удаа дараа хойшлуулсан. Яллагдагчаас гаргасан гомдол саналыг тус бүрчлэн хүлээн авч шийдвэрлэсэн боловч хохирогч талын саналыг хүлээн авсан удаагүй. Хамгийн сүүлийн гомдол нь шүүгч Хэрлэнг хохирогч талын хамаатан гэдэг утгаар өргөдөл өгч шүүгчээ солих, мөн тус шүүгчийг шалгуулах санал гарган хэргийг санаатайгаар удаашруулсан. Гэвч шүүгч Хэрлэн шалгалтын үеэр ямар нэг хохирогч талтай холбоотой тогтоогдоогүй учир хэргийг шүүн явуулсан. Өмгөөлөгч Даваахүү хэргийн материал дээрх хэрэг гарсан өдрийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэсэн бичгийн алдаанд хүртэл гомдол гаргасан мөн түүнийг шүүхээс шийдвэрлэсэн. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрэг 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр болсон гэтэл тус шүүх тогтоолд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр осол гарсан гэж худал тогтоол гаргасан. Анхан шатны шүүх дээрх яллах дүгнэлтийн хүрээнд Ч.Н-г гэм буруутайд тооцон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан эрүүл мэндийн хохирлыг төлүүлэхээр зааж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна хэмээн цохсон байна. Гэмт хэрэг үйлдсэн хуулийн заалтын 11.3 дугаар заалтыг зөрчсөн. Мөн ослын улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан учир тохирсон ялын тогтоол шийтгэлийг шийдвэрлэсэн байсан. Гэтэл үүнд тохиромжгүй ял оноож худал баримт өгч мөнгө нэхээгүй. Хэрэг буцаасан шүүхийн дүгнэлт ямар ч үндэслэлгүй. Мөн хэргийн материалтай танилцаагүй дур мэдэж сонирхлоороо тогтоол гаргасан мэт, осол гарсан он, сар хугацааг яллагдагч Ч.Н- өөрөө 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэж хүлээн зөвшөөрч байхад хүртэл 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэж тэмдэглэсэн учир тус шүүхийн тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Н-холбогдох хэрэг 2-3 гэрчтэй гэрч бүр мэдүүлэг өгсөн ийм байхад санаатайгаар ялаас мултрах гэсэнд Ч.Н- мөн маш олон шалтаг шалтгаанаар хэргийг удаашруулж буй өмгөөлөгч Х.Даваахүү, Т.Мөнхтуяа нарт гомдолтой байна. Иймээс хэргийг прокурорт буцаалгүй Улсын Дээд шүүхэд шилжүүлэх хүсэлтэй байна” гэжээ.
Мөн шатны шүүхэд хохирогч Б.Оюунцэцэг гаргасан гомдолдоо “... миний бие эрүүл ажлаа хийж байсан боловч осолд орсноос хойш 2 удаа хөлний хагалгаанд өөрийн зардлаар орсон, явж чадахгүй олон дахин эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн боловч одоог хүртэл эмчилгээ авахгүй хэвтэрт гар, хөл хүйтэн толгойдоо хүнд гэмтэлтэй байнга өвдөж байна. Миний нөхөр Баяндалай нь байнгын асаргаатай байдаг тул хүү Оргилоороо асруулж ажил хийх боломжгүй байна. Шүүх хурал олон удаа болсон боловч шалтгаан тодорхойгүй байнга хойшлогдож биднийг олон явуулж байнга хүндрэл учруулж байна. Маш их зарлага гаргаж амьдрал маш хүнд байна. Бидэнд ямар ч мөнгөн тусламж өгөөгүй бидний асуудлыг олон удаа буцааж байгаа тул маш их гомдолтой байна. Иймээс бидний хохирлыг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.
Мөн шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Чингисийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаанууд огт хийгдээгүй ирсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөр шинжээч томилох заалтыг зөрчсөн учир давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Миний бие хохирогч Ч.Нандинхүслэн болон амь хохирогч Г.Мөнхбат нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцдог. Бидний зүгээс Ч.Н- эсвэл Б.Оргил буруутай эсэхэд маргасан ба Замын хөдөлгөөний дүрмийг хэн зөрчсөн нь тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтад буцахад Ч.Нандинхүслэнгийн хууль ёсны төлөөлөгчөөр М.Чингисийг томилсон ба амь хохирогч Г.Мөнхбатын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалсан тогтоол, шийдвэр байхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Энэ хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээд тодорхойгүй тул бидний зүгээс өнөөдрийг хүртэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлүүдийг гаргаж явна” гэв.
Мөн шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан. Миний бие давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо хууль зүйн үндэслэлүүдийг тодорхой дурдсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3-д заасныг зөрчиж, шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Ч.Н-г дурдаагүй байдлыг техникийн алдаа гэж үзэхгүй байна. Хэрэв техникийн алдаа гаргасан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг залруулах боломжтой байсан боловч залруулаагүй. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг орхигдуулсан. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрхтэйг дурдаж, гомдол гаргасан тохиолдолд тогтоолыг түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэхийг заах ёстой байсан. 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 211 тоот шүүгчийн захирамжид прокурор гомдол гаргаагүй бөгөөд тус захирамжийн заалт бүрэн хэрэгжих ёстой буюу давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин шинжээчийн дүгнэлт гаргасан ба хэрэгт дугаарлагдаагүй орсон байдаг. Уг шинжилгээг гаргахдаа урьд дүгнэлт гаргасан шинжээч нарыг дахин томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд магадлал дээрх асуудалд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Мөн яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй нөхцөл байдал бий. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Хэргийн материалтай танилцахад яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт зөрүүтэй, дахин шинжээч томилохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд гаргасан байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Н- нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн “Тоёота приус-20” загварын 34-15 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Улаанбаатар, Дархан-Уул чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 135-136 дахь километрт эсрэг урсгал руу орж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч, нэг хүний амь насыг хохироож, хоёр тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Оюунцэцэгийн эрүүл мэндэд хүнд, Б.Ганзулын эрүүл мэндэд хүндэвтэр, Ч.Нандинхүслэн, Б.Баяндалай, Б.Оргил нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн, тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээ, хязгаарын дотор хянан хэлэлцэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Харин давж заалдах шатны шүүх “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг анхан болон давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах замаар зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршдог болно.
Тухайн зам тээврийн осол нь өдрийн цагаар гарсан байх бөгөөд осол хэний буруутай үйл ажиллагаанаас болсон талаар нүдээр харсан гэрч нар ямар нэг эргэлзээгүй байдлаар дүрслэн мэдүүлснээс гадна тухайн осолд мөргөсөн, мөргүүлсэн тээврийн хэрэгслийн жолооч нарын хэн нь буруутай болохыг тогтоосон техникийн шинжээч, цагдаагийн хошууч Ц.Одбаярын гаргасан “... 34-15 УБҮ дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ч.Н- нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрч гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн, 68-38 ДАХ дугаартай “Тоёота Гранд марк-2” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй тул тухайн дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй юм.
Уг дүгнэлт эргэлзээтэй гэсэн үндэслэлээр дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан шинжээч нар ч цагдаагийн хошууч Ц.Одбаярын гаргасан дүгнэлтийг санал нэгтэйгээр зөв гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Аливаа тусгай мэдлэг бүхий этгээдийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцох, үнэлэх эсэх нь тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүний бүрэн эрхийн асуудал бөгөөд хяналт тавих үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүй прокурорын буруутай ажиллагааны үр дүн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй.
Иймд тухайн зам тээврийн осолд жолооч Ч.Н-г буруутай эсэхийг дахин тогтоохдоо хуульд заасан журмыг зөрчсөн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруу хангалттай нотлогдсон байх тул техникийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах зорилгоор хэргийг прокурорт буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөн давж заалдах шатны шүүхийн “... яллах дүгнэлтийн хүрээнд Ч.Н-г гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан эрүүл мэндийн хохирлыг төлүүлэхээр зааж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй тул магадлалыг хүчингүй болгуулах тухай хохирогчийн өмгөөлөгч С.Сувдаа, хохирогч Б.Ганзул, Б.Оюунцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ