Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 23

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн ******* даргад холбогдох 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх тухай Б/40 дүгээр тушаалын өөрт холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн ******* хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагын бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсныг өөрчлөн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн нутгийн захиргааны байгууллага хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн жинхлэн томилуулах шаардлага бүхий иргэн С.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.*******, хариуцагч Завхан аймгийн ******* даргын итгэмжлэгдсөн төлөөлөгч В.*******, нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оноос аймгийн Засаг даргын Тамгын газарт нутгийн захиргааны байгууллага хариуцсан мэргжилтнээр ажиллаж төрийн албаны шалгалт, сонгон шалгаруулалтын дагуу томилогдон ажиллаж төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн төрийн албан хаагч юм. аймгийн ******* даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.******* нь Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх тухай 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар бидний ажлын байрны тодорхойлолтыг өөрчилж намайг хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод адуитын хэлтсийн нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагын бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч болгон томилсон юм. Дээрх шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөрчиж байгаа тул энэ тушаалыг хүчингүй болгож тухайн албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү хэмээн Завхан аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд өргөлдөө гаргасан ч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг бидэнд ирүүллээ. Иймд хуульд нийцээгүй 2016 оны 9 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх тухай 2016 оны 9 сарын 26-ны өдрийн Б/40 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.*******ыг аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтнээр эгүүлэн томилуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага: Аймгийн Засаг даргын Тамгын Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.*******гийн 2016 оны 9-р сарын 26-ны өдрийн Б/40 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, С.*******ыг хяналт- шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагын бодлогын хэрэгжилтийн хяналт- шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч томилсныг өөрчлөн, аймгийн ******* Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн нутгийн захиргааны байгууллага хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн жинхлэн томилуулах гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: Бид маргааны талаар дараах нөхцлөөр харилцан тохиролцож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дараах зүйлийг тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй байх тул аймгийн ******* хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын бодлогын хэрэгжилт хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлөх нөхцлийг зөвшөөрч 6 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авч нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хуульд заасны дагуу С.*******ыг ажлаас чөлөөлж. 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь Завхан аймгийн ******* Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн нутгийн захиргааны байгууллага хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад тус Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/40 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлөгдсөнөөр маргаан үүсгэжээ.

Дээрх захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагын бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсныг өөрчлөн, аймгийн Засаг даргын Тамгын Газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн нутгийн захиргааны байгууллага хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн жинхлэн томилуулах гэх шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

Гэвч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийж, энэ талаар бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан эвлэрэх эрхийнхээ дагуу, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Завхан аймгийн ******* дарга нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/12 дугаар албан бичгээр энэ хэрэгт өөрийгөө төлөөлүүлэхээр В.*******ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилохдоо Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг түүнд олгосон байгаа тул эвлэрлийн гэрээнд В.******* гарын үсэг зурсан нь хуульд нийцэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******, хариуцагч Завхан аймгийн ******* дарга /итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******оор дамжуулан/ нар нь харилцан буулт хийж, Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр тус аймгийн ******* хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын бодлогын хэрэгжилт хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлөхийг зөвшөөрч, 6 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авч, нэхэмжлэлээсээ татгалзахаар, хариуцагч нь С.*******ыг дээрх албан тушаалаас чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохыг хүлээн зөвшөөрсөн гэх нөхцлүүдийг харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ