Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2019/0275

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 16 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0275

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

Д.А нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2019/0005 дугаар шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, Д.А нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

“Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн “Д.А албан тушаал бууруулах тухай” Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Боловсрол, соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх”-ийг хүсчээ.

Хоёр. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2019/0005 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгон, “Д.А аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож”, харин “2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс Д.А ажлаас нь чөлөөлсөн болон халсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа ажиллуулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар цалингийн зөрүү гаргуулах хохирлын хэмжээний талаарх маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Р.Б дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Д.А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт ахлах мэргэжилтэнгийн албан тушаалд эгүүлэн тогтоосон заалтыг хүчингүй болгож өгнө үү.

Анхан шатны шүүхийн шийдвэр зөвхөн өмгөөлөгчийн саналыг үндэслэн Д.А нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь нэг талыг баримталсан шийдвэр болсон. Д.А аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт ахлах мэргэжилтэнгийн албан тушаалд эгүүлэн тогтоосон хэсгийг хүчингүй болгох шалтгаан:

-Төрийн албаны хууль зөрчиж захирагдах заалтыг үл тоож, ажил тасалж, үүрэг даалгавар биелүүлдэггүй,

-Төрийн албаны хууль, Засгийн газрын шийдвэрийг зөрчиж, архи их хэмжээгээр уусан,

-Төрийн албаны хуулийн ёс зүй зөрчиж хамт олон, хамт ажилладаг мэргэжилтэн бичиг хэргийн ажилтан, дарга нараа элдэв муухай үг, өгүүлбэр хэлж доромжилсон байдаг,

-Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн,

-Байгууллагын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй,

-Байгууллагын даргатай үр дүнгийн гэрээ байгуулдаггүй,

-Д.А Ховд Их сургууль төгссөн, Газар зүйн багш мэргэжилтэй боловч мэргэжлийн ажил хийдэггүй,

-Боловсрол, соёл, урлагийн газрын даргын тушаалаар Газар зүйн судлагдахуун хариуцсан мэргэжилтэнгээр томилсон, ажил хүлээж аваагүй,

-Зөвхөн ахлах мэргэжилтэн болно гэдэг. Хадам аав Гавъяат багш Ц.С аймгийн удирдлагуудыг дарамталж, хэл амаар доромжилсон, шүүхэд нөлөөлсөн,

-Хууль мэддэггүй, удирдлагын боловсролгүй, гүйцэтгэл хангалтгүй боловсон хүчнийг чадах ажилд нь албан тушаал бууруулан томилсон.

Иймд та бүхэн хянан шалгаж, үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулан, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар тус газрын ахлах мэргэжилтэн Д.А албан тушаалыг бууруулахаар шийдвэрлэж, үүрэгт ажлаас нь мөн өдрөөс чөлөөлсөн ч чухам ямар албан тушаалд томилсон нь тодорхойгүй, гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү тушаалаа 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцон, дахин албан тушаал бууруулж, шийдвэрийн биелэлт, газар зүйн боловсрол хариуцсан ажиллахыг Д.А үүрэг болгосон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэх болсон шалтгаан үндэслэл нь хангалттай нотлогдохгүй байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Тухайлбал эхний тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргасан гомдолтой холбогдуулан түүнийг албан тушаал бууруулах үндэслэл болсон холбогдох нотлох баримтаа ирүүлэхийг хариуцагч Р.Б шаардаж байсан болох нь салбар зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаар албан бичгээр тогтоогддог боловч энэ дагуу хариуцагчаас ямар нотлох баримт, тайлбарыг хүргүүлсэн болох нь тодорхойгүй, гэтэл маргаан бүхий тушаалын нэг үндэслэл болох “Д.А ажлын цагаар архи ууж, ажил тасалдаг”-тай холбоотойгоор хавтаст хэрэгт авагдсан ганц баримт болох аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Э, тус хэлтсийн түшмэл С.Ц нарын бичгийн тайлбарт М.Э даргын гарын үсэг зурагдаагүй байдаг.

Нэхэмжлэгч Д.А талаар 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн хамт олны хурлаар “...Тамгын газрын дарга үүрэг өгсний дагуу цаг бүртгэхэд ахлах мэргэжилтэн байгаагүй, утсаа аваагүй,

-2018 оны 12 дугаар сард 8 өдөр ажил тасалсан;

-үндэслэлгүйгээр нэр бүхий сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт сануулах арга хэмжээ авсан, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зэргээр буруутгасан ч эдгээрийн зарим нь нэхэмжлэгчид үл хамаарах шалтгаан нөхцөлүүд байна.

Өөрөөр хэлбэл “үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй” гэх зөрчлийн тухайд хариуцагч өөрөө эдгээр гэрээг байгуулах төдийгүй баталгаажуулах эрх бүхий гэрээний нэг тал тул энэ нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Мөн 2018 оны 12 дугаар сард 8 өдөр ажил тасалсныг нотлох баримт болох хх-ийн 45 дахь талд авагдсан ирцийн мэдээ нь ажлын цагийн бус харин ажилчдын сонсгол, мэдээлэлд оролцсон ирцийн бүртгэл байх бөгөөд 2018 оны турш нийтдээ 26 удаагийн сонсгол хийснээс 8-д нь нэхэмжлэгч оролцоогүй буюу тасалсан байдлаар бүртгэгдсэн, гэтэл мөн оны 4 дүгээр сарын 2-ны өдөр нэхэмжлэгч ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байх тул 5 дугаар сарын 17, 31, 6 дугаар сарын 25, 7 дугаар сарын 6-ны өдрүүдийн сонсголд оролцох бодит боломжгүй, энэхүү ирцийн мэдээг 2017 оных байсныг он андуурч бичсэн, техникийн алдаа байжээ гэж үзвэл дээрх дүгнэлтээс гадна 2018 оны 1, 2, 3 дугаар сарын ажлын цагийн тооцоонд Д.А ажил тасалсан талаарх огт тэмдэглэгдээгүй байх тул түүнийг ажил тасалсан гэж шууд дүгнэх нь учир дутагдалтай.

2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Д.А албан тушаалыг бууруулах тухай эхний тушаал гарсан, гэтэл мөн өдрийн хамт олны хурлын 11 дүгээр тэмдэглэлд “ахлах мэргэжилтэн Д.А албан тушаалыг бууруулна” гэснээс өөрөөр одоогийн давж заалдах гомдолд дурдсан зөрчлийн талаар ярилцсан, өөрөөс нь тайлбар авсан талаар огт тусгагдаагүй, харин Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Э “…Д.А холбоотой архи ууж байгаа, мөн хариуцагч Р.Б нэхэмжлэгч Д.А хоёр ажлаа үгүйсгэж, хамтарч ажиллаж чадахгүй, хоёр хуваагдаж байгаа, дарга Р.Б ажил цалгардаж байгаа, хурал цуглаан дээр ирэхгүй байгаагаас удирдлага, зохион байгуулалтаар хангаж чадахгүй байгаа…” талаар тус тус ярьсан нь тэмдэглэгджээ.

Гэвч нэхэмжлэгчийн архи их уудаг, хариуцсан ажилдаа хайнга хандаж ажил цалгардуулдаг гэдэг нь нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.

Маргаан бүхий тушаалын үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, мөн 45.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэх зохицуулалтыг нэхэмжлэгчийн тухайд авч үзэхэд:

-хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан 2015, 2016 оны үр дүнгийн гэрээнд 92-96 оноо буюу “А” үнэлэгдсэн, харин 2017, 2018 онд гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй байх тул албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлснийг чухам ямар үндэслэл, шалгуураар дүгнэж байгаа нь ойлгомжгүй нөхцөлийг бий болгосон;

-тухайн албан тушаалыг эрхлэх шаардлага хангах эсэх талаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулж тогтоолгоогүй байх тул дээрх заалтыг нэхэмжлэгчид хэрэглэх нөхцөл бүрдсэн гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагаа 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр “аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах” гэж өөрчилсөн байхад энэ хүрээнд хэргийг шийдвэрлэлгүйгээр “2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн болон халсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа ажиллуулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосноор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчжээ.

Харин “...хадам аав гавъяат багш Ц.С аймгийн удирдлагуудыг дарамталж, хэл амаар доромжилсон, шүүхэд нөлөөлсөн” гэх гомдлын тухайд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд хэдийгээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон ч Д.А холбоотой “зөрчлүүд” дахин гарах тохиолдолд тэдгээрийг нотлох баримтаар хангалттай тогтоосны үндсэн дээр дахин шийдвэр гаргах хариуцагчийн эрхийг энэхүү магадлалаар хязгаарлахгүй болгохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 112/ШШ2019/0005 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Боловсрол соёл урлагын газрын даргын 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгон, Д.А тус газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагын газрын дарга Р.Б гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                              

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН