Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2016/0072

 

 “Кевико” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ, Ц.Сумъяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Сүнжид, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбат, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, Ө.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Кевико” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороо, Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Кевико” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зарласан ХХЗХ/Т5/Ku-DTH/2014 тоот “Телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт”-д оролцсон билээ.

2014 оны 18 тоот тогтоолоор батлагдсан гэх журам нь Зохицуулах хорооны вэб хуудсанд мэдээлсэн журмын жагсаалтад байхгүй бөгөөд харин уг цахим хуудсанд 2013 оны Зохицуулах хорооноос баталсан 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр журам буюу “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам”-ыг оруулсан байна. Мөн хуудсанд уг журмын талаар тайлбарлахдаа 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 18 тоот тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн баталсан гэжээ.

Уг харилцааг зохицуулсан салбарын хууль болох Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд харилцаа холбооны салбарт тусгай зөвшөөрөл олгох, тухайлбал радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох талаар нарийвчлан зохицуулаагүй, тусгайлсан журмаар зохицуулахаар заасан байх тул “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам” нь уг харилцааг зохицуулж буй эрх зүйн гол эх сурвалж болж байна.

Зохицуулах хорооны 2013 оны 61 дүгээр журам, 2014 оны 18 тоот тогтоолоор түүнд оруулсан өөрчлөлт нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын дагуу батлагдан, чиг үүргийн дагуу Хууль зүйн яамаар хянуулж, бүртгүүлж, нийтэд мэдээлснээр хүчин төгөлдөр болох ёстой шийдвэр байна.

Гэтэл сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн хугацаа болох 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл үнэлгээг зохион байгуулж шийдвэрлэх ёстой атал 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэрлэсэн болон өмнө нь утсаар огт мэдэгдэлгүйгээр, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр сонгон шалгаруулалтад тэнцээгүй тухай “Кевико” ХХК-д мэдэгдэж сонгон шалгаруулалтын журам, холбогдох баримт бичигт заасан хууль ёсоор оролцогчдыг үнэлэх журам, хугацааг илтэд зөрчсөн нь оролцогчдын шударга өрсөлдөх нөхцөлийг хязгаарласан үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Тиймээс сонгон шалгаруулалтыг явуулсан үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрийг баталгаажуулсан ХХЗХ-ны шийдвэр нь хууль бус байх тул эдгээр дүгнэлт, шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороо шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Харилцаа холбооны зохицуулах хорооноос батлан гаргаж буй нийтээр дагаж мөрдөх захиргааны актууд нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэлтэй байдгаас гадна мэдээллийн ил тод байдал болон мэдээлэл авах эрхийн тухай хууль, холбогдох бусад баримт бичгийн дагуу тус хорооны вэб хуудсанд байршигддаг болно. Нэхэмжлэгч тал буюу "Кевико" компанийн нэхэмжлэлд дурдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 61 дүгээр тогтоол, 2014 оны 18 дугаар тогтоолууд нь нийтээр дагаж мөрдөх захиргааны актад хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл энэхүү тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бус, Үнэлгээний хороо нь хуулиар олгогдсон тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулж, сонгон шалгаруулж олгох вэ гэдэг дотоод асуудлыг зохицуулсан эрх зүйн баримт бичиг юм. Түүнээс биш нийтээр дагаж мөрдөх, нийтэд үйлчлэх, нийтэд үүрэг хүлээлгэсэн баримт бичиг биш юм гэжээ. 

Хариуцагч Үнэлгээний хороо шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Үнэлгээний хороо нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж холбогдох дүгнэлтийг гаргасан тул “Кевико” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сонгон шалгаруулалтын үнэлгээний хороо нь захиргааны эрх зүйн субъект болохгүй, үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдахгүй харилцаа юм. Тус хороо нь төрийн өмчийн хөрөнгөөр аливаа бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан зүйл байхгүй бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороонд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд тусгай зөвшөөрөл олгохдоо сонгон шалгаруулсан хэлбэр юм гэжээ.     

Гуравдагч этгээд “Юнител” ХХК хариу тайлбартаа: Харилцаа холбооны зохицуулах хорооноос зарласан Телевиз радиогийн олон сувгийг сансрын холбооны хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын зорилго нь тухайн зах зээлд одоо ганцаараа үйлчилгээ эрхэлдэг “зүй ёсны монополь” хэмээн тогтоогдсон “ДДишТВ” ХХК-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй өрсөлдүүлэхээр шинэ тоглогчийг тухайн зах зээлд оруулан энэ салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг чанаржуулах, өрсөлдөөн бий болгохыг зорьсон байдаг. Энэхүү сонгон шалгаруулалтад “Юнител” ХХК-ийн оролцсон төсөл шалгарсан бөгөөд нэхэмжлэгч “Кевико” ХХК-ийн төсөлд үнэлгээний хорооноос хамгийн доод үнэлгээг өгсөн юм байна. “Кевико” ХХК-ийн төслийн хувьд ашиглах радио долгион, техник технологийн гол шийдлүүд нь "ДДишТВ" ХХК-ийн бааз станцыг түшиглэсэн шинжтэй байгаа нь сонгон шалгаруулалтын үндсэн зорилгод харшилсан хэмээн бид үзэж байна гэжээ.

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 576 дугаар шийдвэрээр: Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийг 9.1.6, 9.1.10, 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Кевико” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүнжид, Н.Баярмаа нарын гаргасан “...Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам” болон 2014 оны 18 дугаар тогтоолоор түүнд өөрчлөлт оруулсан өөрчлөлтийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Харилцаа холбооны зохицуулах хорооны үнэлгээний хорооны 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн санал, дүгнэлт буюу тэмдэглэл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 576 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг олон талаас нь хянан үзэж, шаардлагатай үзлэг хийж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримтуудыг хангалттай цуглуулж хэргийг шийдвэрлэсэн. Гэвч давж заалдах шатны шүүх огт үндэслэлгүй дүгнэлтүүдийг магадлалдаа тусгаж шийдвэрлэсэн. Магадлалд “...үнэлгээний хорооны ялагчаар шалгаруулсан шийдвэрийн үндэслэл, тендерт оролцогчдын тендерийн баримт бичгийг үнэлсэн үнэлгээ хэр бодитой болсон зэрэг асуудлуудыг тодруулан дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна" гэжээ.

Маргаантай асуудал нь тендер бус тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт юм. Нэхэмжлэгч тал сонгон шалгаруулалтын үнэлгээтэй холбоотой аливаа гомдол, маргаан, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Аливаа сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны гишүүдийн дүгнэлт нь үнэн зөв эсэхэд шүүх хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй юм.

Дээрх байдлаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл болгож маргаагүй “оролцогчдод өгсөн үнэлгээ” үнэн зөв, бодитой эсэх талаар шүүх дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д заасныг зөрчсөн. Мөн магадлалд “тендер сонгон шалгаруулалт явуулахаас өмнө” тус зориулалтаар ашиглах тоног төхөөрөмжийг гуравдагч этгээд оруулж ирсэн талаар дүгнэлт өгөх шаардлагатай” гэж дүгнэсэн нь хуульд заасан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хүрээ хязгаарыг давсан хэрэг, маргаан бүхий захиргааны актад хамааралгүй нотолгооны ач холбогдолгүй асуудалд дүгнэлт өгөхийг шаардсан, баримт сэлт цуглуулахыг шаардсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 3 дугаар зүйлийн 3.1.1., 3.1.2, 31 дүгээр зүйлийн 31.8-д заасныг зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Кевико” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хороо, Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан телевиз, радиогийн олон сувгийг сансрын холбооны хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбогдуулан маргаж байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрд эрх зүйн дүгнэлт өгөөгүй, нотлох баримт цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “тоног төхөөрөмж, хүчин чадлын үзүүлэлт “Юнител” ХХК-иас дутуу зүйл байхгүй байхад өөр өөрөөр үнэлсэн, ямар учиртай өөр өөр дүн тавьсан нь тодорхой биш, тусгай зөвшөөрөл олгох зар гараагүй, тендерийн баримт бичиг аваагүй, тавигдах шаардлагыг нийтэд зарлагдаагүй байх үед гуравдагч этгээдээс урьдчилан тоног төхөөрөмж гаалийн хилээр оруулж ирсэн” гэж маргасан байхад анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, хариуцагчийн “нэхэмжлэгч тал үнэлгээтэй холбогдуулан маргаагүй” гэх гомдол няцаагдаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн тоног төхөөрөмж нь “ДДэшТВ” ХХК-ийн тоног төхөөрөмжид суурилсан” гэх буюу хэргийн оролцогч нараас Үнэлгээний хорооны үнэлгээтэй холбогдуулан нэхэмжлэгчээс “нэг транспондерийг хэд хэдэн этгээд хуваан ашиглах бүрэн боломжтой, болохгүй гэсэн заалт тендерийн баримт бичигт байхгүй” гэж,  хариуцагчаас “нэг давтамж дээр өөр этгээд орж болохгүй” гэж тус тус маргасан байхад анхан шатны шүүх холбогдох баримтыг цуглуулаагүй, зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.  

Үүний зэрэгцээ нэхэмжлэгчийн “тендерт оролцогчдод тэгш боломж олгохгүйгээр мэдээллийн хаалттай орчинд, дураараа тендер шалгаруулах журам өөрчилсөн, үнэлгээ зохион байгуулах хугацаа зөрчсөн” зэрэг тайлбарыг шалгах нь хэрэгт ач холбогдолтой байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Үнэлгээний хорооны дүгнэлт, үнэлгээтэй холбогдуулан маргасан байхад анхан шатны шүүх “Үнэлгээний хорооны гишүүдийн үнэлгээг шүүх хөндлөнгөөс үнэлэх боломжгүй” хэмээн уг үндэслэлийг шалгалгүй орхигдуулсан нь маргааныг бүх талаас нь бүрэн дүүрэн, бодитойгоор шийдвэрлэх зарчимд нийцээгүй бөгөөд захиргааны хэргийн шүүхээс Үнэлгээний хорооны үнэлгээ өгөх эрхийг хөндөхгүй болохоос үнэлгээ хийх журам зөрчсөн эсэх, адил тохиолдолд өөр өөрөөр үнэлсэн эсэх нөхцөл байдал, үндэслэлийг шалгах эрхтэй болно.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.    

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

   

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                               М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ