Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1

 

 

 

 

 

 

Л.Өнөржаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр  сар 05-ны өдрийн 151/ШШ2016/00299 шийдвэртэй

Нэхэмжлэгч: Л.Өнөржаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг,

Лхамсүрэнгийн Цэрэндолгор,

Бишүбазарын Дашзэгвэ,

Цэгмидийн Жамбалсүрэн нарт холбогдох “Эмчилгээний зардал, цаашид гадаадад эмчлүүлэх зардлыг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Өнөржаргал, Хариуцагч Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, нарийн бичгийн дарга Б.Байгалмаа нар оролцов.

Л.Өнөржаргал анхан шатны шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл тайлбартаа:- Би 2011 оны 8 сард ерөндөг тавиулъя гээд анх Л.Цэрэндолгор эмчид үзүүлсэн. Тэгсэн 7 хоног лаа хийх эмчилгээ надад бичиж өгсөн. Тэгээд 7 хоног лаа хийгээд эргээд очиход Ц.Жамбалсүрэн эмч үтрээний эхогоор хараад зүгээр байна гээд надад ерөндөг тавьсан. Ц.Жамбалсүрэн эмч хэд хоногийн дараа ирж ерөндөг чинь голлосон байна уу гэдгийг үзүүлээрэй гэхээр нь хэд хоногийн дараа ирж Л.Цэрэндолгор эмчээр эхогоор харуулахад голлосон байна гэсэн. Дараа нь ерөнхийдөө надад зовиур байсан учраас дахин үзүүлсэн. Б.Дашзэгвэ эмчид үзүүлээд сарын тэмдэг ихээр ирээд байна гэж хэлэхэд спираль таарахгүй байна гэж байхгүй зүгээр гэж хэлсэн. Тэгэхээр нь би л ингэж янгуучлаад байгаа юм байна өөр бусад хүмүүс зүгээр л байдаг юм чинь гэж бодоод эмч нарт итгэсэн. Хэсэг хугацаанд явсан 2012 оны 9 сараас өөрчлөлт өгөөд, шинэ анги авсан байсан болоод ч тэрүү дархлаа муудаад сарын тэмдэг нэг бол сарын эхэнд эсвэл сүүлд ирээд 1 сард 3 удаа ирсэн. Тэгээд ер нь болохгүй байна гээд Ц.Жамбалсүрэн эмчид очоод бүх учраа хэлсэн. Гэтэл ургацаг байж магадгүй гээд эход харуул гэсэн. Маргааш нь  н.Амарсанаа эмчид эход үзүүлсэн, гэтэл зүгээр байна гэхээр нь н.Амарсанаа эмчийг сайн эмч гэж сонссон учраас итгэсэн. Дараа нь хэсэг хугацаа өнгөрөөд ер нь болохгүй нь гэж бодоод Улаанбаатар хотын Хавдар судлалын эмэгтэйчүүдийн эмч н.Сувдмаад үзүүлсэн. н.Сувдмаа эмч хуруугаа хийж үзээд хавдар байна гэж хэлсэн. Тоног төхөөрөмж байхгүй гэж байгаа болохоос эхо, дотуур үзлэг байгаа, үтрээний эхо ч байсан. Тэгээд эсийн шинжилгээ хийлгэ гэсэн. Хариу нь 14 хоногийн дараа гарна гэсэн. Тэгээд 14 хоногийн дараа хорт хавдар гэсэн хариу гарсан. ... Би нэг жил ч гэсэн илүү наслах гээд хүний нутагт өр зээл хийгээд явсан. 2012 оны 12 сарын 11-ний өдрөөс 2014 оны 05 сарын 19-ний өдөр хүртэл эмчилгээ хийлгэсэн зардал нийт 3.000.000 төгрөг, Солонгос улс руу явсан онгоцны тийз, шинжилгээ хийлгэсэн зардал, орчуулгын хөлс гээд 2658177 төгрөг, 2 сарын цалин 1717886 төгрөг, цаашид 5 жил эмчлүүлэх төлбөр 18.000.000 төгрөг, цаашид хагалгаа хийлгэх боломж нь олдвол нэг хүний 10.000.000 төгрөг гээд 3 хүний 30.000.000 төгрөг, нийт 55.447.993 төгрөгийг Төв аймгийн нэгдсэн эмнэлэг, хариуцагч 3 эмчээс гаргуулахаар нэхэмжилж байна. Өмнө нь хийлгэж  байсан эмчилгээнд үндэслэн 1 жилд гарсан 3.600.000 төгрөгийг 5 жилээр үржүүлээд нийт 18.000.000 төгрөгийг ирээдүйд гарах зардал гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:- Л.Өнөржаргал Нэгдсэн эмнэлэгт 2013 оны 7 сард эмч нарын үзлэгээр анх үзүүлж зөв оношлоогүй гэсэн гомдол гаргасан байсан.  2013 оны 06  сарын 10-ны өдрийн даргын тушаалаар удирдлагын зөвлөлийн хурлаар анхан шатны үзлэгийн маягтын бүрэн гүйцэд бөглөөгүй гэсэн үндэслэлэр Л.Цэрэндолгор эмчид сануулах арга хэмжээ, Б.Дашзэгвэ эмчийн цалинг 15 хувиар 2 сар, 2 сувилагчийн үндсэн цалингийн 10 хувиар 1 сар гэсэн сахилгын шийтгэл ногдуулж байсан. Энэ бол анхан шатны бүртгэлтэй холбоотой зөрчил байсан. Нэхэмжлэгчийн  дараагийн шаардлага болох эмчилгээний зардалтай холбоотой дараах тайлбарыг хэлье. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313 дугаартай тушаалаар Монгол улсын өөрийн оронд эмчлэгдэх боломжгүй өвчины талаар гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалт баталсан байдаг. Л.Өнөржаргалын өвчин энэ жагсаалтад  байхгүй. Умайн хүзүүний хорт хавдар манай улсад тархалт өндөртэй, эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг, хожуу шатандаа оношлогдоод байгаа өвчин. Анхан шатны үзлэг болон хэвлийн эхо, үтрээний эхогоор оношлогдохгүй. Төгс оношлогоо бол эсийн шинжилгээгээр оношлогддог өвчин. Л.Өнөржаргал бол Улаанбаатар хотод Хавдар судлалд очиж эсийн шинжилгээ хийлгээд оношоо тогтоолгосон байдаг. Тухайн үед улс орон даяар хэрэгжиж байсан Мянганы сорилтын сангаар санхүүжиж эсийн шинжилгээг өгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Л.Цэрэндолгор эс харах сургалтанд хамрагдаад тухайн үед нь оношилж байсан. Дараа дараагийн хийгдэх хагалгаа гээд байгаа ч Л.Өнөржаргалын хавтаст хэрэгт байгаа үзлэг шинжилгээний материалыг харахад хавдар 3 шатандаа оношлогдсон ч бусад эрхтэндээ үсэрхийлэлгүй, хавдарын тархалт зогссон гэсэн хариу байгаа учраас Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахгүй гэжээ.

Хариуцагч Л.Цэрэндолгор шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:  2011 оны 8 сарын 03-ны өдөр  цахим бүртгэлийн үзлэгийн дугаар болон ерөндөг зарцуулалтыг үндэслэн Л.Өнөржаргалд спираль тавьсан гэж үздэг. Ямар нэгэн цус алдалт байхгүй, жирэмсэн биш, аарцгийн эрхтэний хурц үрэвсэл зэрэг байхгүй байсан учраас стандартын дагуу спираль тавьж өгсөн. Бүртгэлээ хараад би спираль тавьсан гэж санаж байгаа. Нэхэмжлэгч өөрөө сая Ц.Жамбалсүрэн эмчээр тавиулсан гэж байна. Би бол ерөндөг, цахим бүртгэлийг хараад хэлж байна. Ер нь бол 1 жилд 100 гаруй спираль тавьдаг ба үүнийгээ бүртгэдэг. Үүгээрээ би нэхэмжлэгчид ерөндөг тавьсан гэж бодож байгаа. Тэгэхдээ яг ерөндөг тавьснаа бол сайн санахгүй байгаа. Л.Өнөржаргалын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Прокурор дээрээс үгүйсгэгдсэн мөн эх барих эмэгтэйчүүдийн салбар хорооны дүгнэлтээр үгүйгэгдсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч С.Жамбалсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Л.Өнөржаргал 2012 оны 11 сарын 12-ны өдөр надад үзүүлсэн.  Ургацаг байж магадгүй гээд эход үзүүл гэж хэлээд явуулсан.  Надад доошоо юм гараад байна гэхээр нь хавдарын үед эсвэл дотогшоо ургацаг ургасан үед юм гардаг учраас тэгж хэлсэн боловч эргэж орж ирээгүй. Нэг мэдсэн чинь л өргөдөл гомдол болсон тэгэхэд нь их гайхсан. Тэгээд дараа нь эрүүгийн хэрэг болсон.  Дараа нь 9 эмчийн зөвөлгөөнөөр бидний багаж төхөөрөмж дутагдсан байж магадгүй, мэргэжил мэдлэг дутагдсан, мэргэшсэн эмч биш учраас оношлоогүй байж магадгүй. Хавдар судлалын эмч зөв оношилсон байсан. Дараа нь хэрэг үүсгээд шалгагдаж эхэлсэн. Мэргэжлийн салбар зөвлөлөөр асуудал шийдэгдсэн. Л.Цэрэндолгор эмч бол зөв оношилсон байсан. Улс даяар тухайн жилийн хавраас эхлээд 33-60 хүртэлх насны эмэгтэйчүүдэд эсийн шинжилгээг хийсэн. Л.Цэрэндолгор эмч Хавдар судлалын эмч хоёрын онош таарч байгаа. Мөн тэр эсийн шинжилгээ өөрчлөлтэй гарсан гэдэг нь хавдартай байсан гэсэн учраас оношлоогүй биш оношилсон гэж ойлгож байгаа. Тэр өдөр спираль тавьсан гэх бүртгэл миний журнал дээр байхгүй байсан. Тиймээс би спираль тавиагүй. Тухайн  үед бол ийм асуудал болно гэж мэдээгүй цалингийн 30 хувиар 3 сар шийтгэгдсэн. Дахиад бид хөдөө орон нутаг юм чинь гээд 1 хүн 150 000 төгрөг гаргаад Л.Өнөржаргалд өгсөн. Сүүлд нь эмнэлэгт хэвтэхэд мөн өгсөн.  Бидэнд бас сэтгэл санааны хувьд хэцүү байдаг. Энэ асуудлаас болоод зэрэг дэвийн шалгалтанд явдаггүй. Л.Өнөржаргал ч гэсэн ёс зүйгүй ханддаг. Л.Өнөржаргалаас айгаад тариа хийх сувилагч олдохгүй байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Дашзэгвэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Л.Өнөржаргал надад анх үзүүлэхдээ ууц нуруугаар өвдөөд байна гээд үзүүлж байсан. Жирэмснээс хамгаалах эм, тариа, спираль гээд байдаг. Эдгээр нь давуу болон сул талтай. Спиралийн хувьд давуу тал нь 99 хувийн үр дүнтэй, олон жил хамгаалдаг, тариа хийлгэнэ гэсэн юм байхгүй давуу талуудтай. Харин сарын тэмдэг ихэсдэг, биений юм ихээр ирж олон хоногоор үргэлжилдэг, бэлгийн замын өвчнөөс хамгаалдаггүй гэсэн сул талуудтай. Тэр дагуу л Л.Өнөржаргал эдгээр зовиуруудыг хэлж байсан. Тухайн үед нь эм бичиж өгөөд явуулсан мөн шарх бол байгаагүй. Бидэнд холбогдуулан 2 жилийн хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдсан тэгээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх дүгнэлтийг олон мэргэжилтнүүд, доктор нар гаргасан байгаа. Тиймээс нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Л.Өнөржаргалын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг, эмч Л.Цэрэндолгор, Ц.Жамбалсүрэн, Б.Дашзэгвэ нарт холбогдуулан гаргасан эмчилгээний зардал, цаашид гадаадад эмчлүүлэх зардлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Өнөржаргал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн хариу эмчилгээний зардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гарсан. Иймд нэхэмжлэгч би 2012-2014 онд гарсан Эмчилгээний зардал, Солонгос явж шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн зардал, ирж, очих тийзний зардал, цалингүй 2 сарын чөлөө авсан зардал зэргийг хэрэгсэхгүй болснийг зөвшөөрөхгүй тул авж заалдах гомдол гаргаж байна. Зардал болон эмчилгээ, шинжилгээ, цалингүй чөлөө авсан нийт 3,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй тул давж заалдах хурлыг Төв аймгийн шүүхэд явуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авах ёстой. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлд хариуцагч нарын овог, эцгийн нэр, нэр хаяг, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, нэхэмжлэлийн үнэ зэргийг тодорхой тусгахыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-62.1.5-д заажээ. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэлээс харахад хариуцагч нарын овог нэр хаяг тодорхойгүй байхаас гадна Жамбаа гэж хүнийг хариуцагчаар татсан байхад Жамбалсүрэн гэж хүнд нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь ойлгомжгүй, хэн гэх хариуцагчид холбогдох нэхэмжлэл болох нь тодорхойгүй болжээ. /хх-ийн 53 дугаар хуудас/  

Нэхэмжлэгч анх 3 төрлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилж буй мөнгөн дүнг

1. Эмчлүүлсний зардал 2,500,000-3,000,000 төгрөг,

2. Үхэн үхтэл орох эмчилгээний зардлууд жилд 3,000,000 төгрөг,

3. Цаашид хагалгаа хийлгэх зардал 40,000,000-50,000,000 төгрөг гэх мэтээр ерөнхийлөн бичсэн ба нэхэмжлэлийн үнийг тодорхойлоогүй байна.

Мөн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай” гэсэн баримтыг бичгээр шүүхэд гаргахдаа дээрх 3 шаардлагыг 5 шаардлага болгож төрлийн хувьд нэмэгдүүлжээ.  Хуулийн заалтаас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх буюу багасгах эрхтэй бөгөөд дээр гаргасан эмчилгээний зардал, Солонгос улсад эмчилгээ, шинжилгээ хийлгэсний үнэ болон хоёр сарын цалин нийт 7,447,993 төгрөг нэхэмжилснээс гадна жил бүрийн эмчилгээний зардал 18,000,000 төгрөг, хагалгаа хийлгэх зардал 30,000,000 төгрөг нийт  55,447,993 төгрөгийг Төв аймгийн нэгдсэн эмнэлэг, хариуцагч 3 эмчээс гаргуулахаар нэхэмжилж буйгаа шүүхэд тайлбарлажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа төрлийн хувьд нэмэгдүүлж өөрчилсөн дээрх баримтыг шүүх 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан боловч  нэхэмжлэлийн шаардлага хангуулаагүй, хариуцагч талд гардуулах, зохигчдын эрхийг хангах, хариу тайлбар гаргах эрхийг эдлүүлэх зэрэг ажиллагаануудыг гүйцэтгэсэн эсэх нь хавтаст хэргийн материалаас харагдахгүй байна. Нэхэмжлэгч дээрх шаардлагуудыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх-ийн 192 дугаар хуудас/

Шүүхээс маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шүүхийн шийдвэрийн тодорхойлох, үндэслэх болон тогтоох хэсэгт  гэм хорын хохирол хэдэн төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрхэн хянан шийдвэрлэсэн болохыг тодорхойлж шийдвэрлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-118.5, 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийг 115.2.3-ыг зөрчжээ.  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хамаарч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн үнэ тодорхойлогдох, нэхэмжлэлийн үнээс хамаарч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоогдох хуулийн шаардлагыг анхан шатны шүүх зөрчсөн байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, хариуцагч нарын чухам ямар гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорыг арилгуулахыг хүсэж буйгаа нэхэмжлэгч тодорхойлж чадаагүй байхад шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, “Төв аймгийн нэгдсэн эмнэлэг болон эмч Л.Цэрэндолгор, Ц.Жамбалсүрэн, Б.Дашзэвгэ нарын буруутай үйл ажиллагаанаас болж Л.Өнөржаргалын биед умайн хүзүүний хортой хавдар үүсээгүй болох нь” гэсэн нэхэмжлэлийн шаардлагад заагдаагүй зүйлээр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3-д зааснаар бичгийн нотлох баримтыг эхээр нь буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гаргаж өгөх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн баримтуудыг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь буруу байна. /хх-ийн 74-111, 141 дүгээр хуудас/  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3  дахь хэсэгт тус тус заасан зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 151/ШШ2016/00299 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
  2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Л.Өнөржаргалын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  62,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР

  ШҮҮГЧИД:                                         Ш.ОЮУНХАНД

              Ш.ТӨМӨРБААТАР