Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00592

 

 

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00592

 

 Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 23-ны өдрийн 182/ШШ2023/03352 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.О-т холбогдох, тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2022 оны 08 сард хариуцагчид өөрийн өмчлөлийн **-** У** улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг нийт 16,000,000 төгрөгөөр худалдахаар амаар тохирсон. Хариуцагч 3,500,000 төгрөгийг төлж үлдэгдэл мөнгийг 3 хоногийн дотор төлнө гэсэн боловч төлөөгүй. Мөнгөө бүрэн төлсний дараа нэр шилжүүлнэ гэж тохирч тээврийн хэрэгслийг авч явсан болно. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул миний зүгээс гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг буцаан авах хүсэлтэй байна. Миний эгч Б.Н намайг өсгөсөн учраас баярласан сэтгэлээр эгчийнхээ нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлж байсан. Гэхдээ эгч минь тээврийн хэрэгсэл унаж чадахгүй, тээврийн хэрэгсэл унахаар насны хүн биш. Иймд талуудын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний зүйл болох **-** У** улсын дугаартай тээврийн хэрэгслийг надад хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Д.Б-той 2022 оны 10 сарын 09-ний өдөр утсаар холбогдож **-** У** улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг худалдан авахаар болсон. Уг тээврийн хэрэгсэл эвдрэлтэй асахгүй байсан учир 6,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Эвдрэл гэмтлийг өөрт нь өгөх 6,000,000 төгрөгөөс суутган янзлуулж, үлдэх төлбөрийг төлөхөөр тохирсон. Үүний дагуу 2022 оны 10 сарын 09-ний өдөр Д.Б-ын хэлснээр ХААН банк ХК дахь 5064****** тоот Т.М-ын дансанд 2,000,000 төгрөг шилжүүлж, Д.Б-ын эзэмшлийн 002609****** дугаарын Төрийн банк ХК дахь данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлж, нийт 3,500,000 төгрөгийг Д.Б-д өгсөн. Харин үлдэх 2,500,000 төгрөгөөс тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг засуулан авахаар тохиролцсон. Тээврийн хэрэгсэл асахгүй байсан тул автомашинаар чирүүлэн Баянзүрх дүүрэгт байрлах "Приус центр" засварын газарт үзүүлэхэд тухайн тээврийн хэрэгслийн мотор цохисон байна гэж хэлсэн. Энэ талаар Д.Б-той холбогдож хэлэхэд үлдсэн мөнгөөрөө машинаа засуулаад ав гэж хэлсний дагуу шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэж, засварт нийт 3,065,500 төгрөгийг төлсөн. Д.Б од шилжүүлсэн 3,500,000 төгрөг болон засвар үйлчилгээний зардал 3,065,500 төгрөг болсон. Тухайн тээврийн хэрэгслийг 6,565,500 төгрөгөөр худалдан авч байна гэж ойлгосон. Нэгэнт ярилцаж тохиролцсон учир илүү төлсөн 565,500 төгрөгийг Д.Б-оос шаардахгүй. Д.Б-той удаа дараа холбогдож, нэрээ шилжүүлээд өгөөч, би танд нэмээд 500,000 төгрөг өгье гэж хэлэхэд за тэгье гээд цагаан сарын өмнө нэр шилжүүлэхээр Нисдэг машин гэдэг газар очиход тээврийн хэрэгсэл Б.Н-ийн нэр дээр байсан. Яаж шилжүүлэх талаар асуухад Д.Б нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлнэ гэж аваад Тэнгис кино театрын гаднаас зугтсан. Нэхэмжлэгчтэй 16,000,000 төгрөгөөр зарна гэж тохиролцоогүй. Иймд **-** У** улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь Д.Б-ын эзэмшлийнх биш болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа тул Д.Б-ыг тээврийн хэрэгслийг шаардах эрхгүй гэж үзэж байна гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч С.О-т холбогдох худалдах, худалдан авах гэрээг цуцалж, тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч П.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3, Иргэний хуулийн 1, 2, 9.1, 9.4.7, 9.4.8-д заасныг тус тус зөрчсөн. С.О гэх эмэгтэй их зальтай хүн. Миний автомашинд ямар ч засвар үйлчилгээ хийгээгүй. Автомашин авахгүй бол болино л биз. С.Оийн яриад байгаа засварын мөнгийг нь би төлье, автомашинаа л авмаар байна гэжээ.

5.   Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч С.О-т холбогдуулан Тоёота Приус-20 маркийн **-** У** улсын дугаартай автомашиныг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...автомашины үнэ болох 6,565,500 төгрөгийг бүрэн төлсөн, автомашин нь Б.Н-ийн нэр дээр бүртгэлтэй учир нэхэмжлэгч шаардах эрхгүй... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 15-18/

Нэхэмжлэгчийн тодорхойлсон худалдах, худалдан авах гэрээг цуцлах гэх шаардлага нь бие даасан шаардлага бус харин автомашиныг буцаан гаргуулах шаардлагын үндэслэл байна.

3.   Талууд 2022 оны 10 сарын 09-ний өдөр Тоёота Приус-20 маркийн **-** У** улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, С.О нь мөн өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 3,500,000 төгрөгийг Д.Б-д шилжүүлэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулгаар тус тус нотлогдож байна. /хх 5, 30/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

4.   Талууд автомашин худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан талаар маргаагүй боловч худалдах, худалдан авах гэрээний үнэ хэд болох талаар маргажээ.

Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээний үнийг нэхэмжлэгч тал ...16,000,000 төгрөг... гэж, хариуцагч тал ...6,000,000 төгрөг, үүнээс 3,500,000 төгрөгийг шилжүүлж, 3,065,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн... гэж тус тус тайлбарлан, талууд маргасан байна. /хх 1, 15-18/

5.   Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээгүй тул шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн аудио бичлэгт тусгагдсан харилцан ярианы агуулга хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. /хх 49-57/

5.1.  Үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Эмэгтэй: Тэгээд 6,000,000 төгрөгөөр зарахаар болоод 3,500,000 төгрөгөө та авсан байгаа шдээ. Эрэгтэй: Тэгсэн тэгсэн... гэсэн болох нь тусгагдсан байх тул ...автомашины үнийг 6,000,000 төгрөгөөр тохиролцсон... гэсэн хариуцагч талын тайлбарыг илүү үнэн зөв гэж үзнэ.

5.2.  Харин үзлэг хийсэн тэмдэглэлд Эрэгтэй: Солихоор зэрэг та хоёр миний мөнгөнөөс хасах гээд байна даа. Эмэгтэй: Үгүй угаасаа тэгнэ шдээ ахаа, бид хоёр чинь 6,000,000 төгрөгөөр юу гэж ийм дан төмөр авах вэ дээ. Эрэгтэй: За би бодоё, тэгээд ярья, би одоо хөдөө явж байна, сүлжээ тасарчих байх... гэсэн болох нь тусгагдсан байх тул талууд автомашины үнэ 6,000,000 төгрөгөөс засвар үйлчилгээ хийх зардлыг хасаж тооцохоор тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

6.   Иймд талууд автомашины үнийг 6,000,000 төгрөг гэж тохиролцсон, нэхэмжлэгч нь үүнээс 3,500,000 төгрөгийг хүлээн авч, үлдэх 2,500,000 төгрөгийг хүлээн аваагүй үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч Д.Б нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

Түүнчлэн, үзлэг хийсэн тэмдэглэлд ...Эрэгтэй-1: Та хямдхан гээд 6,000,000 төгрөгөнд өгчихөөд тэгээд наадах чинь асуудал үүсэх гээд байна. Эрэгтэй-2: Тэгээд чи авбал ав авахгүй бол би өөрөө авая гэж хэлж байна шүү дээ, өөрөөр юу ярих юм бэ. Эрэгтэй-1: Тэгвэл та маргааш өглөө миний мөнгийг зохицуулж өг, би мөнгөө авая, би маргааш очоод машиныг чинь болгочихоё. Эрэгтэй-2: Болно, болно. Тэгье... гэсэн харилцан ярианы агуулга тусгагдсан болохыг дурдах нь зүйтэй. /хх 49-57/

Өөрөөр хэлбэл, талууд автомашины үнээс засвар, үйлчилгээний зардлыг хасч тооцох тохиролцоонд хүрээгүй тул хэн аль нь гэрээнээс татгалзах хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн байна.

7.   Иймд хариуцагч С.О-т холбогдуулан гаргасан Тоёота Приус-20 маркийн **-** У** улсын дугаартай автомашиныг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д ...аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч С.Оээс автомашины үнэд төлсөн 3,500,000 төгрөг, засвар үйлчилгээнд гарсан зардал гэх 3,065,500 төгрөг, нийт 6,565,500 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б оос гаргуулж хариуцагч С.О-т буцаан олгох нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б нь ...засвар үйлчилгээний зардлыг би буцаан төлнө... гэсэн агуулгатай тайлбарыг гаргасан болно.

8. Хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа-гаар Тоёота Приус-20 маркийн **-** У** улсын дугаартай автомашин нь иргэн Б.Н-ийн нэр дээр бүртгэлтэй болох нь тогтоогдсон. /хх 39-40/

Тус автомашин нь өмнө нь Д.Б-ын өмчлөлд бүртгэлтэй байсан, мөн С.О нь худалдах, худалдан авах гэрээг Д.Б-той байгуулж, түүнд үнийг шилжүүлж, автомашиныг Д.Б-оос хүлээн авсан байх тул дээрх бүртгэл нь зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэв. /хх 4, 5, 30/

Өөрөөр хэлбэл, автомашин нь Д.Б-ыг өсгөсөн гэх Б.Н-ийн нэр дээр бүртгэлтэй боловч бодитоор Д.Б-ын өмчлөлд байжээ.

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 23-ны өдрийн 182/ШШ2023/03352 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч С.Оээс NHW2035****** арлын дугаартай, Тоёота Приус-20 маркийн **-** У** улсын дугаартай автомашиныг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д буцаан олгож, нэхэмжлэгч Д.Б оос 6,565,500 төгрөгийг гаргуулан хариуцагч С.О-т буцаан олгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч С.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 237,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 167,750 төгрөгийг нэхэмжлэгч Д.Б-оос гаргуулж, улсын төсөвт оруулсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

5.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 Д.НЯМБАЗАР