Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00593

 

 

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00593

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/04190 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б, Б.М нарт холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт Д.Б-аас нийт 15,655,033 төгрөг, Б.М-ээс нийт 6,080,100 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Б, Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: ЭХХК болон Д.Б нар 2021 оны 05 сарын 19-ний өдөр Барилгын хэв хашмал, дагалдах хэрэгслийн түрээсийн гэрээ-г 31 хоногийн хугацаатай байгуулсан. Гэрээний дагуу манай компани 480 ширхэг барилгын хэв хашмал, гадна булан болон дагалдах хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Түрээслэгч нь гэрээний хугацаанд төлбөр төлөх үүргийн баталгаа болгож 2,400,000 төгрөгийг урьдчилж төлсөн. Хоног тутамд төлөх түрээсийн төлбөр 120,000 төгрөг байсан, 480 ширхэг хэв хашмалыг Д.Бд гэрээ байгуулсан өдөр хүлээлгэж өгсөн. Хариуцагч нь 2021 оны 06 сарын 18-ны өдөр гэрээг дуусгавар болгон, эд зүйлсийг буцаан хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Хэв хашмалуудыг Б.М-д хүлээлгэж өгсөн, Б.М-ээс төлбөрөө аваарай гэж ярьсан байдаг. 2021 оны 07 сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл 74 хоног ашигласан. Дээрх хугацааны түрээсийн төлбөр 8,880,000 төгрөгөөс барьцаанд шилжүүлсэн 2,400,000 төгрөгийг хасч 6,480,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Харин хариуцагч Б.М-ийн зүгээс 2021 оны 10 сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 сарын 16-ны өдрийг хүртэл хоногийн 120,000 төгрөгт тооцогдох 480 ширхэг эд зүйлсийг 46 хоног ашигласан /120,000 x 46 = 5,520,000/, 2021 оны 11 сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 сарын 14-ний өдрийг хүртэл хоногийн 77,250 төгрөгт тооцогдох 309 ширхэг эд зүйлсийг 28 хоног /77,250 x 28 = 2,163,000/, 2021 оны 12 сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 сарын 29-ний өдрийг хүртэл хоногийн 24,000 төгрөгт тооцогдох 96 ширхэг эд зүйлсийг 15 хоног ашигласан /15 x 24,000 = 360,000/ байна. Дээрх хугацааны түрээсийн нийт төлбөр 8,043,000 төгрөгөөс 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 сарын 10-ны өдөр нийт 4,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,043,000 төгрөгийг төлөөгүй. Дээр дурдсанаар бид түрээсийн зүйлийг буцаан авахад гэрээний 6.5-д зааснаар түрээсийн зарим эд зүйлсийг гэмтээсэн тул засварын зардал 4,074,200 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.7-д зааснаар алданги тооцоход 2021 оны 07 сарын 20-ны өдрөөс гэрээг дуусгаж эд зүйлсийг буцаан хүлээн авсан 2021 оны 12 сарын 29-ний өдөр хүртэлх үлдэгдэл төлбөр 14,597,000 төгрөгт ногдох алданги 7,137,933 төгрөгийг гаргуулна. Иймд хариуцагч Д.Б-аас түрээсийн төлбөр 6,480,000 төгрөг, алданги 7,137,933 төгрөг, засварын зардал 2,037,100 төгрөг, нийт 15,655,033 төгрөг, хариуцагч Б.М-ээс түрээсийн төлбөр 4,043,000 төгрөг, засварын зардал 2,037,100 төгрөг, нийт 6,080,100 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч Д.Б хариу тайлбартаа: Миний бие ЭХХК-тай 2021 оны 05 сарын 19-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, 480 ширхэг пумыг түрээслэж авсан. Гэрээний хугацаа 2021 оны 06 сарын 18-ны өдөр дуусахаар байсан. Өөрийн Н ХХК-ийн үйл ажиллагаандаа зориулж пумыг түрээсэлсэн. 2021 оны хавар барилгын материалын үнэ огцом нэмэгдэж захиалагч компанитай үнийн талаар тохиролцож чадаагүй, гэрээгээ цуцалсан. Ингээд ЭХХК-ийн түрээсийн пумыг буцаахаар болсон нь түрээсийн гэрээний хугацаа дуусаж байх үетэй таарсан. ИХХК-ийн захирал Б.М нь уг түрээсийн пумыг буцаан буулгаж дахин барилгын гадна хананд хэв хийн угсрах ажил хэцүү, тийм болохоор манайх энэ 480 ширхэг пумыг худалдаж авъя гэх санал тавьсны дагуу ЭХХК-тай холбож өгсөн. Үүнээс хойш 2 өдрийн дараа Б.М эс пумыг яахаар болсон тухай асуухад С.О-тай тохиролцож, худалдаж авахаар болсон гэж хэлсэн. С.О руу залгахад адилхан зүйл хэлсэн. Нэхэмжлэлд дурдсан 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн гэх 4,000,000 төгрөгийг Б.М төлсөн. Д.Б нь Э ХХК-ийн түрээсийн 480 ширхэг пумыг гэрээ дуусах хугацаанд бүрэн бүтэн, ямар ч төлбөрийн нэмэлт тооцоогүй хүлээлгэн өгөх гэж байхад С.О, Б.М нар нь тохиролцлоо гэсэн боловч өнөөдрийг хүртэл учраа олж чадалгүй намайг хохироосоор байна. Д.Б, ЭХХК нар гэрээгээ сунгаагүй тул миний бие түрээсийн төлбөр, алданги төлөх үндэслэлгүй. ЭХХК нь 480 ширхэг пумыг 2021 оны 11 сарын 16-ны өдөр, 2021 оны 12 сарын 14-ний өдөр, 2021 оны 12 сарын 29-ний өдрүүдэд Б.М-ийн ажилтнуудаас хүлээж авсан, энэ үед илэрсэн эвдэрсэн пумын засварын зардлыг би хариуцахгүй гэжээ.

3.   Хариуцагч Б.М хариу тайлбартаа: Э ХХК нь 2021 оны 05 сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний үүрэгт 24,717,220 төгрөгийг Д.Б-аас гаргуулахаар 2022 оны 04 сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Улмаар 2023 оны 05 сарын 24-ний өдөр Б.М намайг хамтран хариуцагчаар татсан байна. Миний бие Э ХХК-тай болон иргэн Д.Б нартай ямар нэгэн гэрээ амаар болон бичгээр байгуулаагүй. Дээр дурдсан этгээдүүдээс хэв хашмал авч байгаагүй. Иймд Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б, Б.М нарт холбогдох гэрээний үүрэгт 24,717,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ЭХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2022 оны 04 сарын 25-ны өдөр төлсөн 281,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

5.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1.  ЭХХК нь 2021 оны 05 сарын 19-ний өдөр түрээсийн гэрээг хариуцагч Д.Б-тай байгуулж, 480 ширхэг барилгын хэв хашмал дагалдах хэрэгслийг хүлээлгэж өгсөн. Уг гэрээгээр хариуцагч нь эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг хоног тутамд тооцож төлөх, хугацаанд нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги төлөх, түрээсийн хугацаа дуусмагц эд зүйлсийг буцаан хүлээлгэж өгөх, түрээсийн эд зүйлсийг эвдэх, гэмтээх, устгасан тохиолдолд тохиролцсон төлбөр төлөх үүргийг хүлээсэн. Хариуцагч Д.Б нь гэрээний хугацаа дууссан байхад эд зүйлсийг хүлээлгэж өгөөгүй, Б.М-д хүлээлгэж өгсөн, хариуцагч Б.М хүлээж авснаа зөвшөөрч түрээсийн гэрээг үргэлжлүүлэх, хүлээж авснаас хойших төлбөрийг Д.Б-тай зөвшилцөж төлөх талаар илэрхийлсэн, мөн түрээсийн зүйлсийг хэсэгчлэн буцаан өгсөн. Хариуцагч нар гэрээ, хэлцлээр тохиролцсон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.2.  Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2-т заасныг үндэслэж хариуцагч Д.Б-ыг түрээсийн гэрээний үүргээс бүхэлд нь чөлөөлөгдсөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Д.Б нь Б.М-тэй биднийг уулзуулж түрээсийн төлбөрийг төлөх, гэрээний харилцааг үргэлжлүүлэх талаар тохиролцсон өдөр буюу түрээслүүлэгчийн хүлээн зөвшөөрсөн 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх, үүнээс өмнөх хугацааны төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байхад шүүх бүхэлд нь гэрээний үүргээс чөлөөлсөн нь үндэслэлгүй. Дээрх уулзалтаар бид Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2-т зааснаар Б.М-тэй анхны түрээсийн гэрээний нөхцөлөөр түрээсийн хугацааг үргэлжлүүлэхээр тохиролцсон, энэ талаар Д.Б тайлбарласан, Б.М үгүйсгээгүй байхад нэхэмжлэгчид хамааралгүй Барилгын ажил хүлээлцсэн акт-ыг үндэслэж И ХХК-ийг түрээсийн гэрээ байгуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч Б.М д түрээсийн эд зүйлсийг шилжүүлж өгсөн нь хариуцагч Д.Б-ын тайлбараар тогтоогддог, мөн хариуцагч Б.М нь түрээсийн эд зүйлсийг хүлээж авсан, манай компанид хэсэгчлэн буцаан хүлээлгэж өгснөө үгүйсгээгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

5.3.  Манай байгууллага анх Д.Б-тай түрээсийн гэрээг байгуулсан. Хэрэв ИХХК-тай гэрээний харилцааг үргэлжлүүлсэн бол энэ талаарх баримтыг шаардах ба анх түрээслэгч Д.Баттулгын санал болгосноор Б.М тэй гэрээний харилцааг үргэлжлүүлэхээр зөвшөөрсөн өдрийг хүртэл хугацааны төлбөр болон гэрээний үүргийг Д.Б-аас, түрээсийн эд зүйлсийг буцаан хүлээлгэж өгөх хугацааны төлбөрийг хариуцагч Б.М-ээс шаардах эрхтэй юм. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3, 3.5-д зааснаар түрээсийн эд зүйлсийн эвдрэл гэмтлийн засварын зардлыг хариуцагч нар, бичгээр гэрээ байгуулсан хариуцагч Д.Б-аас гэрээний 5.7-д зааснаар алданги шаардах эрхтэй байна. Мөн анхан шатны шүүх талуудын маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, нотлох баримтаар тогтоогдоогүй асуудалд дүгнэлт хийсэн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6.   Хариуцагч Д.Б давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 2021 оны 05 сарын 19-ний өдөр Э ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, 480 ширхэг хэв хашмал түрээсэлсэн. Тухайн үед хэрэглэж байгаад захиалагч компанитай барилгын м.кв үнэ дээр тохирч чадаагүйгээс гэрээ цуцлагдсан. Гэрээний хугацаа дуусгавар болох үед Б.М нь ИХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Нэхэмжлэл гаргах үед захирлын ажлаас чөлөөлөгдсөн талаарх бичиг баримтыг гаргаж өгсөн байдаг. Тухайн үед бүх баримт бичигт Б.М захирал байсан учраас гарын үсэг зурсан. ЭХХК-ийн захирал С.О, Б.М нарыг уулзуулж, худалдаж авах талаар хоорондоо учраа олсон байх гэж бодоод орхиод явсан. Хэсэг хугацааны дараа Б.М мөнгөө өгөхгүй байна олоод ир гэхэд нь уулзуулсан. Тухайн үед би та нарыг тохиролцсон гэж бодоод орхиж явсан гэдгээ хэлэхэд, Б.М мөнгөгүй байна, мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлээд түрээсэлж байсан. Тухайн барилгын талбай дээр 2021 оны 06 сарын 18-ны өдрөөс хойш ажиллаагүй гэжээ.

7.   Хариуцагч Б.М давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Миний хувьд талуудтай гэрээг амаар болон бичгээр байгуулаагүй учир хэлэх тайлбаргүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Д.Б, Б.М нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт Д.Б-аас нийт 15,655,033 төгрөг, Б.М эс нийт 6,080,100 төгрөгийг тус тус гаргуулах тухай шаардлага гаргажээ. /хх 1-2, 126-127/

Дээрх шаардлагыг хариуцагч Д.Б нь ...түрээсийн гэрээний хугацаа дуусах үед Э ХХК-ийг Б.М тэй холбож өгсөн, тэдгээр нь түрээсийн гэрээг цааш нь үргэлжлүүлэхээр болсон... гэсэн үндэслэлээр, хариуцагч Б.М нь ...миний бие Э ХХК болон Д.Б-тай ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй... гэсэн үндэслэлээр тус тус эс зөвшөөрч маргажээ. /хх 32-34, 120, 149-150/

3.   Талууд 2021 оны 05 сарын 19-ний өдөр 26 тоот Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХК нь барилгын туслах материалуудыг 2021 оны 06 сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд түрээслүүлэх, Д.Б нь түрээсийн төлбөрт 3,720,000 төгрөг төлөх, гэрээ байгуулсан өдөр барьцаа болгож 2,400,000 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 6-8/

Анхан шатны шүүх ЭХХК, Д.Б нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 4.   Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т тус тус зааснаар түрээслэгч Д.Б нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээх бөгөөд түрээслүүлэгч Э ХХК нь гэрээний хугацааны түрээсийн төлбөрийг төлөхийг, мөн хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй.

4.1.  Хэргийн баримт, зохигчдын тайлбараар Д.Б нь түрээсийн зүйлийг 2021 оны 05 сарын 19-ний өдөр хүлээн авч, улмаар 2021 оны 10 сарын 01-ний өдөр түрээслүүлэгч ЭХХК-ийн зөвшөөрснөөр бусдад хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон. /хх 8-арын нүүр, 49, 50/

Тодруулбал, И ХХК-ийн захирал Б.М-ийн үйлдсэн Э-д гэж хаягласан гар бичмэлд ...танай байгууллагын 480 ширхэг хэв хашмалын түрээсийг 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс тооцож байгаатай танилцсан ба 2021 оны 10 сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл тооцоог 2021 оны 10 сарын 05-ны өдөр хэрхэн шийдвэрлэх талаар хариу өгөхөөр тогтов гэж дурдсанаас үзвэл хариуцагч Д.Б нь 2021 оны 05 сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг хариуцна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын гаргасан ...Д.Б нь Б.М тэй биднийг уулзуулж түрээсийн төлбөрийг төлөх, гэрээний харилцааг үргэлжлүүлэх талаар тохиролцсон өдөр буюу түрээслүүлэгчийн хүлээн зөвшөөрсөн 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх, үүнээс өмнөх хугацааны төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй... гэсэн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.

4.2.  Ийнхүү тооцоход 120,000 төгрөг х 132 хоног = 15,840,000 төгрөг болж байх ба үүнээс Д.Б-ын төлсөн 6,120,000 төгрөг, барьцаа 2,400,000 төгрөгийг тус тус хасч, үлдэх 7,320,000 төгрөгийг Д.Бас гаргуулан нэхэмжлэгч ЭХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

5. Алданги шаардсан үндэслэл болсон гэрээний 5.7-д заасан зохицуулалт нь түрээслүүлэгч буюу нэхэмжлэгчид өөрт нь хамааралтай заалт байх тул Э ХХК уг тохиролцоог үндэслэн алданги шаардах эрхгүй.

6.   Өмнө дурдсанчлан, түрээслэгч Д.Б нь 2021 оны 10 сарын 01-ний өдөр 480 ширхэг барилгын туслах материалыг бусдад шилжүүлэн өгсөн байх тул тэдгээрийг засварлахад гарсан гэх зардлыг Д.Б-аас гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй.

7.   Энэхүү магадлалын хянавал хэсгийн 4.1-д дурдагдсан гар бичмэлд ...И ХХК-ийн захирал Б.М ... гэж бичигдсэн, үүний дагуу 2021 оны 10 сарын 01-ний өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөг, мөн 2021 оны 10 сарын 10-ны өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөг нь тус тус пум түрээс Их тамираас гэсэн гүйлгээний утгатай байна. /хх 49, 50-51/

Дээрхээс үзвэл, хариуцагч Б.М-ийн гаргасан ...миний бие ЭХХК болон Д.Б-тай ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй... гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/04190 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Д.Б-аас түрээсийн гэрээний үүрэгт 7,320,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭХХК-д олгож, үлдэх 8,335,033 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч Б.М-ээс 6,080,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...үлдээсүгэй... гэснийг ...үлдээж, хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 132,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 266,626 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.НЯМБАЗАР