Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 307

 

 

 

 

 

 

 

                                          

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Н.У,

Хохирогч Д.Б,

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ц.Э-д холбогдох 1803009950036 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны оройн 18 цаг 50 минутын орчимд “Шонхор” дэлгүүрийн зүүн замд Ц.Д-н эзэмшлийн Kia Bongo маркийн 31-71 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан жолооч дараах үүргийг хүлээнэ: а.энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах-1, тоормосны систем 1.1 ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж мадахгүй байх” мөн дүрмийн 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны оройн 18 цаг 50 минутын орчимд “Шонхор” дэлгүүрийн зүүн замд Ц.Д-ийн эзэмшлийн Kia Bongo маркийн 31-71 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан жолооч дараах үүргийг хүлээнэ: а.энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тоормосны систем 1.1 ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж мадахгүй байх” мөн дүрмийн 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь : 

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: Уг осол болсон гэх зам нь “Шонхор” дэлгүүрийн зүүн замд баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд болсон байна. Осол болсон гэх газрын зам орчны нөхцөл байдал нь асьфалтан, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, 4 эгнээ, явган хүний замгүй зам байлаа...Уг явган зорчигч мөргөсөн гэх Киа Бонго маркийн 31-71 машины урд салхины шил хагарсан...Осол хэргийн газраас 2 тийш 200 метрт явган хүний гарц болон бусад тэмдэг тэмдэглэгээ байхгүй байв. /хх-3-4/,

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-9/           

- хохирогч Д.Б-ын:... 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 18 цаг 40, 50 минутын орчимд санагдаж байна өөрийн нөхөр Д.Г-ны хамт машинтайгаа Эмээлт орж айлаас хувцас хунараа авах санаатай “Шонхор” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн зүүн замд урд талын засмал замын ард талд нөхөр Д.Г-ны машинаас буун засмал зам хөндлөн явган хүний гарцгүй газраар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй засмал зам хөндлөн гарч яваад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан Тоёота Приус маркийн автомашин зогсож зам тавьж өгөхөөр нь тэр машины урдуур гараад цааш засмал зам гарах гэтэл гэнэт автомашины гэрэл гараад ирсэн тэгээд л би гүйх шиг болсон, яах ийхийн зуургүй авто машин орж ирээд намайг мөргөчихсөн. Миний ухаан санаа балартаад мөргүүлсэндээ болоод ч тэр үү шоконд орж 103 түргэн тусламжаар гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдсэн байсан. Тухайн үед зам орчины нөхцөл байдал гадаа гэгээ тасарч, харанхуй болсон, хөдөлгөөний ачаалалгүй, сийрэг хөдөлгөөнтэй, түгжрэлгүй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй байсан санагдаад байна. Миний хувьд жолоочоос өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх хүсэлтэй байна. Эмчилгээний зардалд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байхад жолооч Ц.Э гуай 320.000 төгрөгний эм тариа авч өгч байсан, мөн түүнчлэн миний сая дурдсан нийт 45 ширхэг, нийт 1.895.460 төгрөгний мөнгөн дүнтэй баримтын дагуу хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-21-23/

- гэрч Д.Г-ны:... 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 18 цаг өнгөрч байхад эхнэр Баттогтохын   хамт “Шонхор” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн урд талын засмал замд зогсоод би машиндаа үлдээд эхнэр Д.Б машинаас буун засмал зам хөндлөн гарч явсан. Тэгээд гэнэт түс хийх гарсан. Би машинаас буун хартал эхнэр Баттогтох замын голд хэвтэж байсан. Тэр үед ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зорчин явсан авто машинд мөргүүлсэн байсан...гэх мэдүүлэг /хх-29-30/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14292 дугаартай:... Д.Б нь биед баруун дунд чөмөгний хөндлөн зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-42/

- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Соннгинохайрхан дүүргийн техникийн хяналтын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 75274 дугаартай:... Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт: ...хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,0кН, баруун талдаа 0,5 кН, зөрүү нь 75% /стандарт 30%/ буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад хангахгүй, баруун хойд дугуй зогсоогүй байгаа нь зам тээврийн осол гарахад тоормосны зам уртсах байдлаар нөлөөлнө...гэх дүгнэлт /хх-56-60/

- Тээврийн Цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн:...Kia Bongo маркийн 31-71 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан  Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах Тоормосны систем 1.1. Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх” мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зааль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...гэх дүгнэлт /хх-65-66/

- шинжээч Б.Б-ийн:... Би 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 180300995 тоот хэргийн материалыг хүлээн авч дүгнэлт гаргасан. Ц.Э нь анх явган зорчигчийг хараад зогсоох арга хэмжээ авя эхэлсэн буюу тоормосны мөрний эхлэлээс хүн мөргүүлсэн гэх “А” цэг хүртэл 14.2 метр, “А” цэгээс хүн мөргүүлээд унасан гэх “Б” цэг хүртэл 9 метр, “А” цэгээс автомашины хойд хэссэг хүртэл 16.3 метр байна. Үүнээс тоормосны мөрний эхлэлээс “А” цэг хүртлэх 14.2 метр зай нь зөвхөн зогсоох арга хэмжээ авсан мөр болж байна. Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гаргасан...гэх мэдүүлэг /хх-69-70/

- иргэний харицагч Ц.Д-ийн:... Уг “Kia Bongo” маркийн 31-71 улсын дугаартай тээврийн хэрэгсэл Ц.Д миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Манай нөхөр байнга унаж, ойр зуурын ажлаа амжуулдаг, манай гэр бүлийн эзэмшлийнх. Уг тээврийн хэрэгслийг Ц.Э-д унах зөвшөөрөл өгсөн. Миний хувьд Ц.Э-ын бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-35-36/

- шүүгдэгч Ц.Э-ын:...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот орох зорилготой өөрийн охин Солонгын хамт өөрийн эхнэр Ц.Д-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг өөрийн эзэмшлийн “Kia Bongo” маркийн 31-71 улсын дугаартай автомашинтай “Шонхор” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн зүүн урд талын засмал замын ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчиж явахад 2 дугаар эгнээнд явж байсан саарал өнгийн Т.Приус маркийн автомашины урдуур гэнэт явган эмэгтэй хүн ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй засмал зам хөндлөн явган хүний гарцгүй хэсгээр гүйж гарч ирээд би жолоодож явсан авто машиныхаа тоормозыг гишгэж авто машинаа зогсоож амжилгүй, баруун гар тал руугаа дарж уг явган зорчигч эмэгтэйг жолоодож явсан автомашиныхаа зүүн урд хэсгээр мөргөж унагасан. Би машинаасаа бууж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба охин түргэн тусламж дуудсан. Охин түргэний машинд суун тухайн хүнтэй хамт явсан. Тухайн үед зам орчны нөхцөл байдал, үзэгдэх орчин хангалтгүй буюу гадаа гэгээ тасарч харанхуй болсон, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, хальтиргаа, гулгаагүй, зорчих хэсэг хуурай байсан. ..гэх мэдүүлэг /хх-78-79/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч Ц.Э-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэл зөв болно.  

Хохирогч Д.Б гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 2.201.014 төгрөг нэхэмжилсэн /х-107-118, 123-124/ байх ба шүүгдэгч нь 1.881.000 төгрөг, үлдэх 320.014 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлсэн ба хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.            

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д  зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.  

Бусад асуудал:

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Э-д эрх хасах нэмэгдэл ял оногдуулаагүй тул тус хэрэгт хавсарган ирүүлсэн BCDE ангиллын 65745 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Ц.Э-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Ц.Э-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Э-аас 320.014 төгрөг гаргуулж, хохирогч Д.Б-т олгосугай.   

 

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Уг хэрэгт хавсарган ирүүлсэн BCDE ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шүүгдэгч Б.Э-д буцаан олгсосугай.

 

  1. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР