Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00675

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/00675

 

 Л.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/00591 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш-д холбогдох, хохиролд 370,188,519 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Г /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2007 онд Шүүхийн тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 03 сарын 23-ны өдрийн 363 дугаар зарлигаар Х аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байсан. Шийн 2013 оны 12 сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор давж заалдах шатны болон анхан шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас чөлөөлүүлэх, мөн өдрийн 42 дугаар тогтоолоор нийт шүүгчдийг шинээр байгуулагдсан шүүхэд шүүгчээр томилуулах тогтоолыг тус тус Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байдаг. Ингэхдээ 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар Монгол Улсын шүүхүүдийг тойргийн системд хувиргаж, шүүхүүдийг шинээр байгуулсан бөгөөд Ш-ийн 42 дугаар тогтоолоор намайг Х аймаг дахь Сум дундын 25 дугаар шүүхийн шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн. Ш-ийн уг саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөө шүүгчдийг буцаан томилохдоо 199-р зарлиг гаргаж, намайг ямар нэгэн хууль зүйн үндэслэл, тодорхой шалтгаангүйгээр томилоогүй орхигдуулсан. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2021 оны 05 сарын 24-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Л.Г надад холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хэргийн болон шүүхийн харьяаллыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх байхаар тогтоож өгсөн. Миний бие 2013 оны 12 сарын 18-ны өдрөөс 2021 оны 05 сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд Ш-д хандан Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, 2015 оны Шүүх байгуулах тухай хуульд нийцүүлэн өргөн мэдүүлэхийг хүсч өргөдөл, гомдол удаа дараа гаргаж байсан. Ш-өөс дахин шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөөр ирсэн. Монгол Улсын Дээд шүүхээс хэргийн харьяалал тогтоож өгсөн тул 2021 оны 07 сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр намайг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй Ш-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Ш 2022 оны 03 сарын 30-ны өдөр намайг Монгол Улсын Ерөнхийлөгчид шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн ба Шөөс холбогдох материалыг дутуу явуулснаас болж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 12 иргэний холбогдох материалыг буцаасан. Ш нь холбогдох материалуудыг дахин бүрдүүлж, 2022 оны 05 сарын 03-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Л.Г надад холбогдох материалыг Ш-д 2022 оны 05 сарын 16-ны өдөр буцаан хүргүүлсэн байсан. Миний хувьд Ш-ийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасан эрхээ хэрэгжүүлж, намайг дахин шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхийг хүсч өргөдөл, гомдол гаргасан. Гэвч Шөөс тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж албан тоотоор мэдэгдсэн тул дээрх эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Шийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор 2022 оны 06 сарын 13-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 0074 дугаартай шийдвэрээр Шийг 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээгүй, Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж үзэлгүй Л.Г-г шүүгчээр томилуулахаар дахин санал болгохоос татгалзсан шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг баримтлаагүй тул хууль бус болохыг тогтоон, Л.Г-г шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Ш-д даалгаж шийдвэрлэсэн. Ш нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 0074 дугаартай шийдвэрийг 2023 оны 06 сарын 22-ны өдөр биелүүлж, Шийн хуралдаанаар миний асуудлыг хэлэлцэж, шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн.

Иймд Шийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас надад учирсан хохирол болох олох байсан орлого буюу авах байсан цалин 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 сарын 22-ны өдөр хүртэл /114 сар 15 хоног х 2,700,000 төгрөг сарын цалин/ 309,640,909 төгрөг, бусад нэмэгдэл цалинд /114 сар х 15 хоногийн/ 60,547,610 төгрөг, нийт 370,188,519 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Иргэн Л.Г-г шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгох эрх зүйн үр дагавар бүхий аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Ш гаргаагүй бөгөөд хуульд заасны дагуу шүүгчийн албан тушаалд томилуулахаар хэд хэдэн удаа өргөн мэдүүлсэн. Ш-ийн 2013 оны 42 дугаар тогтоолоор Шүүх байгуулах тухай хууль /2013/-ийн дагуу шинээр байгуулагдсан шүүхэд нэхэмжлэгчийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаар шийдвэрийг биелүүлж Шийн 2022 оны 74 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Л.Г нарыг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Шийн 2022 оны 98 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Л.Г-г шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн. Мөн Ш-ийн 2023 оны 186 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Л.Гг шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн. Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийг чөлөөлөгдсөний дараа анх 2013 онд өргөн мэдүүлснээс гадна, 2022 оны 74, 98, 2023 оны 186 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг удаа дараа өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасны дагуу нягтлан шалгах ажиллагааг хийж, холбогдох материалын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тухай бүр 2022 оны Е/04, Е/05, 2023 оны Е/12 тоот албан бичгүүдээр нэхэмжлэгч Л.Г-г Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасан болзол шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалд томилох саналыг буцаан ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ш-өөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон шүүгчийг томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд энэ нь хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрхээс гадна Ерөнхийлөгч нэхэмжлэгчийг хуульд заасан болзол шаардлага хангахгүй гэж үзэхдээ чухам ямар шаардлагыг нь хангахгүй байгаа талаар Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүх хурлуудад дээрх үндэслэлээр Ерөнхийлөгчид олгогдсон хэнтэй ч үл хуваах бүрэн эрх гэж үзэн тайлбарлаагүй, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ч дахин тодруулж асуугаагүй. Иймд Шийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хохирлыг хариуцахгүй гэжээ.

3.   Иргэдийн төлөөлөгч С.Ц: Л.Г-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэстэй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан Ш-өөс 215,879,050 төгрөгийг гаргуулан Л.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 154,309,469 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 2,008,893 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 1,237,345 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.1.  Шүүх миний нэхэмжлэлд дурдсан 2014-2015 оны 2 жилийн сарын үндсэн цалинг 607,227 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Учир нь 2013 оны 12 сарын 17-ны өдрийн 45 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчдийн сарын үндсэн цалинг 2,700,000 төгрөг болгож өөрчлөлт оруулсан байхад 607,227 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн тогтоол 2014 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Анхан шатны шүүх нийтэд илэрхий мэдээллийг шийдвэр гаргахдаа хэрэглэх ёстой байхад миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний 2014-2015 оны 2 жилийн үндсэн цалинг 2,700,000 төгрөгөөр тооцоход /24 cap х 2,700,000x2% нэмэгдэл/=69,453,941 төгрөг болно. Үүнээс анхан шатны шүүх 2014-2015 оны 2 жилийн сарын үндсэн цалин, нэмэгдлийн хамт бодож тооцсон 14,864,904 төгрөгийг хасаж тооцно.

5.2.  Анхан шатны шүүх надад 2014 оны 11 сарын 10-ны өдрийн 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг 12,000,000 төгрөг олгосныг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцжээ. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу миний буруутай үйлдлээс болж ажлаас чөлөөлөгдөөгүй учраас мөн зөрчигдсөн эрх сэргээгдэх хүртэл төрөөс олгож байгаа нэг удаагийн тэтгэлэг хэлбэрээр олгосон гэж ойлгосон. Миний хувьд шүүхэд гэм хорын хохирол нэхэмжлэж байгаа учир 12,000,000 төгрөгийн тэтгэлэг энэ маргаанд хамааралгүй. Өөрөөр хэлбэл, би цалин хөлсний талаар маргаагүй болно.

5.3.  Мөн 2022 оны 01 сарын цалинг бодохдоо 2021 оны 01 сарын 14-ний өдрийн 04 дугаартай Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай УИХ-ын тогтоолоор шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл, түүнийг олгох журам", Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл түүнийг олгох журам-ийг тус тус баталсан. Гэтэл анхан шатны шүүх нь миний төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлийг тодорхойлсон холбогдох баримт байхгүй гэх үндэслэлээр хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж дүгнэжээ. Гэвч миний нийгмийн даатгалын А046355, А0180492 дугаартай дэвтрүүдийн хуулбаруудыг шүүх нотлох баримтаар үнэлэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний улсад ажилласан хугацааг нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тооцвол анхан шатны шүүхийн тооцооллоос бодоход 494,000 төгрөгийн зөрүү гарч байна.

5.4.  Миний бие хавсралтаар Ш-ийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаартай тогтоолын канондсон хувийг хавсаргасан болно. Өөрөөр хэлбэл, миний бие анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2013 оноос хойш шүүгчдийн цалин хөлсний нэмэгдэлтэй холбоотой УИХ-аас гарсан бүх тогтоолыг шүүхийн журмаар Ш-өөс гаргуулах хүсэлт гаргахад шүүх нийтэд илэрхий мэдээлэл гэх үндэслэлээр хангахаас татгалзсан захирамж гаргасан. Миний шүүхэд анх ажилд орж чөлөөлөгдөх хүртэлх ажиллаж байсан 13 жил, 2014 оноос өнөөдрийг хүртэл тухайн албан тушаалдаа ажиллаж байх байсан 23 жилийн цаг хугацаа болон, нэр хүндийг минь хэн ч юугаар ч нөхөж баршгүй үнэт зүйл юм гэдгийг та бүхэн мэдэх буй за.

Иймд шүүхийн шийдвэрийн зөрүүтэй шийдвэрлэсэн үнийн дүнгээс 69,453,941 /2014-2015 оны 2 жил/ +12,000,000/тэтгэлэг/ + 494,000/ 2022 оны 01 cap 07 хоногийн цалин/=81,947,941 төгрөг болох бөгөөд үүнээс анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн /2014-2015 оны 2 жил/ цалинг 607,227х 2% /24 cap/ =14,864,904 төгрөгийг хасч тооцон нийт 67,083,037 төгрөгийг нэмж гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: УИХ-ын 2015 оны 11 сарын 13-ны өдрийн 101-р тогтоолд анхан шатны шүүхийн шүүгчдийн цалинг 2,700,000 төгрөгөөр тогтоож, 2016 оны 01 сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөр заасан тул 2014, 2015 оны цалинг 2,700,000 төгрөгөөр бодох боломжгүй. Нэхэмжлэгч 12,000,000 төгрөгийг авсанд маргадаггүй. Уг мөнгийг нэхэмжилж байгаа хохирлоос хасаж тооцсон нь зөв гэв.

7.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

7.1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр Ш шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Л.Г-г Х аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Ш-д даалгаж шийдвэрлэсэн. Харин шүүгч нарыг буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Л.Гг хууль бусаар шүүгчийн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан, ажлын байранд эгүүлэн тогтоох тухай маргаан буюу хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлээгүй.

7.2.  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс Шийн 2022 оны 03 сарын 24-ний өдөр 74 дүгээр тогтоол гарах хүртэл хугацааны цалин, хөлсийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй бөгөөд тухай үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай /2012 оны/ хууль, Монгол Улсын Шүүхийн тухай /2021 оны/ хууль болон холбогдох журмын дагуу цалин, хөлсийг тооцож олгохоор үзсэн бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан үндэслэлийг бий болгосон гэж дүгнэсэн, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар нэхэмжпэгч Л.Г-ийн дурдсан хугацааны авч чадаагүй цалин хөлсийг хохирол хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй байна гэсэн нь Ш Л.Г-ийн шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн мэтээр тайлбарласан нь буруу юм. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

7.3.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас чөлөөлөхөд Л.Г чөлөөлөгдсөн. Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн Шийн даргын 2014 оны 11 сарын 10-ны 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх /12,000,000 төгрөг/ тэтгэлгийг Л.Г-д олгосонд нэхэмжлэгч маргадаггүй. Хариуцагч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070, 2023 оны 0074 дугаартай шийдвэрийн биелэлтийг хангаж, 2013 онд өргөн мэдүүлснээс гадна, 2022 оны 74, 98, 2023 оны 186 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг удаа дараа өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасны дагуу нягтлан шалгах ажиллагааг хийж, холбогдох материалын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Нэхэмжлэгчид хохирол учрахад Шийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хохирлыг Ш хариуцахгүй. Мөн нэхэмжлэгч Л.Г-д гэм хор учруулсныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргаагүйгээс гадна дээр дурдсанаар шүүгчээр ажиллах боломжгүй болгосон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Ш гаргаагүй. Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нэгэнт биелэгдсэн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн байхад уг шийдвэрийг үндэслэн гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх 2014-2015 оны цалинг 607,000 төгрөгөөр бодсон. Ш буруутай гэдгийг Захиргааны хэргийн шүүх тогтоосон. Уг шүүхийн шийдвэрт маргах зүйл байхгүй гэв.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2.   Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Ш-д холбогдуулан хохиролд 370,188,519 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-4, 38-39/

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...Ш хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, үүний улмаас авах ёстой цалин хөлсөө авч чадаагүй хохирсон, Ш-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг Захиргааны хэргийн шүүх тогтоосон... гэсэн агуулгаар, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...Ш нэхэмжлэгчийг шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгох аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй, хуульд заасны дагуу шүүгчийн албан тушаалд томилуулахаар удаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн... гэсэн агуулгаар тус тус тайлбарласан байна. /хх 1-4, 38-39/

3.   Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.  Л.Г нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 03 сарын 23-ны өдрийн 63 дугаар зарлигаар Х аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчээр анх томилогдож, улмаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2013 оны 01 сарын 24-ний өдөр батлагдсантай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар Х аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчээс чөлөөлөгдсөн. /хх 58/

3.2.  Ш-ийн 2013 оны 12 сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Л.Гг Сум дундын 25 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 сарын 18-ны өдрийн 199 дүгээр зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг буцаан томилохдоо Л.Гг томилолгүй орхигдуулсан. /хх 12-арын нүүр, 83-84/

3.3.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр Л.Г-г шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Шийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Г-г Х аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Ш-д даалгаж шийдвэрлэсэн. /хх 7-15/

Дээрх шийдвэрийг Ш биелүүлж, 2022 оны 03 сарын 24-ний өдрийн 74 дүгээр тогтоол, 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 98 дугаар тогтоолоор Л.Г-г Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. /хх 87-88, 89/

3.4.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 0074 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 221/МА2023/0206 дугаар магадлалаар Л.Г-г шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа Ш-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Ш-д даалгаж шийдвэрлэсэн. /хх 16-20, 21-25/

Дээрх шийдвэр, магадлалыг Ш биелүүлж, 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 186 дугаар тогтоолоор Л.Г-г Х аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн; /хх 90/

3.5.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 04 сарын 05-ны өдрийн Е/04, 2022 оны 05 сарын 16-ны өдрийн Е/05, 2023 оны 07 сарын 06-ны өдрийн Е/12 дугаар албан бичгээр Л.Гг шүүгчээр томилуулах тухай Шийн саналыг тус тус буцаан хүргүүлсэн. /хх 99, 100, 101/

4.   Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Л.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:

4.1.  Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2-т ...бусад шүүхийн шүүгчдийг Шийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно гэж заасан буюу бүх шатны шүүхийн шүүгчдийг томилох эсэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарч байна.

Иймд нэхэмжлэгч Л.Г шүүгчээр буцаан томилогдоогүй явдалд хариуцагч Шийг гэм буруутай гэж үзэхгүй, улмаар уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй.

 5. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Л.Г-г шүүгчийн албан тушаалд томилоогүй, эсхүл Л.Гг шүүгчийн албан тушаалд томилоогүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн аливаа шийдвэр байхгүй тохиолдолд олох байсан орлого буюу авах байсан цалин хөлс-ийг хохиролд тооцон гаргуулах боломжгүй.

6.   Ш нь Л.Г-г анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг 2013 оны 12 сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, мөн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн 74 дүгээр тогтоол, 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 98 дугаар тогтоол, 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 186 дугаар тогтоолоор тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлсэн байна.

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/00591 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хариуцагч Ш-д холбогдох, хохиролд 370,188,519 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Л.Г-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 493,365 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.НЯМБАЗАР