| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0277/Э |
| Дугаар | 297 |
| Огноо | 2019-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 297
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Орхон,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Д.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогтой Дашнямын Эрдэнэцогтод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1908001360186 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Энь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Атилла” зочид буудалд иргэн Т.Атай хардалтын улмаас маргалдан, түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.Энь 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Атилла” зочид буудалд иргэн Т.Атай хардалтын улмаас маргалдан, түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Т.Агийн:... 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр намайг ажил дээрээ байхад танил Эогт утсаар залгаад “өнөөдөр уулзъя, ууж идэх үү” гэхээр нь би “хоёулаа байгаа бол уулзахад хэцүү шүү дээ, чи хамгаалж чадах юм уу” гэж асуутал чадна аа гэсэн. Тэгээд орой нь утсаар ярьж байгаад 20 цагийн үед уулзахаар болж Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аттилла” нэртэй зочид буудал байна гэхээр нь яваад очтол Эрдэнэцогтын найз болох сүүлд нэрийг нь мэдсэн Бат-Өлзий гэх залуутай хамт байсан. Би архи ууж чадахгүй болохоор авсан пивоноос нь уугаад найзтай нь танилцаад утаснаас нь зургийг нь үзээд сууж байтал Эрдэнэцогт намайг найзтайгаа хардаад “чи Бат-Өлзийтэй битгий арзаганаад бай” гэхээр нь “юу яриад байгаа юм” гээд маргалдаж байтал Эрдэнэцогт нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Тэгээд цагдаа дуудаж, Эрдэнэцогтыг эрүүлжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-7-8/
- гэрч Д.Байн:... 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найз Эрдэнэцогтын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аттилла” нэртэй зочид буудлын өрөөнд өрөө авч бид хоёр 1 шил архи, нэг том пивоны хамт аваад Ааг хүлээсэн. Удалгүй 21 цагийн үед Анхтуяа ажлаа тараад ирсэн. Бид гурав авсан архи, пивоо хувааж уугаад байж байтал Анхтуяа, Эрдэнэцогт хоёр маргалдаж байгаад Эрдэнэцогт Анхтуяаг гараараа нэг удаа шанааруу нь цохьчихсон өөр нэмж цохиж, зодоогүй. Анхтуяа цагдаа дуудна гээд байсан, удалгүй цагдаа ирээд Эрдэнэцогт, Анхтуяа бид гурвыг цагдаагийн хэлтэс дээр авч ирээд Эрдэнэцогтыг саатуулсан... гэх мэдүүлэг /хх-12/
- Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 795 дугаартай:... Т.Агийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-14/
- шүүгдэгч Д.Эн:... 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр найз Бат-Өлзийгийн хамт түүний гэрт нэг шил архи хувааж ууж байтал 2 жилийн өмнө танилцсан. Анхтуяа над руу утсаар залгаад “орой уулзаж жоохон юм уух уу” гэхээр нь би зөвшөөрч түүний ажил тарах үеийг дөхүүлээд найз Бат-Өлзийгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аттилла” нэртэй зочид буудалд 0.5 литрийн архи 1 ширхэг, том савтай 2 пивоны хамт аваад орсон. Тэгээд 20 цагийн үед Анхтуяа ажлаа тараад ирсэн ба авсан пивоноос найз Бат-Өлзий, Анхтуяа хоёр хувааж уусан би архиа л ууж байсан. Тэр үед би гоймон дэвтээж идэх гээд гарч ус буцалгаад ороод иртэл Бат-Өлзий, Анхтуяа хоёр шалдан орон дээр секс хийж байхаар нь би Анхтуяад хандаж чи намайг доромжиллоо гэтэл өөдөөс намайг доромжлоод, бид хоёр маргалдаж байгаад би Анхтуяагийн зүүн нүдэнд нэг удаа гараараа цохисон. Цагдаа дуудаж намайг эрүүлжүүлэхэд өгсөн... гэх мэдүүлэг /хх-22-23/
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... хэргээ хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байна.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, шүүгдэгч гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч төлж барагдуулсан /хх-63/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулав.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Эд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Энь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР