| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0255/Э |
| Дугаар | 271 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 271
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Р.Очирсүрэн,
хохирогч Ж.Ог,
шүүгдэгч Ц.Чү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харцаг овогт холбогдох 1908002910126 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Чү нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Замын цагдаагийн хэлтсийн хажуудах засмал замын хажууд иргэн Ж.Ойг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Ц.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Замын цагдаагийн хэлтсийн хажуудах засмал замын хажууд иргэн Ж.Ог зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Ж.Оч:... Би 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Замын цагдаагийн хэлтсийн зүүн талд байрлах гэрлийн дохионы зүүн талын талын туслах замаар уруудаж төв замтай нийлээд ертөнцийн зүгээр баруун зүгт Замын цагдаагийн хэлтэс өнгөрөөд явж байхад хажуур 81-65 УНП улсын дугаартай портер автомашин гүйцэж түрүүлээд урдуур дарж зогсоод буцаад хөдлөөд явахдаа маш удаан яваад байсан. Урд нь ямар ч саад байхгүй байсан. Тэгээд би хажуугаар нь гүйцэж түрүүлэх гэтэл зам хаагаад урдаа гаргахгүй байхаар нь буруу талаар нь шахаж ороход намайг шахаад хашлага давуулж зогсоосон. Тэгээд тэр портер машины жолооч буугаад ирэхээр нь “та яаж яваад байгаа юм бэ цагдаа дуудаад өгнө шүү” гэхэд “чи муу бацаан ингэж явсан хүнийг яадаг юм бэ гээд намайг миний машины урд талын копуд нь дээр боож дарахаар” нь би зөрүүлээд түлхэх гэтэл миний гар нүүрэнд нь хүрээгүй. Тэгтэл машинаас манай аав бууж ирээд боль ахын дүү гэтэл тэр залуу тавихгүй байхаар нь би зүүн гарын дунд хуруугаар аманд нь хийхэд миний гарыг хазаад тавихгүй байхаар нь хуруу тасарлаа тавиад ч гэхэд хуруу тавиад буцаагаад миний зүүн гарын долоовор хурууг баруун гараараа барьж байгаад хойш нь мушгиад дарахад долоовор хуруу сонин болчихсон. Тэгээд нанай тавиад явах гэхээр нь би явуулахгүй машин дээрээс нэг хайрцагтай зүйлийг аваад машиндаа хийгээд цагдаа рэхээр энийгээ аваарай гэж хэлсэн. Тэр залуу дахиж машинаасаа бууж ирээд намайг дахиад боож аваад миний машины баруун талын карлан дээр дарж авахад машины карлан хонхойчихсон. Тэгтэл хажуугаар явж байсан хүн чи хүн аллаа ш дээ гэж хэлээд тэр залууг надаас салгаад явчихсан. Тэгээд тэр залуу дахиад машиндаа суугаад явах гэхээр нь би дахиад нэг жижиг хайрцагтай юм аваад машиндаа хийчихсэн. Тэгтэл тэр залуу явахаа болсон. Тэгээд удалгүй цагдаа ирэхээр нь нөгөө хоёр хайрцагтай эд зүйлийг нь цагдаагийн хажууд буцааж өгөөд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс дээр ирсэн…гэх мэдүүлэг /хх-29-31/,
- гэрч Я.Ж:...Би хүү Очай хамт 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Цамбагаравын арын замын цагдаагийн хэлтсийн хажуугаар засмал зам дээр хүүгийн верна маркийн машинтай явж байхад хажуугаар цагаан өнгийн портер автомашин шахаад урд орчихоод зам хаагаад явж өгөхгүй байсан. Тэгээд хэсэг явж байгаад манай хүүгийн машины урдуур шахаж зогсоод нөгөө портер маркын машины жолооч залуу бууж ирэхэд манай хүүхэд машинаасаа буусан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад манай хүүг тэр залуу хүүгийн машины баруун талын хамар дээр дараад боогоод дагзаар нь машин дээр нь мөргүүлээд байхаар нь би машинаасаа буугаад тэр залууг боль миний хүү гэж хэлсэн. Тухайн тэр залуу манай хүүгийн зүүн гарын дунд хурууг нь хазаж долоовор хурууг нь мушгиад тэгээд нөгөө залуу манай хүүг тавиад машиндаа суугаа явах гэтэл манай хүү хуруу гэмтчихлээ гээд машин дээр нь байсан жижиг хоёр хайрцагтай эд зүйлийн аваад машиныхаа баруун талын хойд хаалгыг нээгээд машин дотроо хийсэн. Тэгээд манай хүү цагдаа дуудсан. Би өөрийнхөө хүүд болон тэр залууд хандан болцгоо одоо эвлэр залуу улсууд байж гэж хэлээд хүүгийнхээ машинаас жижиг хайрцагтай юмыг нь аваад буцаагаад машин дээр нь тавихад манай хүү дахиж очоод нөгөө жижиг хайрцагтай юмыг буцааж авчираад машиндаа хийсэн…гэх мэдүүлэг /хх-25-27/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1225 дугаартай:...Ж.Ойн биед зүүн сарвуу долоовор хурууны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-41/,
- шүүгдэгч Ц.Ч... 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагийн үед өөрийн 81-65 УНП улсын дугаартай портер маркын автомашинтай Сонгинохайрхан дүүргийн 30 хороо, Замын цагдаагийн хэлтсийн зүүн талын гэрлийн дохио хүрэх гээд төв замаар баруун тал руу чиглээд явж байхад гэрлийн дохионы хажуу талын туслах замаас шар өнгийн верна маркын автомашин шахаад ороод ирэхээр нь би тэр автомашины урдуураа оруулаад, гүйцэж түрүүлээд жоохон хааж зогсож байгаад хөдлөөд явсан. Гэтэл тэр залуу уурласан юм уу яасан юм миний урд гүйцэж гарах гээд байхаар нь би машинаараа шахаад урдаа гаргаагүй. Тэгээд Замын цагдаагийн хэлтэс жоохон өнгөрөөд явж байхад Очирхуяг гэдэг залуу миний автомашины буруу талаар хашлага давж ирж зогсоод машинаасаа буухаар нь би бас машинаасаа буугаад “яаж явж байгаа юм бэ” гээд хоорондоо маргалдаж байгаад заамдалцаж аваад салсан. Тэгээд би машиндаа суугаад явах гэтэл намайг явуулахгүй машины дэвш нь дээр байсан хөргөгчийн мотор аваад зөв талын хойд хаалгаа нээгээд хийчихлээр нь машинаасаа буугаад мотороо авъя гэтэл өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд Би Очирхуягтай маргалдаж байхад Очирхуягын аав нь машинаасаа буугаад ирэхээр нь “та хүүхдээ салгаач ээ, одоо маргалдахаа болъё, би явлаа ажилтай байна” гэхзд Очирхуягийн аав нь машинаасаа миний моторыг авч өгөөд машин дээр тавьсан. Тэгээд би хөдлөөд явахад Очирхуяг дахиад машин дээрээс мотороо аваад өөрийнхөө машины зөв талын хойд хаалгаа нээгээд хийчихсэн…Тэгээд маргалдаж байхад Очирхуяг миний хуруу хугарчихлаа цагдаа дуудна гээд машиндаа ороод ороод хаалга цоожлоо суучихсан…би гарыг нь тавиулах гээд мушгичихсан юм, тэр үед хуруу нь гэмтсэн байх. Би аль хурууг нь мушгиснаа мэдэхгүй байна…шүүх эмнэлгийн №1225 дугаартай дүгнэлттэй танилцлаа би уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг би иргэн Ж.Очирхуягт учруулсан...гэх мэдүүлэг /хх-57-60/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Чг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байна.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 281.500 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь төлж барагдуулсан /шүүхийн хэлэлцүүлэгт/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, автомашинд учирсан хохирлын асуудал зөрчлийн хэрэг бүртгэлтэд шалгагдаж байгаа гэх тул жич шийдвэрлүүлэх үндэслэлтэй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулав.
Бусад асуудал
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Чг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Чүг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Чуүд оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Чуү нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР