Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 06

 

 

 2024        03        19                                         206/МА2024/00006

 

Г.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 153/ШШ2023/00621 дугаар шийдвэртэй,

Ховд аймаг, , ******* *******,******* ******* ******* суух, Мянган овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Ховд аймаг, , ******* *******, ******* ******* ******* суух, Хан жаргалант овогт д холбогдох 

“ Гэм хорын хохиролд 8,200,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг,  хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар/цахимаар/ хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Уранцэцэг нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Миний бие Г.******* нь хариуцагч Л.тэй 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр машины үнэ болох 33,000,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 15-нд барагдуулж дуусгахаар нотариатын баталгаа хийлгэсэн. Хариуцагч нь харилцан тохиролцсон хугацаандаа 27,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 6,000,000 төгрөгийг өгөөгүй байна. Иймд машины үнийн үлдэгдэл 6,000,000 төгрөг, алданги 2,200,000 төгрөг нийт 8,200,000 төгрөгийг хариуцагч Л.эс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэгч Г.******* бид хоёр Ховд аймаг дахь ЗХ-ний 123 дугаар ангид хамт ажиллаж байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймаг руу Г.*******ийн Ландкруйзер-100 маркын 36-83 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шатахууныг нь хийгээд өдрийн 200,000 төгрөгний хөлс өгөх нөхцөлтэйгээр би өөрийн хувийн ажлыг хөөцөлдөхөөр харилцан тохирч явсан юм. Замд гарахдаа жолоочоор Г.*******, найз М.Мөнх-Учрал бид гурав хамт Ховдоос хөдөлсеч бөгөөд Богочийн рашаан дээр найз М.Мөнх-Учрал бид 2 нэг шил архи хувааж уугаад жолооч Г.*******т чи архи ууж болохгүй шүү, аюулгүй байдлыг хангаж яваарай гэж хэлээд замдаа гарсан юм. Улмаар Мянгад аас Г.******* нь нэг найзыгаа суулгаад цааш явсан ба миний хувьд Мянгад өнгөрөөд унтаад эргээд сэрэхэд Завхан аймгийн Сонгино анд машин дотор ганцаараа шөнийн 03 цагийн үед сэрээд хамт явсан хүмүүсээ хайхад жижиг машин дотор бүгд нийлээд архи ууцгааж байсан юм. Тэгэхээр нь Г.******* руу яагаад архи ууж байгаа юм бэ явъя гэхэд Г.******* би явж чадахгүйнээ, чи бариад яв гээд машиныхаа түлхүүрийг өгөхөөр нь би машиныг нь бариад Сонгино аас 20 орчим км яваад осолдсон юм. Улмаар Завхан аймгийн төвийн тойргийн нотариатч дээр очиж уг тээврийн хэрэгслийн үнийг төлөхөөр харилцан тохирсон юм. Тухайн үед нэхэмжлэгч Г.******* нь өөрийнхөө машиныг 33,000,000 сая төгрөгөөр үнэлэхээр нь тийм үнэтэй байдаг юм байх гэж бодоод хүн гэмтээгүй, амь эрсдээгүй юм чинь хамаагүй гэж шийдээд зөвшөөрч Хохирол барагдуулах хэлцэл дээр гарын үсгээ зураад 2023 оны 03 сарын 05-ны өдөр 27,000,000 /хорин долоон сая/ төгрөг өгсөн юм. Сүүлд судлахад уг автомашин нь 2002 онд үйлдвэрлэгдсэн, тухайн ондоо Монголд орж ирсэн машин байсан бөгөөд Г.******* нь 2022 онд буюу Монголд орж ирснээс нь хойш 20 жилийн дараа худалдаж авсан байсан ба зах зээлийн бодит үнэлгээ нь 25,000,000 /хорин таван сая/ орчим төгрөгийн үнэлгээтэй байсан болохыг мэдсэн.

Нэхэмжлэгч Г.******* нь миний өгсөн 27 сая төгрөг дээр 3 сая төгрөг нэмээд нийт 30,000,000 /гучин сая/төгрөгөөр 2023 оны 03 сард, 2002 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монголд орж ирсэн lexus-470 маркын автомашиныг худалдан аваад одоог хүртэл хэрэглэж байгаа юм.Миний хувьд нэхэмжлэгч Г.*******ийн автомашинд учруулсан хохирлыг дангаараа бүрэн төлж барагдуулсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч Г.******* ч гэсэн хариуцлагаас чөлөөлөгдөхөөргүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Ховд аймаг дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 153/ШШ2023/00621 дугаар шийдвэрээр:

3.1  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Л.эс машинд учирсан гэм хорын хохиролд 6,000,000 (Зургаан сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, алданги 2,200,000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3.2  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,150 (нэг зуун дөчин зургаан мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.эс 110,950 (нэг зуун арван мянга есөн зуун тавь) төгрөгийггаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Хариуцагч Л. нь нэхэмжлэгч Г.*******ийг машинтай нь хөлслөн Ховд аймгаас Завхан аймгийн чиглэлд хоногийн 200,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож явж байх замдаа жолооч Г.******* нь архи уусны улмаас Л.Бат- Эрдэнэ тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасан тухайн тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байдаг юм. Уг эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасан "Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэснээр, мөн зүйлийн 499.4-т "Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн заалтын дагуу тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирлыг арилгах үүргийн шинжтэй байхад шүүхээс бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан гэж үзэн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийг удирдлага болгон шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Ховд аймаг дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 153/ШШ2023/00621 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

            5.Нэхэмжлэгч Г.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд  8.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хяналаа.

2. Нэхэмжлэгч Г.******* нь миний машинд учирсан хохирол 33,000,000 төгрөгийг Л. төлж өгөхөөр тохиролцож, уг хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн, хохиролд 27,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдсэн 6,000,000 төгрөгийг шилжүүлээгүй. Тухайн үед мөнгийг хугацаанд нь шилжүүлээгүй бол алданги тооцохоор тохиролцсон тул алданги 2,200,000 төгрөг, нийт 8,200,000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Л. холбогдуулан гаргажээ.

3.Хариуцагч Л. “...авто ослын улмаас Г.*******ийн машинд хохирол учирсан, тухайн үед цагдаа дуудахгүйгээр хохирлыг би төлж өгөхөөр тохиролцсон. Гэтэл Г.******* нь машины үнэлгээг өндөр үнээр үнэлсэн болохыг сүүлд нь мэдсэн.

Г.*******ийн машин нь 25,000,000 сая төгрөгийн үнэлгээтэй машин байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлажээ.

4. Хариуцагч Л. тухайн үед авто машиныг жолоодож явсан шалтгаанаа жолооч Г.******* согтуу байсан учир түүний машиныг жолоодож явсан гэж  тайлбарласан, харин Г.******* согтуу байгаагүй, Завхан аймгийн Сонгино дээр очоод нойр хүрээд байхаар нь хамт явж байсан Мөнх-Учрал гэх залууг машин бариад яваад өгөөч би нүдний хор гаргачихъя гэж хэлсэн. Тэгээд сэрэх үед миний машин уначихсан байсан жолоочийн руль дээр Л. байсан, би Л.Бат-Эрдэнийг машин барь гэж хэлээгүй гэж тайлбарлажээ.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Г.******* нь өөрийн эзэмшлийн машинаар Л.Бат-Эрдэнийг Завхан аймагт хүргэж өгч, хөлсөнд нь өдөрт 200,000 төгрөг авахаар тохиролцож,  Завхан аймгийн Сонгино ын нутаг дэвсгэрт Л. нь жолоог шилжүүлэн авч  машиныг жолоодож цааш явж байгаад зам тээврийн осол гаргажээ.

 Тухайн үед ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Л. машинд учирсан хохирол 33,000,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны дотор төлж өгөхөөр талуудын хоорондоо тохиролцон  “хохирол барагдуулах хэлцэл” хийж   нотариатаар  гэрчлүүлсэн, уг  машиныг Л. сэлбэгэнд өгсөн үйл баримт тогтоогдсон. Энэ талаар талууд маргаагүй байна.

Харин хариуцагч Л. нь машины хохиролд 27.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Г.*******ийн машин 33,000,000 төгрөгийн үнэлгээтэй биш 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсныг тухайн үед мэдээгүй гэж маргасан байна.

5.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар “...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

6.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Л. нар машинд учирсан хохирлыг 33,000,000 төгрөгөөр тооцсон, Л. төлж өгөхийг зөвшөөрч, нотариатаар гэрчлүүлэхдээ хэн нэгний дарамт шахалтад орсон үндэслэл тогтоогдоогүй, тухайн үед хохирлын үнэлгээг талууд  харилцан тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн гэж хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Харин хариуцагч нь Г.*******ийн машин тухайн үед 25,000,000 төгрөгийн үнэтэй  байсан,машины үнэлгээг өндөр үнээр үнэлсэн гэх үндэслэлээр машины хохиролд 33,000,000 төгрөг төлөхгүй гэж үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа боловч татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй байна.

7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол учирсан гэм хорыг нөхөн төлөх үүргийг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцахаар хуульчилжээ.

Зам тээврийн осол гарах  үед тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч Л. эзэмшиж, уг авто машиныг жолоодож яваад түүний болгоомжгүй үйлдлийн улмаас осол гарсан гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл хариуцагч Л. уг тээврийн хэрэгслийн ямар нэгэн байдлаар ашиглаж байгаагүй ба тухайн автомашиныг эзэмшиж жолоодож явж байгаад болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан бөгөөд энэ талаар маргахгүй байна

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан  арилгах үүрэгтэй. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас үнэлж дүгнэн нэхэмжлэгчийн машинд учирсан хохирлын үлдэгдэл 6.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, алданги 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэсэн нь  бусдын хөрөнгөд гэм хорын  уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,150 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн орлогод хэвээр үлдээх  шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож 

                                              ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 153/ШШ2023/00621 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,   60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  112,150 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                            М.НЯМБАЯР

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            С.ӨМИРБЕК

 

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Н.ТУЯА