Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00639

 

 

 

 

 

                 

    2024          03            29                                       210/МА2024/00639

 

С.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00228 дугаар шийдвэртэй           

С.Оийн нэхэмжлэлтэй,

ОТ ХХК-д холбогдох

Цалин хөлс 2,961,373 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч З.С, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. С.О нь ОТ ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу 1 гарахдаа 12 цагаap ажиллаж, мөн зүйлийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу 1 ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно" гэж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт "Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно" гэж тус тус заасан. Ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байна.

1.2. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлд заасны дагуу С.Оийн илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2022 оны 09 дүгээр сарын 3,115,875 төгрөг, 10 дугаар сарын 5,518,754.56 төгрөг, 11 дүгээр сарын 9,415,642 төгрөгийн цалингаас тооцоход 35,254.44 төгрөг, 168 цагийн илүү цагийн хөлс 2,961,373 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч ОТ ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт "Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно", мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад "Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна" гэж заасан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.6-д "Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно” хэмээн оффисын ажилтан, ээлжийн ажилтан эсхүл уртын ээлжийн ажилтан эсэхээс үл хамааран ажилтны сард ажиллах дундаж ажлын цаг 168 байна гэж заасан.

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны 1 ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгогдохгүй.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан ажилтныг нөхөн амраалгүй 14 хоног 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа гэсэн нь үндэслэлгүй. Ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдөрт илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амруулсан хугацаа тооцогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийг илүү цагаар ажилласан гэж үзэх үндэслэлгүй.

Харин ажилтны тухайн сард ажил үүрэг гүйцэтгэсэн ажлын цаг 168 цагаас илүү гарсан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг ОТ ХХК олгож байгаа.

2.3. Ажилтан ажил олгогчийн зүгээс илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзсэн бол ийнхүү үзсэн буюу эрхээ зөрчигдсөнийг хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мэдсэн гэж үзнэ. Гэвч ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасныг зөрчиж Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жил 3 сарын дараа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 байгаа. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байдаг бол уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байна.

Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогчид ажилтныг нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл, эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Оийн хариуцагч ОТ ХХК-д холбогдуулан гаргасан 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын илүү цагийн хөлс 2,961,373 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Оийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх ажилтныг 8 цагаас дээш цагаар ажиллуулсныг илүү цагаар ажиллуулсан гэж зөв дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан ажил амралтын хугацааг ажилтны илүү цагаар ажиллуулсан хугацааг нөхөн амруулахыг шууд зохицуулсан байна гэж буруу дүгнэлт хийсэн. Уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсгийн зорилго тодорхой харагдана.

4.2 Уртын ээлжээр ажиллаж буй ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсгийг баримталж ажил, амралтын цаг тэнцүү байх тул нөхөн амраах үр дагаварт ажил олгогч хүрэхгүй, харин илүү цагийн хөлсийг тооцуулах авах эрх үүссэн.

4.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсгийг хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл уртын ээлжийн ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ мөн зүйлийн 92.3 дахь хэсэгт илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан буюу мөн зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан амралт нь ажилтныг нөхөн амрааж байгаа бус Уул уурхай, олборлох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоож өгсөн амралт. Энэхүү хуулиар олгосон амралтын хоногийг хариуцагч компанийн зүгээс нөхөн амраах хоногт хүчээр оруулан тооцож, мөн ердийн ажлын цагийн горим буюу 7 хоногийн 5 өдөр ажиллаад гэртээ харьж амраад амралтын өдрөөр амарч байгаа ажилтантай жишин тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд нийцэхгүй.

4.4 Мөн дээрх хуулийн зохицуулалтууд нь ажил амралтын цаг тэнцүү байх буюу 1:1 гэсэн үндсэн зарчмыг баримталсан. Ингэхдээ илүү цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амруулахгүйгээр энэ ажил амралтын горимоо баримтлаад илүү цагийн хөлсийг тооцож олгоорой гэдгийг тодорхой зааж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 92.4 дэх хэсэгт уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх, уртын ээлжээр ажиллах нэг ээлжийн ажлын хугацаа 14 хоног, амрах 14 хоног байна гэж зохицуулсан. ОТ ХХК нь хуульд заасны дагуу 12 цагаас илүүгүй, 13, 14 цаг ажиллуулсан үйл баримт тогтоогдоогүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаартай тушаалаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам батлагдаж, уг журмын 1.6 дахь хэсэгт 1 сарын дундаж ажлын өдрийг 21 хоногоор, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно гэж зохицуулсан. ОТ ХХК нь 168 цагаас илүү ажилласан ажилтанд илүү цагийн нөхөн олговор олгосон. Мөн хууль болон журамд нийцүүлэн дотоод хэм хэмжээнд заасны дагуу ажлын цагийн журам, цалин хөлсний журмыг баталж, уртын ээлжийн ажилтны 1 сарын дунджаар 168 цаг ажиллахаар зохицуулсан.

5.2. ОТ ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01472 дугаартай албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандаж, тодруулга авах хүсэлт гаргасны дагуу бидэнд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож, ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж дүгнэсэн. Мөн тухайн хугацаанд ажилласан цагийн ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно гэх хариуг албан бичгээр өгсөн.

5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд тухайн салбарын судлаач, доктор, магистр багшаар хууль зүйн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтэд уртын ээлжээр ажиллаж буй ажилтан тооцооллын дагуу 168 цаг ажилласнаас 56 цаг нь илүү цагаар ажилласан гэх боловч ээлжийн ажил дуусмагц үргэлжлүүлэн 14 хоног буюу 336 цаг амарч байна. Уг нөхцөл байдлаас хамаарч илүү ажилласан цагийг нөхөн ажилласанд тооцох боломжтой. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар илүү цагийн хөлсийг нэмэгдүүлж олгох шаардлагагүй бөгөөд ердийн журмаар цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй гэж дүгнэсэн.

5.4. Нэхэмжлэгч тусгай зохицуулалт гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа 8 цагаар ажиллах адил цагийн зохицуулалтай байх ёстой гэж маргасан тул үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт заасны дагуу өдөрт 12 цагаар ажиллаж буй ажилтан сард 168 цаг ажиллана. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нөхөн амраасан тохиолдолд 1 сард 14 хоног ажиллаж, 25 хоног нөхөн амрах үр дагавар үүсэж байна.

5.5. Хариуцагч ОТ ХХК-аас ажилтнуудын эрх зүйн байдлыг дордуулаагүй бөгөөд хууль хэрэгжилтийн хүрээнд 14:14 гэх зохицуулалтыг баримталсан.

Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэхээс өмнө уртын ээлжийн ажилтан 12 цагаар ажилладаг байсан учраас илүү цагийн маргаан байгаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны Хөдөлмөрийн тухай хууль батлагдсантай уялдуулан ОТ ХХК-аас бүх ажилтнуудын ажил амралтын хуваарь болон хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр уг нөхцөл байдлыг ажилтнууд хүлээн зөвшөөрсөн. Гэвч нэхэмжлэгч нь 1 жил гаруй хугацаанд ажиллаж байснаа өөрийнхөө эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна гэх үндэслэлээр шүүхэд хандсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтууд нь үнэн зөв, эргэлзээгүй байх ёстой. Гэвч нэхэмжлэгч нь 168, 176 цагаар ажилласан мэт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан боловч хариуцагч талаас гаргасан баримтуудаас зөрүүтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахаас эхэлж, он, сар, цаг хугацааны зөрүү их гаргасан. Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сард нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа 2023 оны 09, 10, 11 дүгээр сарын ажилласан илүү цагаар ажилласан цалин хөлсийг нэхэмжилсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогчоос Дундаж цалин хөлс олгох журмыг үндэслэж, дотоод дүрэм журамд заасны дагуу цалин хөлсийг олгосон нь хууль зөрчөөгүй.

Иймд нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч ОТ ХХК-д холбогдуулан илүү цагийн хөлс 2,961,373 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. С.О нь ОТ ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанийн хөдөлгөөнт хүнд машин механизмын  оператораар 14 хоног ажиллаж, 14 хоног амарч байгаа үйл баримт болон талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

4. ОТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б 3435 дугаар “Ажил амралтын хуваарь өөрчлөх тухай” тушаалын дагуу 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр С.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтны ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэх өөрчлөлтийг оруулсан, С.О нь 2022 оны 09 дүгээр сард 3,115,875 төгрөг, 10 дугаар сард 5,518,754.56 төгрөг, 11 дүгээр сард 9,415,642 төгрөгийн цалин хөлс авсан талаар үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

5.1. Нэхэмжлэгчийн ажиллаж буй хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын ажлын байрны тодорхойлолтын 1.9-д зааснаар ажил амралтын хуваарь 14/14 байх бөгөөд мөн тодорхойлолтын 1.10-д зааснаар нэг өдөр ажиллах цаг 8+4 байх талаар тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажиллаж буй ажлын байранд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэсэн байна.

5.2. Хөдөлмөрийн гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлавал хөдөлмөрийн гэрээний 3а-д ажилтны сарын үндсэн цалин 760 ам.доллар, ажилтны ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж тус тус тохирсон нь ажилтан 14 хоног ажиллаж, 14 хоног амрахад өгөх цалинг сараар тооцож 760 ам.доллар гэж тогтоосон гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, сараар тодорхойлсон цалинг 1 хоногт 8 цагаар тооцож, 14 хоногийн цалин 760 ам.доллараар   тодорхойлсон гэж ойлгохгүй юм.    

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт “Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно” гэж заажээ.

Ажилтан С.О нь уртын ээлжээр ажилладаг талаар маргаагүй, түүний нэг сард ажиллах хоног 14, амрах хоног 14, сард өгөх цалинг 760 ам.доллар гэж тохиролцсоноос дүгнэвэл 8 цагаар ажиллах горимын хувьд нэг өдөрт ногдох цалин хөлс 760 ам.долларыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.6-д "Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно” гэж зааснаар 21 хоногт хуваахад 36.19 ам.доллар /1 цагийн хөлс 4.52 ам.доллар/ гарах бөгөөд үүнийг ажлын 14 хоногт тооцвол 506.67 ам.доллар болж байна. Мөн илүү 56 цаг /1 хоногт 4 цаг илүү ажилласан бол 14 хоногт илүү ажилласан хугацаагаар/ гэж тооцож 1 цагийн хөлс 4.52 ам.доллараар тооцож тодорхойлбол 253.33 ам.доллар дээр 8 цагийн хөлсийг 14 хоногоор тооцсон 506.67 ам.долларыг нэмбэл ажил олгогчоос сард өгөхөөр тохиролцсон 760 ам.доллар болж байна. Иймд ажил олгогчийг хууль зөрчсөн гэж дүгнэхээргүй байна.

Түүнээс гадна ажил олгогч тал ажилтанд хөдөлмөрийн гэрээнд заасан 760 ам.доллараас илүү цалин олгож байгаа нь ажилтан С.О 2022 оны 09 дүгээр сард 3,115,875 төгрөг, 10 дугаар сард 5,518,754.56 төгрөг, 11 дүгээр сард 9,415,642 төгрөгийн цалин хөлс авсан талаарх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар тогтоогдож байна.

5.3 Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан хугацаагаар ажиллаж байгаа ажилтны 1 сарын дундаж ажлын цагийг 168 цаг гэж тооцож, илүү цагаар ажилтныг амраагаагүй бол ийнхүү илүү цагаар ажилласан цагийн хөлсийг мөн хуулийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нэмж тооцож нэмэгдэл хөлс олгох учиртай. Ажилтан С.О нь сард 14 хоног амарч байгаагаас гадна сарын ажлын 168 цагаас илүү цагаар ажилласан байдал тогтоогдохгүй байна.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/00228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,331 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Э.ЭНЭБИШ

 

         ШҮҮГЧИД                                  Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                                        Э.ЗОЛЗАЯА