| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0462/Э |
| Дугаар | 530 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | А.Дэлгэрмөнх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 530
2019 04 04 2019/ШЦТ/530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Улсын яллагч А.Дэлгэрмөнх,
Шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин нарыг оролцуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Чыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1902 00021 0038 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н.Ч,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Да хүрээ" техникийн захын орчимд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис буюу дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай савлагааны хамт 5,5393 грамм, цэвэр жин нь 4,5033 грамм "Шавар" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Н.Ч нь хориглосон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж аван худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан болох нь хэрэгт авагдсан:
Шүүгдэгч Н.Чын биед үзлэг хийсэн тухай
Үзлэг хийлгэж буй Н.Чоос “таны биед үзлэг хийх гэж байна. Таны биед мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн хэрэгсүүр байгаа юу? Хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү?” гэхэд Н.Ч нь “миний биед хар тамхи мансууруулах төрлийн бодис байгаа” гэж хэлээд өөрийн өмсөж явсан саарал өнгийн өвлийн куртикны зүүн дотор талын энгэрийн халаасан дотроос цагаан өнгийн судалтай, хар өнгийн арьсан түрийвч гаргаж ирээд уг түрийвчин дотроос жижиг дөрвөлжин хэлбэрийн гялгар ууттай, дөрвөн ширхэг тусдаа бараан ногоон өнгийн шавар мэт зүйлийг гаргаж ирэхэд нь хураан авч Biobase загварын жин дээр жинлэж үзэхэд 4.7418 граммыг зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14/
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “Тест ашиглах ажиллагааг эхлэн Н.Чыг мөрдөн байцаах албаны байрны 4 давхарт байрлах ариун цэврийн өрөөнд оруулж 6 төрлийн /HER-MET-COC-AMP-THC-КЕТ/ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглах талаар хэлж тестний битүүмжлэлийг Н.Чод харуулан задлаж, түүнд тест ашиглах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв. 40 секундын дараа тестний HER хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, MET хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг /илээргүй/, COC хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, AMP хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, THC хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, КЕТ хэсгийн Т,С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/ гэж зааж байгаа нь дээрх 6 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоос Тетрагидроканнабинол төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр 21-ний өдрийн 614 дугаартай:
Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. №1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн шавар зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн шавар мэт зүйлийн гялгар ууттай жин нь 5.5393 грамм, цэвэр жин нь 4.5033 грамм байна гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 69-70/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр 21-ний өдрийн 615 дугаартай:
Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шээсний дээж Нацагийн Н.Ч гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 73-74/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 323 дугаартай:
Н.Ч нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Одоо Н.Ч нь сэтгэцийн эмгэггүй байна. Н.Ч нь сэтгэцийн эмгэггүй байна. Н.Ч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна. Н.Ч нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.Ч нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Н.Чод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. Н.Чод мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 76-77/,
Шүүгдэгч Н.Чын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би "Да хүрээ" зах дээр өөрийн танил Батцэцэгийн "Prius 30" маркийн машиныг зарж өгөх санаатай зогсож байгаад хүний машиныг зарж борлуулж өгөөд дундаас нь мөнгө авдаг гэх нэг залуутай тухайн зах дээр танилцаад зах дээр яаж хурдан машин зарах талаар ярилцсан. Тэр залуу Батцэцэгийн машиныг зарж өгөх санаатай, зах дээр байгаа үнийг тодруулж надад тусалсан. Тэгээд тухай өдрөө буюу 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тэр залуутай танилцсаны дараа тэр залуу "Тамхилах уу?" гэхээр нь би зөвшөөрч утаат тамхи татангаа ярилцаж байтал тэр залуу өөрийн өмсөж явсан хар өнгийн курткнээсээ гялгар ууттай шавар гаргаж ирээд "Чи энийг мэдэх үү?" гэж надаас асуухаар нь би “Мэдэхгүй юм байна. Юу юм бэ?" гэж тодруулж асуутал тэр залуу: "Энийг зах дээр хүмүүс хэрэглэдэг. Чи үзэх үү?" гэсэн бөгөөд, яг тухайн үед тэр залуу нөгөө шавраа тугалган цаасан дээр тавиад шатаагаад сорсон. Хэрэглэснийхээ дараа надад өгөхөөр нь би тэр залуугийн барьсан байсан шаврыг аваад гуурсаар сорсон. Шаврыг хэрэглэсний дараа бид хоёр жаал юм ярилцаж байгаад тэр залуу машинаас гараад явсан. Тэр залуу гарч 17 цаг өнгөрөөд Да хүрээ зах тарахад би Батцэцэгийн машиныг жолоодоод гэртээ харьсан. Маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өглөөний 09 цагийн үед Да хүрээ зах дээр би ирээд Батцэцэгийн машиныг зарахаар зогсож байгаад цагдаад баригдаад улмаар одоо шалгагдаж байна.
Шинжээчийн 615 дугаар дүгнэлтээр шээсний дээжээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис буюу тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. Уг мансууруулах шавар гэх бодисыг 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр "Да хүрээ" зах дээр үл таних хүнтэй хамтдаа хэрэглэсэн. Миний биеэс гарсан шаврыг би ямар нэгэн хүнд зарах санаа байгаагүй. Тэр үл таних залуу миний машинд шавраа үлдээж явсан болохыг гараад явсаны дараа мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 83-89/,
- Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай Нийслэлийн прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай тогтоол /хх-ийн 37-38/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 41/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: эд зүйл /Н.Чын барьж явсан цүнх/-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 22-23/, нэгжлэг хийсэн тухай /Н.Чын гэрт/ тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 24-26/, Тээврийн хэрэгсэл болон гар утсанд үзлэг хийсэн Н.Чын ашиглаж байсан/ тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 27-33/, эд зүйл хүлээлгэн өгсөн /Н.Чод/ тухай тэмдэглэл /хх-ийн 34/,
Шүүгдэгч Н.Чын иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109-113/, ажилын газрын тодорхойлолт, шагнал урамшуулалын талаарх баримтуудын хуулбар, гэрэл зураг /хх-ийн 163-196/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдлын талаарх 14 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.
Сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон.
Нийслэлийн Прокурорын газраас Н.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарыг сэжигтэн, ялллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.Чын хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, шээснээс мансуураалах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тестийг ашигласан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Чын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Эд мөрийн баримтаар хураагдаж, Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа савалгааны хамт 5.5393 грамм, цэвэр жин нь 4.5033 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг устгах зүйтэй байна.
Шүүгдэгч нь хэргийн учир 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл хойшлуулшгүйгээр баривчлагдаж хоёр хоног цагдан хоригдсон болно. Хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Чыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.Чыг гурван жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг шүүгдэгч Н.Чод хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.Чод хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хэргийн учир хоёр хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа савалгааны хамт 5.5393 грамм, цэвэр жин нь 4.5033 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Чод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Чод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ