Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00648

 

 

 

 

 

 -

             

    2024        04           01                                       210/МА2024/00648

 

Б.П-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/00308 дугаар шийдвэртэй,

 

Б.Пын нэхэмжлэлтэй,

ТБХ ТББ-д холбогдох,

 

2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би 2017 оны 03 дугаар сараас эхлэн боксын эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар тушаалаар намайг дасгалжуулагчийн ажлаас чөлөөлсөн.

Уг тушаалд ямар учраас ажлаас чөлөөлсөн талаараа дурдаагүй бөгөөд бүх нийтийн амралтын өдөр тушаалыг гаргасан. Би 03 дугаар сар хүртэл ажлаа хийж байсан ба цалингаа шаардахад ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн. Уг тушаалыг 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гардаж авсан.

Иймд Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 19,500,000 төгрөгийн цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б.Пын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

2.1. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Монголын боксын холбооны эмэгтэй тамирчид тус холбооны ерөнхийлөгчид гомдол гаргасан. Гомдлыг хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Монголын боксын холбооны удирдах зөвлөл хуралдаж, Б.Пыг ажлаас чөлөөлөх хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан.

2.2. Б.П 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалинг шүүх хуралдаан болох өдөр хүртэл гаргуулах гэж тодорхойлсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5, 62.2-т зааснаар нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргана гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлнө” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 04 дүгээр сарын 13-ны өдөр 70,200 төгрөгийг төлсөн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл үүссэн.

2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ” гэж заасан.

Талууд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 22/35 дугаар “Монголын боксын холбооны дасгалжуулагчтай байгуулах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Эвлэрлийн журмаар шийдвэрлэх боломжгүй тохиолдолд маргааныг Монголын Олон Улсын болон Үндэсний Спортын Арбитраар шийдвэрлүүлнэ” гэж заасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг зөрчсөн байна гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т зааснаар энэ хуулийн 13 дугаар зүйлийг зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байдаг.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны шинэчилсэн найруулсан/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Пыг Монголын боксын холбооны 2023 оны 01 сарын 01-ний өдрийн №01 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Пыг “Боксын эмэгтэй үндэсний шигшээ баг”-ийн дасгалжуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ТБХ ТББ-аас нэхэмжлэгч Б.Пын ажилгүй байсан хугацааны цалин 19,186,039 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 313,951 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Пын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагч ТБХ ТББ-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжпэгчид олгож, хариуцагчаас 253,880 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 22/35 дугаар бүхий дасгалжуулагчтай байгуулах гэрээ байгуулагдсан. Уг гэрээний 6.2 дахь хэсэгт маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэх боломжгүй бол Монголын олон улсын болон Үндэсний Спортын арбитраар шийдвэрлүүлнэ гэж заасан байтал шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчсөн.

Хэрэв хэргийн харьяаллыг зөрчсөн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байтал талуудын харилцан тохиролцсон хүсэл зоригийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй.

4.2. Эмэгтэй шигшээ багийн тамирчид 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б.Пт холбогдуулан гомдол гаргаж холбооны удирдах зөвлөл 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуралдан ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Уг хуралд Б.Пыг оролцуулж 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бичгээр мэдэгдсэн.

 Өөрөөр хэлбэл 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш Б.П нь ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдэж ажилдаа ирээгүй бөгөөд Б.Пын 2022 оны 10 сарын 10-ны өдрийн Монголын Боксын холбооны ерөнхийлөгчид гаргасан хөдөлмөрийн харилцаагаа хэвийн үргэлжлүүлэх хүсэлтэй байх тул дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллуулж өгнө үү гэх утга бүхий өргөдлийг гаргасан нь нэхэмжлэгчийн ажлаас халагдсан болохыг 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч мэдсэн гэдэг тайлбар үндэслэлгүй.

Маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн болон мэдэх ёстой байсан өдрөөс даруй 7 сарын дараа хөдөлмөрийн эрхийн хороонд хандсан явдал нь хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.8 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаандаа заагаагүй байна.

Гэтэл шүүх гомдол хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Монголын олон улсын болон Үндэсний Спортын арбитраар шийдвэрлүүлнэ гэж заасан ч гэсэн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг.  Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хэрэв тухайн байгууллага байхгүй бол сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн 3 талт хороонд хандах бөгөөд уг шийдвэрийн хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд хандахаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан. Иймд харьяалал зөрчигдсөн зүйл байхгүй.

5.2. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж буй тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан ямар үндэслэлээр цуцалж байгаа нь тодорхойгүй бөгөөд уг тушаалаа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу бүх нийтийн баярын өдөр гарсан.  Мөн хариуцагч тал 2022 оны 08 сард хурал болох үед эрхээ зөрчигдсөн талаар мэдсэн гэж тайлбарладаг боловч 2022 оны 08 сард ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй ба 8-12 саруудад хариуцагч ажлаа хэвийн хийж цалин хөлсөө авч байсан. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч ТБХ ТББ-д холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаалыг хүчингүй болгож, . урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ТБХ ТББ Б.Птой 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Монголын боксын холбооны дасгалжуулагчтай байгуулах гэрээ”-г байгуулж, Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 04 дугаартай тушаалаар Б.Пыг “Боксын эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч”-аар томилон ажиллуулж байсан, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.  

 

4. Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар “Албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай” тушаалаар Боксын эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Пыг чөлөөлсөн байх ба уг тушаалыг ажил олгогч ажилтанд 2023 оны 03 дугаар сарын 12-ний өдөр өгсөн байдлыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5. ТБХ ТББ болон  Б.П нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан “Монголын боксын холбооны дасгалжуулагчтай байгуулах гэрээ”-ний 6.2-т “Эвлэрлийн журмаар шийдвэрлэх боломжгүй тохиолдолд маргааныг Монголын Олон Улсын болон Үндэсний Спортын арбитраар шийдвэрлүүлнэ” гэж тохиролцжээ.

5.1. Хөдөлмөрийн эрхийн маргааны харьяаллыг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн хэм хэмжээ нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар нарийвчилсан зохицуулалт болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт талууд өөрсдөө маргаанаа шийдвэрлэх, 158 дугаар зүйлийн 158.2.2-т шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх сонголтод аргуудыг тус тус заажээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн эрхийн маргааныг арбитраар  шийдвэрлүүлэх сонголтод аргыг заагаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

5.2. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэх нөхцөлт харьяаллыг ажилтан сонгож хэрэгжүүлж болох бөгөөд энэ эрхийн хүрээнд ажилтан Б.Поос гаргасан гомдлыг Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхэд ажил олгогчийг төлөөлсөн гишүүн Д.Баянмөнх, Н.Нарангэрэл нар ирээгүй, маргааны харьяаллын талаар маргаагүй байна.     

5.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023  оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШЗ2023/06909 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч ТБХ ТББ нь шүүхэд дуудахаар ирдэггүйн улмаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2023/14018 дугаар  “Хариуцагчийг албадан ирүүлэх тухай” захирамж гарсан, шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж өгсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн буюу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй тул тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШЗ2023/19340 дүгээр захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж байжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хариуцагч нь хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөх хугацаа олгож өгнө үү. Миний бие дангаар хариу тайлбар бичих боломжгүй байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч мөн өдрийн 181/ШЗ2023/19690 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулжээ. Анхан шатны шүүхийн  2023 оны 12 дугаар сарын 12, 2024 оны 01 дүгээр сарын 04, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 9 сарын хугацаанд явагдахад  хариуцагч талаас хэргийн харьяаллын талаар огт тайлбар гаргаж байгаагүй тул харьяаллыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх юм. Хариуцагч талаас 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан дээр харьяаллын талаар шинээр тайлбар гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаан заагаагүй тохиолдолд уг тайлбарыг нотлох баримтын хүрээнд хүлээн авах боломжгүй болно.   

5.4.  Түүнчлэн Арбитрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт олон улсын арбитрын ажиллагааг нэрлэн заасан байх ба уг ажиллагааны хүрээнд Монгол Улсын иргэн,  Монгол Улсын төрийн бус байгууллагын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн харилцаа хамаарахгүй байна.    

Мөн Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн /2017 оны/ 3.5-д зааснаар энэ дүрэм нь  спортын арга хэмжээний хүрээнд хийгдсэн аливаа гэрээ, дүрэм, журам, хэлэлцээрээс үүссэн маргааныг зохицуулах тул хөдөлмөрийн эрхийн маргаанд хамааралгүй юм.

5.5. Дээрх үндэслэлээр хэргийн харьяалал зөрчсөн гэх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

6. Ажилтан Б.П нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан ба түүний гомдлыг хэлэлцсэн хороо 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж, талууд тохиролцоогүйг тэмдэглэж маргаан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгожээ.

Уг шийдвэрийг хүлээж авсан нэхэмжлэгч Б.П мөн өдрөө шүүхэд гомдол гаргасныг хуульд заасан гомдол гаргах хугацааг зөрчөөгүй гэж анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасантай нийцжээ.

 

7.1. Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай “Албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай” тушаалд ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан талаарх үндэслэлийг огт заагаагүй,  хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн хэм хэмжээг баримтлаагүй  талаарх үйл баримтыг  анхан шатны шүүх зөв тогтоожээ.

7.2. Түүнээс гадна уг тушаал нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “шинэ жил: 1 дүгээр сарын 1”-ний өдөр буюу нийтээр тэмдэглэх баярын өдөр гарсан нь ажлын өдөрт хамаарахгүй тул тушаал үндэслэлгүй гарсан гэж дүгнэнэ.

7.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. ...” гэж заасан байх бөгөөд ажил олгогч сахилгын зөрчил тогтоох ажиллагааг явуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

7.4. Б.П нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монголын боксын холбооны ерөнхийлөгчид хандаж гаргасан хүсэлтэд өөрийнх нь талаар олон нийтэд худал мэдээлэл тараагдсан талаар дурдаад “2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 сарын 13-ны хооронд зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох, баг бүрэлдэхүүнд дасгалжуулах хүсэлттэй байгаа тул тус тэмцээнд дасгалжуулагчаар оролцуулж өгнө үү” гэсэн нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсонтой хамааралгүй байна. Иймд ажилдаа эргэж орох талаар ажилтан өөрөө хүсэлт гаргаж байснаар хөдөлмөрийн эрхийн харилцаа дуусгавар болсон гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 7.5. Дээрх үндэслэлээр ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдэл Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх боловч хууль хэрэглээний болон найруулгын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулах замаар залруулах нь зүйтэй. Учир нь ажилтан Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрийг хүлээн авч шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасанд хамаарах юм.   

 

8. Ажлаас үндэслэлгүй халагдсаны үр дагавар болох ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг 19,186,039 төгрөгөөр тооцож ажилтанд олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлаагүйг залруулах нь зүйтэй.   

 

 9. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэхдээ “цалинг” гэж буруу тодорхойлсныг, мөн хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж шийдвэрлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зохицуулалтыг  орхигдуулсныг тус тус зөвтгөж өөрчлөлт оруулав.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/00308 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар Б.Пыг ТБХ ТББ-ын “Боксын эмэгтэй үндэсний шигшээ баг”-ийн дасгалжуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “цалинг” гэснийг “цалин хөлстэй тэнцэх олговор” гэж,  

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “43.2 дах хэсэгт” гэснийг “43.2.7-д” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэсний дараа “7 дугаар зүйлийн 7.1.1,” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА