Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 24

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Д.*******ийн нэхэмжлэлтэй тус аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ажлаас халах тухай Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Бэлчээр, газар тариалан, хоршоо экстэйшн, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний ажилдаа буцаж орох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах, шүүхэд хандсан зардал, тэмдэгтийн хураамжийн мөнгийг олгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******, хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг үржлийн төвийн Бэлчээр, газар тариалан, хоршоо экстэйшн, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/33 дугаар Тамгын газрын даргын тушаалаар үүрэгт ажлаасаа халагдсан юм. Миний бие үүрэгт ажлаа хийж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Мөн төрийн албаны шалгалтаа өгч тэнцсэн төрийн албан хаагч юм. Ажиллах хугацаандаа үр дүнгийн гэрээ байгуулж гэрээний биелэлтийг Тамгын даргаар тооцуулж, дүгнүүлж баталгаажуулан ажиллаж байсан. Намайг ажлаас халахдаа Засгийн газрын 153 дугаар тогтоолыг ноцтой зөрчсөн, зөвлөлийн шийдвэргүй гэрээ хийлгүй зээл олгосон, өөрөө сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэлтэй, хугацаа хэтэрсэн зээлдэгчдийн мөнгийг төрийн санд оруулалгүй аудитын газрын албан бичгийг нуун дарагдуулсан гэж үндэслэлгүй гүтгэж ажлаас халсан юм. Иймд энэхүү байдлыг шүүн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 1772660 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би сумын Засаг даргын захирамжаар 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр томилогдсон. Ийнхүү ажилд орсноос хойш үүрэгт ажлаа удаа дараа сайн биелүүлж, Хөдөө аж ахуйн жуухаар шагнуулж байлаа. Миний бие Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд идэвхитэй манлайлж оролцож, хамт олонтойгоо нийтэч ажиллаж ирсэн. 2016 оны 10 дугаар сараас хойш Тамгын газрын даргын зан хувирч хоёр гурван удаа дуудаж чамайг ажлаас чинь халмаар байна, ямар үндэслэлээр халах уу? гэж асуугаад дээрээс шахалт ирээд байна, тиймээс чамайг ажлаас халахгүй бол ямар ч арга алга гэж хэлдэг байсан. Тэгэхэд нь би үнэхээр дээрээс шахаад байгаа бол шийдвэрээ гарга, миний тухайд явах газраараа л явна гэж хэлсэн. Өөр тайлбар алга гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Д.*******ийг ажлаас нь чөлөөлсөн байгаа. Уг тушаалыг гаргахдаа хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баримталсан байдаг. Маргаан бүхий тушаал нь хэлбэрийн хувьд Монгол Улсад төрийн албаны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд баримтлах, түүнээс гарч байгаа захиргааны актад тавигдах шаардлага, хэм хэмжээ зөрчсөн байна гэж үзлээ. Иймд маргаан бүхий тушаал нь хууль хэрэглээний алдаатай байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сумын Засаг даргын тамгын газарт бэлчээр газар тариалан, хоршоо, экстешн, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Д.******* нь 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр сумын Засаг даргын захирамжаар томилогдон төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг зөрчин ажилласан байдаг. Ажиллах хугацаандаа урьд мэргэжилтнээр ажиллаж байсан Л.*******ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинг олгохдоо өөрийн ажлын байрны давуу талыг ашиглан сум хөгжүүлэх сангийн зээлнээс 2.100.000 мянган төгрөгийг олгон зээл хэлбэрээр өгч сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.*******той үгсэн хуйвалдаж өнөөдрийг хүртэл нуун дарагдуулсан байдаг. Д.******* нь тухайн албан тушаалд томилогдохдоо ажлын байр нь зарлагдаагүй, төрийн албаны шалгалт өгөөгүй, мөн захирамжаар томилогдсон байна. Ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан жижиг дунд үйлдвэрлэл, сум хөгжүүлэх сангийн зээлийг олгохдоо Засгийн газрын 153 дугаар тогтоолыг ноцтой зөрчин сумын сум хөгжүүлэх сангийн зээл олгох зөвлөлийн шийдвэрийг огт тусгалгүй, гэрээ байгуулалгүй, санхүүгийн холбогдох баримтыг бүрдүүлэлгүй, барьцаа хөрөнгийн бичиг баримтыг хуулбарлан авалгүй, ажлын байр нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр авалгүй ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар зээлийг олгосон бичиг баримтыг хүргүүлэв. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 7.1.7 дахь хэсэгт заасан ашиг сонирхолын зөрчлөөр 2016 оны сүүлийн хагас жилийн байдлаар сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт огт төлөгдөхөө байж 2011-2015 онд олгосон 97 өрхийн зээлийн хугацаа хэтэрсэн. Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэлгүй болсон нэхэмжлэгч өөрөө хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй байсан. ******* суманд ажиллаж амьдардаггүй өөрийн төрсөн ах Д.*******д зээл олгосон, сангийн мөнгөнөөс албан тушаалаа ашиглан доод албан тушаалтныхаа дансаар дамжуулан авч хэрэглэсэн зээлийн хугацаа хэтрэлттэй иргэдийг заримыг нь хуулийн байгууллагад шилжүүлж заримыг нь шилжүүлэлгүй ялгавартай хандсан Аудитын газрын акт тавьсан хуулбар, чөлөөний хугацааг хэтрүүлэн хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг баримтуудыг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны дотор баримтаар хүргүүлье. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.1.3 дахь заалтаар Д.******* нь 2013-2016 онд ажиллах хугацаандаа сум хөгжүүлэх сангийн 170.0 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг дээр дурдсан алдаа дутагдалтайгаар иргэдийн гар дээр хүргэсэн. Өнөөдрийн байдлаар зээлдэгчдийн дунд ажлын байр шинээр бий болгон хөдөлмөр эрхэлж буй үйлдвэрлэгч байхгүй байгаа. Энэ албан тушаал нь ашиг сонирхолын зөрчлийг мэдүүлдэггүй албан тушаал юм. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, дэх заалтаар 2016 оны эхний хагас жилийн ажил дүгнэх зорилгоор Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагч нараас ажлын үр дүн тайланг авахаар 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр үүрэг өгч 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн хурлаар ажлыг дүгнэхэд хэд хэдэн албан тушаалтан үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн тул арга хэмжээ авч ажилласан тухай хурлын тэмдэглэлийг танай шүүхэд нэхэмжилсэн Ц.*******гийн материалаас авч болно. Мөн тухайн өдөр Д.*******ид арга хэмжээ авах тухай Б/ 10 дугаар тушаалыг баримтаар хүргүүлэв гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Мэргэжилтэн Д.*******ийн тухайд: 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Засаг даргын захирамжаар ажилд орсон байдаг. Нэгдүгээрт төрийн албаны шалгалтанд тэнцсэн болон төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй иргэнийг томилох ёстой. Гэтэл Д.******* нь сумын Засаг даргатай нэгдмэл ашиг сонирхолтой хүн байдаг. Энэ нь ажилд томилсон захирамжаар нотлогддог. Яагаад гэхээр сумын Засаг дарга нь төсвийн шууд захирагчийн эрхийн ноцтой зөрчсөн. Учир нь Д.******* төсвийн шууд захирагчийн тушаалаар томилогдох ёстой байсан. Хоёрдугаарт Д.******* нь төрийн албаны шалгалтыг ажилд томилогдсоноос хойш өгсөн байдаг. Гэхдээ тухайн ажлын байран дээр төрийн албаны шалгалт зарлалгүйгээр, Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга гэсэн орон тоон дээр төрийн албаны шалгалт өгч тэнцсэн. Өөрөөр хэлбэл Д.******* нь Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын нөөцөд бүртгэгдэж байгаа гэсэн үг. Гуравдугаарт үр дүнгийн гэрээг томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтантай байгуулах ёстой. Гэтэл Д.******* нь тасгийн даргатайгаар үр дүнгийн гэрээ байгуулсан байдаг. Энэ үр дүнгийн гэрээг дүгнэх боломж олдоогүй. Миний бие 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажлаа авсан. Ийнхүү ажилдаа орсноос хойш ажилтнуудын ажлыг дүгнэх зорилгоор хагас жилийн мэдээ, тайлангаа өг гэдэг үүрэг даалгаврыг удаа дараа өгч байсан. Энэхүү үүрэг даалгаврыг Д.******* хугацаанд нь биелүүлээгүй учраас 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч Д.******* нь ийнхүү удаа дараа алдаа дутагдал гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.******* нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/33 дугаар тушаалын улмаас өөрийнх нь төрийн албанд ажиллах эрх зөрчигдсөн гэж үзэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар Мал эмнэлэг үржлийн тасагт Бэлчээр газар тариалан, хоршоо, экстейшн, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс томилогдож, тус аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар ажлаас халагдсан байна. Хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын маргаан бүхий 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ажлаас халах тухай Б/33 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, 131.1.3 ажлаас халах заалтыг үндэслэсэн ба энэхүү заалтад хамаарах нэхэмжлэгчийн үйлдлийг тодорхойлохдоо: Хөдөлмөрийн дотоод журам зөрчиж 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс 11-ний өдөр хүртэл олгосон чөлөөний хугацаа хэтрүүлсэн / энэхүү үйлдэл нь тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд сахилгын шийтгэл ногдуулах заалттай үйлдэл байна/ гэж тайлбарлаж байна.

Мөн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135.1 ажилтан дор дурдсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ, 135.1.2 хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан, 135.1.3 дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй гэсэн заалтуудыг үндэслэжээ. Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь заалтыг үндэслэж энэхүү заалтад хамаарах нэхэмжлэгчийн үйлдлийг тодорхойлохдоо: Сум хөгжүүлэх сангийн зээлийг гэрээ байгуулахгүй олгосон, төсөл сонгон шалгаруулах комиссын шийдвэргүй зээл олгодог гэсэн зөрчлийг үндэслэсэн юм. Тухайлбал сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төвлөрүүлэлт, хяналтгүй ажиллаж тус байгууллагад хохирол учруулсан, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3 дахь заалтыг үндэслэж энэхүү заалтад хамаарах нэхэмжлэгчийн үйлдлийг тодорхойлохдоо: Үндэсний Аудитын газрын харьяа Завхан аймгийн аудитын газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/35 дугаар актын төлбөрийг хугацаанд нь барагдуулалгүй нуун дарагдуулсан гэж тайлбарлаж байх ба дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн заалтууд нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээгээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээсэн ажилтан, ажил олгогчийн хооронд үүсэх харилцааг зохицуулсан нөхцөл бүхий заалт ба нэхэмжлэгч, төрийн жинхэнэ албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн эдгээр үндэслэлээр хариуцлага хүлээлгэж ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Учир нь Нэхэмжлэгч Д.******* нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагч байх ба төрийн албан тушаалын ТЗ-3 ангилал, зэрэглэлд хамаарч байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна , мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан байх тул төрийн жинхэнэ албан хаагч, нэхэмжлэгч Д.*******ид сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэж тус хуулийг хэрэглэхээр байна. Мөн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтаар зохицуулсан энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдахаар байна.

Түүнчлэн хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас халсан Б/33 дугаар тушаалын удаах үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална, 25.1.1 Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх заалт байна. Уг заалт нь төрийн жинхэнэ албан хаагч ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байх тохиолдолд хэрэглэгдэх нөхцөлтөй байна. Хариуцагч уг үндэслэлд хамаарах нэхэмжлэгчийн үйлдлийг тодорхойлохдоо Нэгдүгээрт: Нэхэмжлэгч 2016 оны төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээгээ хагас жилийн байдлаар дүгнүүлээгүй. Ийм учраас яг энэ үйлдэл дээр нь 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Б/10 дугаар тушаалаар Сануулах сахилгын арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт төрийн тухайн албан хаагч нь үр дүнгийн гэрээгээ хагас жилээр дүгнүүлэх гэсэн ажлын байрны үйл ажиллагаа уг утгаараа тусгагдаагүй байна. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно гэжээ. Хуулийн дээрх заалтыг үндэслэж Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-д зааснаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга үр дүнгийн гэрээний биелэлтийг бүтэн жилээр, илтгэх хуудсаар үнэлж дүгнэхээр заасан байх тул дээрх тайлбар нь Төрийн албаны тухай хууль, хууль тогтоомжийн бусад актын зохицуулалтад нийцэхгүй байна. Мөн нэхэмжлэгч үр дүнгийн гэрээгээ хагас жилээр дүгнүүлээгүй гэх үйлдэлд 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Б/10 дугаар тушаалаар Сануулах сахилгын арга хэмжээ авч, нэхэмжлэгчийн мөн энэхүү үйлдэлд хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх заалтад хамааруулан дүгнэж ажлаас халсан нь нэхэмжлэгчийн нэг үйлдэлд сануулах сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Хоёрдугаарт: 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс 11-ний өдөр хүртэл олгосон чөлөөний хугацаа 1 хоногоор хэтрүүлсэн, ажил тасалсан гэх боловч энэхүү үйлдэл нь тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах заалттай үйлдэл ба энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулиар сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалттай байна. Мөн Сум хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой нийтлэг зөрчил гаргасан, сум хөгжүүлэх сантай холбоотой ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ удаа дараа хангалтгүй, чанаргүй биелүүлж алдаа дутагдал гаргасан тухайлбал: Монгол улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолыг ноцтой зөрчиж зээлийн гэрээ хийлгүй зээл олгосон, сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төвлөрүүлэлт, хяналтгүй ажиллаж 2011-2015 онд олгосон 97 өрхийн зээл хугацаа хэтэрсэн гэжээ. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоол /2016 оны 153 тогтоолоор хүчингүй болсон/, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, Монгол улсын 2016 оны Төсвийн тухай хуульд үндэслэж Монгол улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-ын 3.3.2-т сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчээр ахлуулан ажиллуулахаар, 3.3.3-т сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг тухайн сумын Засаг даргаар ахлуулан ...ажиллуулахаар тус тус заажээ. Мөн журмын 3.5.2-т зааснаар тухайн сумын Засаг дарга зээл олгох шийдвэр гаргах, 3.5.5-д зааснаар зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх, мөн журмын 5.2-т зааснаар сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг сумын Засаг дарга хариуцан арилгах-аар заасан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид хамааралтай гэж хариуцагчийн дурдсан дээрх чиг үүрэг нь хамтын удирдлага бүхий олонхоор шийдвэр гаргадаг, сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл, сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн чиг үүрэгт хамаарах асуудал байх ба хэдийгээр нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод Засгийн газрын 134 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллах гэж заасан боловч Засгийн газрын 153 дугаар тогтоолоор баталсан журмаар орон тооны бус зөвлөлд хамаарах энэхүү чиг үүргийг биелүүлээгүйн хариуцлагыг сумын Засаг дарга хариуцахаар заасан байх тул энэ үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгаж, удаа дараа албан үүргээ гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр, зөвхөн нэхэмжлэгчид хамааралтай гэх дээр дурдсан үйлдлийг нь шалгаж тогтоолгүй, өөрөөс нь тайлбар авалгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй ажлаас халсан нь холбогдох хуульд нийцээгүй, үндэслэлгүй байна.

Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарах нэхэмжлэгчийн удаах үйлдлийг тайлбарлахдаа: Өмнө нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын Бэлчээр газар тариалан, хоршоо, экстейшн, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Л.******* ажлаасаа чөлөөлөгдөөд шүүхээр ажилдаа эгүүлэн томилогдохоор шийдвэрлүүлсэн. Гэтэл Д.******* ажлынхаа давуу байдлыг ашиглаж Л.*******ийг ажилд нь оруулалгүйгээр, ажилгүй байсан хугацааны цалинг сум хөгжүүлэх сангийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зээлээр өгч тухайн ажилд Д.******* ажилласан гэж тайлбарлаж байх боловч уг сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, зээл олгосон үйлдэлтэй холбоотой хариуцлага хүлээх этгээд нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын 6.2-д зааснаар сумын Засаг дарга байх тул нэхэмжлэгчид шууд хамааралгүй байна.

Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл болох Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7 албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэсэн заалтууд нь тус хуулийн 4 дүгээр зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглосон зохицуулалт бүхий заалтууд байна. Хариуцагч энэхүү үндэслэлтэй холбогдуулан хариуцагч нь нэхэмжлэгч өөрөө хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, мөн өөрийн эх, ах нарт зээл гаргасан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Б/14 дүгээр захирамжаар Мал эмнэлэг үржлийн тасагт Бэлчээр газар тариалан, хоршоо, экстейшн, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс томилогдохоос өмнө 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр буюу тухайн албан тушаалд томилогдохоосоо өмнө зээл авч 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр уг зээлээ хаасан байна. Мөн сумын Засаг даргын шийдвэрийн дагуу түүний эх, ах нарт сум хөгжүүлэх сангаас зээл олгогдсон байна. Түүнчлэн нэхэмжлэгч Д.******* нь төрийн захиргааны албан тушаалын ангилал зэрэглэлийн хувьд ТЗ-3-д хамаарах албан тушаалтан байна. Иймд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор баталсан хавсралтын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахгүй, мөн уг хуулийн үйлчлэлд хамаарахгүй этгээд байх тул уг хуулийн нөхцлөөр нэхэмжлэгчийг ажлаас халах боломжгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахдаа уг шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд буюу нэхэмжлэгчид уг нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, энэ талаарх баримтыг шүүхээс шаардахад ирүүлээгүй, нэхэмжлэгч ийм ажиллагаа хийгдээгүй гэж тайлбарлаж байх Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй эрх зүйн зөрчил гаргасан байна гэж дүгнэхээр байна.

Дээрх үндэслэлээр ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ажлаас халах тухай Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.*******ийг ******* сумын Засаг даргын Тамгын газрын Бэлчээр, газар тариалан, хоршоо, экстейшн, хоршоо, экстэйшн, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.******* нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын Бэлчээр газар тариалан, хоршоо, экстейшн, хоршоо, экстэйшн, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллах үедээ ТЗ-3 шатлалаар буюу 464.783 төгрөгөөр цалинжиж байсан байна. Нэхэмжлэгч Д.*******ийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцоход 2016 оны 12 дугаар сарын12-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэлх 84 хоногийн олговор 1.807.428 төгрөг болж байна.

Нэгэнт ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, ******* сумын Засаг даргын Тамгын газрын Бэлчээр газар тариалан, хоршоо, экстейшн, хоршоо, экстэйшн, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээрэгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин 1.807.428 төгрөгтөй тэнцэх олговороос нийгмийн даатгалын шимтгэл, холбогдох суутгалыг тооцонбичилт хийж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

3. Шүүхэд хандсан зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдааны явцад зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтуудыг тус тус баримтлан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.*******ийг Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын Бэлчээр газар тариалан, хоршоо, экстейшн, хоршоо, экстэйшн, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 1.807.428 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, холбогдох суутгалыг тооцон бичилт хийж нэхэмжлэгч Д.*******ид олгохыг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч зардал гаргуулах шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******ид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ч.ЦЭНД-ОЧИР